Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Э.Халиун,

Хохирогч Б.Бат-Өлзий,

Шүүгдэгч Д.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч нарт холбогдох эрүүгийн 1809055850555 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хэнтий аймгийн Дархан сум 5 дугаар баг Бор-Өндөр 47б-43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22А байрны 95 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 1 дүгээр гудамжны 447 тоотод оршин суух Б.Бат-Өлзийгийн эзэмшлийн 6.500.000 төгрөгийн үнэ бүхий 38-12 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 автомашиныг “Таксинд яваад ирье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилсан,

Шүүгдэгч С.Ч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Буянцэцэгээс С.Ч руу 38-12 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн соната-6 автомашиныг шилжүүлэх тухай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” Гэв.

 

            Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” Гэв.

 

            Хохирогч Б.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  өглөө 09 цагт “машинаар чинь ойрхон гарчихаад ирье” гэж яваад ирээгүй. Би “яасан бэ ирж байна уу” гээд утсаар нэг хоёр холбогдсон. Тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй байсан. Тэгээд фэйсбүүкт байгаа мөртлөө хариу хэлэхгүй байсан. Тухайн үедээ үнэн байдлаа хэлсэн бол зүгээр байх байсан. Би 10 гаруй хоног авчираад өгчих юм болов уу гээд хүлээсэн боловч ирээгүй. Би машинаа нэхэмжилж байна...” Гэв.

 

Эрүүгийн 1809055850555 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн найз Бат-Өлзийгийн гэрт түр хугацаагаар амьдардаг байхдаа түүний саарал өнгийн Соната-6 маркийн 38-12 УНЛ улсын дугаартай автомашиныг таксинд явах гэж авч яваад хүнд зарчихсан. Хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-104 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сар билүү 12 дугаар сарын үед надтай утсаар үл таних хүн “машин зарах гэсэн юм” гэж холбогдоод манай гэрийн гадаа Хороололын эцэст ирж уулзсан. Тухайн үед “машин зарна” гээд Готов бас намайг таньдаг гээд байгаа залуутай хамт хоёулаа ирсэн бас нэг үл таних залуу байсан. Намайг таньдаг гээд байгаа залууг би өмнө зүс харж байсан шиг санагдаад байсан ба яг нэр усыг нь мэдэхгүй хаана харснаа бас санахгүй байна. Готов болон нөгөө хүнийг нь би танихгүй ерөнхийдөө гурвууланг нь танихгүй. Тэгээд Готов зарах машинаа үзүүлсэн бөгөөд саарал өнгийн “Соната 6” маркийн машин байсан. Машиныг нь үзсэн чинь гэрчилгээ нь өөр хүний нэр дээр Готовын нэр дээр биш байсан. Тэгэхээр нь би “чиний нэр дээр биш юм байна чиний машин биш байна” гэж хэлэхэд Готов гээд залуу манай эгчийн машин байгаа эгч “Солонгост байгаа машиныг нь зарчихаад би араас нь очно” гээд яриад бас “машиныг ямар ч асуудалгүй та авчих л даа” гээд байсан. Тэгээд би тухайн үед Готовын ярианд итгээд үнэхээр эгч нь Солонгост байдаг юм бол машиныг нь аваад бичиг баримтыг сольчихож болох юм шиг санагдахаар нь тэр машиныг 4.200.000 төгрөгөнд бодож авахаар тохиролцоод Готовоор өөрөөр нь "машин зарсан үнэн ямар нэгэн асуудалгүй 4.200.000 төгрөгөнд зарж байгаа" гэсэн утгатай бичиг бичүүлээд иргэний үнэмлэхний лавлагааг авч үлдсэн. Тэр машины бичиг баримт болохоор Буянцэцэг гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байсан бөгөөд нь би компьютер дээр сканнердаж байгаад засч янзлаад тамга дарсан юм шиг болгоод өөрийн нэр дээр Буянцэцэгээс шилжүүлж байгаа юм шиг гэрээ хийсэн. Тэгээд машинаа зарах гээд “Да хүрээ” зах дээр Гантуяа гэдэг эмэгтэйд үзүүлсэн. Машиныг худалдаж авахаар тохироод “Апекс финанс” гэдэг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж надаас худалдаж авсан. Бичиг баримт шилжүүлэхдээ Авто тээврийн үндэсний төв дээр очиход миний хийсэн гэрээг үзчихээд ямар нэгэн асуудалгүй шууд шилжүүлээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-115 дугаар хуудас/, 

 

Хохирогч Б.Бат-Өлзий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагаас 09 цагийн үед Готов надаас “машинаар чинь ойрхон гарчихаад ирье” гэж хэлээд аваад гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны хооронд утас нь дуудаж байгаад намайг блок хийгээд холбоо бариагүй. 38-12 УНЛ улсын дугаартай Соната-6 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин бол манай нагац эгч Д.Буяанцэцэгийн нэр дээр байдаг. Би уг машиныг 2017 оны 7 дугаар сард 7.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн нэр дээр шилжүүлэхэд 38-92 ХЭА гэсэн Хэнтий аймгийн дугаар олгогдох гээд байсан учир Улаанбаатарын дугаартай болгох гээд эгчийнхээ нэр шилжүүлчихсэн. Автомашинаа 7.500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /11-13 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Гантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 6.400.000 төгрөгөөр уг машиныг Чулуундорж гэдэг  хүнээс худалдан авсан. Би өөрт  бэлэн байсан 3.000.000 төгрөгнөөс гадна авч байгаа машинаа “Апекс” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 3.400.000 төгрөгийг  гаргуулан авсан . Би одоо  “Апекс финнас” гэж банк бусаас зээлсэн 3.400.000 төгрөгийг сар бүрийн 28-ны өдөр хүүтэй нь хамт төлж  явж байгаа . Уг мөнгөө нэхэмжилнэ. Машин худалдаж авсны дараа  машиндаа тос масло 70.000 төгрөгөөр сольсон, урд талын болон ард талын 2 ширхэг амортизаторыг 110.000 төгрөгөөр сольсон, урд дугуйны цапны шаарик 35.000 төгрөгөөр сольсон, машины порсунк 45.000 төгрөгөөр сольсон зэрэг засвар үйлчилгээг хийсэн. 2019 оны татварт 47.952 төлсөн, оншилгоонд 22.000 төгрөгөөр оруулсан, ослын гурвалжин, галын хор, эмийн санг багцаар нь  25.000 төгрөгөөр авсан. Дээрх эд зүйлсэд зарцуулсан мөнгөө бас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Буянцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Соната 6 маркийн мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Уг машиныг анх 2017 оны 7 дугаар сард Өгөөмөр захаас Солонгос улсаас орж ирсэн шинэ машин гээд худалдаж авч байсан. Тухайн үед нь Бат-Өлзий өөрийн нэр дээр шилжүүлж авбал хөдөө орон нутгийн дугаар гарах гээд байсан учраас миний нэр дээр бүртгүүлээд 38-12 УНЛ улсын дугаар авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

 

Гэрч А.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чулуундорж гэх хүн 38-12 УНЛ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар уг машины эзэмшигч Дашням овогтой Буянцэцэг гэдэг хүний нэр дээрээс өөрийн нэр дээр шилжүүлсэн.  “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-г нотариатаар баталгаажуулж өөрийн биеэр бичиг баримттайгаа “Да хүрээ” авто тээврийн үндэсний төвийн салбар дээр ирсэн. Уг гэрээний дагуу материалыг шалгаж үзээд журмын дагуу бүх бичиг баримт бүрэн байсан учир “Апекс финнас” гэж банк бус санхүүгийн байгуулга руу шилжүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Ө.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Буянцэцэг, Чулуундорж нарын хооронд 38-12 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ гэрчилээгүй. Би өөрийн архивын материалаа шалгаж үзсэн. Тийм гэрээ гэрчлээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

 

Гэрч М.Оргил-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. Готов манай гэрт ирээд “миний нэг машин байгаа халтууранд явж байгаад газгүй болоод унтарчихлаа 20.000 төгрөг зээлээч” гэхээр нь тухайн үед Готовт мөнгө өгөөд машин дээр нь цуг очоод машинд нь газ хийгээд шөнө халтууранд явсан. Готов маргааш өглөө нь зурагтын шинэ буудлаас үл таних 25-27 орчим насны хүн суулгаад бид гурав хорооллын эцэс рүү явсан. Нэг хүн дээр очоод машиныг тэр хүнд зарсан. Тэр хүн Готовыг дагуулаад АТМ орж мөнгө авч өгсөн. Хэдэн төгрөг өгснийг мэдээгүй. Тэрнээс хойш Готовтой дахин уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-52 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Готовоос улсын дугаарыг нь санахгүй байна саарал өнгийн соната-6 маркийн автомашиныг 4.200.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Машинд 700.000 төгрөгийн засвар хийгээд Да хүрээ зах дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд машиныг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээл гаргуулж зарсан. Би Готовт өгсөн 4.200.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 196-198 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Г, С.Ч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 43-47 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагааны хуудас /хх-ийн 160 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...38-12 УНЛ улсын дугаартай саарал өнгийн Хьюндай Соната 6 маркын тээврийн хэрэгслийг хураан авав...” /хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 176-177 дугаар хуудас/,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 191-195 дугаар хуудас/,

 

Хохирол барагдуулсан тухай хэлцэл /хх-ийн 205 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/, шүүгдэгч С.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 1 дүгээр гудамжны 447 тоотод оршин суух Б.Бат-Өлзийгийн эзэмшлийн 6.500.000 төгрөгийн үнэ бүхий 38-12 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 автомашиныг “Таксинд яваад, гараад ирье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Өлзийгийн мэдүүлэг, гэрч М.Оргил-Эрдэнэ, гэрч Д.Буянцэцэг, иргэний нэхэмжлэгч С.Ч нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн лавлагааны хуудас зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Д.Г нь “таксинд яваад, гараад ирье” гэж Б.Бат-Өлзийг төөрөгдүүлэн хуурч түүний автомашиныг авч бусдад худалдсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогч Б.Бат-Өлзийд 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Д.Гын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч Д.Г нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, хохирогчийн эд хөрөнгийг нь өөртөө авч, бусдад худалдаж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Д.Гоос хохирогчийн 38-12 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 автомашиныг цааш нь иргэний нэхэмжлэгч С.Чид 4.200.000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Гыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Буянцэцэгээс С.Ч руу 38-12 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Соната-6” автомашиныг шилжүүлэх тухай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, уг гэрээг ашиглан автомашиныг эзэмшлийг өөрчлүүлсэн болох нь шүүгдэгч С.Чийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Өлзийгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Гантуяагийн мэдүүлэг, гэрч А.Номин-Эрдэнэ, гэрч Д.Буянцэцэг нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагааны хуудас зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Чоос 38-12 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 автомашиныг шилжүүлэх тухай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, ашиглах нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа хүсч санаатай үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Чийг эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Чоос иргэний нэхэмжлэгч О.Гантуяад 6.400.000 төгрөг төлсөн болох нь хохирол барагдуулсан тухай гэрээгээр /хх-ийн 205/ тогтоогдсон тул шүүгдэгч С.Чийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хьюндай Соната 6” маркын 38-12 УНЛ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь хохирогч Б.Бат-Өлзийгийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон тул түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

Мөн шүүгдэгч Д.Гоос 4.200.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч С.Чид олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Г, С.Ч нарыг гэм буруутайд тооцсон тул тэлгээрт Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгч С.Чид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 30 хоног, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 11 хоног, нийт 41 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /41*8=328/ 328 цагийг хасч /650-328=322/ 322 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хугацааг тогтоов. 

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Гг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. С.Чг эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /41*8=328/ 328 цагийн ажлыг эдлэх ялаас хасч тооцон /650-328=322/ 322 /гурван зуун хорин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Чоос бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гоос 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Чид олгосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Соната-6” маркийн 38-12 УНЛ улсын дугаартай автомашиныг хохирогч Б.Бат-Өлзийд олгосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г, С.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН