| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/04683/И |
| Дугаар | 210/МА2025/00477 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00477
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00196 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: алданги 23,509,332 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 04 сарын 03-ны өдөр ГХХА 21/31/23 тоот гэрээ байгуулан ******* брэндийн MJ20/80M маркийн 2.0 тн даацтай, 8 метр өндөрт өргөх, авто сэрээт ачигчийг авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2023 оны 04 сарын 07-ны өдөр урьдчилгаа 79,200,000 төгрөг, 2024 оны 02 сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөр 73,458,000 төгрөг, нийт 152,658,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч гэрээний 3.1.2-т заасан хугацаанд буюу 2023 оны 06 сарын 09-ний өдөр сэрээт ачигчийг нийлүүлэлгүй явсаар 2024 оны 01 сарын 31-ний өдөр бидэнд хүлээлгэж өгсөн. Мөн хариуцагч нь гэрээний 3.3.1, 3.3.2, 3.4.4, 4.2.2-т заасан сэрээт ачигчийн ашиглалт, үйлчилгээний талаар зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй.
Иймд, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт 152,658,000 төгрөгөөс 0,1% буюу 1 өдрийн 152,658 төгрөг, 2024 оны 02 сарын 06-ны өдрөөс 2024 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл нийт 154 хоногийн нийт 23,509,332 төгрөгийн алдангийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талууд 2023 оны 04 сарын 03-ны өдөр ГХХАА 21/31/23 тоот Авто сэрээт ачигч худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээний 1.1, 3.2.1-д заасны дагуу манай компани нь нэхэмжлэгч компанид ******* брэндийн MJ20/80M маркийн 2.0 тн даацтай, 8 метр өндөрт өргөх, авто сэрээт ачигч 1 ширхэгийг ажлын 45 хоног /хуанлийн 60/-ийн хугацаанд нийлүүлэх, ******* ХХК нь гэрээний 2.2-т заасны дагуу барааны үнийг ******* ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үнийн 40 хувьтай тэнцэх 79,200,000 төгрөгийг манай компанийн эзэмшдэг ******* ХК-ийн дансанд хийсэн. Манай зүгээс үл хамаарах гэнэтийн нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын хил хаагдаж, Эрээн хотоос нэвтрэх тээврийг Монгол улсын хилээр, дэс дараалалд оруулан гаргах болсонтой холбоотойгоор барааг гэрээнд заасан хугацаанаас 229 хоногийн дараа буюу 2024 оны 01 сарын 31-ний өдөр биет байдлын болон эрхийн доголдолгүй нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно гэж гэрээ хийсний дагуу гэрээний дүн болох 198,000,000 төгрөгөөс 0,1 хувь алданги 229 хоногоор тооцож, нийт 45,343,000 төгрөгийг үлдэгдэл 118,800,000 төгрөгөөс хасаад нэхэмжлэгч компани 73,458,000 төгрөгийг манай данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай талаас гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги хасаж авсан байхад үүнээс хойш дахин алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2024 оны 01 сарын 31-ний өдөр хүлээлцсэн акт үйлдсэн. Тэр үед яаж хэрэглэх талаар зааварчилгаа, сургалт явуулсан. Гэвч ******* ХХК хүлээлгэж өгөх үедээ авсан мэдээлэл, зөвлөмж зэргийг дагаж мөрдөөгүйгээс болоод сэрээт ачигч нь хуурай цэнэгтэй байхад цэнэглээгүй учраас зай нурсан байдаг. Улмаар нэхэмжлэгчийн хайхрамжгүй байдлаас үүссэн гэмтлийг манайх үнэ төлбөргүй хэвийн ажиллагаанд оруулж өгсөн. 2024 оны 01 сарын 31-ний өдөр, 05 сарын 30-ны өдөр, 06 сарын 25-ны өдөр, 07 сарын 05-ны өдөр, 08 сарын 20-ны өдөр тус тус сэрээт ачигчийн үзлэгийн оношилгооны хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Иймд нэхэмжлэгч талаас дахиж алданги тооцсон нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 23,509,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн ГХХАА 21/31/23 тоот гэрээ нь хариуцагч талаас ирүүлсэн Стандарт нөхцөл тогтоосон гэрээ бөгөөд уг гэрээний 4.2.2-т хариуцагч ******* ХХК нь захиалагч талын ажилтнуудад ачигчийн ашиглалт, үйлчилгээний талаар зааварчилгааг дэлгэрэнгүй сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнг танилцуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нийлүүлэгч тал нь засвар үйлчилгээний хуудсаар заавар зөвлөгөө өгч байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээний дагуу сэрээт ачигчийг бүрэн хүлээлгэн өгч, угсран, нийлүүлэгч талын ажилчдад сургалт орсноор бид тухайн сэрээт ачигчийг зөв ажиллуулж, ямар нэгэн эвдрэл гэмтэл гаргахгүйгээр ашиглах боломжтой байсан ч нийлүүлэгч тал уг сургалтыг ороогүйгээс бид сэрээт ачигчийг хэрхэн ажлуулах талаар мэдлэг, мэдээлэлгүй учраас удаа дараа эвдэрч, ажиллахгүй болж байсан тул байнга засварын дуудлага өгч засуулдаг байсан.
4.2. Худалдан авагч тал нь сургалт зохион байгуулж, ажилчдад сургалт орох тухай албан бичгийг 2024 оны 02 сарын 06-ны өдөр хариуцагч талд өгч байсан. Гэвч хариуцагч тал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ийм зүйл яриагүй, тийм зүйл мэдэхгүй гэж худал тайлбар гаргасан тул нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хариуцагч талаас гаргасан тайлбарыг худал гэдгийг нотлох баримтыг гаргаж өгч, гэрчээр хариуцагч талын гүйцэтгэх захирал, инженер нарыг асуулгахыг хүссэн боловч шүүх хэрэг үүсээд удаж байгаа тул хүсэлтийг хүлээн авахгүй гэж шүүх хуралдаан зарлаагүй удсан нь нэхэмжлэгчийн буруу мэтээр тайлбарлаж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын эрх тэгш байдлыг хангаж, хэргийг тал бүрээс нь үндэслэлтэй шийдэх боломжийг бүрэн хаасан.
4.3. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг тус тус зөрчсөн буюу 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шинээр үүсгэн байгуулагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч хэн болох, Ерөнхий шүүгч нь уг хэрэгт хэн гэдэг шүүгчийг томилсон тухай шүүгчийн захирамж байхгүй байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр баталгаажуулсан захирамжийг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдэж байгаа нь процессын алдаа болсон бөгөөд 2025 оны 01 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон үзлэг хийсэн баримтад нэхэмжлэгч ******* ХХК гэж бичиж процессын алдаа гаргасан байна.
4.4. Мөн нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч талын дансыг битүүмжлэх тухай хүсэлтийг шүүх хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авсан ч уг захирамжийг *******т явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ алдаатай гэж үзэхээр байна.
Иймд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэмэлт үүрэгтэй холбоотойгоор үүргээ гүйцэтгээгүй учраас алданги шаардсан болохоос үндсэн үүрэгтэй холбоотой буюу хүлээлцсэн, хүлээлцээгүй эсэх асуудал яригдаагүй. Энэ талаар шаардлага гаргасан бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу барааг солиулах, эсхүл гэрээнээс татгалзаад төлбөр шаардах байсан. Анхан шатны шүүх хүлээлцсэн гэж зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн үндсэн үүрэг нь сэрээт ачигчийг нийлүүлэх үүрэгтэй бөгөөд үүргээ гүйцэтгэсэн. Нэмэлт үүрэгтэй холбоотойгоор алданги шаардсан ба 23,509,332 төгрөг гэх боловч бодит байдалд үндсэн үүрэг буюу гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээс тооцоолсон нь үндэслэлгүй. Хариуцагч тал үндсэн үүргээ гүйцэтгэсэн учраас ямар нэгэн байдлаар үүргийн зөрчил үүсээгүй. Гэрээний 3.1.2-т үндсэн үүрэгтэй холбоотой алданги шаардах эрхийг талууд тохиролцсон болохоос нэмэлт үүрэгтэй холбоотой буюу заавар, зааварчилгаа өгөөгүй асуудалд алданги тооцох зохицуулалт байхгүй тул алданги шаардах эрхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан алданги 23,509,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Талууд 2023 оны 04 сарын 03-ны өдөр ГХХАА 21/31/23 тоот Авто сэрээт ачигч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* ХХК нь ажлын 45 хоног /хуанлийн 60 хоног/-ийн дотор ******* брэндийн, MJ20/80М маркийн, 2.0 тн даацтай, 8 метр өндөрт өргөх сэрээт ачигч 1 ширхэгийг нийлүүлэх, ******* ХХК нь сэрээт ачигчийн үнэ 198,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон;
3.2. Үүний дараа, 2024 оны 04 сарын 07-ны өдөр ******* ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөр 79,200,000 төгрөгийг ******* ХХК-д дансаар шилжүүлсэн;
3.3. Улмаар, ******* ХХК нь 2024 оны 01 сарын 31-ний өдөр сэрээт ачигчийг ******* ХХК-д хүлээлгэн өгч, талууд хүлээлцсэн акт үйлдсэн;
3.4. Мөн өдөр талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж, ******* ХХК сэрээт ачигчийг нийлүүлэх гэрээний хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр алданги 45,342,000 төгрөгийг үлдэх төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон;
3.5. Үүний дагуу, 2024 оны 02 сарын 05-ны өдөр ******* ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 73,458,000 төгрөгийг ******* ХХК-д дансаар шилжүүлсэн; (Гэрээний үнэ 198,000,000 төгрөг урьдчилгаа төлбөр 79,200,000 төгрөг алданги 45,342,000 төгрөг)
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Гэрээний 3.3.1-д Талууд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцсэн акт үйлдэн, ашиглалтын зааварчилгааны сургалтанд захиалагчийн ажилтнуудыг хамруулан, гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр тоног төхөөрөмжийг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгнө гэж заажээ.
Өмнө дурдсанчлан, талууд сэрээт ачигчийг 2024 оны 01 сарын 31-ний өдөр хүлээлцэж, акт үйлдсэн байх тул ...сэрээт ачигчийг хүлээлцэх үед зааварчилгаа, сургалт явуулсан... гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
6. Хариуцагч гэрээний үндсэн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь алданги тооцож, гэрээний үнэ 198,000,000 төгрөгөөс 45,342,000 төгрөгийг хасаж тооцсон байх тул дахин алданги тооцох эрхгүй.
Түүнчлэн, нэмэлт үүрэг буюу сургалт ороогүй, зааварчилгаа өгөөгүй гэдэгт үндэслэн алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.
7. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 183/ЕШ2024/05556 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар *******ийг томилсон шийдвэрийг албажуулсан, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* 2025 оны 01 сарын 14-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Шинээр өөрчлөн зохион байгуулагдсан шүүхэд ******* шүүгч ажиллаж байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг дахин томилох шаардлагагүй юм.
Иймд, ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийг үндэслэн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч шийдвэрлэсэн нь буруу... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.2. Анхан шатны шүүхээс 2025 оны 01 сарын 14-ний өдөр хийсэн үзлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, хөндлөнгийн гэрч *******, ******* нар байлцсан байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар байлцсан байна.
Иймд, анхан шатны шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн оноосон нэрийг ******* ХХК гэж тус тус бичиж техникийн алдаа гаргасан нь уг үзлэг, шүүх хуралдааныг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/24416 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 23,509,332 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулжээ.
Дээрх захирамжийг анхан шатны шүүх *******т хүргүүлсэн эсэх нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.4. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, даргалагч шүүгчээс талуудад шүүх хуралдаанд шинээр гаргах нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг асуухад зохигчид байхгүй гэсэн байна.
Иймд, ...*******, ******* нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Дээрхийг нэгтгэн дүгнээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 275,498 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР