Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 16

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Хаалай овгийн Бямбаагийн Батбаатарын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох

 

           Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга О.Үнэнбор 

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн саналын хариу болох Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/369 тоотоор татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулж Бямбаа овогтой Батбаатар миний биеийг сумын Засаг даргаар томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Батбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бямбаа овогтой Батбаатар миний бие нь Онгон сумын Засаг даргад нэр дэвшиж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны “сумын Засаг даргаар батламжлуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоолоор аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхэд тус албан тушаалд томилохоос татгалзсан. 

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж миний биеийг сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 тоот тогтоолыг хүргүүлсэн. 

Гэвч аймгийн Засаг дарга З.Энхтөр нь Б.Батбаатар миний биеийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “ Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг хангаагүй тус сумын Засаг даргаар томилохоос татгалзаж байгаа тухай албан бичгийг Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн. Албан бичгийн хариуд Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшигч Б.Батбаатарын аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох хуулийн үндэслэлтэй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтыг бүрэн хангаж байна. 

Иймд сумын Засаг даргаар томилж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн болно. 

1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Улсын их хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно мөн Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтын 5-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно” гээд 5.2-т Улсын их хурлаас 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан хугацаа”-г төрийн албан хаагчаар ажилласан хугацаанд оруулж тооцно гэж тус тус заасан нь Бямбаа овогтой Батбаатар миний аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд нэмж тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

Иймээс сумын Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлагыг хангаж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна гэв.  

 

Хариуцагч аймгийн Засаг дарга З.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Батбаатарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна. 

Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Б.Батбаатарыг Онгон сумын Засаг даргад нэр дэвшүүлэн, Засаг даргад томилуулахаар санал ирүүлсэн. Гэвч Б.Батбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.5-т заасан “Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй тул Онгон сумын Засаг даргаар томилохоос татгалзсан тухай хариуг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/369 тоот албан бичгээр мэдэгдсэн. 

         Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан хугацааг нэмж тооцуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авах боломжгүйг мөн албан тоотоор хариу өгсөн. 

         Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин хуралдаж сумын Засаг даргад хуулийн шаардлага хангасан өөр хүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд сумын Засаг даргад томилуулахаар санал ирүүлсэн О.Үнэнборын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар холбогдох бичиг баримтыг АТГ-т 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/493 тоот албан бичгээр хүргүүлээд байна. 

        Нэгэнт Б.Батбаатар хуульд заасан шаардлага хангахгүй байгаа, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад өөр хүний нэр дэвшүүлэн холбогдох байгууллагад бичиг баримтыг хүргүүлсэн зэрэг цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолын биелэлтийг хангуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ач холбогдлоо алдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батбаатарыг Онгон сумын Засаг даргаар томилуулахаар Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэрийг нь дэвшүүлэн ирүүлсэн. Ингэхдээ эхний удаад нь томилохоос татгалзаад буцаасан. Хоёр дахь удаагаа ирэхэд нь Засаг даргаар томилогдоход тавигдах хуулийн шаардлагыг хангасан эсэхийг шалгасан. Ингээд холбогдох бичиг баримтыг цуглуулан тулгаад үзэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар 7 сар 3 хоног, Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1 жил 5 сар 24 хоног ажилласан байсан. Ингээд нийтдээ 2 жил 27 хоног төрийн албанд ажилласан байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар сумын Засаг даргаар томилогдоход заавал төрийн албанд 3 жил ажилласан байх ёстой гэсэн заалтыг хангахгүй байсан тул холбогдох материалыг өөрт нь өгсөн. Үүний дараа Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд нийцэж байгаа учраас Онгон сумын Засаг даргаар томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байсан. Энэ хууль 1995 онд батлагдсан байсан.

 Хуулинд 2000 он хүртэлх хугацаанд улс төрийн намын ажил хийж байгаа албан хаагчийг төрийн албанд ажилласанд тооцно гэсэн байсан. Тиймээс энэ хуулинд хамруулах боломжгүй байна гэсэн хариуг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/369 дугаартай албан тоотоор өгсөн. Үүний дараа 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж О.Үнэнборыг Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахаар ирүүлсэн байдаг. Энэ тогтоолыг үндэслээд аймгийн Засаг дарга Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоотыг үндэслээд О.Үнэнборыг аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Онгон сумын Засаг даргаар томилсон. Энэхүү захирамжинд одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.

Энэ хэрэг дээр аймгийн Засаг дарга хариуцагч болно гэж үзэхгүй байгаа. Учир нь аймгийн Ардчилсан нам бодлогоороо Онгон сумын Засаг даргаар О.Үнэнборын нэрийг дэвшүүлсэн. Тиймээс Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэхэмжлэл гаргавал илүү зохимжтой байх байсан гэж үзэж байна. Нэгэнт Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай тогтоол болон аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 тоот О.Үнэнборыг томилсон захирамжинд ямар нэгэн гомдол гаргаагүй хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Гуравдагч этгээд О.Үнэнбор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Бямбаа овогтой Батбаатарыг  Онгон сумын Засаг даргад томилуулахаар 2 удаа аймгийн Засаг даргад уламжилсан боловч Төрийн албанд ажилласан жил нь хүрэхгүй байх тул батламжлах боломжгүй гэсэн хариу ирсэн. 

Сумын Ардчилсан намын дарга, удирдлагууд Б.Батбаатартай холбогдож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дахин хуралдуулах эсэх талаар лавлахад: хэдий болтол хүлээх вэ, Одоо хурлаа зарласан нь дээр гэсэн хариу өгсөн. 

Үүний дагуу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дахин хуралдуулж Очирбат овогтой Үнэнбор миний биеийг хуралдаанд оролцогсодын 100 хувийн саналаар Онгон сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан. 

Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар 02-ны өдрийн Б/29 тоот захирамж гарч сумын Засаг даргаар томилогдсон. 

Иймд миний бие сумын Засаг даргаар хууль ёсны дагуу томилогдсон гэж үзэж байна гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

    Нэхэмжлэгч  Б.Батбаатар нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулж сумын Засаг даргаар томилохыг даалгасан шийдвэр гаргаж  эрх ашгийг нь хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн саналын хариу болох Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн 1/369 тоотоор татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хэмээн нэмэгдүүлж, .... “Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад ... хүргүүлсэн Б.Батбаатарыг  сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсан саналд Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн татгалзсан  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож”, ... “Онгон сумын  Засаг даргаар томилохыг даалгасан шийдвэр гаргаж”  өгөхийг хүссэн.

 

           Шүүх хуралдааны явцад  нэхэмжлэгч Б.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тул Онгон сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны “Сумын Засаг даргыг батламжлуулах тухай” 04 дүгээр тогтоолоор Бямбаа овогтой Батбаатарыг сумын Засаг даргаар батламжлуулахаар Сүхбаатар аймгийн Засаг даргад санал болгож өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 –т зааснаар Сүхбаатар аймгийн Засаг даргад 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн А/01 тоот албан бичгээр тогтоолыг хүргүүлжээ.

 

          Аймгийн Засаг даргаас 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 1/208 тоот албан бичгээр Сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Батбаатарыг Засаг даргаар томилохоос татгалзаж байна.

          Холбогдох хуулийн дагуу шийдвэр гаргаж дахин өргөн дэвшүүлж  мэдүүлэхийг хүсье гэсэн хариу өгчээ.

          Энэ дагуу Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж “Сумын Засаг даргыг батламжлуулах тухай” 05 дугаар  тогтоолоор Бямбаа овогтой Батбаатарыг дахин сумын Засаг даргаар батламжлуулахаар Сүхбаатар аймгийн Засаг даргад санал болгож өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот албан бичгээр тогтоолыг хүргүүлжээ.

 

          Үүний хариуд аймгийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/369 албан тоотоор Сумын засаг даргад нэр дэвшүүлсэн Б.Батбаатар нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх “шаардлагыг хангаагүй байх тул саналыг хүлээн авах боломжгүй байна гэж татгалзсаныг нь нэхэмжлэгч  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан хугацааг Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  6 дугаар зүйлд зааснаар төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох үндэслэлтэй хэмээн маргаж байна.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Батбаатар нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргаар нийт 2 жил 1 сар орчим төрийн албанд ажилласан ба  хариуцагч энэ талаар маргаагүй болно.

 

          Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 02 дугаар тогтоолоор Б.Батбаатарыг намын нарийн бичгийн дарга бөгөөд Хэрэг эрхлэх газрын даргаар сонгож,  баталсан байна. Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна” гэж заажээ. Ардчилсан намын үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.5.2-т намын хэрэг эрхлэх газрын дарга нь намын удирдах байгууллагын чөлөө цагт намын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх удирдлага байхаар тогтоожээ.  

 

          Намын дүрэм болон хэрэгт авагдсан Б.Батбаатарын эзэмшлийн НДД А000286151  дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 2014, 2015, 2016 онд төлсөн шимтгэл болон даатгуулагчийн албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлээр аймгийн Ардчилсан намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал нь орон тооных болох нь тогтоогдож байна. Б.Батбаатар нь энэ албан тушаалд томилогдсон 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2017 оны 03 дугаар сарын 09-ныг хүртэл 2 жил гаруй хугацаанд  ажиллажээ. 

 

          Иймд Б.Батбаатарын аймгийн Ардчилсан намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд ажилласан хугацаа нь Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэсэн хугацаанд хамаарч байх тул Б.Батбаатарыг төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

    Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд аймгийн Засаг дарга Б.Батбаатарыг  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй гэж Онгон сумын Засаг даргаар томилохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул түүнийг Онгон сумын Засаг даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байна.

 

         Иймд Б.Батбаатарыг Онгон сумын Засаг даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн ажил, албан тушаал эрхлэх эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Засаг даргын Б.Батбаатарыг Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батбаатар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

          2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4, 26.5.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б.Батбаатарыг Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар томилохоос татгалзсан Сүхбаатар аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

                       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БАЯРЦОГТ