| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 153/2024/00019/И |
| Дугаар | 210/МА2025/00476 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00476
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/00487 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ипотекийн зээлийн 1 хувиар төлсөн шимтгэл 735,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ХК-тай 2013 оны 08 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж ипотекийн зээл авсан. Тухайн үед зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх 735,000 төгрөгийн шимтгэл төлсөн. 2023 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар ипотекийн зээл олгодог нэр бүхий 9 банкийг зээл олгохдоо 1 хувийн шимтгэл хурааж байгаа нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ үеэс нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн болохыг мэдээд 2013 онд ******* ХК-д үндэслэлгүй төлсөн 735,000 төгрөгийг буцаан шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус банк нь *******тай 2013 оны 08 сарын 28-ны өдөр ОСИЗ-13/218 тоот зээлийн гэрээ болон БГ-13/218 тоот барьцааны гэрээ байгуулан 73,500,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлд төлсөн 735,000 төгрөгийг ямар хууль зүйн үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХК-аас ипотекийн зээлийн 1 хувьтай тэнцэх 735,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр 735,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Энэ нь гэрээнээс үүдэлтэй үүргийн харилцаа бус, гэрээний бус хуулиас үүдэх үүргийн харилцаа юм. Талуудын хооронд байгуулагдсан ипотекийн зээлтэй холбоотой заалтыг захиргааны хэргийн шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзсэн бөгөөд ******* нь зээлийн шимтгэлийг 1 хувь гэж дээд хязгаараар төлөх үндэслэлгүй байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж маргасан болно.
4.2. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан ОСИЗГ-13/218 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний 3.4.1 дэх заалт нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 0346 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаар магадлалаар хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгож буй нэр бүхий 9 банк нь Ипотекийн зээлийн шимтгэлд 1 хувийг стандартчилан тооцон авч байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд ипотекийн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч банкиуд нь зээлийн шимтгэл 1 хувийг үндэслэлгүйгээр авч байсан болох нь тогтоогдсон байна.
4.3. Талуудын хооронд байгуулагдсан ипотекийн зээлийн гэрээнд буй шимтгэлтэй холбоотой заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл мөн байх бөгөөд уг стандарт нөхцөлийг захиргааны хэргийн шүүх хянан үзээд нэгэнт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон байхад үүнийг дахин хүчингүй болгуулахаар шүүхэд маргах шаардлагагүй. Ипотекийн зээлийн шимтгэлд 1 хувийг үндэслэлгүйгээр тооцон авч байсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоосон үйл баримт нь нийтэд илэрхий, нэгэнт тогтоогдсон үйл баримт тул үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
4.4. Хэрэв шүүхээс тус шаардлагыг гэрээнээс үүдэлтэй үүргийн харилцаа гэж дүгнэж байгаа бол энэ талаарх үндэслэлээ тодорхой бичих шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж дүгнэхдээ гэрээ байгуулагдсан өдрөөс буюу 2013 оны 08 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолон 2016 оны 08 сарын 28-ны өдөр дууссан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийсэн.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт буй хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ипотекийн зээлийн 1 хувиар төлсөн шимтгэл 735,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчийн шаардаж буй хууль зүйн үндэслэл тодорхойгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь ******* ХК-тай 2013 оны 08 сарын 28-ны өдөр ОСИЗГ-13/218 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 73,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдэн авч, зээл олгох үйлчилгээний шимтгэлд 735,000 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээр үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.
4. Өмнө дурдсан ОСИЗГ-13/218 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний 3.4.1-д Зээл олгох үйлчилгээний шимтгэлд нийт олгосон зээлийн дүнгийн 1 хувиар гэж тусгасан нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 9.1-д ...дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна... гэж заасантай нийцжээ.
Дээрх байдлаар зээлийн шимтгэлийн хувь хэмжээг талууд гэрээгээр тохирсон, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа, тухайн тохиролцооны дагуу зээлдэгч нь 735,000 төгрөгийн шимтгэл төлсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааны дотор зээлийн шимтгэлтэй холбоотой шаардлагаа гаргах учиртай.
Иймд, ...нэхэмжлэгчийн шаардах эрх нь гэрээнээс үүдэлтэй үүргийн харилцаа биш... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 сарын 02-ны өдөр 735,000 төгрөгийн шимтгэл төлсөн байх тул уг хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2016 оны 09 сарын 02-ны өдөр дууссан байна.
6. Аливаа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үйлчлэл нь гарсан цагаасаа тул ...2013 онд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгч нь өөрийн эрхээ зөрчигдсөнөө мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0346 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаар магадлалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн буюу зохигчийн хооронд 2013 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан ОСИЗГ-13/218 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний 3.4.1 дэх заалттай холбоотой маргаанд хамааралгүй байна.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэх эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасныг дурдах нь зүйтэй.
8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн мөнгөн дүнг буцаан олгоогүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/00487 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн ... гэсний дараа ...451 дүгээр зүйлийн 451.1, ... гэж нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1-д... гэснийг ...56.1, 58 дугаар зүйлийн 58.1... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 48,010 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 22,190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР