Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01383

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00715 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1249 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яаманд холбогдох,

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, Н.Н-эд 47 887 000 төгрөг олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам болон Сангийн яаманд тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзаяа, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, нарийн бичгийн даргаар Т.Өлзий-Түвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 онд БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын уурхайн хаягдлын далан сэтэрч их хэмжээний химийн хорт бодисоор байгаль орчныг бохирдуулсныг нэхэмжлэгч холбогдох байгууллагад мэдээлсэн ба энэ нь мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдсон. Тус компанийн байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчны хохирлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй “Экотон” ХХК тооцон тогтоосон ба бохирдуулсан нийт талбай 6649 мкв, нийт төлбөр 534 488 547 төгрөг, хөрсний дээжийн Shi-2 зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 2462 мкв, хохирлын үнэлгээний төлбөр 215 239 958 төгрөг байна. Хөрсний дээжийн Shi-5-аас Shi-12 дахь зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 4187 мкв, хохирлын үнэлгээний төлбөр 319 248 589 төгрөг гэж дүгнэлт гаргасан. “Шинь Шинь” ХХК нь байгаль орчны хохирлын нөхөн төлбөр болох 534 488 547 төгрөгийг 2014 оны 11 сард Байгаль хамгаалах санд тушаасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэг болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 215 239 958 төгрөгийн 15 хувь болох 32 285 993 төгрөгийн урамшууллыг мэдээлэгч иргэн Н.Н-эд олгох тушаал гаргаж олгосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэсэн ба нөхөн сэргээх зардал ч гэсэн хохирлын нөхөн төлбөрт багтаж байна.

Дээрх “Экотон” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлангийн дүгнэлтэд Shi-2-р зүсэлтийн орчмын хохирлын үнэлгээний 215 239 958 төгрөг ч байгаль орчны хохирлын нөхөн төлбөр, Shi-5-аас Shi-12-р зүсэлтийн нөхөн төлбөр болох 319 248 589 төгрөг ч байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547 төгрөг болж байгаа юм. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн Газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны урамшуулал дутуу тооцож олгосон талаар гомдол гаргахад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга У.Бямбасүрэнд хандсан 02/2049 тоот хариуны 1 хувийг Н.Н-эд өгсөн. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч иргэний хэргийн шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн.

Иймд байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547 төгрөгийн 15 хувь 80 173 000 төгрөгийг Н.Н-эд олгох байсан болохыг тогтоолгож, үлдсэн 319 248 589 төгрөгийн 15 хувь болох 47 887 000 төгрөгийн урамшууллыг Н.Н-эд олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн Яаманд даалгаж өгнө үү. Сангийн яам дээрх мөнгийг татан авсан байгаа гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд гаргасан тайлбартаа:

“Шинь Шинь” ХХК 2010-2011 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Улаан гэх газарт 247 А тоот Цөмийн Энергийн газраас олгосон лицензит талбайд хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ердийн ашигт малтмал олборлож, хүдрээ баяжуулахдаа химийн хорт бодис ашигласан ба баяжмалд ашигласан хаягдлын санг үүсгэсэн ёроолын фрёнк задарснаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. “Шинь шинь” ХХК нь уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн далангаас химийн бодисоор бохирлогдсон ус гадагшаа шүүрч байгаль орчныг бохирдуулсан үйлдэлд хэрэг үүсгэн энэхүү хоёр хэргийг нэгтгэн шалгасан. Эрүүгийн хэрэгт 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор “Экотон” ХХК-ийн шинжээч нарыг томилсон. “Экотон” ХХК хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу тооцсон байна. Шинжилгээ хийлгэх асуултын 8-д Үйлдвэрийн хаягдлын сангаас шүүрсэн химийн бодистой ус нэвчсэн нь стандартаас давсан бохирдолтой тохиолдолд байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох гэсэн асуултад шинжээч ...хариулсан. Нэхэмжлэгч 2013 оноос урамшууллын талаар идэвхтэй хөөцөлдөж явсан.

Урамшуулал олгох журамд мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэх, орлогыг орон нутагт төвлөрүүлж, мэдээлэгчид урамшууллыг орон нутгийн засаг даргаас олгохоор заасан байдаг. Нэхэмжлэгч хэнд мэдээлсэн нь тодорхойгүй байдаг ба орлого орон нутагт биш, улсад орсон байсан зэргийг үндэслэн яамнаас Тусгай сангийн хуулийг барьж, шагнах маягаар хохирлын буюу 215 239 958 төгрөгийн 15 хувиар тооцож нэхэмжлэгчид мөнгө өгсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгээр олгосон урамшуулал бол биш юм. 319 248 589 төгрөг бол нөхөн сэргээх ажлын зардал бөгөөд компани нөхөн сэргээсэн тохиолдолд буцаан олгогддог, тэр компани нь нөхөн сэргээхгүй бол тендэр зарлаж энэ ажлыг зохион байгуулдаг, энэ мөнгө зайлшгүй зарцуулагддаг тул энэ мөнгөнөөс урамшуулал олгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамнаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар Н.Н-э Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд мэдээлэл өгснөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшуулал тооцож олгосон байна. Н.Н-ийн нэхэмжлэл нь уг тушаалаар урамшуулал буруу тооцож олгосон болохыг тогтоолгохтой холбоотой буюу Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэл юм.

Иймд тус яамыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Ер нь “Шинь шинь” ХХК-ийн төлсөн мөнгө Сангийн яам руу татагдсан байгаа гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00715 дугаар шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-ыг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид 47 887 000 төгрөгийг олгохыг даалгах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 397 500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1249 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547.46 төгрөг болж байгаа ч энэ төлбөр улсад цэвэр орлого болж орсон гэж үзэх боломжгүй байна гэжээ. “Шинь Шинь” ХХК нь байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547.46 төгрөгийг улсын орлогод төлсөн бөгөөд уг төлбөрөөс шүүх болон хариуцагчийн дүгнээд байгаа шиг 319 248 589,46 төгрөгийн нөхөн төлбөрийг буцаан авах талаар хүсэлт өргөдөл гаргаагүй болно. Байгаль орчинд хохирол учруулагч нь байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547.46 төгрөгийг улсын орлогод тушааж сангийн яам тухайн мөнгийг татан авч улсын орлого болгосоор байхад улсад цэвэр орлого болж орсон гэж үзэх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “байгаль орчинд учруулсдн хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж зааснаар нөхөн сэргээх зардал ч гэсэн хохирлын нөхөн төлбөрт багтаж байна. Дээрх “Экотон” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлангийн дүгнэлтэд Shi-2-p зүсэлтийн орчмын хохирлын үнэлгээний 215.23 сая төгрөг, Shi-5-aac Shi-12-p зүсэлтийн нөхөн төлбөр болох 319.24 сая төгрөг болж байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534.48 сая төгрөг болж байгаа юм. Нийт хохирлын нөхөн төлбөрийн хэмжээтэй хариуцагч маргадаггүй бөгөөд байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547.46 төгрөг болсныг хүлээн зөвшөөрдөг. БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын уурхайн хаягдлын далан сэтэрч их хэмжээний химийн хорт бодисоор байгаль орчныг бохирдуулж учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчны хохирлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй “Экотон” ХХК тооцон тогтоосон.

...“Шинь Шинь” ХХК нь байгаль орчны хохирлын нөхөн төлбөр болох 534.48 сая төгрөгийг 2014 оны 11 сард Байгаль Хамгаалах Санд тушааж улсын орлого болгосон байдаг. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний төлбөрөө тушаахдаа нөхөн сэргээлтийн барьцааны дансанд биш хохирлын үнэлгээний дансанд хийсэн нь тус компани хохирол учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрөөд дээрх дансанд хийсэн юм. Шүүхийн дүгнээд буй улсад орох ёстой цэвэр орлого болж орсон гэж үзэх боломжгүй байна гэх байдал нь дээрх байдлуудаар няцаагдаж байна. Мөн “Шинь Шинь” ХХК нь 2015 онд байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн арилгаж буцаан нөхөн сэргээгээд 2016 онд уурхайгаа улсын комисст хүлээлгэн өгчээ. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн уурхай ашиглалтанд хүлээн авах улсын комиссын акт дугаар 16-24 тоот актаар улсад уурхайгаа хүлээлгэн өгсөн байна. Монголын үндэсний телевизийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр 2016 оны 11 дүгээр сарын 28-нд гарсан. Хэрэв нөхөн сэргээлтийн ажил дуусаагүй байсан бол уурхайг улсын комисс хүлээн авах ямарч хууль эрх зүйн боломж байхгүй. БОНХАЖЯ-аас /хуучин нэрээр/ Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Хосбаяр уурхайг хүлээн авах улсын комисст орж ажилласан байна. Анхан шатны шүүх хурлын үеэр БОАЖЯ энэ талаар мэдэж байсан боловч энэ тухайгаа танилцуулалгүй шүүхэд үнэн зөв тайлбар гаргаагүй юм. Дээр дурдсан нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй бол уурхайг улсын комисс хүлээн авах ямар ч боломж байхгүй юм.

...Хариуцагч тайлбартаа 319 248 589,46 төгрөг нь нөхөн сэргээлтийн зардал учраас нөхөн төлбөрт тооцогдоогүй тул энэ дүнгээс 15 хувь тооцож олгох үндэслэлгүй гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэнд нөхөн төлбөрийн хэмжээг 534 488 547,46 төгрөг гэсэн бөгөөд тухайн компани ч энэ мөнгийг бүхэлд нь хохирлын нөхөн төлбөрийн дансанд оруулж улсад тушаасан. Урамшууллыг олгохдоо нөхөн төлбөрөөс олгохоор, хуульчлагдсан учир нөхөн сэргээлтийн зардлаас ч урамшууллаа авах эрхтэй болох нь тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх 4187 мкв талбайг нөхөн сэргээхэд гарах зардал 319 248 589 төгрөг нь хөрсний нөхөн сэргээлтэнд зайлшгүй буцаан зарцуулагдах мөнгөн хөрөнгө байна гэж үзсэн нь Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмын 3.1, 3.3, 3.4-т заасантай тус тус нийцжээ гэжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмын зорилго нь “Энэхүү журмаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж буй төсөл хэрэгжүүлэгч болон ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн баталгааны тусгай дансанд мөнгөн хөрөнгөний хэмжээг тогтоох, түүнийг байршуулах, буцаан олгох болон хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг хэрхэн захиран зарцуулах, тусгай дансны гүйлгээнд хяналт тавих, таилагнах үйл ажиллагааг зохицуулна.” гэж зааснаас үзвэл хөрсний нөхөн сэргээлтэнд зайлшгүй буцаан зарцуулагдах мөнгөн хөрөнгө гэдгийг тухайн журам тодорхойлохгүй. Байгалийн баялгийг ашиглаж буй хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа явуулж байхдаа үйл ажиллагаа зогсох үед анхны байдалд нь тухайн газрыг оруулахын тулд нөхөн сэргээлт хийх зардлыг хуримтлуулж, түүнд нь төрөөс хяналт тавих талаар энэ журам зохицуулсан. Түүнээс биш давж заалдах шатны шүүхийн үнэлээд байгаа шиг хохирол учирсан тохиолдолд түүний хохирлыг тодорхойлох нөхөн сэргээх талаар энэ журмаар зохицуулсан зохицуулалт байхгүй болно.

Дээрх байдлуудыг дүгнэн үзвэл Байгаль хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 12-т байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэдэг ойлголтыг тодорхойлсон бөгөөд миний маргаад хохирлын үнэлгээний төлбөр 319 248 589,46 төгрөг нь хохирлын нөхөн төлбөр гэсэн ойлголтод бүрэн хамаарч байна. Хариуцагчийн нөхөн сэргээлтийн зардал учраас урамшуулал олгохгүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буй үндэслэл нь нотлогдохгүй байгаа болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534.48 сая 15 хувь 80.173 сая төгрөгийг Н.Н-э надад олгох болохыг тогтоолгож, 319.24 сая төгрөгийн 15 хувь болох 47.887 сая төгрөгийн урамшууллыг Н.Н-эд олгохыг БОНХАЖЯ-ны сайд болон Сангийн Яаманд даалгаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.Н-э нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн яаманд холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А\214 дүгээр тушаалаар урамшууллын хэмжээг буруу тооцсоныг тогтоолгох, 47 887 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Сангийн яам тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж, харин хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын яам нь урамшууллын тооцоог зөв хийсэн гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Н.Н-э нь байгаль орчны хууль тогтоомжийг зөрчиж, орчныг бохирдуулсан БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК-ийн үйл ажиллагааны талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсний дагуу тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байх ба байгаль орчинд 534 488 547 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогджээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А\124 дүгээр тушаалаар дээрх үнийн дүнгээс 215 239 958 төгрөгийн 15 хувьд 32 285 993 төгрөгийг тооцож, нэхэмжлэгч Н.Н-эд урамшуулал болгон олгосон байна.

Нэхэмжлэгч Н.Н-э урамшууллыг 534 488 547 төгрөгөөс тооцоогүйг буруу гэж үзэн үлдэх 319 248 589 төгрөгийн 15 хувь болох 47 887 000 төгрөгийг урамшуулалд авах ёстой гэж нэхэмжлэл гаргасан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4-т “байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно” гэж заажээ.

Мөн зүйлийн 6-д зааснаар урамшуулал олгох журмыг Сангийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд баталдаг байна.

Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 342\366 дугаар тушаалаар “Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох журам” батлагджээ. Уг журмын 15, 16-д “аливаа зөрчлийг илрүүлсэн буюу ноцтой зөрчлийн талаар цаг үеэ олсон, бодитой, үнэн зөв, тодорхой мэдээлэл ирүүлсэн иргэнд мөнгөн урамшуулал олгоно”, “мэдээлэлд дурдсан зөрчил нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлого нь зохих дансанд төлөгдсөний дараа уг торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувиар тооцож, мөнгөн урамшууллыг мэдээлэгчид олгоно” гэж заасан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 12-т зааснаар “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг хэлдэг бол “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд учирсан хохирол болон хохирлын нөхөн төлбөр гэж тусдаа эрх зүйн ойлголт байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдийн талаар мэдээлэл өгсөн иргэнд байгаль орчинд учирсан хохирлын дүнгээс бус харин учирсан хохирлын нөхөн төлбөрөөс \мөн торгуулиас\ урамшуулал тооцож олгогдох учиртай байна.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь “Шинь Шинь” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан нийт хохирлын хэмжээг 534 488 547,46 төгрөг гэж тодорхойлсон ба энэ үнийн дүнгээс 319 248 589,46 төгрөгийн хохирлыг нөхөн төлбөрөөр бус харин нөхөн сэргээлтээр арилгах, харин 215 239 958 төгрөгийн хохиролд нөхөн төлбөр төлөх шаардлагатай гэж дүгнэжээ. Ийнхүү зааглаж дүгнэсэн явдал нь байгаль орчинд учирсан хохирлын хэмжээнээс шалтгаалсан ба нөхөн сэргээлт хийх боломжтой талбайн хөрсний бохирдлыг мөнгөөр бус харин хөрс хуулан авч, хаягдлын санд асгах журмаар бодит байдлаар арилгах боломжтой гэж шинжээч үзжээ. 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх ёстой байна. Энэ утгаар байгаль орчинд учирсан 534 488 547 төгрөгийн хохирлоос 319 248 589 төгрөгийн хохирлыг нөхөн сэргээх, 215 239 958 төгрөгийн хохирлыг мөнгөөр төлөх аргаар арилгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нөхөн төлбөрийн хэмжээ 215 239 958 төгрөг гэж тогтоогдсон нөхцөлд байгаль орчныг хохироосон зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнд энэ үнийн дүнгээс урамшуулал олгохоор шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А\124 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

“Шинь Шинь” ХХК нь дээрх хохирлоос хэдэн төгрөг, хэзээ, хэрхэн төлсөн баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02\2049 тоот албан бичигт “шинжээчдийн тогтоосон үнэлгээний дагуу нийт 534 488 547.46 төгрөгийг 2014 оны 11 сард байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн” гэж дурдагдсанаас үзвэл “Шинь Шинь” ХХК дээрх мөнгийг бүрэн төлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй байна. Харин ийнхүү төлөгдсөн 534 488 547,46 төгрөгийг бүхэлд нь нөхөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь нөхөн сэргээлт хийх боломжтой талбайд гэм буруутай этгээд, эсхүл эрх бүхий байгууллагаас томилогдсон өөр этгээд нөхөн сэргээлт хийсэн тохиолдолд дээрх төлбөрөөс 319 248 589 төгрөг нөхөн сэргээлтийн зардалд төлөгдөх ёстой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэлээ. Шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4-т заасан зохицуулалтыг баримтлаагүй нь алдаатай болсон тул энэ агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1249 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-ыг” гэснийг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН