| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/06307/И |
| Дугаар | 4885 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 4885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-37 тоотод оршин суух, Харчу овогт Юрагийн Тунгалаг /РД:ЦВ72051006/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17-19 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбын Жаргалсайхан /РД:УС69120611/-д холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэн-Иш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Тунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ю.Тунгалаг нь 1992 онд Б.Жаргалсайхантай гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд нь 1992 онд охин Ж.Хулан, 2004 онд охин Ж.Халиун нар төрсөн. Ю.Тунгалаг, Б.Жаргалсайхан хоёр нь зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос хойш салж тустай амьдрах болсон. Хамт амьдрах хугацаандаа үргэлжийн хэрүүл зодоонтой, архи уусан үедээ агсан тавьж, элдэв янзаар доромжилдог. Тэр цагаас хойш охин Ж.Халиун эхийн асрамжид өсч байна. Одоо тус тусдаа амьдрах болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Ю.Тунгалаг, Б.Жаргалсайхан нарын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, охин Ж.Халиуныг 18 нас хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаруулах шаардлагагүй болно. Ю.Тунгалаг, Б.Жаргалсахйан нар дахин хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг яаралтай цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Жаргалсайхан миний бие 1989 онд Ю.Тунгалагтай танилцаж, хамтран амьдарч байгаад 1992 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хамтдаа амьдарч байгаад 1999 онд эхнэр Ю.Тунгалаг эрүүл мэндийн шаардлагаар эмчлүүлэх зорилгоор Унгар улсыг зорьж эмчлүүлээд тэндээ ажиллаж амьдарсан. 2004 онд 2 дахь охин Халиун төрж бидний амьдрал аз жаргалаар дүүрэн байсан. Европын холбооны улсуудад хямрал гүнзгийрч, бидний том охин Хулан гэр бүлийн хамт Унгар улсдаа суралцаж амьдрахаар үлдэж, эхнэр Тунгарлаг, охин Халиун бид гурав 2010 онд Бельги услад цагаачилхаар гарсан. 2011-2012 ондуудад Бельги улсад бичиг баримт тэтгэлэгтэй сайхан амьдарч 2013 онд бичиг баримт маань зогссон. Ингээд тэтгэлэг байхгүй болж харалсан. Ингээд бид хоёр тус тусдаа амьдарч эхэлсэн. 2014 оны хавар ажилдаа яваад ирэх хоногуудад эхнэр Тунгалагийн зан харилцаа нэг л өөр болж надад мэдэгдэх болсон. Урьдны 25 жилийн амьдарч байсан элэгсэг, дотно эхнэрийн сэтгэл хөндий, хэрүүл үүсгэх шалтаг хайж байгаа юм шиг санагдаж байсан. Гэтэл эхнэр минь ямар нэгэн гадаад хүнтэй бэлгийн харьцаанд орж нууц амрагийн холбоо үүссэн байсан. Гадаадад амьдарч байх хугацаандаа 2 өрөө байр түрээслэж, 1 өрөөг нь Номинзаяа гэдэг 2 охинтой эмэгтэйд түрээслэх болсон. Би эхнэрийгээ өөр гадаад залуутай танилцсан тухай сонсоод гүн хямралд орсон. Эхнэр Тунгалагаас асуухад хүлээн зөвшөөрсөн. Би дээрх байдлыг сонсоод маш их гомдолтой байна. Энэ байдлаас болж бид хоёр ярилцан тохиролцон би 2015 онд монголдоо ирсэн. Манай эхнэр надаас салаад тэр гадаад хүнтэйгээ сууна гэсэн надад таалагдаагүй. Би эхнэрээсээ салах бодолгүй. Энэ үйлдэл нь миний бага охин Халиуны хувьд байж боломжгүй зүйл гэж үзсэн. Манай эхнэрийн сууж байгаа хүн лалын шашинтай тул миний охин Халиун золиос болно. Би үүнийг хэзээч хүлээн зөвшөөрөхгүй. Одоо би 47 настай, том охин хүүхэдтэй болоод 2 нас хүрч бид өвөө, эмээ болчихоод ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Би эхнэрийн буруутай үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Хэрвээ гэрлэлт цуцалсан тохиодолд охин Хариуныг өөрийн асрамжиндаа авна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Тунгалаг нь хариуцагч Б.Жаргалсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Ю.Тунгалаг, Б.Жаргалсайхан нар нь 1989 онд танилцаж,1992 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 1992 онд охин Хулан, 2004 онд охин Халиун нар төрсөн болох нь №94 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, охин Халиуны Г-16 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Гэрлэгчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хамтын амьдралын хариуцагч нь хугацаанд архи ууж агсан согтуу тавьдаг, байнгийн хэрүүл зодоонтой байсан учраас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэхгүй байх ба энэхүү байдал нь Бельги улсын цагдаагийн газарт гомдол мэдүүлсэн тухай баримт болон охин Ж.Халиуны шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь Бельги улсад амьдардаг, өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдийн дунд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй дүгнэв.
Гэрлэгчдийн дундаас 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ж.Халиуныг өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн асрамжиндаа авна гэж маргаж байна.
Охин Ж.Халиун Унгар улсад төрсөн, одоо 12 настай бөгөөд Монгол улсад ирж байгаагүй, төрсөн цагаасаа эхлэн ээжийнхээ амрамжид өсч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба охин Ж.Халиун нь эх Ю.Тунгалагын асрамжинд Бельги улсад амьдрах талаар санал гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ж.Халиуныг эх Ю.Тунгалагын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Харчу овогт Юрагийн Тунгалаг /РД:ЦВ72051006/, Боржигон овогт Бямбын Жаргалсайхан /РД:УС69120611/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ж.Халиуныг эх Ю.Тунгалагын асрамжид үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Тунгалагт олгосугай.
4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА