| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 182/2024/05378/И |
| Дугаар | 210/МА2025/00527 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00527
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00748 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 59,583,060 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь *******ХХК-тай орон сууц захиалгын гэрээг 2022 оны 11 сарын 21-ний өдөр байгуулсан. Уг гэрээгээр ******* хотхоны ******* байрны *******-р давхрын ******* загварын ******* тоот, 26.76 м.кв 1 өрөө байрыг 65,456,940 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар гэрээ байгуулсан өдөр 30,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 34,456,940 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 35 сарын хугацаанд cap бүр 957,137 төгрөг төлөөд 2025 оны 01 сарын 25-ны өдөр дуусахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 сарын 07-ны өдрийн хооронд cap бүрийн төлөлтөө хийгээд мөн өдрөө гэрээний үндсэн төлбөрт 48,228,466 төгрөгийг төлөөд хариуцагч талтай тооцоо нийлсэн. Хариуцагч тал нь гэрээнд зааснаар 2022 оны 12 сарын 31-ний өдөр орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч орон сууц бүрэн гүйцэт баригдаагүй. 2022 оны 11 сард барилгын талбай дээр очиж үзэхэд барилга ашиглалтад орох боломжгүй нь тодорхой болсон. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрийг буцааж авах талаарх мэдэгдлийг эрх бүхий албан тушаалтан болох *******, ерөнхий захирал ******* нартай холбогдож тооцоо нийлсэн тул гэрээний дагуу төлсөн 48,228,466 төгрөгийг нэхэмжилнэ. Уг барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулсан бол хохирохгүй байсан. Хариуцагч гэрээний нөхцөлөө зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан.
Иймд, орон сууцны төлбөрт төлсөн 48,228,466 төгрөг, Монголбанкны хадгаламжийн хүүгийн дунджаар тооцож, олох ёстой байсан орлого 11,354,594 төгрөг, нийт 59,583,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримтад ******* гэх хүн байдаг. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсан талаар мэдэгдэх ёстой. Гэвч үзлэгийн тухайд ямар утаснаас хийж байгаа нь тодорхойгүй, ******* гэх хүнээс уг и-мэйл ирээд байдаг. Гэвч энэ хүн хариуцагч компанитай ямар нэг байдлаар эрх зүйн харилцаа үүсгээгүй. ******* ярьсан болохоос *******оос холбогдсон зүйл байхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан үндэслэлээр хариуцагч тал хугацаа хэтрүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа байрыг хариуцагч компани бариагүй. Өргөн хүрээ гэх компани барьж байгаа. Гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулдаг. Гэрээг цуцлах болон гэрээний үүрэгтэй холбоотой асуудлын талаар гэрээнд тусгах ёстой. Энэ талаар тусгагдаагүй. Гэрээний 7.2-т маргахгүй байх ёстой талаар тусгагдсан байгаа. Гэрээний үүрэгтэй холбоотой асуудал гэрээтэй холбоотой асуудал дээр гарч ирэх ёстой болохоос олох байсан орлого буюу хүү авах байсан гэж тооцож болохгүй. Гэрээнд ямар нэг байдлаар алданги, хүү тооцох талаар байхгүй. Уг олох ёстой орлогыг гаргаж өгөх боломжгүй. Гэрээг цуцлах үндэслэл байхгүй.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ХХК-аас 48,228,466 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,354,594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,621 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 399,092 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс олох ёстой байсан орлого 11,354,594 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Хариуцагч нь гэрээний 6.1.2-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч нь 2023 оны 08 сард гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцааж авах шаардлагыг хүргүүлсэн. Орон сууц ашиглалтад орох хугацаа болоход нэхэмжлэгч 41,528,507 төгрөг, ашиглалтад орох хугацаанаас хойш гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлэх хүртэл 6,699,959 төгрөг, нийт 48,228,466 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн төлбөрөө буцаан авч байгаа ч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох ёстой байсан орлого, бусад зардал, хохирлоо тооцон нэхэмжлэх нь үүргээ биелүүлсэн талын зайлшгүй гаргах шаардлага мөн.
4.2. Анхан шатны шүүх ...учирсан хохирол, олох ёстой байсан орлого хоёр нь бодитой байх ёстой гэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Монголбанкны хадгаламжийн жилийн дундаж хүүгийн тодорхойлолтыг буюу нэхэмжлэгч шаардлагаа дэмжих зорилгоор гаргаж өгсөн нотлох баримт, мөн баримтад үндэслэж гаргасан бодит тооцооллыг үнэлээгүй атлаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцээгүй гэсэнд гомдолтой байна.
4.3. Түүнчлэн, олох ёстой байсан орлого нь бодит бус байсан гэдэгт эргэлзээгүй, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн талаар маргадаггүй, нэгэнт үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас өөрт учирсан хохирлоо арилжааны банкны жилийн дундаж хүүгээр тооцож, олох ёстой байсан орлого гэж үзэн нэхэмжилснийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал хохирол гэж нэхэмжилсэн 11,354,594 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тайлбарладаг. Гэтэл олох ёстой орлого нь бодит байх ёстой гэх үндэслэл шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 48,228,466 төгрөг, олох байсан орлого 11,354,594 төгрөг, нийт 59,583,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2022 оны 01 сарын 21-ний өдөр CR-11-63 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ХХК нь Баянзүрх дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******хотхоны *******-р давхрын ******* тоот, 26.76 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2022 оны 12 сарын 31-ний өдрийн дотор барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 65,456,940 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 01 сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 48,228,466 төгрөгийг төлж гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол хариуцагч *******ХХК нь одоог хүртэл орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
6. Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 48,228,466 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч *******ХХК-аас 48,228,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь зөв, ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн олох байсан орлого 11,354,594 төгрөгийг ...бодитой байх ёстой... гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч *******ХХК гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь олох байсан орлогоо баримтаар нотлох үүргийг хүлээнэ.
Хэрэгт авагдсан Монголбанкны 2024 оны 11 сарын 07-ны өдрийн Б-10/809 тоот албан бичиг, түүнд дурдагдсан банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүүгийн мэдээлэл (2022 оны 12 сараас 2024 оны 08 сарыг хүртэлх хугацааны), уг мэдээллийг үндэслэж хийсэн тооцоолол зэргээр нэхэмжлэгч *******ийн шаардсан олох байсан орлого 11,354,594 төгрөг нотлогдсон, хариуцагч тал дээрх мэдээлэл болон тооцооллыг баримтаар няцаагаагүй.
8. Иймд, ...анхан шатны шүүх нотлох баримт, уг баримтад хийсэн тооцооллыг үнэлээгүй атлаа олох байсан орлого нь бодит бус гэж дүнэсэн нь үндэслэлгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч *******ХХК-аас 11,354,594 төгрөгийг нэмж гаргуулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00748 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч *******ХХК-аас 59,583,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...399,092... гэснийг ...489,621... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 196,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР