Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 4886

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Хийморь цогцолбор, Барилгачдын талбай гудамж, 4-6 байр 34 тоотод оршин суух Сорон овогт Надмидын Уранчимэг /РД:ЦГ68021804/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны 31-р байрны 32 тоотод оршин суух Хиад боржигин овогт Агваанлодойн Оюунтуяа /РД:ЧМ72111562/-д холбогдох,

80,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Гэм хорыг нөхөн арилгах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэн Н.Уранчимэг 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.Оюунтуяатай юань доллар зарж ашиг олох зорилготойгоор хамтран ажиллахаар болж, өөрийн 80,000,000 төгрөгийг түүнд өгсөн. Гэтэл А.Оюунтуяа нь авсан 80,000,000 төгрөгийг өөрийг хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж үрэгдүүлсэн байсан. Үүний улмаас А.Оюунтуяатай хамтран ажиллах боломжгүй болсон. Ингээд А.Оюунтуяагаас дээрх 80,000,000 төгрөгөө буцааж өгөхийг шаардахад тэрээр мөнгийг буцаан өгнө гэж 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг гэх хүнтэй хамт ирж "Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ" гэсэн нэртэй төлбөр төлөх тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр А.Оюунтуяа нь сар бүрийн 25-ны өдөр доод тал нь 1,000,000 төгрөгийг Н.Уранчимэгийн Хаан банкны 5006388422 дугаар дансанд төлөхөөр график хийж цаад тал нь 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгана гэсэн тохиролцоо хийсэн. Гэвч А.Оюунтуяа нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ мөнгөнөөс нэг ч төгрөг төлөлгүй хохироосоор байна. Энэ хугацаанд Н.Уранчимэг нь шүүхэд нэхэмжлэл удаа дараа гаргаж байсан боловч А.Оюунтуяа нь хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэл нийт 3 удаа буцаагдаж 2 удаа эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгосон. Хамгийн сүүлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7507 дугаар шийдвэрээр А.Оюунтуяаг эрэн сурвалжилж Баянгол дүүргийн 1 хороо Алтай хотхоны 31 байрны 32 тоотод  саяхан амаржиж төрөөд ээж Лхамцэдэнгийндээ түр оршин сууж байгаа болохыг олж тогтоосон бөгөөд А.Оюунтуяа нь өөрийн иргэний үнэмлэхний хаяг болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсээс эрэн сурвалжилж олсон хаягтаа оршин суудаггүй, тогтмол амьдрах албан ёсны хаяг байхгүй байх учир дээрх түр оршин сууж буй хаягаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.Оюунтуяатай юань, доллар зарж, ашиг олох зорилготойгоор хамтран ажиллахаар болж 533,210,000 төгрөгийг өгсөн боловч түүний буруутай үйл ажиллагааны улмаас уг мөнгөнөөс 80,000,000 төгрөгийг үрэгдүүлсэн учраас 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ хийсэн. Иймд А.Оюүнтуяагаас 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Оюунтуяа нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Уранчимэгийн А.Оюунтуяа надад холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Н.Уранчимэг, Б.Отгонбаяр бид гурав ам.доллар, юаний тухайн үеийн ханшийн зөрөөнөөс ашиг олж болох юм гэж ярилцаад хамт БНХАУ-ын Эрээн хот руу явсан юм. Тэнд очоод ам.доллароо юаниар солиход юань хүрэлцэхгүй байдал гарч бага зэргийн сольсон юанийг би авч Монгол руу буцсан ба Э.Уранчимэг, Б.Отгонбаяр хоёр солигдоогүй ам.доллароо авч хамтаар Эрээнд үлдсэн юм. Маргааш нь Н.Уранчимэг Монгол руу утсаар надтай ярьж Б.Отгонбаярт мөнгөө үлдээгээд миний араас ирнэ гэхээр нь би түүнд "Б. Отгонбаярт итгэж болохгүй, цаадах чинь архи уудаг, алдаж үрэгдүүлбэл яах юм бэ” хамт бүх мөнгөө солиод ирээч гэхэд тэрээр "Б.Отгонбаяр сайн залуу байна" гээд тухайн үед миний үгэнд оролгүй "Бүх мөнгөө Б.Отгонбаярт үлдээгээд” Монголд ирсэн байсан. Б.Отгонбаяр согтуу надруу ярихаар нь би Н.Уранчимэгт цаадах чинь согтуу ярьж байна. Эрээнээс Бээжин явна гэж байна гэхэд Н.Уранчимэг би араас нь очлоо гээд явсан бөгөөд Эрээнээс надруу ярихдаа "би араас нь Бээжин руу явлаа" гээд холбоо ахиж бариагүй, Н.Уранчимэг нэхэмжлэлдээ надтай хамтарч ажиллахаар тохиролцон 80,000,000 төгрөг өгсөн талаар гүтгэж, худлаа бичсэн байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагыг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Б.Отгонбаярын шүүх хурал болдог тэр өдөр Н.Уранчимэг болон Б.Отгонбаярын өмгөөлөгч Р.Оюунцэцэг нар энэ бичиг дээр чи гарын үсэг зурвал асуудал хэн хэндээ хохиролгүй шийдвэрлэгдэх болно гэхээр гарын үсэг зурсан шиг санагдаж байна. Энэ бичиг нь бид үнэн санаанаас буюу хүсэл зоригоор хийсэн гэрээ хэлцэл биш, зөвхөн тухайн цаг хугацаанд л хэрэг болно гэж би ойлгосны улмаас хийсэн, гарын үсэг зурсан бичиг, баримт юм. Энэ явдлаас олон жил өнгөрсөн тул зарим зүйлс мартагдсан байна. Бидний энэ хэрэг маргааныг 2010 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх 139 тоот тогтоол гарган шийдвэрлэж байсан бөгөөд тухайн үедээ Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцэж анхан шатны шүүхийн тогтоол, шийдвэр хэвээр гарч байсныг тайлбарт хавсаргав. Энэ тогтоол, шийдвэрүүдэд Н.Уранчимэг нь А.Оюунтуяа надаас нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар гарган тогтоол, шийдвэрт тусгуулж байсныг шүүх анхааран нэхэмжлэлийг үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн өгнө үү.

Хариуцагч А.Оюунтуяа нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь хариуцагч А.Оюунтуяа надаас төлбөр нэхэмжлэх үндэс болгосон “Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ” нь  тухайн үед буюу 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б.Отгонбаярын эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэгийн хүсэлтээр хэргийн төлбөр барагдсан болохыг батлах, үлдэгдэл төлбөрийг хариуцах эзэнтэй болгохыг харуулах зорилгоор энэ хэрэгт оролцож байсан хохирогч А.Оюунтуяа болон иргэний нэхэмжлэгч Н.Уранчимэг нарын хооронд дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Тухайн үед А.Оюунтуяа нь би Н.Уранчимэгээс 80,000,000 төгрөг хүлээн авсан явдал байхгүй билээ.Иймд энэхүү 2010 оны 05 дугаар сарын 03-ны огноотой “Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээ үүссэн байдаг. Отгонбаяр нь нэхэмжлэгч Уранчимэгт санал тавиад байгаа зүйл бол биш харин хариуцагч Оюунтуяа нь нэхэмжлэгч рүү өөрөө утастаад энэ мөнгийг хүлээж авсан байдаг. Ингээд энэ хоёрын хооронд 453,800 доллароор хамтран ажиллах гэрээ 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хоорондоо гарын үсэг зурсан. Энэ хоёр хамтран ажиллаад байгаагаа юугаар нотолж байна гэхээр хариуцагч  Оюунтуяа нь өөрийнхөө нөхрийг дагуулаад Эрээн хот руу юань долларыг зарах ашиг олохоор гарсан байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдож тухайн хилээр гарсан лавлагаа байдаг. Ингээд хамтран ажиллах  саналыг хариуцагч Оюунтуяа нэхэмжлэгч Уранчимэгт тавьсан. Ингээд нэхэмжлэгч Уранчимэг нь Отгонбаярыг ерөөсөө танихгүй, зөвхөн Оюунтуяагийн нөхөр гэж ойлгож явсан. Ингээд нэхэмжлэгч хариуцагч нар нь 453,800 долларын ашигаа авсан байдаг. Хэрвээ хариуцагч Оюунтуяа нь өөрөө энэ 453,800 доллар мөн 80,000,000 төгрөгийг төлөхгүй байсан бол яагаад энэ гурван баримт дээр  гарын үсэг зурсан гэдэг тайлбар гарч ирнэ. Тэгэхээр хариуцагч, нэхэмжлэгч нар нь хамтран ажиллах гэрээ байгуулаад ашиг хүртээд явж байсан болохоор хариуцагч Оюунтуяа нь гарын үсэг зурсан. Тийм болохоор хариуцагч Оюунтуяа нь гарын үсэг зурах шаардлага байхгүй байсан. Мөн хамтран ажиллах гэрээний 478 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйл ажиллагаагаа хамтарч явуулна гэсэн зүйл заалт байдаг. Гэтэл Отгонбаяр гэдэг хүнд мөнгийг өгч явуулснаар Отгонбаяр нь тухайн мөнгийг үрэгдүүлсэн. Энэ гэрээ нь иргэний хуулийн 478.11 дүгээр зүйлд зааснаар алдагдлыг харилцан хариуцан гэсэн заалт байдаг ба энэ заалтын дагуу хоёр тал харилцан тохиролцоод үлдэгдэл нь 80,000,000 төгрөг байна гээд гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Тийм учраас хариуцагч талын гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг иргэний хуулийн 56.1.1-56.1.2-т зааснаар энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш. Харин энэ гэрээ хэлцэл нь  эрх зүйн этгээдүүд хоорондоо гэрээ байгуулан хийсэн хүчин төгөлдөр учраас хариуцагч талын гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь  үндэслэлгүй зүйл гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь хариуцагч А.Оюунтуяад холбогдуулан 80,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч А.Оюунтуяа нь нэхэмжлэгч Н.Уранчимэгт холбогдуулан 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

А.Оюунтуяагаас 80,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.Оюунтуяатай юань, доллар зарж, ашиг олох зорилготойгоор хамтран ажиллахаар болж 80,000,000 төгрөгийг өгсөн боловч түүний буруутай үйл ажиллагааны улмаас үрэгдүүлсэн тул 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ хийж, уг гэрээгээр 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд төлж дуусгана гэсэн боловч төлөөгүй...” гэж тайлбарласан бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.Оюунтуяатай юань, доллар зарж, ашиг олох зорилготойгоор хамтран ажиллахаар болж 533,210,000 төгрөгийг өгсөн боловч түүний буруутай үйл ажиллагааны улмаас уг мөнгөнөөс 80,000,000 төгрөгийг үрэгдүүлсэн учраас 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ хийсэн...” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь “...А.Оюунтуяа, Н.Уранчимэг нар нь 2008 онд юань, доллар зарж, ашиг олон хамтран ажиллахаар тохиролцож, анх 453,800 ам.доллар буюу 533,210,000 төгрөгийг Уранчимэгээс Оюунтуяад өгсөн байдаг. Ингээд уг мөнгийг А.Оюунтуяагийн нөхөр гэх Отгонбаяртай хамт Хятад улс руу авч яваад уг мөнгөнөөс 80,000,000 төгрөгийг Отгонбаяр үрэгдүүлсэн. Энэ мөнгийг Оюунтуяа үрэгдүүлээгүй, Отгонбаяр үрэгдүүлсэн учраас Отгонбаярт холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Н.Уранчимэг нь иргэний хариуцагчаар татагдаад хохирол төлбөр авсан талаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байгаа, ...гэм хорыг нөхөн арилгах гэрээ нь Отгонбаярын ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор анхан шатны шүүх хурал болсон өдөр хийгдсэн дүр үзүүлэн хийсэн гэрээ юм ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрийг 90 дугаар талд “зээлийн гэрээ байгуулах тухай” гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу Уранчимэгээс Оюунтуяад өгсөн гэх 453,800 ам.доллар буюу 533,210,000 төгрөгийг баримтжуулсан баримт юм, харин уг баримтын дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Талууд 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр юань, доллар зарж, ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, уг гэрээний дагуу 453,800 ам.доллар буюу 533,215,000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг Оюунтуяа, Уранчимэг нар нь Отгонбаярын хамт Хятад улсруу авч явсан боловч Отгонбаярын буруутай үйл ажиллагааны улмаас 80,000,000 төгрөгний хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ байгуулах тухай баримт, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоол, уг эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Н.Уранчимэг нь хохирогчоор болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байдал болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэдэгт зохигч маргахгүй байх ба уг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг Отгонбаяр үрэгдүүлсэний улмаас хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дахь хэсэгт заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болсон. Иймээс хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол болох 80,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь Оюунтуяагаас нэхэмжилсэн 80,000,000 төгрөгийг Отгонбаярт холбогдох эрүүгийн хэрэгт  иргэний нэхэмжлэгчээр оролцож, Отгонбаяраас нэхэмжилж байсан байх ба Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч Б.Отгонбаяраас хохирогч А.Оюунтуяад, А.Оюунтуяагаас иргэний нэхэмжлэгч Б.Уранчимэгт тус тус төлөх төлбөргүйг дурдсугай” гэж уг 80,000,000 төгрөгний асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь “уг 80,000,000 төгрөгийг А.Оюунтуяа төлөх үүрэгтэй болох нь 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээгээр нотлогдоно. Би уг гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээг хийж, түүний дагуу миний хохирлыг барагдуулах юм байна гэж итгэсний үндсэн дээр эрүүгийн хэрэгт Отгонбаярын учруулсан хохирлыг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг бичиж өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу гэм хорыг нөхөн арилгах гэрээ байгуулагдсахаас өмнө  нэхэмжлэгч А.Оюунтуяа нь Хан-Уул дүүргийн шүүхэд өргөдөл гаргаж хохирлыг арилгасан тул Отгонбаяраас нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг гаргаж байсан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх-ийн 61,64,65 тал/.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 80,000,000 төгрөгний асуудал нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн байх тул хариуцагч А.Оюунтуяагаас 80,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч А.Оюунтуяагийн нэхэмжлэгч Н.Уранчимэгт холбогдуулан гаргасан 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  “Гэм хорыг нөхөн арилгах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нь “... талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Гэм хорыг нөхөн арилгах тухай” гэрээг байгуулсан зорилго нь Отгонбаярын ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирлыг барагдуулсан мэт харагдуулах зорилгоор байгуулсан тул дүр үзүүлсэн хэлцэл юм” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч нь “... хариуцагч А.Оюунтуяа нь уг мөнгийг надад төлнө гэсэн учраас Отгонбаярт гомдол саналгүй түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийг бичиж өгсөн тул уг хэлцэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш юм“ гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь Отгонбаярт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон А.Оюунтуяагаас нэхэмжилж байгаа 80,000,000 төгрөгийг Отгонбаяраас нэхэмжилж байсан байдал, хариуцагч Оюунтуяагийн “...Отгонбаярын ял шийтгэлийг хөнгөрүүлэхийн тулд иргэний нэхэмжлэгч Н.Уранчимэгээс хохирол төлбөрийг барагдуулсан гэх тайлбарыг авахын тулд гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ хийсэн...” гэх тайлбар, нэхэмжлэгч Уранчимэгийн “...Оюунтуяатай гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээг хийсэн учраас Отгонбаяраас хохирол төлбөрийг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг хийж өгөөд эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцоогүй...” гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэм хорыг нөхөн арилгах гэрээ нь Отгонбаярын ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцлийг бий болгох үүднээс хохирол төлбөр төлөгдсөн гэх бичгийг авах зорилготойгоор хийгдсэн, талууд уг гэрээний дагуу эрх, үүрэг хүлээх хүсэл, зориг эрмэлзэлгүй байх тул  дүр үзүүлсэн хэлцэл байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь гэм хор нөхөн арилгах тухай гэрээг хийн надад итгэл төрүүлж, хохирол төлбөр барагдсан мэт хуурамч бичиг баримт үйлдүүлэн хэрэгт өгснөөр Чингэлтэй дүүргийн шүүх Отгонбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэсэн үндэслэлээр 2009 онд давж заалдах журмаар гомдол гаргаж байсан зэргээс үзвэл анхнаасаа уг гэрээ нь дүр үзүүлэн хийгдсэн хэлцэл болох нь нотлогдож байна.

            Иймд шүүх дээрх үндэслэлээр А.Оюунтуяагаас 80,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Гэм хорыг нөхөн арилгах тухай” хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                                                                               ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Оюунтуяагаас 80,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Гэм хорыг нөхөн арилгах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч А.Оюунтуяад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА