Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 221/2023/0086/З |
Дугаар | 001/ХТ2024/0117 |
Огноо | 2024-11-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/0117
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа
холбооны зохицуулах хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Х.Эрдэнэсувд
Илтгэгч шүүгч Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/0028 дугаар шийдвэртэй хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн давж заалдах гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Г.О, өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Т.М, А.Б, С.Я, өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Ө.Ж, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Э.Э-Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “О” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана” гэж заасныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг баталсан байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалтад радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд “шилжүүлэн” ажиллуулах тухай заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8, Радио долгионы тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 11 дүгээр зүйлийн 11.6.2-т заасан зохицуулалтаас харахад радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд “шилжүүлэн” ажиллуулах нь агуулгын хувьд радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйлдэл болж байна. Зөвшөөрлийн тухай хуульд сонгон шалгаруулалтаар олгохоор заасан тусгай зөвшөөрөл болон тус Хуваарилалтын хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгохоор заасан радио давтамжийн зурвасыг маргаан бүхий заалтаар сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлэх замаар олгохоор зохицуулсан нь хууль зөрчсөн. Өмнөх үеийн технологид ашиглагдаж байх үед үүссэн давтамжийн тэгш бус, шударга бус хуваарилалтын тогтолцоо дараа үеийн технологид шилжихэд хадгалагдан үлдэж шударга бус өрсөлдөөнийг үргэлжлүүлэх нөхцөлийг маргаан бүхий заалт бий болгосон.
3.2.Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний хүснэгт батлан мөрдүүлсний үндсэн дээр сонгон шалгаруулалтын журмаар радио давтамж хуваарилагдахаар байтал, Зохицуулах хороо нь маргаан бүхий заалт оруулан журмыг баталж зах зээлд давамгай байдалтай, хамгийн их давтамж эзэмшиж байгаа аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн давтамжаа дараа үед ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн, тусгай зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвасыг шилжүүлэн ашиглахыг зөвшөөрсөн хуулийн ямар ч зохицуулалт байхгүй.
3.3.Мөн 4.3 дахь заалтын Хүснэгт 2, 4.8 дахь заалтын Хүснэгт 3 нь төлөвлөлт, хуваарилалтын агуулгатай нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ буюу “журам” байна. Зохицуулах хороо нь Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т заасны дагуу радио давтамж, радио давтамжийн зурвасын “хуваарилалт хийх” буюу яамны хуваарилсан журамд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэгтэй. Гэтэл маргаан бүхий журмыг батлах замаар өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн нь хууль бус байна. ... “О” ХХК нь үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор давтамж зурвас авахаар удаа дараа хүсэлт гаргасан хэдий ч олгохоос татгалзсан. Энэ нь Зохицуулах хороо радио давтамжийг субьектив байдлаар төлөвлөж, үр ашиггүй хуваарилалт хийсэнтэй шууд холбоотой төдийгүй давтамж олгодог байгууллага нь төлөвлөж, хуваарилалт хийх замаар давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд илүү их хэмжээний давтамж олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэж маргажээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1.“... Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2, 51.1.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд Зохицуулах хороо нь төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Бодлогын чиглэл, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тус тус үндэслэн “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий 4.5 дахь заалт нь бодлогын чиглэлийн дагуу оператор компаниуд нь өмнөх үеийн хөдөлгөөнт холбоо буюу 2G, 3G-д одоо ашиглаж буй радио давтамжаа уг тусгай зөвшөөрлийнхөө хүчинтэй хугацаандаа дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу 4G, 5G сүлжээнд шилжүүлэн ашиглах боломжтойг сануулсан заалт тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүйгээс гадна, радио давтамжийн эрэлт хэрэгцээ, үр ашгийг нэмэгдүүлэх, радио давтамжийн бодлогын заалт тул 4.5 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.2.Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т зааснаар Зохицуулах хороо нь дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвасыг салган авч, зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлж баталдаг. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд радио давтамжийн зурвас/сувгийн хуваарилалтыг хийж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Гуравдагч этгээд “С” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу радио давтамжийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох зохицуулалт нь Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө олгогдсон, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй, тусгай зөвшөөрлийн хувьд хүчинтэй байх хугацаанд маргаан бүхий заалтад заасны дагуу шилжүүлэн ашиглах боломжтой. Харин хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмаар олгохоор байна. ... Дараа үеийн буюу 5G сүлжээний радио давтамжийн тухайд Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгон шалгаруулалтаар олгохоор зохицуулсан бөгөөд Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, холбогдох журмаар тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг баталсан гэж үздэг. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
6.Гуравдагч этгээд “Ю” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Маргаан бүхий заалт нь аливаа хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд харин ч олон улсын цахилгаан холбооны байгууллага, дэлхийн бусад орнууд, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд баримталдаг жишгийн дагуу хийгдсэн зохицуулалт юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дугаар тушаалаар үндэсний радио давтамжийн хүснэгтэд тодорхойлсон, одоо эзэмшиж байгаа радио давтамжийн хүчинтэй хугацаа нь дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмаар дахин олгохоор болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж,
7.Гуравдагч этгээд “М к” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Журмын төслийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос урьдчилан боловсруулж, харилцаа холбооны салбар компаниудад төслийг хүргүүлэн санал авсан бөгөөд нэхэмжлэгч компаниас хамгийн их буюу 35 санал гаргасан тул журмын боловсруулалтад өөрөө оролцсон гэж үзэх үндэслэлтэй. Харилцаа холбооны салбар компаниуд хуулийн шаардлагын дагуу тодорхой хугацаанд ашиглах эрхтэй авсан радио давтамж бүхий тусгай зөвшөөрлүүдээ техник технологийн шинэчлэлийн дагуу сайжруулан ашиглахыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус харилцааг зохицуулсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалт холбогдох хуульд нийцсэн. Нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргажээ.
8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Үүнд:
8.1.“... Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалт нь аливаа хууль, тогтоомжийг зөрчөөгүй. Дээрх хэм хэмжээний актын төслийг Зохицуулах хорооноос урьдчилан боловсруулж, харилцаа холбооны салбар компаниудад төслийг хүргүүлэн санал авсан байх бөгөөд нэхэмжлэгчээс 35 санал гаргаж хүргүүлсний 25 саналыг нь хүлээн авч тусгажээ.
8.2.Мөн дээрх заалтад бодлогын чиглэлийн дагуу оператор компаниуд нь өмнөх үеийн хөдөлгөөнт буюу 2G, 3G-д одоо ашиглаж буй радио давтамжаа уг тусгай зөвшөөрлийнхөө хүчинтэй хугацаандаа дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу 4G, 5G сүлжээнд шилжүүлэн ашиглах боломжтой талаар зохицуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд 5G технологид сонгон шалгаруулалтын журмаар шинээр олгохоор байна. Иймд журмын 4.5 дахь заалт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид бодитоор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна.
8.3.Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т зааснаас үзэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио давтамжийн хуваарилалтыг хийх харилцааг зохицуулдаг ба өөрт тусгайлан олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд журмыг баталсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг батлах эрх хэмжээгүй, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй ...” гэх зэргээр дүгнэсэн байна.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
9.1.Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалт “аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэхээр байна, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид бодитоор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй ...” гэж тус тус дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн.
9.2.Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: Харилцаа холбооны зохицуулах хороонд “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг батлах бүрэн эрх байгаа эсэх, тухайн журмыг нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй эсэх дээр огт маргаагүй, харин журмын 4.5 дахь заалт хууль зөрчсөн тул хүчингүй болгуулахыг хүссэн боловч шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсгүүдэд огт маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байх ба энэ нь шийдвэртэй хэрхэн уялдах нь ойлгомжгүй, хэрэгт хамааралгүй байна. Түүнчлэн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.4-т “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “ ... гэж заасан нь аливаа хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэхээр байна” гэж шийдвэрийн бусад үндэслэл, агуулгатай огт холбогдоогүй бие даасан дүгнэлт хийжээ. Энэхүү дүгнэлтийг ямар үндэслэлээр, ямар нотлох баримтад тулгуурлан хийснээ тайлбарлаагүй. Нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар няцаалт гаргаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
9.3.“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалт нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актад үндэслэсэн учир хүчингүй. Радио давтамжийн зурвас ашиглах “технологи” нь тусгай зөвшөөрлийн үндсэн нөхцөлд хамаарна. Тиймээс, шинэ үеийн технологид шилжүүлэн ашиглахыг зөвшөөрөх нь тусгай зөвшөөрөл шинээр олгох үйлдэл бөгөөд холбогдох хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг баримтлах ёстой. Хууль, бусад хэм хэмжээний актад дараа үеийн хөдөлгөөнт холбоонд ашиглах радио давтамжийг сонгон шалгаруулалтаар олгохоор заасан байтал сонгон шалгаруулалтгүйгээр дараа үеийн технологид ашиглах хууль бус боломж нээсэн. Хороонд хуульд зааснаас бусад тохиолдолд “Шилжүүлэн ашиглах” зөвшөөрөл олгох эрх олгосон хуулийн ямар ч зохицуулалт байхгүй буюу хуулиар олгогдоогүй эрхийг хууль бусаар өөртөө бий болгосон.
9.4.Нотлох баримт буруу үнэлсэн тухайд: Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.5-д “... нэхэмжлэгч “О” ХХК-аас 35 санал гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлснээс 25 саналыг нь хүлээн авч тусгажээ” гэж дүгнэсэн. Гэтэл шүүх тус дурдсан 35 саналын 34 нь маргаан бүхий заалттай холбоогүй бөгөөд Зохицуулах хорооны зүгээс хүлээж авсан 25 санал ч мөн хамааралгүй болох үйл баримтыг анхааран үзсэнгүй. Журамтай холбоотой 35 санал гаргасны дотор 4.5 дахь заалтыг бүхэлд нь хасах санал гаргасан ч саналыг огт хүлээж авалгүй журмын төслийг баталсан.
9.5.“... Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулан шилжүүлэн ашиглах зохицуулалт, өөрөөр хэлбэл технологиос үл хамаарах энэ зарчмыг баримталсан санал дээр саналаа гаргаж байсан. Гэхдээ боловсруулалтын ажлын хэсэг “энэ бол Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас гаргасан бодлогын чиглэлд маш тодорхой заасан учраас бид нар бодлогын чиглэлээ дагана, төрийн захиргааны төв байгууллагын бодлогоо дагана гэдэг утгаар баримт бичигтээ хэвээр үлдээж өгсөн ...” гэх тайлбарыг өгсөн. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан саналыг хүлээж аваагүй байдлыг харгалзан үзэлгүй, хэрэгт ач холбогдолгүй буюу маргаан бүхий заалттай холбоогүй саналыг Зохицуулах хороо хүлээн авсан талаарх нотлох баримтыг үндэслэсэн нь буруу.
9.6.Хууль буруу хэрэглэсэн тухайд: Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.6-д “... 4.5-д бодлогын чиглэлийн дагуу оператор компаниуд нь өмнөх үеийн хөдөлгөөнт буюу 2G, ЗG-д одоо ашиглаж буй радио давтамжаа уг тусгай зөвшөөрлийнхөө хүчинтэй хугацаандаа дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу 4G, 5G сүлжээнд шилжүүлэн ашиглах боломжтой талаар зохицуулсан байх ба тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд 5G технологид сонгон шалгаруулалтын журмаар шинээр олгохоор байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
9.7.Зөвшөөрлийн тухай хууль болон Радио долгионы тухай хууль, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дугаар тушаалаар баталсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт” (“Үндэсний хүснэгт” гэх)-ийн аль алинд нь 5G технологид ашиглах радио давтамжийг “сонгон шалгаруулалт”-аар олгохоор заасан. Шүүх 2023 оны А/42 дугаар тушаалын 2 дахь заалт нь “... хүчин төгөлдөр эзэмшиж байгаа радио ... давтамжийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлсүгэй.” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалсан (захиргааны байгууллагын итгэл хамгаалах зарчмын хүрээнд хүчинтэй хугацаа дуусахаас нь өмнө олгосон тусгай зөвшөөрлийг хөндөхгүй байх ойлголт) зохицуулалтыг сонгон шалгаруулалтгүйгээр 5G технологид ашиглах эрх олгосон (өмнөх үеийн технологид ашиглахаар радио давтамжийн тусгай зөвшөөрөл авсан этгээдэд) заалт мэтээр буруу дүгнэжээ. Дээр дурдсанаар хуульд 5G технологид ашиглах радио давтамжийг сонгон шалгаруулалтаар олгохоор заасан байхад хэм хэмжээний актаар түүнтэй шууд зөрчилдсөн, үгүйсгэсэн буюу сонгон шалгаруулалтгүйгээр 5G технологид ашиглахаар зохицуулж байгааг шүүх анхаарсангүй.
9.8.Ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар буруу дүгнэсэн тухайд: Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.7-д “Иймд ... 4.5 дахь заалт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид бодитоор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй ...” гэж дүгнэсэн. Дээр тайлбарласанчлан дурдсан үндэслэлүүд нь буруу байхад шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь шударга бус. Түүнчлэн, нэхэмжлэгч харилцаа холбооны тэр дундаа радио долгионы тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувиар маргаан бүхий журмын үйлчлэл шууд чиглэсэн, түүний зохицуулалтад өртөж байгаа этгээд юм. Радио давтамж нь хязгаартай нөөц бөгөөд салбарын технологийн дэвшил, хөгжил, шударга өрсөлдөөнийг дэмжих зөв балансыг барих үүднээс зохицуулах байгууллага болох Зохицуулах хороо үйл ажиллагаа явуулж, зохицуулалт хийдэг. “О” ХХК нь тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа таван байгууллагын нэг, өрсөлдөгчийн хувиар тус салбарын хязгаартай нөөцийн хуваарилалт шударга бус бөгөөд буруу хийгдэхэд шударгаар өрсөлдөх эрх нь хөндөгдөж, бизнесийн өсөлт, хөгжилд нь шууд нөлөөлдөг.
9.9.Журмын 4.5 дахь заалт хүчинтэй үйлчилснээр 5G технологийн өрсөлдөөнд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүд тэгш бус гараанаас оролцох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 4 дахин их давтамжтай компани зарим давтамж дээрээ өмнөх үеийн технологиор үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, бусад давтамж дээрээ дараа үеийн 5G технологи дээрээ үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн төлбөрийн болон бусад аливаа нэмэлт үүрэг, саад бэрхшээлийг (сонгон шалгаруулалт байхгүй учраас) туулахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэнэ. Тэр хооронд цөөхөн давтамжтай нэхэмжлэгчийн хувьд дараа үеийн 5G технологи руу орохын тулд сонгон шалгаруулалт зарлахыг хүлээх, зарлагдсан хугацаанд нь нэмэлт төлбөрийн болон бусад үүрэг, саад бэрхшээлийг туулан байж орно. Энэ бол 5G технологийн өрсөлдөөнд талуудад тэгш бус, шударга бус гарааг тулгаж буй хууль бус үйлдэл юм.
9.10.Харин дээрх заалт хүчингүй болсноор давтамжийн тэгш бус, хэт ялгамжтай хуваарилалт бүхий хүндрэлтэй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгчийн шударгаар өрсөлдөх, үйлчлүүлэгчдэдээ чанартай, хүртээмжтэй, өндөр технологийн үйлчилгээ үзүүлэх, бизнесээ шударгаар эрхлэх боломжоор хангагдах эрх ашиг сэргэж, улмаар 5G технологийг нэвтрүүлэх тэгш боломжоор хангагдана. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, сэргэх эрх, ашиг сонирхол байхгүй гэсэн шүүхийн дүгнэлт илт үндэслэлгүй.
9.11.Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд, шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “... Зохицуулах хороо нь радио давтамжийн хуваарилалтыг хийх харилцааг зохицуулдаг ба өөрт тусгайлан олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх журмыг баталсан гэж үзэхээр байна” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш, нотлох баримт буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн.
9.12.Нотлох баримт буруу үнэлсэн тухайд: “Журмын 4.3-ын Хүснэгт 2-т тодорхойлсон дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг хийхдээ “Олон улсын хөдөлгөөнт холбооны стандартчиллын 3GРР байгууллагаас баталсан радио давтамжийн зурвасын хуваарилалт”-ыг мөрдөх, мөн 4.9-д “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглагдах Хүснэгт 2, 3-т үзүүлсэн радио давтамжийн зурвасуудыг 3GРР байгууллагаас баталсан суваг үүсгэх зурвасыг өргөнөөр хуваарилна” гэж тус тус заасан ба уг 3GРР байгууллагаас баталсан баримт бичиг нь хавтаст хэрэгт авагдсан. Зохицуулах хороо маргаан бүхий хүснэгтээр радио давтамжийн зурвасыг хуваарилахдаа 3GРР байгууллагаас баталсан баримт бичигт заасан 2x30 хэмжээг зөрчиж 2x15 болгон багасган тайрсан, улмаар Монгол Улсад хуваарилагдаагүй N15 ангиллын давтамжийг нэмж оруулан баталсан нь хууль болсон байхад энэ нотлох баримтыг шүүх шийдвэр гаргахдаа үнэлээгүй.
9.13.Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нам давтамж буюу 800 орчмын давтамж дээр нэхэмжлэгчээс удаа дараа хүсэлт гаргасан боловч нэмж олгоогүй, зөвхөн 2x5 хэмжээгээр олгосон. 2x5 хэмжээ нь хэт бага бөгөөд үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа юм. Дээр дурдсанчлан Зохицуулах хороо 3GРР байгууллагаас баталсан баримт бичгийг зөрчиж давтамжийн төлөвлөлт хийснээр давтамжийг үр ашигтай хуваарилах зарчим алдагдаж, нам давтамж байхгүй байгууллагыг хохироож байна. Нам давтамж нь зузаан бетон ханыг нэвтлэх, доод давхрууд, лифт гэх мэт газарт сүлжээ тасрахгүй байлгах боломж олгодог бөгөөд нэхэмжлэгч үйлчилгээ үзүүлэх цар хүрээний нам давтамжгүйн улмаас үйлчилгээнийх нь чанар өрсөлдөгч байгууллагатай харьцуулахад дор, хүндрэлтэй байгаа. Харин шүүх дурдагдсан нотлох баримтууд, тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар огт дүгнэлт өгөлгүйгээр, орхигдуулан шийдвэр гаргасан нь нотлох баримтыг бодитойгоор үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй.
9.14.Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар радио давтамжийн зурвасыг төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах журам батлах бүрэн эрх нь зөвхөн Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, харин Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар “Радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх” эрхийг Зохицуулах хороонд олгожээ. Өөрөөр хэлбэл, холбогдох хуульд заасан төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах гэсэн тусдаа ойлголт байхад тэдгээрийн ялгаа заагт шүүхээс дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Зохицуулах хороо нь яамны баталсан төлөвлөгөөний дагуу хуваарилалт хийх юм. Гэтэл яам төлөвлөгөө батлаагүй байхад Зохицуулах хороо төлөвлөлтийн шинжтэй хүснэгт баталсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг харгалзан үзсэнгүй. Мөн Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1.2-т заасан Яам болон Зохицуулах хорооны эрх, түүний хүрээ хязгаарыг хуульд үндэслэх замаар бүх талаас нь үнэлсний үндсэн дээр шийдвэр гаргах байсан боловч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.
10.Шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг (амаар болон бичгээр) тус тус өгөв.
ХЯНАВАЛ:
11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
12.Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т “радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах ...” бүрэн эрхийн дагуу хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг (цаашид “журам” гэх) баталсан байна. Энэхүү эрх зүйн баримт бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын үндсэн шинжийг агуулсан ба энэ талаар талууд маргаагүй.
13.Хариуцагч дээрх журмыг батлах эрхтэй боловч 4.5 дахь хэсэгт “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад ДҮХХ-ны (дараа үеийн хөдөлгөөнт холбооны) системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль, журмын дагуу оруулж ашиглана.” гэж заасан нь эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.
14.Радио долгионы тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Тусгай зөвшөөрөлд радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, хүчин чадал, технологи, зөвшөөрлийн хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Тусгай зөвшөөрөл авах өргөдөлд Харилцаа холбооны тухай хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна дараахь баримтыг хавсаргана:”, 10.1.2-т “радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглах радио давтамжийн зурвас, радио давтамж, технологи”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8, 8.2 дугаар зүйлийн 8.3-т заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 10.1, 13.3-т заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянана”, мөн зүйлийн 11.4-т “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсноос гадна ижил радио давтамжийг нэг нутаг дэвсгэрт ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгоно”, 11.6-д “Сонгон шалгаруулалтын үнэлгээнд дараах нөхцөлийг харгалзан үзнэ:” 11.6.2-т “техник, технологийн сонголт, үзүүлэлт”, 11.7-д “Энэ хуулийн 11.6-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно” гэж тус тус зааснаас үзвэл радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг олгоход харгалзан үзэх, мөн тусгай зөвшөөрөлд заавал заах нэг нөхцөл нь “технологи” байна.
15.Өөрөөр хэлбэл, “технологи” нь радио давтамжийн зурвас ашиглах гол нөхцөл нь байх тул тусгай зөвшөөрөл олгоно гэдэг нь угтаа радио давтамжийн зурвасыг ашиглах сүлжээний төрөл буюу ашиглагдах технологийн зөвшөөрөл гэж ойлгогдохоор байна. Ийм ч учир нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүд нь радио давтамжийн зурвас бүрт ашиглагдах технологиороо ялгаатай байдаг байна (жишээ нь зөвшөөрлийн дугаар 24320010, радио давтамж 847-852МГц зө:5МГц, технологи 4G гэх мэт).
16.Иймээс маргаан бүхий журмын 4.5 дахь заалтаар радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах нь “агуулгын хувьд тусгай зөвшөөрөл олгох үйлдэл” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, учир нь технологио дагаад зурвас ашиглах эрх нь шууд олгогдохоор байна. Технологи өөрчлөгдөхөд хуулийн дагуу “сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл авах ёстой” гэдэг дээр талууд нэг байр суурьтай, гагцхүү “үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаандаа “технологиос үл хамаарах зарчим”-ын дагуу дараа үеийн технологид шууд шилжих боломжтой, харин зөвшөөрлийн хугацаа дуусах үед сонгон шалгаруулалт явуулна” гэсэн тайлбарыг хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс өгдөг.
17.Гэвч нэгэнт хуулиар тусгай зөвшөөрлөөр олгогдох ёстой эрхийг маргаан бүхий журмын заалтаар “үйлчилгээ эрхлэгч нь 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг оруулж ашиглах” боломжтой байхаар заасан нь Радио давтамжийн тухай хуулийн 9-11 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг бий болгосон нь хариуцагч өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 9.1-9.3, 9.6-9.8) хангах үндэслэлтэй.
18.Түүнчлэн, “журмын 4.5 дахь заалт нь 5G технологийн өрсөлдөөнд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдэд тэгш бус гарааны нөхцөлийг бий болгосон, тухайлбал түрүүлж эрх авсан үйлчилгээ эрхлэгч нар нь сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн эзэмшиж буй радио давтамжийн (зарим) зурвастаа 5G технологиор шууд үйлчилгээ үзүүлэх давуу эрхтэй бол цөөхөн давтамжтай нэхэмжлэгчийн хувьд сонгон шалгаруулалт зарлахыг хүлээх, илүү зардал мөнгө гаргах зэрэг сөрөг үр дагавар үүсгэхээр байгаа нь шударга өрсөлдөөнийг хязгаарласан” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9.8-9.10-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
19.Учир нь, хэргийн бусад оролцогчийн зүгээс нэхэмжлэгчийг “үлдэх зурваст өрсөлдөх боломжтой” гэх боловч угаас хязгаарлагдмал нөөц (зурвас)-тэй энэ тохиолдолд бусад үйлчилгээ эрхлэгч нар өөрсдийн зурваст шинэ технологийг шууд шилжүүлэх тохиолдолд үнэн хэрэгтээ нэхэмжлэгчид өрсөлдөх буюу үлдэх “зах зээл” алга байна. Иймээс маргаан бүхий журмын заалт нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасны дагуу Зохицуулах хороо нь “харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих” гэсэнтэй зөрчилдөж байна.
20.Дээрх үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5.“Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад ДҮХХ-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана” гэсэн заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1.“Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2.“тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлагыг зөрчсөн тул хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Иймд нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй.
21.Гэтэл давж заалдах шатны шүүх “... маргаан бүхий журмын 4.5 дахь заалт нь аливаа хууль, тогтоомжийг зөрчөөгүй, бодлогын чиглэлийн дагуу оператор компаниуд нь өмнөх үеийн хөдөлгөөнт буюу 2G, 3G-д одоо ашиглаж буй радио давтамжаа уг тусгай зөвшөөрлийнхөө хүчинтэй хугацаандаа дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу 4G, 5G сүлжээнд шилжүүлэн ашиглах боломжтой талаар зохицуулсан, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд 5G технологид сонгон шалгаруулалтын журмаар шинээр олгохоор байх тул энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид бодитоор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна ...” гэх зэргээр хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
22.Хэдийгээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс “уг заалт нь төрийн захиргааны төв байгууллагаас баталсан бодлогын чиглэлд тусгагдсан зарчмыг хэрэгжүүлсэн агуулгатай, тухайн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул хууль зөрчөөгүй” гэж тайлбарлах ч, төрийн бодлогын баримт бичиг (чиглэл) нь маргаан бүхий журмын заалт хууль ёсны эсэхийг хянах эрх зүйн шалгуур биш, учир нь захиргааны хэм хэмжээний акт хууль ёсны эсэхийг хянах үндэслэл нь зөвхөн хууль юм.
23.Гуравдагч этгээд нарын “үйлчилгээ эрхлэгчид нь тусгай зөвшөөрлийн хугацаандаа үйл ажиллагаа явуулах эрхтэй, уг эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах боломжгүй, Зохицуулах хороо нь зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор холбогдох арга хэмжээ авах үүргийг гэрээгээр хүлээдэг” гэх тайлбарын тухайд, тэд өөрсдийн тусгай зөвшөөрлийн нөхцөлийн дагуу зөвшөөрөгдсөн зурваст, зөвшөөрөгдсөн технологийг ашиглан, зөвшөөрлийн хугацаагаа дуустал үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой, иймд дээрх журмын заалтыг хүчингүй болгосон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө гэх үндэслэлгүй. Тодруулбал, гуравдагч этгээд нарт тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаандаа зөвшөөрөлд заасан технологийг өөрчлөхийг буюу дараа үеийн технологид шууд шилжихийг “шаардах эрх” хуулиар олгогдоогүй байна.
24.Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
25.Учир нь, Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т “радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах ...” болон 5.2.6-д заасан “үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох” бүрэн эрхийнхээ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар тушаалаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан байх ба уг хүснэгтийн 1 дэх баганад Дэлхийн радио холбооны дүрмээр тодорхойлсон 42 төрлийн радио холбооны үйлчилгээнд хуваарилсан 8.3 кГц-1000 ГГц-ийн хоорондох радио давтамжийн зурвас, 2-т.Радио давтамжин зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваарилсан ОУЦХБ-ын радио давтамжийн 1-р бүсийн хуваарилалт, 3-т.1-р бүсийн хуваарилалтад үндэслэн радио давтамжийн зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан Монгол Улсын үндэсний хуваарилалт, 4-т.Үндэсний хуваарилалтын дагуу ашиглах радио холбооны үйлчилгээний төлөвлөлт, ашиглалтын зориулалт, 5 дахь баганад pадио давтамж олгох тусгай нөхцөлийг тусгажээ.
26.Дээрх хуваарилалтын дагуу хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг баталсан ба үүний 4.3-ын хүснэгт 2-т. ДҮХХ-ны системийн радио давтамжийн хуваарилалтыг, 4.8-ын хүснэгт 3-т.ДҮХХ-ны системийн радио давтамжийн зурвасын хамрах хүрээг тодорхойлсныг “яам төлөвлөгөө батлаагүй байхад Зохицуулах хороо төлөвлөлтийн шинжтэй хүснэгт баталж, эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
27.Түүнчлэн, журамд “Хүснэгт 2, 3-т үзүүлсэн радио давтамжийн зурвасуудыг 3GРР байгууллагаас баталсан суваг үүсгэх зурвасын өргөнөөр хуваарилна” гэж заасан атлаа хариуцагч маргаан бүхий хүснэгтээр радио давтамжийн зурвасыг хуваарилахдаа 3GРР байгууллагаас баталсан баримт бичигт заасан 2x30 хэмжээг зөрчиж 2x15 болгон багасган тайрсан, улмаар Монгол Улсад хуваарилагдаагүй N15 ангиллын давтамжийг нэмж оруулан баталсан нь хууль бус” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хариуцагчийн тайлбараар няцаагдаж байх бөгөөд маргаан бүхий хүснэгтүүд нь хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй, нэгэнт хууль ёсны тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй юм. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9.11-9.14-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
28.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/0028 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6.2, 11.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль, журмын дагуу оруулж ашиглана.” гэж заасныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
Х.ЭРДЭНЭСУВД
Г.БАНЗРАГЧ