Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00519

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00628 шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч “*******” -д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин болон илүү цагийн хөлс нийт 11,821,146 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 10,638,369.59 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 7,500,000 төгрөг, илүү цагийн хөлс 4,321,146 төгрөг нийт  11,821,146 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 10,638,369.59 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, талуудын маргааны хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн үйл баримтыг дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

3.1. ******* нь хариуцагч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу  “СОС ******* ******* ******* ”-ийн ******* дахь уурхайн салбар эмнэлгийн клиник менежерээр ажиллаж байсан ба хариуцагч байгууллага 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон боловч энэ асуудлаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/147 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилжээ. /хх-ийн 11, 42 дугаар тал/

Ийнхүү нэхэмжлэгч нь ажилдаа эгүүлэн томилогдсонтой холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 7,500,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан, тус хорооны хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/27185 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэжээ. /хх-ийн 13-14, 15 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй ба ингэснээр талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх учиртай. 

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардаж аваад хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр тайлбар гарган маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул зохигчийн маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй.

3.2. Нэгэнт хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлын байранд нь эгүүлэн томилсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгоно.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 178,666 төгрөг /11,256,000 :3 = 3,752,000 : 21 = 178,666/, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлын 30 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,359,980 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 4,321,146 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэгт авагдсан зарим нотлох баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.

Хэргийн 7, 46 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5 цаг, 28-31-ний өдрүүдэд нэг өдөрт 11 цаг нийт 49 цаг ажилласан байх ба ажил олгогчоос эдгээр өдрийн цалинд 1,121,024 төгрөг олгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэж, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, уртын ээлжээр ажиллах тохиолдолд нэг өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж хуульчилсанаас гадна уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цагийг нэгэн адил баримтлана. Иймд нэхэмжлэгчийг 2024 оны 8 дугаар сард 9 цаг илүү ажилласан гэж тооцож, 1 цагийн 22,333 төгрөгөөр тооцож, илүү цагийн хөлс 301,495 төгрөг /178,666 : 8 цаг = 22,333 х 1.5 х 9/, 2024 оны 8 дугаар сарын 27-31-ний өдрийн цалин 893,320 төгрөг /40 цаг х 22,333/ нийт цалин хөлс 1,194,815 төгрөг /татвар, шимтгэл хасагдаагүй дүнгээр/ болж байх тул дээрх хугацааны илүү цаг ажилласан нэмэгдэл хөлсийг олгосон гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгчийн 2024 оны 9-11 дүгээр сард ажилласан хугацааны цагийн бүртгэл болон цалингийн тооцоолол хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацаанд илүү цагаар ажилласан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хариуцагчид хохирол учирсан гэх үндэслэлгүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч байгууллагаас гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

4. Дээрхийг нэгтгэвэл, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагч байгууллагаас 5,359,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 6,461,166 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Мөн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 92 дугаар зүйлийн 92.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” -иас 5,359,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,461,166 төгрөгт холбогдох хэсэг болон *******т холбогдох 10,638,369.59 төгрөг гаргуулах тухай “*******” -ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” -иас улсын тэмдэгтийн хураамжид 100,709 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, “*******” -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД

 

                                                         ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                         Т.ГАНДИЙМАА