| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/06860/И |
| Дугаар | 210/МА2025/00478 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00478
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04737 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******т холбогдуулан, ******* аймаг, ******* сум, *******-р баг, *******т байрлах 33.52 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 127.85 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 54.7 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0.8 га талбайтай чацаргана, жимс, жимсгэнэ тарих зориулалттай газар, 5 га талбайтай амралт, аялал жуулчлалын зориулалттай газар зэргийг нийт 741,142,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, 250 ква-ын дэд станцыг үнэлэлгүй орхигдуулсан, хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг баримтлаагүй... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/01071 дугаар захирамжаар хариуцагч *******ХХК, *******, ******* нараас 692,870,055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Сонгинохайрхан дүүргийн *******-р хороо, *******гийн зам 8/1 тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай эмнэлгийн ажилтны сууц, 8/2 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай эмнэлгийн ажилтны сууц, Хан-Уул дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, *******-р байрны ******* тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай нийтийн орон сууц, Сүхбаатар дүүргийн *******-р хороо, *******ын гудамж, *******-р байрны ******* тоот хаягт байршилтай 41.1 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, *******-р байрны ******* тоот хаягт байршилтай 55.55 м.кв талбайтай орон сууц, ******* аймгийн ******* сум, *******-р баг, *******т байршилтай 54.7 м.кв талбайтай ажлын байр, 127.85 м.кв талбайтай ажлын байр, 33.52 м.кв талбайтай ажлын байр, *******ны ард байршилтай 5 га талбайтай амралт, аялал жуулчлалын зориулалттай газар, 0.8 га талбайтай чацаргана, жимс, жимсгэнэ тарих зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг *******т даалгаж шийдвэрлэжээ.
5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь 2016 оны 10 сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүгчийн захирамжид тусгагдсан ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байршилтай 54.7 м.кв, 127.85 м.кв, 33.52 м.кв талбайтай ажлын байрууд, 5 га талбайтай, 0.8 га талбайтай газруудыг 2017 оны 07 сарын 28-ны өдөр битүүмжилж, 2017 оны 08 сарын 21-ний өдөр хураан авч, 2024 оны 09 сарын 03-ны өдөр эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд тус тус нийцжээ.
6. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******аас 2024 оны 09 сарын 03-ны өдөр шинжээчид хууль сануулж, хүлээх хариуцлагыг тайлбарлан өгчээ.
7. Шинжээч ******* нь ******* аймаг, ******* сум, *******-р баг, *******т байрлах 33.52 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 127.85 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 54.7 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0.8 га талбайтай чацаргана, жимс, жимсгэнэ тарих зориулалттай газар, 5 га талбайтай амралт, аялал жуулчлалын зориулалттай газар зэргийн зах зээлийн үнэ цэнийг нийт 741,142,000 төгрөгөөр тогтоожээ.
8. Шинжээч ******* нь үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж, чанар (хэмжээ, байршил, насжилт, бүтээц, хийц г.м)-ыг тодорхой тусгасан, үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Түүнчлэн, шинжээч ******* нь өмнө дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иймд, ... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг баримтлаагүй ... гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.
9. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/01071 дугаар захирамжид 250 ква-ын дэд станцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дурдаагүй тул уг эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шаардлагагүй юм.
Иймд, ... 250 ква-ын дэд станцыг үнэлэлгүй орхигдуулсан ... гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.
10. ******* нь хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд буюу 2023 оны 09 сарын 24-ний өдөр төлбөр төлөгч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д мэдэгдсэн болох нь *******аас *******д олгосон 2024 оны 04 сарын 29-ний өдрийн итгэмжлэл, *******ын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай 4-222/21613 тоот мэдэгдэл, холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон.
******* нь *******ХХК, ******* ХХК-иудын захирал тул ...*******аас *******д итгэмжлэл олгосон, харин *******ХХК, ******* ХХК-иудаас *******д итгэмжлэл олгоогүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
11. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж зөв дүгнэж, улмаар нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 07-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 183/ШЗ2024/21435 дугаар захирамжаас үзвэл нэхэмжлэгч *******ХХК нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2024 оны 09 сарын 30-ны өдөр анх гаргасан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулна. Энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР