| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 182/2024/07370/И |
| Дугаар | 210/МА2025/00526 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00526
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00627 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* харьяа *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* харьяа *******т холбогдуулан, Чингэлтэй дүүргийн *******хороо, ******* гудамж,******* тоот хаягт байршилтай, 88 м.кв талбайтай, хувийн сууц, 505 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг нийт 115,331,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...банкны өрийг мэдээгүй явж байсан, гэтэл банкны барьцаанд тавьсан байсан, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.
4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02382 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 111,131,677 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 713,608 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, *******, *******, ******* нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн *******хороо, ******* гудамж,******* тоот хаягт байршилтай, 88 м.кв талбайтай, хувийн сууц, 505 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэжээ.
5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* харьяа ******* нь 2024 оны 10 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт тусгагдсан хувийн сууц, өмчлөх эрхтэй газрыг 2024 оны 11 сарын 05-ны өдөр битүүмжилж, 2024 оны 11 сарын 12-ны өдөр хураан авч, 2024 оны 11 сарын 14-ний өдөр тэдгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасантай тус тус нийцжээ.
6. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба хариуцагч байгууллагаас 2024 оны 11 сарын 14-ний өдөр шинжээчид эрх, үүргийг нь танилцуулж, хүлээх хариуцлагыг нь тайлбарлан өгчээ.
7. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь Чингэлтэй дүүргийн *******хороо, ******* гудамж,******* тоот хаягт байршилтай, 88 м.кв талбайтай, хувийн сууц, 505 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийн зах зээлийн үнэ цэнийг нийт 115,331,000 төгрөгөөр тогтоожээ.
8. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж, чанар (хэмжээ, байршил, зориулалт, инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэх байдал г.м)-ыг тодорхой тусгасан, үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангажээ.
Түүнчлэн, шинжээч ******* нь өмнө дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иймд, ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг баримтлаагүй... гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
9. Өмнө дурдсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02382 дугаар шийдвэрт ...барьцааны гэрээнүүдэд *******, *******, ******* нар итгэмжлэл олгосон байх ба барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй... гэж дүгнэсэн байх тул ...банкны өрийг мэдээгүй явж байсан, гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжилнэ гээд хүмүүс ороод ирсэн, ******* гэсэн хүний өмнөөс орон байргүй болж чадахгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.
10. ******* харьяа ******* нь хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд буюу 2024 оны 11 сарын 30-ны өдөр төлбөр төлөгч бөгөөд төлбөр төлөгч *******, өмчлөгч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д мэдэгдсэн болох нь холбогдох итгэмжлэл, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР