| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/09789/И |
| Дугаар | 210/МА2025/00457 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00457
******* -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00825 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* -д холбогдох
Гэм хорын хохирол 14,064,241 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ******* барилгын 2 давхрыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж шүдний эмнэлгийн зориулалтаар засварлан, тохижуулж үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 3 давхарт байрлах ******* -ийн хариуцсан усан бассейны узелийн өрөөний шугам хоолой 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн үед задарч их хэмжээний ус алдаж эд хөрөнгөд хохирол учруулсан.
1.2. Эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******* -иар хийлгэсэн. Иймд үнэлгээний тайланг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохирол 11,464,241 төгрөг, үнэлгээний хөлс 600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 14,064,241 төгрөгийг хариуцагч ******* -иас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани ******* хотхоны усан бассейныг түрээслэж, үйл ажиллагаа явуулдаг. Усан бассейн шугам хоолойг бид хариуцдаггүй ба бидний буруутай ажиллагааны улмаас ус алдаж, нэхэмжлэгчид хохирол учраагүй. Хэрэгт труба задарсан талаарх баримт авагдаагүй, хэний буруугаас болж шугам задарсан нь тодорхойгүй байна.
2.2. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр бусдын өмчлөлийн бассейныг түрээслэж үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн гэрээгээр ашиглалтын заавар зөрчсөнөөс бусдад хохирол учирвал хариуцахаар заасан. Бидний хувьд ашиглалтын заавар зөрчсөн асуудал байхгүй бөгөөд өмчлөгч байгууллагаас шугам хоолойгоо ямар байгууллагаар хийлгэсэн, юунаас болж шугам хоолой задарсан талаар удаа дараа асуухад танайх буруутай гэдэг боловч энэ талаарх дүгнэлтийг гаргаж өгдөггүй. Мөн Иргэний хуулийн 148.2.1, 148.2.2-т зааснаар бусад өмчлөгчдийн эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх үүргийг өмчлөгчид үүрэг болгосон тул усан бассейн, шугам сүлжээг стандарт, нормын дагуу хийсэн үү гэдэг асуудлыг өмчлөгч хариуцах тул хариуцагчийг буруу тодорхойлсон.
2.3. Нэхэмжлэгч шаардлагаа тайлбарлахдаа 2 давхрын орон сууцыг дамжуулан түрээсэлдэг гэдэг бөгөөд тухайн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлийнх гэдэг нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар дүгнэх шаардлагатай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ******* -д холбогдох 14,064,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зөв дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгч нь барилгын 2 давхарт байрлах уг тайлбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан гэх тул барилгад учирсан хохирлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй, иймд хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан барилгыг засварлахад шаардагдах нийт 2,534,481 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хохирлын үнэлгээ нь барилгад учирсан хохирлыг үнэлээгүй, тухайн талбайд үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлэгт учирсан эд хөрөнгийн хохирлыг үнэлж, анхны байдалд нь сэргээхийн тулд гарах зардлыг тооцоолж дүгнэсэн. Гэтэл шүүхээс барилгад хохирол учирсан өмчлөгч хохирол шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь өрөөсгөл байна.
******* нь ******* барилгын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг талаар талууд маргаагүй, үүнийг зөвхөн түрээсийн гэрээгээр нотлох шаардлагагүй, хавтаст хэрэгт буй ******* -ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хаяг дээр тодорхой тусгагдсан, мөн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин газар дээр ирж үнэлгээ, хэмжилт хийхдээ ******* -ийн шаардлагатай баримт бичгүүдтэй танилцсан учраас үнэлгээний тайланд Захиалагч нь ******* гэж тодорхой тусгасан.
4.2. ******* -ийн мэргэшсэн үнэлгээчин ******* нь Сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн тоот тусгай зөвшөөрөлтэй бөгөөд үнэлгээний чиглэлээр 5 жил ажилласан туршлагатай, хөрөнгийн үнэлгээг хийхдээ газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хараат бусаар, зөвхөн өртөгт үндэслэх байдлаар үнэлгээг гаргасан талаараа тайландаа тодорхой дурдсаар байтал шүүх үнэлгээчний үнэлгээнд итгэл үнэмшилгүй хандсан.
Шүүхээс тавилгыг бүхэлд нь солихгүйгээр үнэлгээ хийсэн байхад зардал тогтоогдохгүй гэдэг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үнэлгээнд тухайн тавилгын үнэлгээний талаар тодорхой тусгасан, ажлын хөлс, цалингийн зардлыг тодорхой оруулсан байхад үүнийг харгалзан үзээгүй.
4.3. Шүүх үнэлгээний ажлын хөлс 600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийн шаардлагыг төлбөр төлсөн нь баримтаар тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Аливаа хохирол төлснөөр баримттай болж нэхэмжлэх эрхтэй болдог биш, хариуцагчийн үйл ажиллагааны хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хохирлын үнэлгээг ******* -иар үнэлүүлж, уг тайланг үндэслэн шүүхэд хандсан. Шүүх хуралдаанд төлөөлөгч нь би нэхэмжлэгчийг төлөөлсний хөлсөнд 2 сая төгрөг авах юм гэж тайлбарласаар байтал төлбөрөө урьдчилж төлж баримт үйлдээгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм.
Үнэлгээний компанийн ажлын хөлс 600,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 2,000,000 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан хохирол, бусдад төлөх ёстой төлбөр, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа болоогүй бол энэ төлбөр нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй.
4.4. Шүүх дүгнэхдээ хариуцагчийн үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйн улмаас ус алдсан нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчид бодитоор хохирол учирсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, ус алдсантай холбоотой нэмэлт зардал гарсан нь баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч байгууллагын гаргасан баримтыг харахад ус алдсан асуудал яригддаг ч яг хэний буруутай үйл ажиллагааны улмаас ус алдсан гэдгийг нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирол учирсан, тухайн объектыг бид эзэмшиж байсан гэж ярьдаг. Гэтэл нэхэмжлэгч тухайн объектыг эзэмшдэг, өмчилдөг нь нотлогдоогүй, хэний хөрөнгөд хохирол учирсан нь тодорхойгүй учраас шүүх зөв дүгнэлт гаргасан. Хөдлөх хөрөнгүүд бүгд компанийн хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан ус алдсаны улмаас паркетан шал солихтой холбоотой засварын зардал 2,534,481 төгрөг, тавилга хийлгэх зардал 8,929,760 төгрөг, хохирлын үнэлгээний ажлын хөлс 600,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 2,000,000 төгрөг нийт 14,064,241 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зарим шаардлагад холбогдох үйл баримтыг зөв тогтоож чадаагүй давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулна.
3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч байгууллага нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байршилтай ******* хотхон 360 барилгын 2 давхрын байрыг эзэмшиж, ашиглаж байх үед буюу 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус барилгын 3 давхарт хариуцагч байгууллагын үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг усан бассейны техникийн /узель/ өрөөнөөс ус алдсан зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.
Тухайн үед хариуцагч ******* нь -тай 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Усан бассейн түрээсийн гэрээ-ний дагуу дээрх барилгын 3 давхарт байршилтай 374.22 м.кв талбай бүхий усан бассейныг сантехник, агааржуулалтын болон үндсэн үйл ажиллагааны тоног төхөөрөмж, узель, бусад эд хөрөнгүүдийн хамт эзэмшиж байсан болох нь хэргийн 67-74 дүгээр талд авагдсан гэрээ, түүний хавсралтаар тогтоогдсон байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцсэн.
Дээрх үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг эзэмшиж буй эд хөрөнгөө зохих ёсоор арчилж хамгаалаагүй эс үйлдэхүйн улмаас ус алдаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. Энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.
3.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Иймд нэхэмжлэгчийн эзэмшиж буй байр нь түүний өмчлөлийн эд хөрөнгө биш байх тул анхан шатны шүүх уг байранд учирсан хохирол болох паркетан шал солихтой холбоотой зардлуудыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэж, уг зардалд холбогдох 2,534,481 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшлээр тодорхойлогдох тул нэхэмжлэгчийг түрээсийн обьектод байгаа 4 нэр төрлийн тавилгын өмчлөгч гэж үзэж, эдгээр тавилгад учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
Хэрэгт авагдсан ******* -ийн үнэлгээний тайланд ...тавилга доод хэсгээрээ норж салсан гэж хөрөнгийн байдлыг тусгаж, тухайн тавилгуудыг үйлдвэрлэхэд шаардах өртгөөр хохирлын үнэлгээг тогтоосон талаараа тайлбарлаж, уг үнэлгээг хохирол төлүүлэх зорилгоор ашиглаж болохыг заасан байхаас гадна хариуцагч нь тус тайлангаар тогтоогдсон хохирлын хэмжээг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний асуудлаар хариуцагч маргаагүй, эсрэг нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь тавилгуудыг дахин хийлгэх шаардлагатай болсон үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон тавилгуудыг үйлдвэрлэх өртгөөр хохирлын хэмжээг тодорхойлж шаарджээ. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлсны улмаас эд хөрөнгийг засварлах зардал тогтоогдоогүй гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 8,929,760 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс гэх 600,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтаа өөрөө нотлоогүй гэж шүүх дүгнээд, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулиар тогтоосон нотолгооны үүргийн зарчимд нийцжээ.
Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол бодитой байх зарчимд үндэслэх тул гэрээний чөлөөт байдлын хүрээнд тогтоогдсон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зардлыг хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцохгүйгээс гадна өмгөөлөгчийн хөлс төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх зардалд шаардсан 2,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон.
4. Дээрхийг нэгтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагчаас 8,929,760 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 5,134,481 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагч гэм буруутай, хохиролгүй болгох ёстой гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлт хэргийн баримтаар үгүйсгэгдсэн гэж шүүхийн шийдвэрт тусгасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00825 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* -иас 8,929,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,134,481 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,272 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* -иас улсын тэмдэгтийн хураамжид 157,826 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА