Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 490

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Г.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

хохирогч С.Оюунболд, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Г.Аэд холбогдох эрүүгийн 1911013620569 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овгийн Г.А, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28-429б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДЮ.     

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-688 тоотод байрлах авто засварын газарт машинаа засвараас авахаар ирсэн С.Оюунболдтой “авто машиныг дутуу будсан” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар түүнийг зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Сүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогч С.Оюунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 400.000 төгрөгөөр тохирч Г.Аэд машинаа янзлуулахаар өгсөн. Өөрөө тохирсон хугацаа өнгөрсний дараа машин чинь болчихлоо ирээд ав гэж надад хэлсэн. Тэгээд очоод үзэхэд урд гүперын талыг нь будсан, хойд гүперын талыг нь будсан,  будгийн өнгө нь зөрчихсөн, замасктай хэсэг нь дутуу будагдсан байсан. Тэгээд дутуу байна гэж хэлэхэд гүйцээгээд янзлаад өгнө гэсэн. Тэгээд 2 хоног холбоо барьж чадаагүй. Гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Хэрэг гарсан өдөр би ажил дээр нь яваад очиход ажилтан нь Г.Аийг түлхүүр аваад явсан гээд засварын газар нь цоожтой байсан. Тэгээд өдөржин хүлээгээд ирэхгүй байхаар нь явчхаад буцаад ирэхэд хаалга нь онгорхой байсан хирнээ Г.А өөрөө байхгүй байсан. Орой 22 цагийн үед залгахад ажил дээрээ ирсэн байна гэсэн. Тэгээд би Г.Аэд очоод 2 хоногийн дотор гүйцээж янзалж өгнө гэж хэлчхээд яагаад гүйцээгээгүй юм бэ, би анхнаасаа чамд машинаа хүнд зарсан гэж хэлсэн шүүдээ гэж хэлсэн. Тэрнээс өөр би түүний нүүр рүү цохиогүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          Хохирогч С.Оюунболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...намайг Аагий руу уурлахад архичин гээд шууд намайг заамдаж аваад боох үед би газар унасан ...миний дээрээс 7-8 удаа хөлөөрөө дэвссэн учир би гараараа өөрийгөө хамгаалсан ...миний биед учирсан гэмтлийг Г.А учруулсан...гэх мэдүүлэг /хх 11-12/

Гэрч Б.Нэргүй нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 04-ны орой 21 цаг өнгөрч байх үед хүү С.Оюунболд гарч явснаас хойш 10 гаран минутын дараа над руу утсаар яриад засварын залуу намайг зодоод байна гэсэн тэгээд би тэр засварын газарт очиход манай хүүг Аагий гэх залуу заамдсан байсан. ...Оюунболдын зүүн гар өвдөөд байна гэсний дагуу гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлэхэд гар нь хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх 21-22/

Гэрч Б.Алтай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2019 оны 05 дугаар сарын 04-ны орой 21 цагийн үед манай нөхөр А гэртээ амарч байтал утсанд нь дуудлага ирээд нэг хүнтэй ярьснаа гараад явчихсан. Тэгээд гарч явснаас хойш цаг орчмын дараа орж ирэхдээ согтуу хүн машинаа нэхээд агсам тавьж намайг цохиж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 24-25/

Гэрч Б.Номтөгс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр ажлын байран дээрээ ганцаараа байж байтал 14 цагийн үед С.Оюунболд согтуу хүрч ирээд машинаа харснаа миний машиныг дутуу янзалсан байна. А хаана байна гэхээр нь одоо ажил дээрээ байхгүй байна гэхэд утасны дугаарыг нь өгчих гээд надаас утасны дугаарыг нь аваад залгахад А дуудлагын аваагүй юм. ...Намайг тухайн өдрийн орой засварын газрын гадаа ирэх үед С.Оюунболд, Г.А хоёр хоорондоо зодолдоогүй. Харин С.Оюунболд А рүү дайрч цохиж авах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5546 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...С.Оюунболдын биед зүүн сарвууны 2-р шивнүүрийн хугарал, цээжний зүүн талд 7-р хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн авчилт, цээж, хэвлийнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх 43/

Шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...22 цагийн орчим манай засварын газарт согтуу ирээд үгийн зөрүүгүй шууд миний толгой руу 7-8 удаа цохиод авсан учир би өөрийгөө хамгаалж түүнийг түлхэж унагаад цээж болон гаран тус газар нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 60-61/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 69/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-688 тоотод байрлах авто засварын газарт машинаа засвараас авахаар ирсэн С.Оюунболдтой “авто машиныг дутуу будсан” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар түүнийг зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Оюунболдын “...миний биед учирсан гэмтлийг Г.А учруулсан...” /хх 11-12/, гэрч Б.Нэргүйн “...би тэр засварын газарт очиход манай хүүг Аагий гэх залуу заамдсан байсан...” /хх 21-22/, гэрч Б.Номтөгсийн “...намайг тухайн өдрийн орой засварын газрын гадаа ирэх үед С.Оюунболд, Г.А хоёр хоорондоо зодолдоогүй. Харин С.Оюунболд А рүү дайрч цохиж авах гээд байсан...” гэх мэдүүлгүүд /хх 27-28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5546 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх 43/, шүүгдэгч Г.Аийн “...би өөрийгөө хамгаалж түүнийг түлхэж унагаад цээж болон гаран тус газар нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 60-61/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Г.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч С.Оюунболд нь эмчилгээний зардалд 159.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, шүүгдэгч Г.А нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн байна. Мөн хохирогч нь дээрх гэмт хэргийн улмаас 2 сар ажлаа хийж чадаагүй учир ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримт хангалтгүй байх тул хохирогч С.Оюунболд нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овгийн Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аэд 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.А нь хохирогч С.Оюунболдод хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН