Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 465

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Энхтуул,

иргэдийн төлөөлөгч Т.Оюунчимэг

шүүгдэгч Э.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урьдыхан овгийн Э.Д д холбогдох эрүүгийн 1911009490324 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урьдыхан овгийн Э.Д , 1993 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-192 тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 458 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 1 сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ИН.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62 дугаар гудамжинд Б.Зоригтбаатарт хутга тулган, хүч хэрэглэж гар утас, бэлэн мөнгө зэргийг нь дээрэмдэж авсан

мөн 2019 оны 03 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 9 дүгээр гудамжинд иргэн А.Байгалмаагийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Таксины дээрмийн хэргийг би хүлээн зөвшөөрч байна. Эмэгтэй хүний цүнх булааж дээрэмдсэн гэх хэргийг би хийгээгүй. Шалгаж байсан эрүүгийн цагдаа нар намайг зодож ийм хэрэг тулгасан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Зоригтбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 57-29 УНЧ улсын дугаартай Тоёота Ист загварын улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6 буудлын хажууханд байх Оргилуун нэртэй үйлчилгээний газраас 2 залуу миний машинд суусан. Тэгээд тэр хоёр залуу орж ирээд суугаад намайг дээрэмддэг залуу нь ойрхон газар хүргүүлнэ гэж хэлээд 1500 төгрөг өгсөн юм. Тэгээд би мөнгийг нь аваад хөдлөөд 6 буудлын автобусны буудлын хойд талын гэр хорооллын гудамж руу ороод явж байхад хоёр залуугийн нэг нь 590 дугаартай худгийн үзүүр дээр намайг дээрэмддэг залуутай цуг явж байсан залуу нь буугаад гэртээ орох янзтай үлдсэн юм. Тэгээд нөгөө залуу намайг цаашаа явна гээд миний хойд талын арын суудал дээр суугаад цаашаа гудамж өгсөөд яв гээд хэлсэн тэгээд уул өөд өгсөөд явж байгаад уруудаад явж байхад нөгөө сууж явсан залуу миний араас бөөрний хэсэгт юмаар чичээд байх  байхаар нь эхлээд тоогоогүй, тэгээд дахиад чичих шиг болохоор нь харсан чинь гарт нь иш нь харагдахгүй жижиг тонгоргон хутга харагдсан юм. Тэгээд би машинаа зогсоогоод түлхүүрээ сугалж аваад машинаасаа буугаад уул өөдөө зугтаагаад явсан. Тэгэхэд тэр залуу миний араас хөөж ирээд гартаа хутгаа барьсан чигээрээ чамайг ална гээд байхаар нь би хоёр гарыг нь барьж авсан чинь толгойгоороо миний уруул орчимд болон баруун нүдэн тус газарт мөргөсөн, миний өмсөж байсан куртикийг толгойн дээгүүр давуулаад намайг доош нь дарж байгаад миний дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан. Би ах нь чамд утас, мөнгөө өгье гэж хэлсэн чинь за гэж хэлээд намайг босгосон. Тэгээд гаргаад ир гэж хэлэхээр нь машинд байгаа гэж хэлээд машиндаа суугаад өөрийн гар утас болох Нокиа загварын гар утас, халаасанд байсан 13.000 төгрөгийг гаргаж өгсөн. Тэгээд машинаа асаагаад хөдлөх гэхэд нөгөө залуу миний өгсөн 1500 төгрөг хаана байна гэхээр нь машины голд тавьсан байсныг авч өгөөд хөдөлсөн. Тэр залуу машинд суух гэж байсан болохоор машинаас зүүгдэж байгаад үлдсэн. Тэгээд би цаашаа явж байгаад нэг айлын хашааны том хаалга нь онгорхой байхаар ороод хүмүүсийг дуудаад танай хаягийг мэддэггүй ах нь таксинд явж байгаад дээрэмдүүлчихлээ цагдаад дуудлага өгөөд егөөч гэж хэлээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 22-24/

Гэрч Д.Бадам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62-970 тоотод байх гэртээ хүү Батбилэгийн хамтаар унтаж байхад гэрийн хаалга цохихоор нь гэрлээ асаагаад хаалганыхаа түгжээг тайлсан чинь 40 гаран насны туранхай биетэй эрэгтэй хүн таксинд явж байгаад үйлчлүүлж байсан хүндээ гар утсаа дээрэмдүүлчихлээ цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би тухайн үед өөрийн утаснаасаа цагдаагийн байгууллагын 102 дугаарт  дээрэмдүүлсэн хүн байна гэх дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 25-26/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/

Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3776 дугаар дүгнэлтэд: “...Б.Зоригтбаатарын биед баруун дээд үүдэн 1-2 дугаар шүдний сулрал, баруун зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн -зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 28/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №ЧД2-19-174 дүгээр тайланд: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар ...16.500 төгрөг...” гэх тайлан /хх 31-32/

Хохирогч А.Байгалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ....шөнө 02 цагийн орчим эх нялхсын хажуугаар зам дагаад тасганы овоо чигт алхаад явж байхад  зүс таних машинтай залуу тааралдаж намайг хайлаастад хүргэж өгөөд буцаад явсан. Би тэндээсээ зам дагаж дээшээ ганцаараа хайлаастын эцэс орж Зүс таних Төмрөө ахын хашаанд нь орж бие засчхаад тэдний гэрт нь орж унтах гэснээ за одоо унтаж байгаа байх гэж бодоод буцаж гараад зам дагаад гэртээ харих санаатай Янмал оймс, Монгол оймс гэх нэртэй газрын хажуугаар явж байсан чинь эхлээд харахад бүхэлдээ хар бараан өнгийн хувцастай хүн нэлээд зайтай замын эсрэг талд явж байхаар нь нэг их анзаараагүй юм тэгээд доошоо хараад явж байсан чинь миний араас нөгөө хүн гүйж ирээд гартаа барьж байсан ягаан өнгийн жижиг гар цүнхийг булаах гэхээр нь би цүнхний оосор хэсгээс татсан чинь миний цүнхний оосор тасраад тэр хүн миний цүнхийг аваад явсан. Миний барьж явсан гар цүнхэнд Самсунг жи-7 загварын гар утас, бусад эд зүйл байсан...” гэх мэдүүлэг /хх  90-92/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 82-84/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №ЧД2-19-175 дугаар тайланд: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар ...227.000 төгрөг...” гэх тайлан /хх 96-97/

         Шүүгдэгч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байгаад таксины жолоочтой муудалцаад над руу зандраад байхаар нь уг таксины жолоочид хутга тулгаж байгаад Нокиа загварын гар утсыг болон өөрт нь байсан бэлэн мөнгийг нь авахад зугтахаар нь араас нь өөрийн барьж байсан хутгаараа зүссэн эсвэл дүрсэн юм болов уу гэж бодоод очиж үзэх гэхэд нэг айлын хашаа руу ороод тэр айлын хүнтэй хамт гараад ирэхээр нь эргээд зугтаад явж байгаад айлын хашаа давж ороод нуугдаж амьсгаагаа хэсэг дарж сууж байгаад эргэж гараад гудамж уруудаад гүйгээд явсан ...яг хаана гэдгийг нь сайн санахгүй байна зам дагаад явж байхад үл таних нэг эмэгтэй замын хажуугаар явж байхад нь гартаа бариад явж байсан эмэгтэй хүний арьсан цүнхийг нь булаах гэхэд тэр эмэгтэй тавихгүй зуураад байхаар нь хүчтэй нэг татахад оосор нь тасарсан.  ...тухайн үед би найз Саруултай хэд хэдэн шил пиво уусан байсан дээрээс нь таксины жолооч ах хашаанаас хэдэн хүнтэй хамтаар гарч ирээд намайг хөөхөөр нь сандраад гүйж байсан болохоор тэр эмэгтэйгээс булааж авсан цүнхийг яасан эсэхээ сайн мэдэхгүй байна. Тэгээд цаашаа гүйгээд явж байгаад Цэнгэл ахын гэрт орж унтсан тэгэхдээ Цэнгэл ахынд орохдоо булааж авсан цүнхийг авч ороогүй орохоосоо өмнө хашаа давуулаад шидсэн үү эсвэл хаясан эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан хашаа даваад зугтаагаад явж байхдаа эмэгтэй хүнтэй таарч гар цүнхийг булаагаад зугтаасан гэдгээ санаж байна...” гэх мэдүүлэг /хх 100-101/, ял шалгах хуудас /хх 68/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/, хохирогч А.Байгалмаагийн “...хохирол төлбөрөө барагдуулсан тул одоо гомдол, саналгүй...” гэх хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62 дугаар гудамжинд Б.Зоригтбаатарт хутга тулган, хүч хэрэглэж гар утас, бэлэн мөнгө зэргийг нь дээрэмдэж авсан, 2019 оны 03 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 9 дүгээр гудамжинд иргэн А.Байгалмаагийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Зоригтбаатарын “...Нокиа загварын гар утас, халаасанд байсан 13.000 төгрөгийг гаргаж өгсөн...” /хх 22-24/, гэрч Д.Бадамын  “...40 гаран насны туранхай биетэй эрэгтэй хүн таксинд явж байгаад үйлчлүүлж байсан хүндээ гар утсаа дээрэмдүүлчихлээ...” гэх мэдүүлгүүд /хх 25-26/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3776 дугаар дүгнэлт /хх 28/, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч А.Байгалмаагийн “...миний араас нөгөө хүн гүйж ирээд гартаа барьж байсан ягаан өнгийн жижиг гар цүнхийг булаах гэхээр нь би цүнхний оосор хэсгээс татсан чинь миний цүнхний оосор тасраад тэр хүн миний цүнхийг аваад явсан. Миний барьж явсан гар цүнхэнд Самсунг жи-7 загварын гар утас, бусад эд зүйл байсан...” гэх мэдүүлэг /хх  90-92/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 82-84/, шүүгдэгч Э.Д гийн “...таксины жолоочид хутга тулгаж байгаад Нокиа загварын гар утсыг болон өөрт нь байсан бэлэн мөнгийг нь авахад зугтахаар нь араас нь өөрийн барьж байсан хутгаараа зүссэн эсвэл дүрсэн юм болов уу гэж бодоод. ...эмэгтэй хүний арьсан цүнхийг нь булаах гэхэд тэр эмэгтэй тавихгүй зуураад байхаар нь хүчтэй нэг татахад оосор нь тасарсан...” гэх мэдүүлэг /хх 100-101/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Э.Д нь зэвсэг буюу хутга тулган, хүч хэрэглэн  бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болох нийт 258.000 төгрөгөөс хохирогч А.Байгалмаад 227.000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхийн дансанд байршуулсан 31.000 төгрөгийг хохирогч Б.Зоригтбаатарт олгуулахаар шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Э.Д д ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2-т зааснаар 3 жил 5 сарын  хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 11 сараар тогтоов. 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 15.5 см, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгахаар, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Э.Д гийн нийт 75 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урьдыхан овгийн Э.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн,

 мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2-т зааснаар 3 жил 5 сарын  хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 /гурав/ жил 11 /арван нэг/ сараар тогтоосугай. 

4. Шүүгдэгч Э.Д д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

   6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д гийн шүүхийн дансанд байршуулсан 31.000 төгрөгийн хохирогч Б.Зоригтбаатар т олгуулан, хохирогч А.Байгалмаад 227.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 15.5 см, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН

                                      ШҮҮГЧИД                                   Ё.ЦОГТЗАНДАН  

                                                                                        Д.РЕНЧЕНХОРОЛ