Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1683

 

 МАГАДЛАЛ

 

2016.10.05                                               № - 1683                                        Улаанбаатар хот

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04663 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

17 160 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“ХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ХХХХХХХХХ дүүрэг, ХХ хороо, ХХ дугаар эмнэлгийн баруун хойно байрлах автомашин хийгээр цэнэглэх станцын цахилгаанаа “ХХХХ” ХХК-ийн дэд станцаас хангуулахаар харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэвч  “ХХХХ” ХХК нь гэрээгээр тохиролцсон байдлаасаа илүү мөнгө нэхэмжилсэн учир уг гэрээгээ цуцалсан.

“ХХХХ” ХХК нь авсан 11 000 000 төгрөгөө тухайн үед эргүүлэн өгөх боломжгүй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор сарын 9 хувийн хүүгийн хамт эргүүлэн төлөхөөр тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бид зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу манай компани 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр акт үйлдэн цахилгааны эх үүсвэрээ салгасан. Гэтэл “ХХХХ” ХХК нь өнөөдрийг хүртэл зээлсэн 11 000 000 төгрөгөө төлөөгүй тул зээлийн гэрээний 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний 3 дугаар зүйлд заасан сарын 9 хувийн хүү 660 000 төгрөг /1 хоногийн хүү 33 000 төгрөг х 20хоног=660 000 төгрөг/, гэрээний 5 дугаар зүйлд зааснаар хэтэрсэн 150 хоногийн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 5 500 000 төгрөг, нийт 17 160 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Анх манайх 3 дугаар эмнэлгийн станцаас цахилгаанаа хангуулдаг байсан. “ХХХХ” ХХК нь дэд станцаа 35 000 000 төгрөгөөр босгож байсан тул 2 талын захирлууд харилцан зөвшилцөөд уг дэд станцыг хамтран эзэмшихээр болсон. Бид хариуцагч талд 22 000 000 төгрөгийг олгоод хамтран эзэмшигч болъё гэж тохиролцсон. Ингээд манай талаас хариуцагч талд 11 000 000 төгрөгийг өгсөн. Гэтэл мөнгөө авсны дараа хариуцагч талаас “танайхыг 1 жилээр хангана, 3 жилээр хангана” гэсэн зүйл ярьж эхэлсэн тул манай зүгээс “мөнгөө буцааж авъя” гэхэд “мөнгийг чинь өгнө, хугацаа олгооч” гэсэн хүсэлтийг хариуцагч компанийн захирал ХХХХ тавьсан ба “зээлийн гэрээ хийе, хүү нь хамаагүй” гэж байсан тул бид зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд хариуцагч тал гарын үсэг зурж, тамгаа дарсан, гадны ямар нэг дарамт шахалтгүйгээр гэрээг хийсэн учир бид гэрээгээр тохиролцсоны дагуу 11 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт гаргуулж авах эрхтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид нэхэмжлэгч компанитай 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан нь үнэн боловч энэ нэхэмжлээд буй мөнгийг манай тал уг гэрээний дагуу огт аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж маш тодорхой заасан. Энэ 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа мөнгийг тухайн өдөр аваагүй учраас энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, мөн хуулийн 56.1.3-т зааснаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хийсэн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ нэхэмжлэгч өмнөх гэрээ буюу 7 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол бид 11 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх байсан. “ХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-иуд “Зээлийн гэрээ”-г 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан бөгөөд энэ тал дээр маргахгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлүүдэд зээлийн гэрээний шаардлагыг тодорхой заасан байдаг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан нотлох баримт болох орлого зарлагын баримтаас харахад дээрх хуулийн шаардлага хангагдахгүй болох нь харагддаг юм. 

Мөн байгуулсан гэх зээлийн гэрээний хууль зүйн үндэслэлийг харахаар зээлийн гэрээ байгуулж байгаа атал Эрчим хүчний тухай хуулийг үндэслэн байгуулсан нь тус гэрээ болон гэрээнээс үүссэн хүү, алданги зэргийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй болох нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, мөн хуулийн 56.1.3-т зааснаар 2015 оны 7 дугаар сарын сарын 31-ний өдөр хийсэн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул “ХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-иудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед “ХХХХ” ХХК-ийн захирлын хүсэлтээр мөнгийг зээлж тус дэм болж байсан. Гэтэл хариуцагч тал ийм байдал гаргаж байгаад нь гомдолтой байна. Хуульд зээлийн гэрээг “зээлийн гэрээнд хүү тооцох бол гэрээг бичгээр байгуулна” гэж заасан шаардлагын дагуу 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн байгаа. Өмнө нь шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг үндэслэж хийгдсэн гэрээ юм. Хариуцагч тал өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж тамга дарсан, тэд ямар нэг байдлаар төөрөгдөөгүй, өөр гэрээг халхавчлаагүй, насанд хүрсэн хүмүүс юун дээр гарын үсгээ зурснаа мэдэж байгаа. Тэгээд ч хариуцагч тал гэрээг байгуулахад гадны нөлөө ороогүй, хэн нэгэн дарамтлаагүй гэдгийг шүүх хуралдаан дээр хэллээ. Иймд гэрээ хүчин төгөлдөр юм. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас 17 160 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч“ХХХ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “ХХХХ”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 243 750 төгрөг, хариуцагчаас төлсөн 190 951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 243 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид 11 000 00 төгрөг өгсөн бөгөөд дэд станцыг хамтран эзэмшихээр тохиролцсон дүн дээр зээлийн гэрээг нэхэмжлэгч талтай 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Иймд №15/107 дугаартай уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар тухайн өдөр уг гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй учир энэхүү гэрээг байгуулсанд тооцохгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Гэрээний талууд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дэд станцыг хамтран эзэмших аман гэрээг халхавчлах зорилгоор тус зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг анхнаасаа цахилгаан эрчим хүчээр хангахаар харилцан тохиролцож хийсэн халхавч хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь 17 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11 000 000 төгрөг, хүү 660 000 төгрөг, алданги 8 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээж аваагүй, уг гэрээ нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж марган,  зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “ХХХХ” ХХК нь “ХХХ” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцын цахилгааныг өөрийн өмчлөлийн дэд станцаас хангуулахаар харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс  бэлнээр авсан болон мөн гэрээнээс талууд татгалзаж, 11 000 000 төгрөгийг буцаан өгөх үүрэг үүссэн үйл баримтыг үгүйсгээгүй.

Түүнчлэн хариуцагч нь 11 000 000 төгрөгийг тухайн үед буцаан өгөх боломжгүй байсан тул талууд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг байгуулан, 11 000 000 төгрөгийг мөн оны 10 дугаар сарын 01-ний дотор сарын 0,9 хувийн хүүтэйгээр  буцаан төлөх болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзвэл талуудыг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар гэрээнээс татгалзсаны дагуу хөрөнгө буцаан шилжүүлэх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзэхээр байна. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэл тогтогдохгүй байна.

Иймд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч хариуцагчаас мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлж байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д үндсэн зээл 11 000 000 төгрөг, хүү 660 000, алданги 5 500 000 төгрөгийн хамт, нийт 17 160 000 төгрөгийг төлөх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээгээр тохиролцсон үүргийг гэрээний тал биелүүлэх зохицуулалтад нийцнэ.

            Шүүх маргааны үйл баримтыг тогтоож, талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд хамаарах холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул зээлийн гэрээний дагуу 11 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, уг мөнгө нь өөр гэрээтэй холбоотой асуудал гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ