| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0699/Э |
| Дугаар | 690 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч А.Н (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн 1909010620529 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтийн талаар
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Дэлгэрхэн” хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, эцэг, дүү, охины хамт Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаа 20 дугаар гудамж 68 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 15 дугаар гудамжны 484 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Н нь 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила мол” худалдааны төвийн “Снөв имидж” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа худалдан борлуулсан барааны төлбөрийг завшиж иргэн Т.Ганцогтод 5.151.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтэн дээр намайг 23 куртик авсан гэж бичсэн. Надад 1 дүгээр сард асуудал гараад куртик авсан. Үүнийг эмэгтэй захирал мэдээд дахин асуудал гаргаж болохгүй шүү гэж хэлээд энэ тухай эрэгтэй захиралд хэлээгүй нууж байсан. Би нэмээд хоёр, гурван ширхэг куртик авчихсан. Тооллого болоход 23 ширхэг куртик дутсан. 23 ширхэг куртикны 9 ширхэг куртик нь өмнөх 12 дугаар сарын тооллогоноос дутсан куртикнууд. Би салхин цэцэг тусаад 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажиллаагүй. 12 дугаар сарын эхээр Их дэлгүүрийн тасаг дээр ажиллаж байгаад буцаад 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн. Тэгээд тоолоход 9 куртик дутсан байсан болохоор “та хоёр хуваагаад төлчих” гэж хэлсэн. Сүүлд би хэрэгт холбогдоод ажлаасаа гарах болоход 9 куртик, мөн хоёр гадаадын иргэн гадаад улсын картаар гүйлгээ хийхэд нь пост машин нь эвдрээд ороогүй байсан. Үүнийг миний цалингаас авсан. Тэрийг хүртэл нэмсэн байсан…” гэв.
Эрүүгийн 1909010620529 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би “Снөв имиж" гэх дэлгүүрт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж
ажилласан. Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Шангрилла" төвийн 3 давхарт байх салбарт худалдааны зөвлөх гэх ажил хийж байсан. Би 2019 оны 02 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 08-ны өдрийнхооронд нийт 23 ширхэг өвөл, хавар намрын загвартай куртик борлуулсан мөнгийг хувьдаа ашигласан. Учир нь 2019 оны 02 сард миний дүү А.Бат-Онон гар утас хулгайлсан хэрэгт холбогдсон тул хохирлыг нь яаралтай барагдуулах хэрэгтэй болсон. Тэгээд надад мөнгө олдохгүй байсан тул би кассын орлогоосоо мөнгө авсан. Би зарагдсан күртикны мөнгийг аваад дэд захиралд мэдээ өгөхдөө дутсан куртикгүй гэж мэдэгдэж байсан. Тэгээд дэд захирал манай салбар дээр ирж тооллого явуулахад миний завшсан куртик илэрсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Т.Ганцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 10 дугаар сараас хойш хуралдагчаар ажилласан Намуунтуул сүүлийн 1 сар хагас “Шангри-ла молл” дээр хуралдагчаар ажиллаж байсан. Сүүлийн 10 хоногийн хугацаанд зарагдаж байсан куртикнуудын мөнгийг хувьдаа завшсан асуудал гаргасан. Хяналтын тооллого хийхэд 5.150.000 төгрөгийн хохирол учруулсан. Нийт 23 ширхэг куртикны мөнгө дутаасан асуудал гаргасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Б.Мөнхзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тус “Снөв имиж “ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг тоолж хянах үүрэг хүлээдэг ба өөрийн салбаруудын барааг сард 1-2 удаа тоо бүртгэл хөтөлж, хариуцсан ажилтантай нь тооцоо нийлж шалгадаг. 2019 оны 02 дугаар сард “Шангри-ла молл” худалдааны төвийн 2 давхарт байх салбарын барааг тоолоход барааны тоо болон орсон орлогын хэмжээ зөрсөн буюу бараа бүтээгдэхүүн дутсан. Тухайн үед тус салбарыг хариуцаж байсан Намуунтуул, Цэвээнжав нараас тодруулж асуухад Намуунтуул нь би дутаасан барааны мөнгийг авсан. Учир нь миний дүү хүний “Ай фоне икс маркийн гар утасыг алга болгосон бас миний аавын бие муудсан тул яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан“ гэж хэлсэн. Би тэр асуудлыг сонсоод Намуунтуулд хандан “Чи цалингаасаа дутаасан барааныхаа төлбөрийг төлөөд ажиллаж бай. Дахин ийм асуудал гаргаж болохгүй шүү“ гэж хэлсэн. Тэгээд тэр саналыг Намуунтуул зөвшөөрч үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Тэр өдрөөс хойш 10 орчим хоногийн дараа би тус салбарт гэнэтийн шалгалт хийхэд Намуунтуул дахин бараа бүтээгдэхүүн дутаасан ба мөн орлогоос мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Цэвээнжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Намуунтуулыг 2 жилийн өмнөөс мэднэ. Бид хоёр урьд нь хамт ажиллаж байсан. Намуунтуул бид 2 Шангрила молл хариуцаж байсан. Би 2019 оны 2 дугаар сарын дунд “И-март” дахв салбар руу шилжин ажилласан. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө гүйцэтгэх захирал Мөнхзаяа болон Намуунтуултай хамт барааны тооллого хийхэд бараа бүтээгдэхүүн дутагдалгүй бүрэн байсан. 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирал Мөнхзаяа намайг “Шангрилла молл”-ын салбарт дуудан тооллого хийхэд 21 нэр төрлийн 23 ширхэг куртик дутсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдод, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-19 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлгээний дүн нийт 5.151.000 /таван сая нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөг...” гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила молл” худалдааны төвийн “Снөв имидж” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа худалдан борлуулсан барааны төлбөрийг завшиж иргэн Т.Ганцогтод 5.151.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Нын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ганцогтын мэдүүлэг, гэрч Б.Мөнхзаяа, гэрч Ч.Цэвээнжав нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогч Т.Ганцогтоос куртикуудыг худалдаалах зорилгоор А.Ныг худалдагчаар ажиллуулж тэрээр дур мэдэн тухайн куртикны мөнгийг өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч нараас, бараа дутагдсан болохыг гэрч нараас тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Ныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ганцогтод гэмт хэргийн улмаас 5.151.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэггч А.Наас 5.151.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Т.Ганцогтод олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Ныг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Нг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Наас 5.151.000 /таван сая нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ганцогтод олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН