Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1634

 

 

Х.Асылбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05204 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Асылбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Гантулгад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Х.Асылбекийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Асылбек,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Асылбек миний бие 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Гантулгад 59 500 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлүүлж гэрээ байгуулсан. Иргэн Д.Гантулга нь миний мөнгийг өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн болно. Тухайн зээлийн гэрээгээр хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохирсон байдаг бөгөөд үндсэн зээлсэн мөнгө болон алдангийг нэмж миний бие Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхтэй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэн Д.Гантулгаас 59 500 000 төгрөг, алданги болох хоногийн 0.5 хувь буюу 297 500 төгрөг бөгөөд зээлийн 50 хувь 29 750 000 төгрөг нийт 89 250 000 төгрөгийг гаргуулж Х.Асылбект өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Х.Асылбекээс мөнгө зээлээгүй ба аваагүй болно. Харин "Эйшнтерра" ХХК-ийн захирал Ц.Бадамцэрэн нь Санхүүгийн түрээсийн 71000036 тоот гэрээг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр "Хас лизинг" ХХК-тай байгуулсан ба уг гэрээний төлбөрт төлөх мөнгө болгож Х.Асылбекээс компанидаа 2012 оны 2 дугаар сард мөнгө авсан. Тухайн үед компанийн тайлан тооцоог миний бие гаргадаг байсан тул Х.Асылбек нь "ажлаас чинь халуулна" "цагдаагийн байгууллагад хандан, гомдол гаргаж эрүү үүсгүүлнэ" хэмээн дарамт шахалт үзүүлж байгаад 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Уг гэрээг ашиглан шүүхэд хандахгүй гэж байсан ч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг миний бие огт аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд хүсэл зориг байгаагүй ч дарамт шахалтын улмаас "аваагүй мөнгийг авсан" мэтээр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчид дарамт шахалт үзүүлсэн баримт хэрэгт авагдаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Гантулгаас зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Асылбекийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Х.Асылбекэд холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Асылбекээс төлсөн 669 200 төгрөг, хариуцагч Д.Гантулгаас төлсөн 408 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Асылбек давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Хариуцагч нь 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг авсан бөгөөд эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээ болон мөнгө шилжүүлсэн талаарх асуудлаар шүүгч шүүх хуралдааны явцад тодруулж байсан атлаа мөн маргааны гол нь 50 000 000 төгрөг өгсөн, буцаан төлөх эсэх асуудал байхад 59 500 000 төгрөг шилжээгүй талаар хэн аль нь маргахгүй байна гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэхгүй буюу үнэлэхийг хүсэхгүй байгааг ойлгохгүй байна. Д.Гантулга зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг бөгөөд тус гэрээнд хүчээр буюу айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг хэрнээ тус асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан өргөдөл гомдол байдаггүй мөн хавтас хэрэгт авагдаагүй. Мөн 2012 оны 12 дугаар сармн 01-ний өдөр өөрийнх нь гараар бичиж өгсөн гар бичмэлийг хүртэл шүүх үнэлэхгүй байгаа нь шүүх тус хэргийг шударгаар шийдвэрлээгүй болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Асылбек нь хариуцагч Д.Гантулгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 59 500 000 төгрөг, алданги 29 750 000 төгрөг нийт 89 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэргийн 3, 36 дугаар талд нэхэмжлэгч Х.Асылбек нь хариуцагч Д.Гантулгад 59 500 000 төгрөг зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ, Д.Гантулга Х.Асылбекээс 50 000 000 төгрөг авсан тухай бичгийн баримт, хэргийн 95-115 дугаар талд эрүүгийн хэргийн баримтууд авагдсан бөгөөд уг баримтад Д.Дамдинжав, Х.Асылбек нар Д.Гантулгад 20 000 000 төгрөг, дараа нь 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг авагджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөөсөө 25 000 000 төгрөг, Д.Дамдинжаваас 25 000 000 төгрөг нийлүүлж 50 000 000 төгрөг Д.Гантулгад зээлдүүлсэн, Д.Гантулгын өмнөөс Д.Дамдинжавт 25 000 000 төгрөг төлсөн тул Д.Гантулгаас нэхэмжилнэ гэж тайлбарласан байхад Д.Дамдинжавт нэхэмжлэгч Х.Асылбек 25 000 000 төгрөгийг төлж барагдуулсан эсэх, түүний өмнөөс шаардах эрхтэй эсэхийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Ийнхүү шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой боловч давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг дахин тодруулах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ