Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 489

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч О.Ц /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Зүч овгийн О.Ц холбогдох эрүүгийн 1811026670550 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зүч овгийн О.Ц , 1994 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Таван толгой ХХК-д ажилдаг, ам бүл 5, ээж, хойд аав, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Нөмгөн сум 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй гэх боловч, одоо Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 5А байр 3 дугаар орц 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар И

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Эрдэнэцэцэгийг зодож эрүүл мэндэд нь “цээж, зүүн хөхний доор, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Т.Эрдэнэцэцэгийн сургууль дээр нь очсон. Бид хоёр тухайн үед үерхэж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Т.Эрдэнэцэцэгийн гар утсанд нэг хүнээс чат ирсэн байхаар нь тэр талаар асуухаар сургууль дээр нь очсон. Би Т.Энхцэцэгийн сургуулийн гадаа хүлээгээд байж байхад найзтайгаа хамт ирж байхаар нь юм асууя гээд гараас нь татахад хичээлтэй явахгүй гэсэн. Тухайн үед би хүчээр чирээд 100 айл өнгөрөөд цаашаа явсан. Энэ үед хамт явж байхад надад эсэргүүцэл үзүүлж байгаад газар унасан. Замдаа  бид хоёр үерхэж байхад чат бичсэн хүн чинь хэн юм бэ гэж асуухад надад ерөөсөө хэлэхгүй, чамд ямар хамаатай юм бэ гээд байсан. Би Т.Эрдэнэцэцэгийг ална шүү гэж хэлээгүй. Гэхдээ миний буруу, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Насанд хүрээгүй хохирогч Т.Эрдэнэцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны 13 цаг болох гэж байхад ангийн найз Сувдтай хамт сургууль орох гэтэл миний араас үерхэж байгаад салсан залуу Ц  чамаас юм асууя гээд сургуулийн хойд талруу гараас татаад явсан. Сургуулийн хойно очоод миний нүүр рүү толгойгоороо мөргөж миний хоолойг боож газарт унагасан. Тэгээд намайг татаж боогоод чамайг одоо ална гээд бэлхүүсний орчмоос базаад байран дундуур ороод 100 айл тал руу зам дагуулж явсан. Намайг дугарч уйлах юм бол ална шүү инээгээд яв намайг явахгүй болохоор хажуугаас чимхэж базаад байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/

Шүүгдэгч О.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...уурлаад явах гээд байхаар нь би явуулахгүй гээд зууралдаж ноцолдсон. Хүзүү болон биеийн бусад хэсгээр нь шалбарчихсан миний барьсан гар нь хөх болчихсон байсан..” гэх мэдүүлэг /хх 36-38/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10939 дугаар дүгнэлтнэд: “...Т.Эрдэнэцэцэгийн биед, зүүн хөхний доор, зүүн хацарт цус хуралт цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх 31/, ял шалгах хуудас /хх 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Эрдэнэцэцэгтэй маргалдан түүний эрүүл мэндэд нь “цээж, зүүн хөхний доор, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Т.Эрдэнэцэцэгийн “...намайг татаж боогоод чамайг одоо ална гээд бэлхүүсний орчмоос базаад...” гэх мэдүүлэг /хх 25-26/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10939 дугаар дүгнэлт /хх 31/, шүүгдэгч О.Ц ын  “...уурлаад явах гээд байхаар нь би явуулахгүй гээд зууралдаж ноцолдсон. Хүзүү болон биеийн бусад хэсгээр нь шалбарчихсан миний барьсан гар нь хөх болчихсон байсан..” гэх мэдүүлэг /хх 36-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч О.Ц т ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Насанд хүрээгүй хохирогч Т.Эрдэнэцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч М.Нямжаргал нар нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй бөгөөд “...гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зүч овгийн О.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохын тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН