| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0206/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Т.Б,
хохирогч Ш.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэх овгийн Т.Б холбогдох эрүүгийн 1811028940093 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цэх овгийн Т.Б, 1985 оны 12 дугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргий 5 дугаар хороо, Монелын 20-459 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХД.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-4-358 тоот хашаанд байх Хилийн 0208 дугаар тусгай хорооны спорт зааланд уурын зуухны өрөөнд цэнэглэж байсан хохирогч Ш.Саруулмөнхийн эзэмшлийн Самсунг нөт-8 маркийн гар утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлыг төлнө...” гэв.
Хохирогч Ш.Снь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний гар утас олдохгүй байхаар нь цагдаа дуудаад шалгуулсан. Миний гар утсыг аваад хашааны завсарт нуусан гэж хэлсэн. Т.Бын миний гар утсыг нуусан гэх газарт нь үзэхэд миний гар утас байгаагүй. Цаанаа хүнд дамжуулж өгсөн эсэхийг мэдэхгүй байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ш.Снь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хилийн 0208 дугаар ангид механикчаар ажилладаг юм. Манай хилийн 0208 дугаар ангид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Манай ангийн хашаан дотор спорт заалны барилгын ажил явагдаж байгаа. Энэ барилгын ажлыг Лаки Лайф ХХК барьж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажиллаа хийж байхад миний Самсунг нөт-5 маркийн гар утасны цэнэг дууссан. Ингээд уурын зуухны амралтын өрөөнд 15 цагийн үед орж цэнэглэсэн. Тэгээд гадуур ажилтай явж байгаад ажиллаа тараад орой 17 цаг 30 минутын үед ороход миний утас байхгүй байсан. Тэгээд уурын зуухны үүдэн дээр өдөржин гагнуур хийсэн Б гээд залууг хамт оруулж ирсэн. Тэгэхэд Б гэх залуу цагдаагаа дууд гээд тоохгүй байсан. Ингээд цагдаа нэр ирээд өргөдөл өгч шалгуулсан. Тэгээд Б авсан гэдгээ хэлсэн. Б гээд залуу миний утсыг аваад нуусан гэж хэлсэн. Би өөрийн гар утсаа 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 760.000 төгрөгөөр шинэ утас зээлээр буюу лизингээр авсан. ...Б манай ангид ажилладаггүй. Манай ангийн барилгыг барьж байсан компаний ажилтан байсан...” гэжээ /хх-7-8/.
Эд зүйлийн үнэлгээ /хх-41/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-4-358 тоот хашаанд байх Хилийн 0208 дугаар тусгай хорооны спорт зааланд уурын зуухны өрөөнд цэнэглэж байсан хохирогч Ш.Саруулмөнхийн эзэмшлийн Самсунг нөт-8 маркийн гар утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч Ш.Саруулмөнхөд учирсан хохирол болох алдагдсан гар утсыг эд зүйлийн үнэлгээгээр 380.000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэх овгийн Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Боос нийт 380.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.С/РД: ПЕ86071817/-д олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН