Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2025/00006

 

                                                                                                 Б.П-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                                хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр,  шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 141/ШШ2025/00004 дугаар шийдвэртэй

Б.П-ийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б /цахимаар/, хариуцагч Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Б.П нь “Т” ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Завхан аймгийн “Т” ХХК (РД:........) нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон суурь үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, аливаа тушаал бичгээр гаргаагүй намайг ажлаас чөлөөлж, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх тул Завхан аймгийн .......... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандаж шийдвэрлэгдээгүй тул танай шүүхэд хандаж байгаа болно. Миний бие "Т" ХХК-д холбогдуулан дараах хоёр агуулгаар нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогч нь ажлаас чөлөөлж буй тушаалыг бичгээр гаргаагүй бөгөөд ажилтан Б.П миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тухайд: Миний бие тус компанид 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн монтёрын албан тушаалд үндсэн ажилтнаар орсон. Ингээд ажиллаж байх хугацаандаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авсан. Ингээд миний чөлөөний хугацаа дуусаж, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орохоор очиход түр хүлээж бай, таныг буцааж ажилд авна, хүлээж бай гэсэн хариуг амаар хэлсэн. Үүний дараагаар ажил олгогч нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Т" ХХК-д операторын ажлын байр гарсан, түр тушаалаар түр хугацаанд ажиллаж бай, тун удахгүй буцаагаад монтёрын ажилд нь буцаан авах талаар надад амаар удаа дараа хэлдэг байсан. Гэтэл энэ хугацаанд гэнэт намайг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуудаж, чамайг ажлаас халж байгаа тул маргаашнаас ажилдаа ирэх шаардлагагүй талаар хэлсэн. Миний бие энэ компанийн үндсэн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд өөрийн ажлаа хийж чадахгүй, зээлээ төлөх боломжгүй нөхцөлд хүрээд байна. Дээрх байдлаас үзэхэд ажил олгогч нь намайг ямар үндэслэлээр чөлөөлж байгаа тухайгаа надад тайлбарлаж хэлээгүй, урьдчилж мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй, бичгээр тушаал гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байна. Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Б.П нь тус байгууллагад сумын төвийн 2 хороог хариуцсан монтёр байцаагчаар ажилладаг үндсэн ажилтан байсан бөгөөд 2022 оны 04 сард өөрийн биеэр орж ирж надад 1 жилийн чөлөө өгөөч даргаа, надад хийх хувийн ажил байна гэж хүссэн. Тэр цаг үед А системд онцгой нөхцөл байдал зарласан, системийн гүйцэтгэх захирал чөлөөлөгдсөн, оронд нь Улаанбаатар хотоос бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байсан юм. Жилийн чөлөө авах хүсэлтийг системийн компанийн захирлуудын зөвлөлийн хурлаар шийддэг бөгөөд тэр үед системийн 2 ч ажилтан жилийн чөлөө хүсээд бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс эсвэл ажлаа хий, эсвэл бүр гараад ажил амьдралаа зохицуул, ажлын байрыг удаан хугацаагаар хадгалах боломжгүй, эрчим хүчний салбар өөрөө онцгой салбар гэсэн хариу өгч жилийн чөлөө олгохгүй шууд гаргаж байсан тул би Б.П-ийг ажлаас нь гаргахгүйн тулд захирлуудын зөвлөлийн хурлаар оруулалгүй, өөрөө шийдээд жилийн чөлөө олгох тушаал гарган, оронд нь хүн томилон ажиллуулсан байдаг. Б.П нь 2023 оны 04 сард би ажилдаа оръё гэж ирсэн. Жилийн хугацаанд монтёруудын хариуцсан хороо багийг хооронд нь солих, заримд нь ажил сайжруулах үүрэг өгсөн байсны дагуу би Б.П-ийг “...-ийн хорооны” монтёроор ажилла гэсэн. Харин Б.П би заавал өөрийнхөө гэр орон байдаг хуучин Хөдөө аж ахуйн хороондоо ажиллана, өөр хороонд ажиллахгүй гэсэн тайлбар тавьсан. Би танай хороо тогны хулгай, тоолуурын будилаан, орлого төвлөрүүлэлтүүд нь засагдаад, сайжраад одоо сайхан жигдрээд явж байгаа тул тэр хороонд ажиллаж байгаа монтёрыг он дуустал ажиллуулна, чи ...-ийн хороогоо хариуц гэхэд үгүй ээ гэсэн тайлбар тавьсан. (Компанийн дотоод журмын 13.2.4-т гүйцэтгэх захирал нь компанийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажилтныг сэлгэн ажиллуулах, өөр албан тушаалд шилжүүлэх эрхтэй) Тэр үед манай ...-ын оператор Н.Д-ын биеийн байдал муудаж "ходоодны хорт хавдар" гэсэн онош гарч эмчилгээнд орохоор болсон тул би Б.П-ийг чи 2023.05.01-ны өдрөөс ******* ******* ******* дээр оператораар ажиллах уу?, Н.Д-ын биеийн байдал юу болох нь, цалин мөнгө нь ч арай ахиу юм гэсэн. Өөрөө тэгье гэхээр нь тушаал гарч 2023.05.01-ны өдрөөс оператораар ажиллаж эхэлсэн. 2023 оны 09 сарын сүүлээр манай оператор Н.Д биеийн байдал гайгүй ажилдаа орж болох уу гэж орж ирсэн. Би Б.П-ийг дуудаад за Н.Д ажилдаа оръё гээд ирлээ, хоёулаа яах билээ, ....-ийн хорооны монтёроо хийнэ дээ чи гэсэн. Гэтэл П даргаа би Улаанбаатар хотод барилгын *******ы монтаж хийдэг компанид ажилд орохоор тохирсон. 11 сарын 1-нд орно гээд тохирлоо, тэгэхээр би 11 сарын 01-н хүртэл монтёроор ажиллахгүй 1 сар ******* ******* ******* дээрээ оператораар ажиллаж байгаад хотод ажилдаа ормоор байна, тэгвэл сайн байна гэж гуйсан. Би дарга нь эргээд холбогдъё гэж гараад тэр дор нь Н.Д-той утсаар ярьж чи тэтгэмжээ аваад явж байгаа юм чинь 11 сарын 01-ээс ажилдаа орчих, Б.П хот руу 11 сарын 01-нд ажилд орно гээд нэг компанитай тохирсон байна, ******* ******* *******аас шууд хот руу явъя гэж байна гэж хэлсэн. Н.Д ч за тэгье П-ийг явангуут би ажилдаа оръё гэсэн, тэр дор нь би ерөнхий инженер Б.Б, шугам сүлжээ шуурхай үйлчилгээний албаны дарга Д.Ц нарыг дуудаж Б.П 11 сарын 01-ны өдрөөс хотод ажилд орохоор болсон байна. Орны хүнийг нь яах билээ гэсэн, тэд одоо ажиллаж байгаа Б.М-ыг үргэлжлүүлэн ажиллуулъя, өөр мэргэжлийн хүн олдохгүй ээ гэсэн. Манай байгууллага хэвийн ажиллагаагаа цаашид хангаж явахын тулд монтёроор түр ажиллаж байсан Б-ын М-ыг дуудаж уулзахад Б.П ахыг ажилдаа орохоор би хот руу ажил ярьсан байгаа явах байх гэхээр нь Б.П Улаанбаатар хотод ажилд орохоор болсон байна, тэгэхээр чи Улаанбаатар явалгүй цаашдаа эндээ энэ ...-ийн хороондоо монтёроо хийж болох уу? гэсэн өө ашгүй, би бас гэр орноосоо хол хэцүү гэж халгаад байсан тэгье гэснээр ажлаа үргэлжлүүлж хийж байгаа юм. Дотоод журамдаа зааснаар ажилтан ажлаас гарах хүсэлтээ 30 хоногийн өмнө удирдлагадаа заавал мэдэгдсэн байна. Тэр хооронд ажил олгогч, хүн хүчний нөөцөө зохицуулна гэдэг журмаараа явж байна л гэж би ойлгож байсан. 2023.11.01-ий өдрөөс Н.Д-ыг ажилд нь буцаан томилоод Б.П-ийг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Тушаал гараад Н.Д нь 11 сарын 01-ээс ажилдаа орсон. Тэгтэл Б.П Н.Д ах ажилдаа орж байгаа юм байна, би Улаанбаатар хот руу ажилд орохоо болилоо, одоо ажлаа хийнэ гэж орж ирсэн. Би чи яасан дураараа дургисан нөхөр вэ, 30 хоногийн хугацаанд больсон бол эртхэн хэлэхгүй яасан юм одоо хүнээр тоглож байгаа биш, тушаал нь гарсан... Тэгээд 11 сарын 01-ээс тушаал нь гаргаад би Улаанбаатар хот руу ажлаар явсан. Бичиг хэргийн ажилтан та ирж тушаалаа аваарай гэхэд за гээд ирээгүй, дахин залгахад утсаа аваагүй зориудаар тушаалаа авахгүй зайлсхийж байсан. Би энэ байдлыг сүүлд нь мэдсэн надад бичиг хэргийн ажилтан бас тухайн үед танилцуулаагүй. Үнэндээ ийм л процесс болсон. Б.П 11 сарын 01-ээс Улаанбаатар хотод ажилд орно гэж орж ирснийг инженерүүд, хамт олон бараг бүгд мэднэ. Найзалж нөхөрлөдөг ХАБЭА-н инженер А.М ч, Б.П-д чи өөрөө гарья гэж гарчхаад яах гээд шүүх гээд яваад байгаа юм гэж хэлсэн байсан. Иймд Б.П-ийн нэхэмжилж байгаа цалин хөлсийг "Т" ХХК-аас олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч М овогт Б-ийн П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Б.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа : ...Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв дүгнээгүй, бодит үйл баримтаас илт зөрүүтэй шийдвэр гаргасан тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нотлох баримтуудыг цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч талын хувьд нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх байдлаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй болно. Харин хариуцагчийн хувьд татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт болох бөгөөд хариуцагчийн мэдүүлгээр нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна" гэж үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн. 1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт "Хэргийн нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэж заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд мэтгэлцэж, амаар гаргасан тайлбар, хариуцагч байгууллагын захирлаас тодруулсан асуулт, түүнд хариулсан хариулт зэргийг тусгасан шүүх хуралдааны тэмдэглэл нь гэрчийн мэдүүлгийн нэгэн адил нотлох баримт болох юм. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хугацаандаа гаргаагүй, гардуулаагүй, 2023 оны 09 дүгээр сард ажлаас чөлөөлөгдөх талаар аливаа хүсэлт гаргаж байгаагүй үйл баримтыг нотлохын тулд нэхэмжлэгчээс ямар баримт гаргаж өгөхийг шүүх хүсээд байгаа нь ойлгомжгүй юм. Эдгээр үйл баримт нь бодит үнэн бөгөөд гагцхүү энэхүү үйл баримтыг хариуцагч байгууллагын захирал буюу ажил олгогч болон нэхэмжлэгч Б.П 2 л мэднэ. Гэтэл хариуцагч байгууллагын захирал нь өөрт ашигтай тайлбар, мэдүүлгийг өгч, үг мушгин, хугацааны хувьд бодит үнэнээс зөрүүтэй тайлбар гаргадаг. Тодруулбал, Б.П нь 2022 оны 4 сард Улаанбаатар хотод өндөр цалинтай ажилд түр хугацаагаар ажиллаж, өрхийн санхүүгийн байдлаа дээшлүүлэх зорилготой байсан. Гэвч тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас төрсөн сум, орон нутагтаа, гэр бүлтэйгээ үлдэхээр шийдсэн. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болоод байгаа энэхүү ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон гээд байгаа, хот руу явж өөр ажил хийх тухай асуудал нь 2022 оны 4 сард болсон үйл явдал юм. Ингээд 2023 оны 4 сард ажилдаа орсон бөгөөд хамгийн чухал нь энэ тухайгаа Б.П нь ажил олгогч буюу Н.О даргад нүүр тулан, мөн утсаар зэрэг аливаа байдлаар огт хэлж байгаагүй болно.

Харин хариуцагчийн хүсэлтээр асу******* гэрчийн мэдүүлгүүдийг сайтар уншвал 2023 оны 09 сарын 20-ны өдөр Б.П-ийг ажил олгогч Н.О-т хандан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байхыг харсан анхдагч гэрчүүд ганц ч байдаггүй, Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдээж байгаа хэн ч гэрч байж болно" гэж заасан. Эдгээр гэрч нар нь гэрч байх шаардлагыг хангахгүй бөгөөд бүгд захирал Б.П-ийг өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэсэн. Улаанбаатар хот руу явахаар болсон гэж хэлсэн гэх мэтээр бүгд Н.О захирлаас сонссон мэдээллээ гэрчилдэг. Гэтэл бодит байдал дэр Н.О гэдэг хүн худал ярьж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, ажилдаа чадваргүй болохоор нь чадвартай хүнийг оронд чинь авна гэж нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд удаа дараа дарамталж байсан. Мөн нэхэмжлэгч нь хамгийн анх халагдсан тухайгаа гэрчээр мэдүүлэг өгсөн А.М-аас мэдээд, Н.О даргад утсаар хэлэхэд чамтай ажиллах боломжгүй чиний оронд өөр хүн ажилд авсан байгаа гэдэг. Н.О захирлын тухайд 2023 оны 09, 10, 11 дүгээр саруудад дийлэнхи хугацаанд Улаанбаатар хотод ажлаар болон зээ охиноо харахаар явсан байсан бөгөөд утсаар залгахаар дуудлага хүлээн авдаггүй байсан энэ талаар шүүх хуралдаан дээр өөрөө ч тайлбарладаг. 1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т "Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрээс ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө" гэж маш тодорхой заасан. Гэтэл хариуцагч байгууллагын захирал Н.О шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд "... 2023 оны 12 сарын 15-ны өдөр "Завхан аймгийн хөдөлмөрийн маргаан таслах комиссоос холбогдоход Б.П-ийн ажлаас халсан тушаал гаргаагүй, гардуулаагүй гэдгийг мэдээд бичиг хэргийн ажилтан Б.Д луу холбогдсон нэхэмжлэгчид гардуулахаар хоёр удаа утсаар холбогдсон ирээгүй сүүлдээ тушаалыг гардуулахаа мартсан, ... тушаал дээр хэзээ гарын үсэг зурснаа санахгүй байна" зэрэг тайлбар хэлдэг. Мөн гэрч Б.Д-ын мэдүүлэгт". Би П ахыг утсаар дуудсан. Он сарыг нь сайн санахгүй байна" гэж 2023 оны 11 сарын 01-ий өдөр тушаал гарсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх тодорхой баримт байдаггүй. Харин Б.Д, Б.Ө нарын гэрчийн мэдүүлэгт дурдсан Б.П-д мэдэгдсэн гэдэг тайлбар нь Завхан аймгийн Хөдөлмөрийн Маргаан таслах комисст гомдол гаргаснаас хойших үйл баримт болохыг энд дурдах нь зүйтэй. Гэтэл үнэхээр хариуцагч, болон түүний ажилтнуудын тайлбарлаж буйгаар тушаалыг Б.П-д мэдэгдсэн ч гардаж авахаас татгалзсан юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т "...Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно" гэж заасны дагуу яагаад гэрийн хаягаар шуудангаар хүргүүлээгүй юм. Б.П нь гэрийн хаяг дээрээ төрснөөсөө хойш амьдарч ирсэн бөгөөд шуудангаар яагаад хүргүүлээгүй болох нь тодорхой буюу тухайн үед бичгээр шийдвэр гараагүй байсан буюу маргаан бүхий Б/32 дугаартай шийдвэрийг нөхөн үйлдсэн. Хэрэгт чухал ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримт бус захирлынхаа даалгавраар худал мэдүүлэг өгсөн бусад ажилтнуудын мэдүүлэгт үндэслэж бодит байдлаас зөрүүтэй, нотлох шаардлагагүй харилцааг нотлох үүргийг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийг үзэж, хариуцагч талд илт ашигтай байдлаар тайлбарлаж, ажилтны ажил хөдөлмөр эрхлэх үндсэн суурь эрхийг ноцтой зөрчиж, шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

ХОЁР. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, талуудын хуульд заасан эрхийг эдлүүлээгүй тухайд: Хариуцагч байгууллагаас 2024 оны 04 сарын 01-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж, гэрчээр Н.Д, Б.Б, Д.Ц, А.М нарыг асуулгах хүсэлт гаргасан. Үүнийг шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 141/11132024/00219 дугаартай захирамжаар хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 141/11132024/00237 дугаартай захирамжаар дээрх гэрчийг хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.1-д заасны дагуу тайлбар авахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл эдгээр гэрч нараас юуг хэрхэн нотлох, юуг мэдэх талаар хариуцагч байгууллага тодорхой хүсэлтдээ дурдаагүй, асуултыг мөн ирүүлээгүй байна. Гэрчүүдийг дараах өдрүүдэд шүүгч дуудаж, гэрчээр асу******* байна. Үүнд: 2024 оны 04 сарын 12-нд гэрч Н.Д, 2024 оны 04 сарын 12-нд гэрч Д.Ц, 2024 оны 04 сарын 16-нд гэрч Б.Б, 2024 гэсэн огноо тавигдаагүй гэрч А.М, 2025 оны 05 сарын 13-ны өдөр гэрч Б.Д

Гэрч асу******* тэмдэглэлийг харахад шүүгч Б.У, шүүгчийн туслах Т.Б нар өөрсдийн санаачилгаар гэрчээр дуудагдсан этгээд нараас асуулт асууж, тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд талуудыг оролцуулаагүй, гэрчийн мэдүүлэг авах гэж байгаа талаар мэдэгдээгүйд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Зохигч  шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно" гэж, 26 дугаар зүйлийн 26.4-т "Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ" гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т "гэрчээс мэдүүлэг авхуулах" гэж, 25.1.5-д "Шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих" гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн. Хэрэв дээрх гэрчүүдийг асуухад байлцсан бол шүүхийн тодруулаагүй маргааны чухал агуулга болох Б.П-ийг ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгөхийг яг биечлэн гэрчүүд харсан эсэх, Б.П-д шийдвэр гарсны дараа яг хэзээ мэдэгдсэн эсэх, Б.П-ийн зүгээс ажлаас чөлөөлж байгаа юм бол тушаалаа авъя гэдэг хүсэлтийг хариуцагчид гаргасныг, гэрч нарт хариуцагч байгууллагын захирал хууль бусаар нөлөөлсөн эсэх, чиглэл өгсөн эсэх зэрэг үйл баримтыг тодруулж, хавтаст хэрэгт тусгуулах байсан. Дээрх гэрч нарын мэдүүлгүүд нь худал, бодит байдалтай нийцэхгүй, гүтгэсэн агуулгатай, мөн шүүх хэргийн зохигч болох нэхэмжлэгч талд огт мэдэгдэлгүйгээр гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг нууцаар зохион байгуулсан, талуудын тэгш эрх, оролцоог хангаагүй тул хууль бусаар нотлох баримт цуглуулсан гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд 2025 оны 01 сарын 07-ны өдөр гаргасан боловч, шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, шийдвэрлэсэн. Хэрэв дээрх гэрч асуух ажиллагаанд талууд байлцан гэрчүүдээс үнэн бодит нөхцөл байдлыг үйл баримтад тулгуурлан асу******* бол гэрчүүд бүгд нэг агуулгаар, тэр тэгсэн, тэрнээс сонсоход гэх зэрэг мэдүүлэг тайлбар өгөхгүй байсан гэдгийг шүүх анхааран үзнэ үү.

ГУРАВ. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нарийвчилсан хууль тогтоомжоор бус, ерөнхий хуулийн нийтлэг хэм хэмжээг барьж шийдвэрлэсэн буюу хуулийн үйлчлэх эрэмбийг зөрчсөн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т "Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бол эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж заасан байдаг. Тодруулбал ажил олгогч ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль байх бөгөөд тус 2 хуульд нийцүүлэн гарсан бусад хуулийг шаардлагатай тохиолдолд ашиглаж болох зохицуулалт байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т "Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ" гээд 2.3.1-т "энэ хууль" 2.3.2-т "Монгол Улсын бусад хууль" гэж, 2.5-т "Энэ хуулийн 2.3- заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг өвлөсөн зохицуулалтыг хэрэглэнэ" гэж тус тус маш тодорхой заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн холбогдох заалт, итгэлцлийн талаар дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой бүхий л асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Тодруулбал, "Т" ХХК-ийн 2023 оны 11 сарын 1-ний өдрийн Б/32 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дугаар зүйлийн 79.2, 83 дугаар зүйлүүд нь нотлох баримтаар нотлогдох эсэх, хуульд заасан процессын дагуу шийдвэр гарсан эсэх зэрэг дүгнэлтүүдийг шүүх өгөх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т "Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцно" гэж заасан байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 14 дугаар зүйлд "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ" гэж заасан байдаг. Тодруулбал, хуульд сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр ажил олгогчид гаргах талаар зохицуулсан байна. Гэтэл Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иргэний хуулийн 40.1. 40.3-т заасны дагуу Б.П нь ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийн илэрхийллээ амаар илэрхийлснийг ажил олгогч хүлээн авсан" гэж дүгнэсэн байгаа нь шүүх иргэнийг гүтгэж, үнэхээр үндэслэлгүй дүгнэсэн. Тодруулбал, анхан шатны шүүх дам сонссон гэрч нарын мэдүүлэгт үндэслэж, Б.П-ийг хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, дүгнэж байгаа нь эрх зүйт төр, "шүүх хууль дээдлэх" зарчим, эрх зүйн хэм хэмжээг үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Мөн Б.П болон "Т" ХХК нарын хоорондын харилцаа нь зүгээр нэг иргэд хоорондын тэгш эрхийн үндсэн дээрх гэрээний маргаан биш юм. Хөдөлмөрийн харилцаа гэдэг чинь захирах, захирагдах ёсны буюу ажил олгогч талд илүү эрх мэдэл байдаг учраас түүнийгээ дагаж хүлээх үүрэг, хариуцлага өндөр байдаг. Тодруулбал, ажилтны хувийн хэрэг хөтлөх, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд нотлох баримтыг цуглуулах, зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийг илрүүлэх, ур чадвар нь хүрэхгүй байгаа тохиолдолд түүнийг нотлох зэрэг хуулиар үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуулийн заалтыг зөрчиж, гуйвуулан тайлбарлаж буй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөөс гадна шүүхэд буруу, алдаатай практик тогтоох эрсдэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалтын урьдчилсан нөхцөл нь ажилтан өөрийн бичгээр болон эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэх ёстой. Харин Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын урьдчилсан нөхцөл нь хүсэл зоригоо гадагш илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд тухайн эсрэг тал нь хүлээн авсан байх шаардлага тавигдана. Аль ч тохиолдолд Б.П нь 2023 оны 09, 10, 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдөх тухайгаа ажил олгогчид хандаж, аливаа үг үйлдлээр илэрхийлж байгаагүй болно. Энэ хэрэг, маргаан эхлээд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад даруй 2 жилийн нүүрийг үзэж байна. Үнэхээр хариуцагчийн тайлбарлаж буйгаар Б.П ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол үндэслэлгүйгээр хүн гүтгэсэн, өөрийн цаг хугацаа, санхүүгийн хувьд энэ хэмжээний хохирол амсахгүй байх байсан. Хүний үндсэн суурь хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн учраас ийнхүү шүүхэд хандаж, эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "хууль ёсны" бөгөөд "үндэслэл бүхий" байх шаардлагыг хангаагүй. Иймд Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 141/ШШ2025/00004 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье... Б.П хүсэл зоригийнх нь эсрэг шийдвэр гаргасан гэж маргаж байгаа. Өнөөдөр бид нар шүүх шударга ёсны зарчмын хүрээнд зөвхөн хууль ёсны асуудлыг шийдээд өгөөч гэдэг  асуудлаар гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан агуулгыг, Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 36 дугаар тогтоолын 14 дүгээр зүйлд тайлбарласан. Энэ нь Улсын Дээд шүүхийн тогтоолд хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтны өргөдөл гэдгийг ажилтныг ажил олгогчийн шахалт шаардлага зүй бус нөлөө зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан бичгийн нотлох баримтыг хэлнэ гээд заасан. Тэгэхээр өнөөдөр ажил олгогчийн тухайд ямар нэгэн байдлаар үгчилж гэдэг юм уу?, амаар хэлж байгаа ийм асуудлаа тодорхойлогдох биш, зөвхөн бичгийн нотлох баримтыг авах байсан. Өнөөдөр Б.П-той холбогдолтой ямар нэгэн хуулиар гаргасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа тогтсон байгаа, шийдвэр хэзээ гаргасан нь тодорхойгүй, ийм нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх буруу тогтоосон байдаг. ******* сум Завхан аймгийн хэмжээнд томоохон сумд нэг байгаа. Ингээд хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг ямар нэгэн нотлох баримт дурдахгүйгээр асуудлыг шийдвэрлээд, энэ нь өөрөө жишиг болбол, цаашид хөдөлмөрийн харилцаанд орж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндсөн эрх зүйн шийдвэр гаргаад явах бий гэж эмээж байна. Давж заалдах шатны шүүх энэ асуудлын хүрээнд шийдвэрийг зөв гаргаж шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна... гэв.  

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хөдөлмөрийн маргаан үүссэн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай асуудлыг нэг талд нь багтааж, тухайлбал, маргаан бүхий тушаал болох 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/32 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөх, бодит байдалтай нийцэж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Б/32 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 49.1, 50.1, дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.17 дугаар зүйлүүдэд үндэслэсэн байна. Мөн үүн дээр ...-ын оператор, засварчин Б.П-ийг өөрийн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн гэсэн байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дотоод итгэлийн хүрээнд үнэлнэ гэдэг хуулийн зохицуулалт байдаг. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заалтыг, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжөөр тайлбарласан байна. Хуулийн тайлбарын тухайд, тал бүрээс нь бодитойгоор харьцуулна гэдэг нь хэрэгт цугларсан баримтыг нийтэд нь үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн үг. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсний үндсэн дээр цугларсан баримтууд, нэхэмжлэгчийн өгсөн баримтууд зэргийг тал бүрээс нь бүгдийг нь хянаж үзэх шаардлагатай. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл эдгээр зүйлүүд нь Иргэний процессын хуулийн 44, 46 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт гэж явах ёстой. Эдгээр баримтуудыг хооронд нь үнэлж дүгнээд, нэг нь нөгөөгөө ямар байдлаар үгүйсгэж байгаа талаар шүүх үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэдэг зүйлийг түрүүний дурдсан Дээд шүүхийн зөвлөмж тайлбар дээр юу гэж зааж байгаа вэ? гэхээр нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг тогтооход ач холбогдолтой, шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ гэж тодорхойлсон байдаг. Хариуцагчийн зүгээс дуудсан 4-5 гэрчийн мэдүүлэгтээ та бүхэн танилцсан байх, нэг бүрчлэн уншаад үзэхээр бүгд дарга тэгж хэлсэн, дам сургаар сонсоход тэгж ярьж байсан. Манай ажлынхан бүгд мэдэж байсан гэдэг. Ө-ны мэдүүлэг дээр тодорхой байна. Дарга Б.П-ийг дуудаад, ...ийн хороон дээр монтёр байцаагчаар ажил гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс яг тухайн үед хариуцагчийн яриад байгаа шиг Б.П захиралдаа амаараа хүсэлт тавиад, би ажилламааргүй байна гэдэг үйл баримтыг нүдээрээ үзэж харсан зүйл байхгүй. Эдгээр хүмүүс юу гэрчлээд байна гэхээр хариуцагчийн буюу ажил олгогч гүйцэтгэх захирлын хэлсэн үгийг давтах маягаар мэдүүлэг өгсөн. Мөн дээрээс нь гэрчийн мэдүүлгээс харахад асуултууд нь өөрөө хөтөлж асуугдсан, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэж байгаа. Гэрчүүд ажил олгогч байгууллагад ажилладаг, одоо ч ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн хэлснээр гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн дунд миний багын нэг найз байсан, түүнээс дараа нь асуухад, захирал ингэж хэл гэсэн түүний дагуу хэлсэн гэдэг. Гэрчүүдийн мэдүүлгүүдийг нягтлан үзэхийг хүсэж байна. Нарийн бичиг буюу бичиг хүргэгч нь тушаал гараад хүргүүлэх ажлаа тухайн үед хэрэгжүүлээгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4 дүгээр зүйлд “…шуудангаар явуулсан бол хуульд заасны дагуу хүлээн авсанд тооцно” гэж үздэг. Яагаад хуульд заасан арга хэмжээг тухайн үед аваагүй гэдэг нь сонин байна. Энэ бүгдийг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход ажилтантай тэгш хэмжээнд харьцаж байгаагүй гэж харагддаг. Ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргийг маш тодорхой заагаад өгсөн байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б-ийн П манай компанид монтёр байцаагчаар ажиллаж байсан. Б.П 2022 оны 04 дүгээр сард манай өрөөнд орж ирээд дарга 1 жилийн чөлөө өгөөч гэж хэлсэн. Тухайн үед Б.П хөдөө аж ахуйн монтёр гэдэг орон тоон дээр ажиллаж байсан. Би Б.П-ийг 1 жилийн чөлөө авъя гэж орж ирэхэд нь чамд чөлөө авах ямар шалтгаан байна гэхэд надад хийх мод чулууны ажлын боломж гарсан. Тэгээд бас хувийн байшин барьж байгаа түүнийгээ дуусгая, өөр надад мөнгөний ажил гарсан, чөлөө зохицуулж өгөөч гэж гуйж орж ирсэн. Тэр үед А-ний гүйцэтгэх захирал нь ажлаасаа чөлөөлөгдөөд эрчим хүчний ерөнхий газарт онцгой нөхцөл байдал зарлагдсан ийм үе таарсан. Тухайн үед ажилтнуудын жилийн чөлөө олгох хүсэлтийг 5 компанийн гүйцэтгэх захирлуудын хурлаар орж шийдвэрлэдэг байсан. Би Б.П-д тухайн ажилтнуудтай ярилцъя, ерөнхий инженерүүдтэй ярилцъя, эргээд хариу өгье гэж хэлсэн. Б.П-ийг өрөөнөөс гарсных нь дараа ерөнхий инженер Б, бусад шугамд ажиллаж байсан өндрийн инженерүүдээ дуудаад, Б.П 1 жилийн чөлөө хүсэж байна, ийм шалтгаантай байгаа юм байна үүнийг зохицуулж өгөөч гэж байна, оронд нь ажиллах хүн юу билээ, чөлөө өгчихвөл боломж олдож байгаа дээр нь ар гэрийн ажлаа хийгээд нэг жил ч гэсэн амьдрал нь дээшлэх юм даа гээд тухайн үед ярьсан. Тэгтэл манай *******ы инженер нэг *******ы монтёр залуу байгаа, танайд ажилд орох юмсан гээд байдаг юм. Тэр хүнээс асууж үзье гэсэн. Маргааш нь нөгөө Ц инженер орж ирээд, манайд нөгөө залуу ажиллая гэж байна гэсэн. Би Б.П-ийг дуудаад, А компанийн зөвлөлд мэдэгдэлгүйгээр чамд чөлөө олгоё, хэрвээ танилцуулах юм бол чөлөө өгөхгүйгээр шууд халж байгаа гэдгийг нь хэлсэн. Тухайн үед Б.П баярлалаа дарга гээд гараад явсан. Манайх угаасаа 5 монтёртой ажилладаг, жил болгон хооронд нь сольж ажиллуулдаг байсан. 2023 оны 04 дүгээр сард Б.П ажилдаа оръё гээд ирсэн. Ажилдаа орж болно, манай бүх монтёрууд солигдсон байгаа, чиний ажиллаж байсан хороонд С гэдэг монтёр очсон, чи ******* хорооны монтёроор ажиллана гэсэн. Гэтэл Б.П би ******* хорооны монтёроор очихгүй. Хөдөө аж ахуйн хорооны монтёроор ажиллана гэсэн. Би тухайн үед хөдөө аж ахуйн монтёроор ажиллах боломжгүй, чиний өмнө тэр хороонд очсон хүний хорооны ажил нь жигдрээд явж байгаа гэж хэлсэн. Чи ******* хороонд ажиллачих өмнө нь ямар ч асуудал гарч байгаагүй гэж хэлсэн. Тэгтэл Б.П ******* хороонд ажиллахгүй, манай гэр хөдөө аж ахуйн хороонд байдаг. Хөдөө аж ахуйн хороонд ажиллуулахгүй юм бол ажиллахгүй гэж зөрсөн. Тэгээд байж байтал Улаанбаатар хотод эрүүл мэндээ үзүүлж байсан манай ******* ******* *******ын оператор залуу над руу утсаар залгаад “...Дарга намайг ходоодны хорт хавдартай гээд онош нь гарлаа, миний ажил төрлийг зохицуулаарай” гэж надад хэлсэн. Би энэ талаар ерөнхий инженертэй ярилцаад, Б.П-ийг ажиллуулаач гэж ерөнхий инженертээ санал тавиад, ажилд авсан. Надад Б.П-ийг ажлаас нь халах, солих талаар ямар нэгэн бодол огт байгаагүй. Би өөрөө хуулийн мэргэжилтэй биш, хуулийн мэргэжлээр олон жил ажилласан хүмүүс шиг ярьж чадахгүй ч, тухайн компани дээр болсон зүйлээ ярьж байна. Б.П ******* ******* ******* дээр оператор түр хийсэн. 2023 оны 09 дүгээр сарын 20-нд манай хуучин мэргэжилтэн эмчилгээ хийлгэж ирээд, ажилдаа ормоор байна гэхэд, чиний оронд Б.П ажиллаж байгаа, Б.П-той холбогдоод эргээд хариу өгье гээд, Б.П-ийг дуудаад Д ах чинь ажилдаа оръё гэж байна гэхэд, Б.П дарга, та намайг нэг сар ажиллуулаад өгөөч ээ, би 2023 оны 11 дүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу ажилд орох гээд бүх юм аа яриад тохирсон байгаа гэж хэлсэн. Чи хотод ямар ажил хийх гэж байгаа юм бэ? гэхэд ашиглалтад өгөх гэж байгаа барилгуудын *******ы монтаж хийдэг компанид ажилд орох гэж байгаа юмаа 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа бэлэн бай гэсэн. Одоо байгаа ажлын байран дээр 1 сар ажиллаад хот руу шууд явчихмаар байна гэсэн. Дарга нь Д-той ярьчхаад эргээд хариу хэлье гээд, Д-оос 1 сар ухрах боломж байна уу?, чиний ажлын байран дээр ажиллаж байгаа Б.П 2023 оны 11 дүгээр сарын 1-нээс өөр ажилд орох гээд бүх юм аа яриад тохирсон байна гэхэд, Д би 1 сар хүлээе дээ гэж хэлсэн. Дараа нь ерөнхий инженер, ******* шугам сүлжээний инженерээ дуудсан. Б.П 2023 оны 11 дүгээр сарын 1-нээс өөр ажилд орох гээд бүх юм аа яриад тохирсон гэж хэлсэн...Б.П манай дээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж гомдол гаргасан гэж хэлсэн. Би тухайн үед ямар ч юм хэлээгүй, яагаад ингэсэн юм бол гэж бодоод хэсэг хугацаа өнгөрсөн. Гэтэл маргаан таслах зөвлөлөөс дахиж залгаад, та хоёр энэ асуудлаа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн. Ингээд би энэ бүгдийг нотлуулахын тулд анхан шатны шүүхээс манай ажилтнуудыг дуудаад асуугаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл хүн болгоныг дуудаж асууж чадахгүй, тодорхой нэр өг гэсэн. Тэгээд би ийм зүйлүүдийг тодорхой болгомоор байна гээд хүмүүсийн нэр өгсөн. Энэ хэргийг  анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа..: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ :

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Завхан аймгийн “Т” сум дахь “У” ХХК-нд   холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргаж шаардлагаа “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тодорхойлжээ.

Хариуцагч Н.О нь нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч ажилтан Б.П нь өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсний дагуу түүнийг чөлөөлсөн гэж маргажээ.

 3.  Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд ажилтан Б.П өөрөө сайн дураараа хүсэлт гаргасан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэн ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэйд тооцож, нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх нотлох баримтыг зөв дүгнээгүй, бодит үйл баримтаас илтэд зөрүүтэй шийдвэр гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нарийвчлан хууль тогтоомжоор бус, ерөнхий хуулийн нийтлэг хэм хэмжээг барьж шийдвэрлэсэн буюу хуулийн үйлчлэх эрэмбийг зөрчсөн гэж  тайлбарлажээ.

5. Ажил олгогч нь Б.П-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.2 дугаар хэсэг, 83 дугаар заалтыг үндэслэн түүнийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлжээ. Тушаалын үндэслэлээ өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэжээ

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1. дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл” ийг заасан байх ба 78.1.1 дэх хэсэгт талууд харилцан тохиролцсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан байна.

7. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.П нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Т “У” ХХК -ны монтёроор ажиллаж байсан байна. Тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай чөлөө авсан байх бөгөөд чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох хүсэлтээ гаргахад нь түүнтэй тохиролцсоны дагуу тус компаний захирлын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар түүнийг “эрүүл мэндийн шалтгаанаар” чөлөөтөй байсан оператор, засварчин Н.Д-ын ажлын байранд 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс түр томилсон нөхцөл байдал тогтоогдож байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгийн магадлагаатай тохиолдолд ажилтны ажлын байр нь хэвээр хадгалахаар заасан бөгөөд зохигчид, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт зааснаар Н.Д-ын ажилдаа эргэн орох хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

9. Ажилтан Н.Д нь ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар ажил олгогч болон Б.П нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоор байна. Иймд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцсноор дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.П-той байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

10. Хэдийгээр ажил олгогч нь тушаалынхаа үндэслэлийг Б.П-ийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэсэн байх боловч, хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд Б.П-ийн хүсэлт гаргасан эсэх нь үл хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Б.П-ийн бичгээр хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.    

11. Ажил олгогч тушаалдаа мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 83 дугаар зүйлийг баримталжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэнээс өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно. 79.3-т дээрх хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна “гэж тус тус заажээ.

12. Хуулийн дээрхи заалтууд нь ажилтныг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг зохицуулсан зохицуулалтууд биш, харин ажил олгогчоос тушаал шийдвэр гаргахдаа анхаарвал зохих асуудлуудыг тусгажээ. Ажил олгогчоос дээрхи хуулийн зохицуулалтуудыг баримталсан нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарчээ.

13.  Анхан шатны шүүх талуудын маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэн дүгнэлт хийх боломжтой байхад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн Б.П хүсэлт гаргасан эсэхтэй холбоотой дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2.3.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйн дээр ийм дүгнэлт хийх шаардлагагүй байжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч, анхан шатны шүүхийн дүгнэлт нь давж заалдах шатны шүүхээс ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн дүгнэлтэд нөлөөлөхгүй байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтээс өөр үндэслэлээр ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

14. Иймд Б.П-ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байх тул, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 141/ШШ2025/00004 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”,  “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

                                                                         ШҮҮГЧИД                  Б.НАМХАЙДОРЖ

                                                                                                            Б.АРИУНБАЯР