Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Т.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуут овгийн Т.О д холбогдох эрүүгийн 1911015250621 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг адуут овгийн Т.О , 1984 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувсгалчид Г гудамжны 501 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ЧМ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.О  нь  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 64а-5 тоотод Б.Эрдэнэбатын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Эрдэнэбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би найз О , Ганболд нарын хамт гэртээ архи ууж, жаахан юм ярьж сууцгаасан. ...бид нар архи ууж байгаад манай хамаатны нэг  танил эгчийн талаар юм ярьсан ба тэр эгчийн талаар би хэдэн үг хэлсэн чинь О  тэр эгчийг өмөөрөөд чи хүнийг ингэж хэлж болохгүй гээд уурлаад намайг цохиод авсан. Би цохиулаад газарт унасан...” гэх мэдүүлэг /хх 8-10/

Гэрч А.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрка, О  2 хоорондоо нэг нэрний талаар яриад маргалдаад байх шиг байсан ба О  чи ээж аавынхаа өгсөн нэрийг ингэж болохгүй гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/

Гэрч Д.Бат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манайд О , Ганболд нар ирээд явсан. О  намайг цохиод ийм болгочихлоо. ...миний ард тал руу өшиглөөд дараа нь цохисон санагдаж байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6222 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Эрдэнэбатын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салст цус харвалт, ухархайн дотор ханын хугарал, зүүн далны доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо... ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 20/

Шүүгдэгч Т.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би найз Эрдэнэбатын гэрт очоод Ганболд араас ирсэн. Тэгээд бид нар нийлээд архи ууж сууж байгаад хоорондоо маргалдаад би Эрдэнэбатыг цохиж биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 167 дугаар тогтоол /хх 47/, шүүгдэгч Т.О ы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 45/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Т.О  нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 64а-5 тоотод Б.Эрдэнэбатын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Б.Эрдэнэбатын “...намайг цохиод авсан. Би цохиулаад газарт унасан...” гэх мэдүүлэг /хх 8-10/, гэрч А.Ганболдын “...О  чи ээж аавынхаа өгсөн нэрийг ингэж болохгүй гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/, гэрч Д.Батын “...О  намайг цохиод ийм болгочихлоо. ...миний ард тал руу өшиглөөд дараа нь цохисон санагдаж байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20/, шүүгдэгч Т.О ы “...би Эрдэнэбатыг цохиж биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.О д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг тус тус харгалзав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Б.Эрдэнэбат нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Т.О  миний хохирлыг бүрэн барагдуулж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуут овгийн Т.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН