Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Я.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өгөөмөр овгийн Я.Тд холбогдох эрүүгийн 1911004850164 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өгөөмөр овгийн Я.Т, 1985 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 318 тоотод түр оршин суух хаягтай,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 645 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 01 cap 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ЙЮ;

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Я.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2 дугаар гудамжны 24Б тоотод оршин суух иргэн Т.Даваажаргалын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн орж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас, эмэгтэй хүний булган малгай зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Я.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Засарч хүмүүжнэ. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Т.Даваажаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө гарч захаас бараа цуглуулж явж байгаад өдөр 14 цагийн үед ирсэн. Гэрт ирчхээд жаахан байж байгаад 15 цагийн үед хүүгийн хамт нүүрс авахаар Хөтөл рүү явсан. Гэрээс гарахдаа гэрийн хаалга болон үүдний амбаарыг унждаг цоожоор хоёуланг нь түгжээд явсан. 16 цагийн үед эргэж гэрт ирэхэд манай хаалга онгорхой давхар цоожилсон цоожнууд алга болчихсон, үүдний амбаар дотор хар бариултай алх үлдээсэн байхаар нь хулгайч орсон байна гэж мэдсэн. Ингээд гэрт орж ирэхэд миний түмбучка дээр байсан SKY860 маркийн хар өнгийн гар утас алдагдсан байсан. ...Самсунг галакси эс 6 маркийн гар утсыг 3 жилийн өмнө 350.000 төгрөгөөр авч байсан. ...Тухайн өдөр хулгай орохдоо миний хүрэн өнгийн эмэгтэй хүний булган малгайг мөн хулгайлан авсан байна...” гэжээ /хх-45-48/.

Гэрч Б.Наранбат мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр СХД 11 дүгээр хороо Овоотын 4-132 тоотод байх Чандмань нэртэй дэлгүүрт ажиллаж байсан юм. Өдөр 14 цагийн үед манай дэлгүүрт Очко гэдэг хочтой манай ойр орчимд архи уугаад явж байдаг ах орж ирээд Самсунг галакси эс 6 маркийн гар утас, Скай гэсэн бичигтэй хар өнгийн гар утас өгье оронд нь архи өгөөч гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд өгөөгүй. Гэтэл тухайн хүн тэгвэл мөнгөөр нь авчих гээд гээд гуйгаад байхаар нь би 60.000 төгрөгөөр 2 гар утсыг нь худалдан авсан юм. ...Хүмүүс Очко гэдэг нэрээр нь л дууддаг болохоор анх мэдүүлэг өгөхдөө хочийг нь л хэлсэн ба сүүлд түүнийг Т гэдэг, мөн цагдаа нарт баригдсан талаар нь гэрийнхээ ойр хавийн хүмүүсээс сонссон. ...Би 60.000 төгрөгөө буцааж аваагүй бөгөөд ямар нэгэн хэлбэрээр нэхэмжлэхгүй болно...” гэжээ /хх 56-58, 71/.

Шүүгдэгч Я.Т мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед Эх нялхсын дээхэн талд замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд нь байх гэр хороолол дунд хашаандаа 3 монгол гэртэй хашаанд найзындаа очих санаатай явж байгаад тэр хашаанд андуураад орчихсон бөгөөд тэр гурван гэрийн голынх нь монгол гэр цоожтой хүнгүй юм шиг байхаар нь хашаанд нь байсан нүүрс хагалдаг бололтой жижигхэн хадаасны алх байхаар нь тэрийг аваад дунд талын монгол гэрийн зүүдэг цоожийг алхаар цохиж эвдээд гэрт орсон. Ороход орон дээр нь нэг цүнх байсан ба тэрийг нь ухсан чинь 2 ширхэг гар утас гарч ирсэн юм. ...Тэр хоёр утсыг авсан. ...Мөн сервант дээр нь нэг бор өнгийн булган малгай байсан тэрийг нь авсан. ...Чандмань гэж дэлгүүрт ороод худалдагч нь гэх зүс таньдаг залууг худалдаж авах уу? гэсэн чинь авахгүй гээд байсан бөгөөд архины барьцаанд тавья гэсэн чинь бас авахгүй байсан бөгөөд сүүлдээ бүр гуйсаар байгаад 60.000 төгрөгөөр бүгдийг нь нийлүүлээд зарчихсан. Уг хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэжээ /хх-106/.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-24/.

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 19-24/.

Хохирогч Т.Даваажаргалд “...Sky гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, самсунг галакси эс 6 гар утас 1 ширхэг, хүрэн өнгийн булган малгай 1 ширхэг...” зэрэг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26/.

Эд зүйлсийн үнэлгээ /хх 72-73/.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 118/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 110/, зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2 дугаар гудамжны 24Б тоотод оршин суух иргэн Т.Даваажаргалын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн орж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас, эмэгтэй хүний булган малгай зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Тыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “...Sky гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, самсунг галакси эс 6 гар утас 1 ширхэг, хүрэн өнгийн булган малгай 1 ширхэг...” зэрэг эд зүйлсийг хохирогч Т.Даваажаргалд биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Я.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүх шүүгдэгч Я.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Я.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Я.Тын цагдан хоригдсон нийт 69 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, хар өнгийн иштэй хадаас авагч талын нэг сэртэн хугарсан төмөр алх 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өгөөмөр овгийн Я.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Я.Тд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Я.Тын цагдан хоригдсон нийт 69 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Я.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн иштэй хадаас авагч талын нэг сэртэн хугарсан төмөр алх 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН