| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0441/Э |
| Дугаар | 463 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Ч.Э д холбогдох эрүүгийн 1911007290512 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Ч.Э , 1972 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 47 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 13-42 тоотод оршин хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 2 дугаар хороо 56-37 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ТЗ
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Центр 34 байрны хойд хашаан дотор хохирогч Ц.Хэрлэнчимэгийг татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Хэрлэнчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз Ган-Ундрахын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Центр 34 байранд байрлах “High class” караоке бааранд 18 цагийн үед орж сууж архи авч уусан. Тэгээд 22 цагийн үед гарах болсон би нэлээн согтчихсон байсан бөгөөд тооцоогоо хийх гэтэл Ган-Ундрахыг танай найз чинь жорлонгийн почкины таг хагалчихлаа гээд 30.000 төгрөгийг нэмж төл гэхээр нь түүнийг нь төлөөд бид хоёр гадагшаа гарахад хойноос зөөгч эмэгтэй болон баарны бармен хийдэг эмэгтэй хоёр гарч ирээд караокены зурагт хагалчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед болсон явдлыг санахгүй байна. Намайг нэг эмэгтэй түлхэж унгаасан гэж Чинбаяр надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 18-20/
Гэрч А.Ган-Ундрах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэрлэнчимэгийн хамт ажлаа тараад Класс нэртэй бааранд караокед орсон. ...баарны эзэн эмэгтэйтэй найз гэх эмэгтэй нь хамт гарч ирээд бид хоорондоо маргалдсан нэг харахад Хэрлэнчимэгийн нүүрнээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх21-22/
Гэрч Д.Чинбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би машин дотроо 10-15 минут орчим хүлээж байтал нөгөө хоёр гарч ирээд гадна талын хашааны хаалгаар гарч байтал хойноос нь хоёр эмэгтэй нөгөө хоёртой зууралдаад байхаар нь би одоо больцгоо цагдаа дуудсан бол ирээд учрыг нь олно биз дээ гэж хэлэхэд та нар зугтаах гээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би тэгвэл машинаа танай хашаанд оруулаад тавьчихъя гэж хэлээд хашааны хаалгыг нь онгойлгуулаад машинаа оруулж тавьсан. Тэр үед нөгөө хэд мөн л зууралдаад байж байсан. Би явж очоод цүнхийг нь авах гэтэл нөгөө найз нь гэх эмэгтэй хоёр цүнхийг нь авчхаад өгөхгүй байхаар нь би зууралдаж байгаад цүнхнүүдийг нь аваад машиндаа оруулж тавьчхаад эргээд хартал найз нь гэх согтуу эмэгтэй Хэрлэнчимэгийг куртикнийх нь малгайнаас татаад урагш нь зам дээр унагаасан Хэрлэнчимэг босоод ирэхэд нүүр ам, хамар нь цус шүүрсэн байдалтай босож ирсэн...” гэх мэдүүлэг /хх 26-27/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-16/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2785 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Хэрлэнчимэгийн биед тархи доргилт, хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салстад шарх, хамрын уг, хамрын нуруу, хамрын үзүүр, дээд уруулын арьс, дээд уруулд зулгаралт, баруун зовхины дотор булан, дээд зовхи, баруун бугалга, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 34/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 159 дүгээр тогтоол /хх 123/, шүүгдэгч Ч.Э ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 122/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Центр 34 байрны хойд хашаан дотор хохирогч Ц.Хэрлэнчимэгийг татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Ц.Хэрлэнчимэгийн “...Намайг нэг эмэгтэй түлхэж унгаасан гэж Чинбаяр надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 18-20/, гэрч А.Ган-Ундрахын “...баарны эзэн эмэгтэйтэй найз гэх эмэгтэй нь хамт гарч ирээд бид хоорондоо маргалдсан нэг харахад Хэрлэнчимэгийн нүүрнээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх21-22/, гэрч Д.Чинбаярын “...Хэрлэнчимэг босоод ирэхэд нүүр ам, хамар нь цус шүүрсэн байдалтай босож ирсэн...” гэх мэдүүлэг /хх 26-27/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2785 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 34/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.Э д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан зэргийг тус тус харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Ц.Хэрлэнчимэг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Э надаас уучлалт гуйж, хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Ч.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН