Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0149

 

 

“И б б с” ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Л.Б, өмгөөлөгч В.Г, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ч.Э, гуравдагч этгээд “Г с” ХХК-ийн захирал Б.Б, өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “И б б с” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 911 дүгээр шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 112 зүйлийн 112.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И б б ш” сан-аас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “... 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “Г с” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу нэг талыг барьж тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас “илэрхий алдааг засаж дахин олгосон” гэж байгаа хэдий ч уг тусгай зөвшөөрлийг ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн өөрчилсөн, дахин олгож байгаа талаар ямар ч шийдвэр гаргаагүй зүгээр л шинээр гэрчилгээ бичээд олгочихсон. Зөвхөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг энд зассан төдийд “...захиргааны байгууллага алдаагаа зассан” гэж хэргийн энэ хэсгийг хэрэгсэхгүй гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Шүүх энэ талаарх баримтыг хариуцагчаас шаардсан мөртлөө биелэлтийг нь хангаж шаардагдах баримтуудыг авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан үүргийг “Г с” ХХК хэрэгжүүлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 39  дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “...энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах...” гэж заасан шаардлагыг “Г с” ХХК хангасан эсэх талаархи баримтыг дутуу бүрдүүлсэн. Мөн Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн эсэх талаарх баримтууд хоорондоо зөрүүтэй байхад нотлох баримтын зөрүүг арилгах талаар ажиллагаа хийлгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэр гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусчихсан байхад олгосон гэж үзэж байна. Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 жил дуусаад тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүлйийн 23.2-т ашиглалтын өмнөх 3 жилээс ихгүй гэсэн заалт 2010 онд дууссан. Гэтэл ГУУКХ-2009 онд дахиад 3 жилээр 2012 он хүртэл хууль бус сунгасан нь хүчингүй болох үндэслэлтэй. “Г с” ХХК-нь 2016 оны 09 дүгээр сарын 20-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 2016, 2017, 2018, 2019 онд бас ямар ч үйл ажиллагаа явуулаагүй ийм урт хугацаагаар хадгалах заалт хуульд байхгүй. Олон Улсын гэрээ гэгчийн 15 жилийн хугацаа 2009 онд дуусгавар болох байсан. Гэтэл тухайн үеийн ГУУКХ-ийн даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ураны хайгуулын 1017Х, 1018Х, 1021Х, 1068Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцож 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байдаг. Ингэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 14 жил байхаар аль ч хуульд одоо ч байхгүй. Уран бол онц аюултай гэсэн олон улсын ангилалд ордог, маш нарийн журам дүрэм стандарт мөрдөж ажиллахгүй бол хор хөнөөл нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад үндэстнээрээ мөхөх аюулд хүргэж болзошгүй юм. Гэтэл “Г с” ХХК нь хайгуулын явцад стандартын дагуу хаягдалд 7 хоног тутамд цацраг хэмжих хяналтаа хэрэгжүүлээгүй, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй, усыг задгайлж хаясан, цацрагийн түвшин өндөр газруудад анхааруулах тэмдэг тавиагүй, ураны “шар нунтаг” гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдэрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан нь гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулсан байх магадлалтай аюул гамшиг юм. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ гэсэн нөхцлийг “Г с” ХХК зөвшөөрсөн шийдвэр гаргаагүй байхад МҮ-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн. Орд ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34% биш 15%-р хийж Монгол улсын эрх ашигт хохиролтой Үндсэн хууль зөрчсөн гэрээ хийгдсэн байна. Гэтэл шүүх Монгол улсын эрх ашгийг хохироосон хууль зөрчсөн ноцтой фактуудыг санаатай болон санамсаргүйгээр нэг талыг барьж тайлбарлаж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт хуулийн заалт буруу, утгын алдаа, ойлголт буруу ташаа зүйл их байна. Тухайлбал: Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д байхгүй буруу заалт бичсэн. Захиргааны шийдвэр эерэг, нийтийн эрх ашгийг хөндөөгүй гэх мэт маш буруу дүгнэлт гаргасан байна. Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй нь бусад этгээдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа болон “Г с” ХХК нь захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй талаар шүүх хуралдаан дээр хангалттай тайлбарласан. “Г с”ХХК-ийн толгой компани болох “Дэнисон Майнз” гэдэг 85%-ийг эзэмшигч ураны үндэстэн дамнасан том корпораци нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр бидний хууль бусаар ашиглалтын зөвшөөрөл олгосон гэж маргаж байгаа ордуудын эзэн болчихсон хувьцааны арилжаа хийж олон зуун сая долларын хөрөнгө босгож байгааг Блүүнбэрг мэдээлж байхад төрийн олон байгууллага ийм хариуцлагагүй хяналтгүй ажиллаж байгааг шүүх зөвтгөж байгааг эсэргүүцэж байна. Монголын ард түмний мэдлийнх гэж Үндсэн хуульд заасан газрын доорхи хөндөгдөөгүй баялгийг “лиценз” гэдэг алга дарам цаасаар үнэгүйдүүлж олгон гадаад компанийн мэдлийн өмч болгож, үнэ цэнэтэй стратегийн ордуудаа ингэж алдсаар Монгол улс өрөнд орж, ядуурч дампуурч байгаа энэ ноцтой Олон улсын гэх хууль, гэрээ хэлэлцээрээс Монголын төр татгалзан гарах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “И б б с” ТББ нь Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийг хүчингүй болгохыг даалгах, “Г с” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1, 18.9-д заасныг үндэслэн  Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутаг дахь Өлзийт нэртэй 10665.22 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г с” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба 2016 оны 09  дүгээр сарын 20-ны өдөр MV-020634 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2046 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал буюу 30 жилийн хугацаатай олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дүрмийн зорилгодоо нийцсэн, хүрээлэн байгаа орчинтой холбоотой захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилготой байх учиртай.

Нэхэмжлэгч “И б б с” ТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээс “Г с”ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо “хуурамч баримт бичиг үндэслэн хууль зөрчиж олгосон”, “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүд хүрээлэн байгаа орчинтой холбоотой гэж үзэхээр байх тул дээрх үндэслэлүүдэд  захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгч бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх “эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гараагүй, хуурамч эсэхийг захиргааны байгууллага болон захиргааны шүүх тогтоох боломжгүй” гэсэн явцуу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 16 болон 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээдэд олгохдоо мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан баримт бичгийг хүлээн авч, 19.6.2-т зааснаар өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичгүүд хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй.

Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 19.1.5-д “байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө”, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасан бол  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг” гэж тодорхойлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ заавал хийлгэсэн байхыг шаардсан бөгөөд хэрэгт авагдсан 2011 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт нь “Ураны эрэл, хайгуулын ажил эрхлэх төсөл”-д хийгдсэн байгаа нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа гаргаж өгсөн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд уурхай байгуулагдаагүй, ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй талаар хэргийн оролцогчид маргаагүй ч цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөл бий болсон, уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн байх, энэ үнэлгээний дүгнэлтээс хамаарч цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг захиргааны байгууллага шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгч талаас ч энэ үндэслэлээр маргаж байхад дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй байх бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоогоогүй тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосоныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээ “Г с” ХХК нь нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй, усыг задгайлж хаясан, цацрагийн түвшин өндөр газруудад анхааруулах тэмдэг тавиагүй, ураны “шар нунтаг” гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдэрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан нь гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулсан байх магадлалтай, Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчимд цацрагийн идэвхжил өндөр байгаа нь тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарлажээ.

Энэ тохиолдолд маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу “Г с” ХХК цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулснаар тухайн орон нутагт амьдарч байгаа хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, байгаль орчинд ноцтой хор хохирол учрах болзошгүй байдал үүсэх эсэхийг, мөн Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчимд цацрагийн идэвхжил өндөр байгаа нь гуравдагч этгээдийн үйл ажиллагаатай холбоотой эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай.

Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 “Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй: 28.6.4-т “Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-35.5, 36.1, 36.2, 39.1, 45.1, 45.2, 47.1, 47.5, 47.6, 48.7-48.10-т заасан үүргийг биелүүлэх” гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлсэн талаар холбогдох баримтыг бүрдүүлж нөхцөл байдлыг тогтоосноор Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 39  дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” гэж заасан шаардлагыг “Г с” ХХК хангасан эсэх талаархи баримтыг дутуу бүрдүүлсэн, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн эсэх талаарх баримтууд хоорондоо зөрүүтэй байхад  шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн хуулиар тодорхойлсон нэхэмжлэл гаргах эрхэд хамааралгүй “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хуулийн хугацаа нь дуусчихсан байхад олгосон, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйл ажиллагаатай холбоотой маргасан атлаа Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Э.Лхагвасүрэн      

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН