Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00480

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/05137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт нийт 458,794,767 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Манай компани нь ******* ХХК-тай 2022 оны 11 сарын 09-ний өдөр УХАТГ-2022/04 дугаартай Улс хоорондын ачаа тээврийн гэрээ-г байгуулан ******* аймгийн ******* сумын нутагт байрлах гаалийн хяналтын талбайгаас ******* ХХК-ийн худалдаж авсан нүүрсийг өөрийн вагоноор буюу төмөр замаар тээвэрлэлт хийж БНХАУ-ын Эрээн хотод ******* ХХК-ийн заасан талбайд 1 тн-ыг 200 юаниар тээвэрлэхээр тохиролцож, 2022 оны 11 сарын 12-ны өдөр нийт 3,240.9 тн нүүрсийг тээвэрлэж БНХАУ-ын Эрээн хотод заасан талбайд нь хүргэж өгсөн боловч гэрээнд заасан төлбөр болох 648,180 юань буюу 305,863,178 төгрөгийг төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Бид хариуцагч ******* ХХК-д тээврийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөхгүй байна. Мөн гэрээний 5.2-т зааснаар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг үндэслэн 342,090 юань буюу 152,931,589 төгрөгийн алданги тооцон нэхэмжилж байна.

Иймд гэрээний үндсэн үүрэг 648,180 юань буюу 305,863,178 төгрөг, алданги 324, 090 юань буюу 152,931,589 төгрөг, нийт 972,270 юань буюу 458,794,767 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: 2022 оны 11 сарын 09-ний өдрийн улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ нь зохигчийн хооронд байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхгүй. Тухайн гэрээ байгуулагдах үед буюу 2022 оны 11 сарын 09-ний өдөр хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байсан бөгөөд *******д компанийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй, гүйцэтгэх захирал ******* өөрөө гарын үсэг зураагүй. Үүнээс үзвэл зохигчийн хооронд байгуулагдсан гэх гэрээнд тээвэрлүүлэгч буюу хариуцагч анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлээгүй, тус гэрээний оролцогч болоогүй байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1, 386 дугаар зүйлийн 386.1, 386.2-т гэрээг бичгээр байгуулах, түүнийгээ нотлох үүргийг тогтоож, мөн тухайн гэрээ буюу дагалдах бичгийн хэлбэр, агуулгыг нарийвчлан зохицуулсан. Дээрх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, тээвэрлүүлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл, түүний үндсэн дээр байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх ба анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх, нэхэмжлэгчид шаардах эрхийг бий болгох хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний 2.4, 2.5-д тээвэрлэлтийн төлбөрийг тухай бүр урьдчилан төлснөөр ачилтыг эхэлнэ, нэг тээвэрлэлтэд 3,200 тн нүүрс ачаад тэрнийхээ 50 хувь болох 320,000 юань төлснөөр тээвэрлэгч нь нүүрс ачилтыг эхлүүлэх бөгөөд хүргэнэ гэж заасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд вагонд нүүрс ачилтыг хийхгүй, мөн БНХАУ-ын Эрээн хотод нүүрсийг хүлээлгэн өгөхгүй гэж заасан байхад хариуцагчаас мөнгө шаардсан нь ойлгомжгүй. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт ******* ХХК нь гаалийн хилээр ямар нэгэн бараа гаргасан байна. ******* ХХК нь барааг улсын хилээр гаргасантай холбоотой баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч энэ ачааг тээвэрлэсэн нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дүгээр зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 458,794,767 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,451,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,451,923 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл хийгдсэн гэх нэг ч баримт байхгүй. Харин хариуцагчийн урьд бичиж өгсөн ийм гэрээтэй бол төлөх нь зөв байх аа гэсэн анхны сэтгэгдэлдээ хөтлөгдөн бичиж өгсөн ******* ХХК-ийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 01/01 тоот Тайлбар хүргүүлэх тухай богинохон тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэж буй нь үндэслэл муутай болжээ.

4.2. Маргааны жинхэнэ үйл баримтаас дурдвал зохигчдын хооронд байгуулагдсан гэх тухайн гэрээг нэхэмжлэгч компани өөрөө өөртэйгөө байгуулсан бөгөөд БНХАУ-ын 2 иргэнтэй харилцан тохиролцож, хариуцагч компанийн нэрийг оруулж, тамгыг хууль бусаар ашиглан байгуулсан байгаа юм. Ингэхдээ хариуцагч компанийн тухайн үеийн захирлыг андуурч, хуучин захирал *******гийн нэрээр үйлдсэн байхаас гадна гэрээний 2.5-д зааснаар урьдчилгаа 320,000 юанийн төлбөрийг хариуцагч ******* ХХК-аар төлүүлэхгүйгээр нүүрс тээвэрлэлтээ хийсэн нь хачирхалтай бөгөөд энэ гэрээнд хариуцагч хамааралгүй болохыг нь илэрхийлж байгаа юм.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т хийсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Учир нь, дан ганц компанийн тамгыг дарсан эсэх нь тухайн гэрээг хүчин төгөлдөр болгох эрх зүйн үндэслэл болохгүйгээс гадна тухайн үеийн гүйцэтгэх захирал ******* болон одоогийн гүйцэтгэх захирал *******гийн урд хожид уулзаж, таарч, харж байгаагүй *******д төлөөлөх эрхтэй мэт ойлголт төрүүлсэн гэсэн нь ор үндэслэлгүй, зохиомол дүгнэлт болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хоорондоо огт тааралдаж байгаагүй 3 өөр гүйцэтгэх захирал яаж бие биедээ төлөөлөх эрхийн ойлголт өгсөн гэж шүүхийн зүгээс үзээд байгаа нь тодорхойгүй бөгөөд утгагүй.

4.4. Гэрээ байгуулагдах үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь гэрчийн мэдүүлэгтээ зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний талаар мэдээгүй, харж байгаагүй, гэрээ байгуулсан гэж нэр бичигдсэн *******д итгэмжлэл олгож байгаагүй, компанийн тамга өөрт нь байгаагүй, өөр хүнд явж байсан, нүүрс тээвэрлэлтийн талаар огт сонсож байгаагүй талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүх өөр хүнд тамга явж байвал тэр хүнд итгэмжлэл олгосон, ******* гэх хүнд хариуцагчийг төлөөлөх эрхтэй мэт ойлголтыг өгсөн хэмээн дүгнэж байгаа нь сонирхолтой бөгөөд үндэслэлгүй.

4.5. Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл *******гаас хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******, ******* нар нь БНХАУ-ын иргэн *******, ******* нараас хувьцаа худалдан авч, улмаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримт харагдах бөгөөд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагаас гарсан *******д төлөөлөх эрх олгох, улмаар 458,794,767 төгрөгийн хариуцлага хүлээх нь энгийн хүнээс гарахгүй нь ойлгомжтой.

4.6. Шүүх хариуцагч компанийн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг хэрэглэхдээ хариуцагч компанийн гүйцэтгэх захирал *******гийн хариу тайлбарт үндэслэсэн нь маргааны үйл баримттай авцалдахгүй, буруу дүгнэлт болжээ. Дээрх зохицуулалт нь захирал *******гэ нь гэрээнд гарын үсэг зурсан *******д компанийг төлөөлж болох мэт ойлголт аливаа хэлбэрээр төрүүлсэн буюу нөхцөл бүрдүүлсэн, улмаар ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай хэлцэл хийсэн бол төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Гэтэл итгэмжлэл олгосон, төлөөлөх эрхтэй мэт ойлголт төрүүлсэн гэх ямар ч бодит факт, харилцан үйлдэл, эс үйлдэл үзүүлээгүй байхад дан ганц өөрчлөгдсөн хариу тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг хариуцах ёсгүй, хариуцагч биш этгээдэд хариуцлага хүлээлгэх нь шударга бус бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй 11-2131009-22-E35334 дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг нь гадаад хэлээр бичигдсэн байх бөгөөд тус баримтуудын Монгол хэл дээрх албан ёсны орчуулга хийгдээгүй, хэрэгт авагдаагүй байхад тус баримтад үндэслэн нотлох баримтыг үнэлэх нь буруу. Тэр баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр Гаалийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд нэхэмжлэгчээс нотлох баримтын шаардлагыг хангах талаар ажиллагаа хангаагүй.

4.8. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримтыг шаардах эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй бөгөөд улмаар энэ нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн шүүх ...мэдүүлсэн нүүрсийг хэрхэн тээвэрлэсэн болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтыг анхнаасаа буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнтэй холбоотой бөгөөд өөрсдийн мэдэхгүй харилцаа, түүний фактыг шууд нотлох бодит байдлын боломжгүй.

Иймд гэрээний харилцаанд оролцоогүй, хариуцах ёсгүй хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 648,180 юань буюу 305,863,178 төгрөг, алданги 324,090 юань буюу 152,931,589 төгрөг, нийт 972,270 юань буюу 458,794,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд ороогүй, гэрээнд төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн 6-7-р талд зохигчдын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 11 сарын 09-ний өдрийн Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ авагдсан, уг гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал гэж *******, ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал гэж ******* нар гарын үсэг зурж, компаниудын тамга даржээ.

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх ба хариуцагчийн гаргасан ...тээвэрлэлтийн гэрээ, хэлцэл огт хийгдээгүй, шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:

4.1. ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзвэл ******* нь 2014 оны 09 сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан болох нь тогтоогдож байна.

******* нь компанийн тамгыг эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдахаас 5 хоногийн өмнө ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн гэдгийг ******* ХХК мэдэх боломжгүй юм.

4.2. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2024 оны 01 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...3,240.9 тн нүүрсийг ******* ХХК-тай 2022 оны 11 сарын 09-ний өдөр Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан БНХАУ-ын Эрээн хотод буулган ажилласан..., ...Өвөр Монголын ******* ХХК нь тээврийн төлбөр болох 305,863,178 төгрөг, алданги 152,931,589 төгрөг, нийт 458,794,767 төгрөгийг шилжүүлбэл бид тус компанийн нэхэмжилж буй төлбөрийг барагдуулах болно... гэж дурджээ.

Түүнчлэн, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь 2024 оны 06 сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ ...Хариуцагч тал нь нэхэмжлэгч талаар БНХАУ руу тээвэрлүүлсэн нүүрсээ нүүрсний үнэ өсч ... худалдах боломж бүрдэж байгаатай холбогдуулан талуудыг төлбөр төлөх хугацаагаа тохиролцож эвлэрэх боломж олгож нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү... гэж дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана... гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, ... -ийн тайлбар, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж, 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж тус тус зохицуулсан тул анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтийг үнэлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

4.3.  Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 01-1.2/4350 тоот албан бичиг, түүнд хавсаргагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Гаалийн мэдүүлгийн хавсралт зэрэг баримтад илгээгч нь ******* ХХК, хүлээн авагч улс нь БНХАУ, барааны нэр төрөл нь нүүрс, хэмжих нэгж, тоо хэмжээ нь 3240,9 тн гэж тэмдэглэсэн нь нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсантай тохирч байна.

5. Иймд, анхан шатны шүүх 2022 оны 11 сарын 09-ний өдрийн Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний 2.1-т заасны дагуу нүүрс тээвэрлэлтийн хөлс 648,180 юань буюу 305,863,178 төгрөг, 5.2-т заасны дагуу алданги 324, 090 юань буюу 152,931,589 төгрөг, нийт 458,794,767 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус нийцсэн гэж үзнэ.  

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/05137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 2,451,923 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР