| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0701/Э |
| Дугаар | 692 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч А.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 1909020880743 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нисгэгчийн удирдагч мэргэжилтэй, Иргэний нисэхийн Ерөнхий газарт нислэгийн мэдээллийн ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3 хэсэг гудамж, 34-4066 оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таби” лоунж, караокед иргэн Г.Билгүүдэйтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909020880743 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 2019 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө нисэхийн баяр болоод найз Ванданмагсар, Золбаяр, Амарсайхан нартай хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон бөртэ” гэх нэртэй паб караокены гадаа үл таних дөрвөн залуучуудтай маргалдаад Г.Билгүүдэй гэх залууг цохиж гэмтээсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,
Хохирогч Г.Билгүүдэй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 2019 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед би найз Чинрав, Амарболд, Билэгт нартайгаа хамт сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таби” лоунж караокед орж үйчлүүлсэн. Дараа нь үйчлүүлж дуусаад лоужийн үүдэнд найзуудтайгаа тамхи татаад зогсож байтал ард талаас үл таних дөрвөн залуу гарч ирээд бид дөрвөөс тамхи байна уу бацаануудаа гэж асуусан. Тэгэхээр нь тамхи байхгүй гэсэн хариулт өгсөн. Ингээд нөгөө залуучуудтай маргалдаад салаад явж байтал нэг үл таних залуу нь хүрч ирээд манай найз Билэгтийг цохисон. Дараа нь намайг цохиход нь би газарт унасан. Энэ үед миний нүүр рүү намайг цохисон үл таних залуу хөлөөрөө өшиглөсөн. Яг хэд цохисныг нь санахгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч З.Золбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дүгаар сарын 24-нөөс 2019 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө сүргуулийн урд талд өөрийн найз нартайгаа явж байгаад галнаас болоод үл таних залуучуудтай маргалдаад манай найз нар зодолдоод эхэлсэн. Тэгээд би дундуур нь
салгах гээд ортол намайг Билгүүдэй гэдэг залуу нь цохьсон. Би тухайн залуугийн
нэрийг нь цагдаа дээр ирээд мэдсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Д.Амарболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 2019 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед би найз Билгүүдэй, Чинрав, Билэгт нартай хамт гараад явж байсан. Тухайн үед үл таних дөрвөн залуучуудтай тамхины үл ялих зүйлээс болж маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад салаад явж байтал Билэгтийг үл таних залуу цохисон.Тэгээд Билгүүдэй тэдгээр залуус дээр очоод цохиулаад унасан. Дараа нь би бас очоод хальтарч унаад нэг залууд нь цохиулсан. Тэгээд газарт байхдаа би 2-3 удаа цохиулсан. Яг яаж цохисныг нь сайн хараагүй толгойгоо бариад байж байсан Энэ үед манай найз Чинрав намайг босгох үед цагдаа нар ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Гэрч Н.Чинрав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 2019 оны 5 дугаар 25-нд шилжих шөнийн 02 цагийн үед би найз Билэгт, Билгүүдэй, Амарболд бид дөрөв сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдүгээр сургуулийн баруун талд байрлах караокенаас гарч ирээд байж байсан чинь үл таних залуучууд гарч ирээд бид нарыг тамхи байна уу гэж бацаануудаа гэж хэлсэн. Үүнээс үүдээд бид нар хоорондоо маргалдаад хэсэг хугацааны дараа хоёр тийш болоод салаад алхаж байсан чинь улаан цамцтай үл таних залуу нь Билэгтийг цохиод унагаасан. Тэгээд зодоон эхлэсэн ба Билгүүдэйг нэг хүн газарт унагаагаад зодож байсан. Дараа нь Билгүүдэйг татаад холдуулах гэж байтал Амарболдыг дээр хоёр залуу гарчихсан зодож байсан. Тэгээд тэр хоёрыг би татаж салгаад байж байтал цагдаа нар ирээд зодооныг зогсоон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч А.Ванданмагсар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 2019 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө нисэхийн баярын өдөр болж байсан бөгөөд найз Гүенбаатар, Золбаяр, Амарсайхан бид дөрөв баяр тэмдэглээд явж байсан. Тухайн үед Амарсайхан нь Золбаяр, Гүенбаатар бид гуравыг хүргэж өгөх санаатай ирсэн байсан. Тэгээд бид нар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Таби гэх нэртэй лоунж, караокеноос гарсан. Энэ үед Амарсайхан миний машин урд талын зогсоол дээр байгаа гэж хэлсэн. Ингээд бид нар Амарсайханы говь-алтай аймгийн дугаартай машиныг хайх гээд урд нь явж байсан. Тухайн үед машиныг нь олохгүй би нөгөө гурав дээрээ хүрээд ирсэн. Тэгсэн чинь Гүенбаатарын хамраас цус гарчихсан байсан. Амарсайхан тэр үед миний машинд салпетка байгаа гээд Амарсайхан бид хоёр түүний машинлуу салпетка авах гээд явсан. Салпеткаа Амарсайханы машинаас авчихаад буцаад Гүенбаатар, Золбаяр хоёр дээр иртэл гарж ирсэн газраасаа цаашаа Гүенбаатар нэг үл таних залуутай зууралдаад зогсож байсан. Ингээд Золбаяр бид хоёр очиж салгасан чинь миний ардаас нэг үл таних залуу түлхээд би урагшаагаа унасан. Дараа нь Гүенбаатар үл таних дөрвөн залуутай зодолдож байсан бөгөөд Гүенбаатар нь цохиулж байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6459 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч А.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудасны ар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таби” лоунж, караокед иргэн Г.Билгүүдэйтэй зүй зохисгүй харьцаж маргалдан, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, баруун шуу, зүүн гарын ядам хурууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Билгүүдэйгийн мэдүүлэг, гэрч Д.Амарболд, гэрч З.Золбаяр, гэрч Н.Чинрав, А.Ванданмагсар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6459 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Г.Билгүүдэйгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Гын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Билгүүдэйгээс “...хохирлын маргаан байхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН