Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 45

 

 

Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11ий өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын сарын 13ы өдрийн 67 дугаар магадлалтай, Д.Дд холбогдох 2027000700089 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Архангай аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 213 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ял,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Д.Дд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Д.

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, ... тоотод оршин суух Ё.Н-ын “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй хуучны хийцтэй 2 ширхэг бурхныг Д.Х, Г.Б, Ц.Д нар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Д.Дг зохион байгуулагчаар хамтран оролцож, бүлэглэн, зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Д.Дд 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Д.Дг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байрнаас суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх бичсэн эсэргүүцэлдээ “... давж заалдах шатны шүүх гэрч Д.Х, Г.Б, Ц.Д нарын мэдүүлгийг хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн мөртлөө яагаад ямар хуулийн ямар заалтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн талаараа магадлалд дурдаагүй байх тул магадлал нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй болжээ. Гэрч Д.Х, Г.Б нар эрүүгийн 1927001990063 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх үед энэ хэргийн захиалагч байгаа, Р гэдэг залууг шалгуулмаар байна.” гэж хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан байна. Мөн Ц.Д нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо ... Д захиласан, тэр зааж өгсөн” талаар дурдсан байдаг. Эндээс үзэхэд Улаанбаатар хотод амьдардаг Д.Х, Г.Б, Ц.Д нар нь Хархорин сумын иргэн Н-ын гэрт эртний бурхан байдаг талаар болон уг айлын ам бүлийн тоо, тэдний хувийн байдал /чих дүлий эмгэн, бага насны охин 2 байдаг/, гэрийн байрлал зэргийг хэрхэн мэдсэн байж таарах вэ гэдэг асуултад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг дутуу, буруу үнэлсэн байна гэж үзэж байна. Д.Х, Г.Б, Ц.Д нарын гэрчээр өгсөн мэдүүлгийн нотломжийн түвшин, агуулгыг хэрхэн тодорхойлж байгаа талаар магадлалд огт дурдаагүй байна. Хэрэв энэ хэрэгт Д oгт оролцоогүй бол дээрх 3 гэрч яагаад, ямар шалтгаанаар, хаанаас Д-гийн нэрийг олж шүүхэд болон прокурорт энэ хүнд холбогдуулан гомдол гаргасан гэж үзэх бэ гэдэг талаас нь шүүх хянах ёстой. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж нотлох баримтын ач холбогдол, хамааралтай байдалд дүгнэлт хийх ёстой юм.

Гэрч Ц.Д нь Д-гийн найзын холбоотой бөгөөд хэрэг шалгаж байх үед түүнийг энэ хэрэгт холбоотой болохыг нууж хэлэлгүй үлдсэн талаар дурдсан, үүнийг Г.Б ч гэрчилж мэдүүлсэн байдаг. Прокурор энэ хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэг нээж шалгуулах үндэслэлгүй байсан учраас бурхан дээрэмдсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэх үйлдэлд 202700070 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Прокурорын энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” зорилтыг хангахад чиглэсэн хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Ариунжаргал нь энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд заасан “зөрж гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын талаар хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, энэ гомдлыг яагаад хангах болсон талаар магадлалдаа дурдаагүй байна. Магадлалд “... Б.Ариунжаргал нарын давж заалдах гомдлуудыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.” гэсэн байх бөгөөд эндээс үзэхэд Д.Дг зөрж үйлдэж гэмт хэрэг үйлдснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн байна. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус, хоёр утгатай шийдвэр болжээ.

Магадлалд гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж, санаачлан түүнийг хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулан удирдан чиглүүлсэн, төлөвлөгөө боловсруулсан, оролцогчийн үүргийг хуваарилсан, хэрхэн үйлдэх аргыг зохиосон байдал хангалттай тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал гарсан тул” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Д.Д нь анх Н гэдэг өөрийн хамаатны гэрт хуучин цагийн 2 бурхан байдаг талаар Д хэлсэн, улмаар дахин уулзаад мөнгө хэрэг болсон тул уг айлаас 2 бурханыг хулгайлах талаар санал гаргасан буюу анхны сэдэлтийг өгч санаачилсан, улмаар бурханыг хулгайлах боломж нөхцлийг бүрдүүлэх талаар санал гаргаж 2019 оны 8 дугаар сарын 22-нд өөрийн биеэр Хархорин суманд ирж байдлыг ажиглаж “одоо л авах боломжтой цаг үүнээс удвал эмгэн хот явах гэж байгаа” талаар хэлж удирдан чиглүүлж хулгайлах үйл ажиллагааг шуурхайлсан, 8 дугаар сарын 23-24-ний үеэр хулгайлахаар төлөвлөж, Н-н гэрийн байршилыг цаасан дээр зурж өгч чиглүүлсэн, шөнийн цагаар дүлий эмгэн юм сонсохгүй, утасаар тоглодог охин унтсан үед орж гэрийн зүүн хойд авдар дээр байгаа бурханыг авах аргыг зааж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байсан. Үүнийг давж заалдах шатны шүүх хэрхэн үгүйсгэж байгаа талаар магадлалд тодорхой үндэслэл бүхий дурдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичивгэжээ.

   Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Тухайн хэрэгт 2019 онд гурван шатны шүүхээс ял оноосон нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт, нэг удаа ял шийтгэнэ” гэсэн заалтыг харгалзаж үзээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар “...тухайн хэргийг өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр” байхад хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогддог. 2020 онд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл байсан. Дээд шүүхээс Х, Б, Д нарын үйлдэл буюу дээрмийн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэг дээр захиалагч Д гэж хүн байна гэдэг асуудал яригддаг ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн хэргийг ямар нэг байдлаар өөрсдөд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх байдлаар гомдлыг гаргаж байсан. Улсын дээд шүүхийн 40 дугаартай тогтоолоор дээрх нөхцөл байдал өмнө нь хянан шийдвэрлэгдсэн хэргийн хувьд тогтоогдоогүй байна гэж үзсэн бөгөөд дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ хэрэгт Х, Д, Б нар нь 2-3 удаа гэрчийн мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоох хууль зүйн үндэслэл байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлахад мэдүүлгийн зөрүү гардаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэр бүхий гэрч нар удаа дараа прокурорын байгууллагад гомдол гаргасан байдаг. Гомдлын агуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал байна, учир нь Д гэдэг хүнийг гэм буруутайд тооцуулснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг дөрөв хувааж төлөх ёстой гэсэн хууль зүйн үндэслэлийг гаргаж ирдэг. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 9.6 дугаар зүйлд заасан “гэрч” гэдэг ойлголтын тухай асуудал хөндөгдөх болсон. Тухайн нэр бүхий гурван гэрч нь хийсэн үйлдэлдээ ял шийтгүүлсэн ялтнууд бөгөөд өөрсдийнхөө үйл баримтыг нотлох зорилгоор гэрчийн мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний болон Улс төрийн эрхийн фактын холбогдох заалтыг зөрчсөн. Д нь тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд бөгөөд Х-ийн захиалгаар А, Н гэдэг гэрч нарыг хохирогчид нөлөөлүүлэх зорилгоор уулзуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон буюу гэрч нар эд зүйл, мөнгө амласан нөхцөл байдал тогтоогддог. Эдгээр байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа боловч агуулгын хувьд Эрүүгийн хууль хэрэглээнд зөрүүтэй байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дг 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, ... тоотод оршин суух Ё.Н гэрт Д.Х, Г.Б, Ц.Д нартай бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж, захиалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн ерөнхий ангийн 3.1, 3.3 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг гэрчээр асууж, уг нотлох баримтыг эх сурвалжаа болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Х, Д, Б нарт холбогдох хэргээс хуулбарлан авсан нотлох баримт, мөн хохирогч Д, гэрч Г болон бусад хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч Д.Дгийн хувьд мэдээллийг өгч, гэмт хэрэг үйлдэх санал, санаачилгыг гаргаж удирдан зохион байгуулж, чиглүүлсэн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон. Харин анхан шатны шүүх Х, Д, Б нарын үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт Д- захиалга өгсөн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анх хулгайлах гэмт хэргийн захиалга өгсөн, зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон бусад этгээдүүд нь зөрж гүйцэтгэсэн нөхцөл байдал харагддаг. Иймд Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдэхээр зохион байгуулсан нөхцөл байдал харагдаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн хэрэглээтэй холбогдуулан хөнгөрүүлэх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Д.Дд холбогдох хэргийн үйл баримтыг буруу тогтоосны улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь өөрийн хамаатны хүн болох өндөр настан Ё.Н-г гэртээ хуучны хийцтэй “Ямандаг”, “Дамдинчойжоо” бурхан хадгалдаг гэдгийг лавтай сайн мэддэг бөгөөд уг бурхдыг хүмүүс 200-300 сая төгрөгөөр авах санал тавьдаг ч өгөөгүй хэмээн гэмт хэрэг үйлдэх сэдлийг төрүүлж, улмаар тухайн айлын хаяг, бурханы байрлал заасан бүдүүвч зургийг зурж өгч, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой өдөр хугацааг товлож, олсон ашгаа хуваахаар тухайн хэргийн гүйцэтгэгч болох одоо хорих ял эдэлж байгаа Д.Х, Г.Б, Ц.Д нартай урьдчилан үгсэн тохиролцсон нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй нотлогджээ.

Харин дээрх хоёр ширхэг хуучны хийцтэй бурхныг хууль бусаар авах явдлыг санаачилж, өндөр настан Ё.Н нь “дүлий, хөл гар муутай”, гэрт нь хамт байдаг жоохон охин гар утсаараа оролдож байгаад унтаад өгдөг гэх зэргээр гүйцэтгэгч нарыг мэдээллээр хангаж, “Заамар”-т амьдардаг атлаа Эрдэнэ зуу хийдэд ном уншуулах нэрийдлээр Хархорин суманд ирж ”хулгайлах” гэмт хэрэг үйлдэх боломжит хугацааг товлон Улаанбаатар хотод амьдардаг дээрх нэр бүхий ялтан нарыг Өвөрхангай аймгийн Хархорин сум руу дуудан ирүүлж, хохирогчийн гэрийг биечлэн зааж өгөх зэргээр удирдан чиглүүлж тухайн гэмт хэрэгт хамтран оролцохдоо тэрээр “дээрэмдэх” бус “хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулж, харин гүйцэтгэгч нар нь хохирогчийн гэрт насанд хүрсэн охин нь тохиолдлоор ирж хонож байсныг мэдээгүйн улмаас хулгайлах гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэрэг рүү шилжиж төгссөн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд гүйцэтгэгч нарыг гэмт хэргийн зохион байгуулагчтай тохиролцсоноос өөр гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Д.Дг “хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах тухай шүүх хуралдаанд оролцсон прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Д.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгож хөнгөрүүлсэнтэй холбогдуулан түүнд өмнө нь ялтай буюу мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг багасгаж 6 жил хорих ял болгохоор шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хуульд заасан бүх арга хэмжээг ашиглан мөрдөн шалгаж, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор, шүүгч нарт холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн болно.

Мөрдөгч нь энэхүү чиг үүргээ хэрэгжүүлж өндөр настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн этгээдүүдээс гаргасан гомдол, мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа ял шийтгүүлсэн этгээдийг гэрчээр байцааж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгт хамтран оролцсон хүний талаар мэдүүлэг авсан явдлыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуулиар хориглосон үйл ажиллагаа биш юм. 

Гэтэл Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь “... анхан шатны шүүх Г.Б, Ц.Д, Д.Х нарын гэрчийн мэдүүлэгт үндэслэн Д.Дг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй ба тэд хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, тэдний мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх ёсгүй” хэмээн хуулийг илт буруу тайлбарлаж Д.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байх тул магадлалыг хүчингүй болгож, Д.Дг гэм буруутайг тогтоосон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын сарын 13ы өдрийн 67 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11ий өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Дг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай”,

2.1. шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Прокурор Д.Дд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, уг зүйл хэсэгт зааснаар түүнийг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

    ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                              Ч.ХОСБАЯР

                                                        Б.ЦОГТ