Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 500

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Т.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Т.Бд холбогдох эрүүгийн 1911007940510 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Боржигон овгийн Т.Б, 1963 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-404 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянголд дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар КЮ.  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-404 тоотод Н.Уранчимэгийг дүү Т.Амарсайхантай нийлж архи уулаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би дүүтэйгээ, мөн 7 настай зээ охины хамт амьдардаг. Хэрэг гарахаас 2 өдрийн өмнө гэртээ ирсэн. Манай дүү байнга архи уудаг. Битгий архи уу гэж гуйсан ч архи уухаа больдоггүй. Тухайн өдөр би Уранчимэгийг гэрээс гар зайл гэхэд гарахгүй, архи ууна гээд суугаад байсан. Би хэсэг байж байгаад Уранчимэгийг бос гэхэд босохгүй байхаар нь нэг алгадаад гэрээс гар гэхэд мөн л гарахгүй байсан. Би өөрийн дүүг шалны модоор цохисон болохоос Уранчимэгийг мод, чулуугаар цохиогүй. Тогмид нь урьд нь Уранчимэгтэй хамтран амьдарч байсан юм билээ, мэдүүлэг өгөхдөө амаа нийлүүлж, Уранчимэгийг цохисон гэж адилхан мэдүүлэг өгсөн байсан. Би дүүдээ Уранчимэгтэй битгий архи уу гэж хэлдэг боловч болихгүй байгаа. Уранчимэг нь намайг хорих ял эдэлж байх хугацаанд манай дүүтэй ирэн очин амьдардаг байсан юм гэсэн.  Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөн маш их харамсаж байна, иймд хуулийн хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай найз Амарсайхан намайг дуудаад байхаар нь би яваад очсон. Тэгээд тэр өдөртөө тэдний гэрт өнжөөд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нутгийн ах Тогмид ахыг дуудаад нэг шил архи тавьчихсан сууж байсан чинь 16-17 цагийн орчим Амарсайханы төрсөн ах болох Б хүрч ирсэн. Тэгээд Б орж ирэнгүүтээ яасан овоо назгайрдаг хулгайчууд вэ гэж хэлээд Тогмид ах руу шалны мод бариад дайрсан. Тогмид ах тухайн үед нэлээн согтсон байсан болохоор өөр лүү нь дайрч байгааг мэдээгүй орон дээр нь суугаад байсан. Тэгэхээр нь би Бы урдуур ороод та настай хүнийг яаж байнаа гээд Тогмид ахыг хаасан чинь Б зүүн талын хавирга орчимд 2 удаа цохисон тэгээд баруун талын хавирга орчим шилээд хэдэн удаа шалны модоор цохисон. Тухайн үед шалны мод 2 удаа хугарсан. ...миний цээж орчим цохиод ор луу унгаад зүүн эрүүний орчим нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 12-13/

Гэрч Н.Тогмид нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг Амарсайханы гэрт очих үед Амарсайхан Уранчимэг хоёр 0.75 граммтай архи талд нь оруулчихсан байсан бөгөөд намайг оронгуут шинэ 0.75 граммын архи задалсан. Тэгээд тэр архиа уучхаад тэр хоёрын үлдэгдэл тал архийг уугаад сууж байтал үдээс хойш Амарсайханы ах гаднаас ороод ирсэн. Тэр хүнийг орж ирэхэд нь би буйдан дээр сууж байсан. Тэгээд Амарсайханы ах нь яасан их архи ууцгаадаг юм бэ гээд шалны мод аваад Амарсайханы зүүн бугалга орчимд нь цохисон чинь шалны мод нь хугарсан. Тэгээд Уранчимэг миний хажуугаас босоод очтол нөгөө Амарсайханы ах нь гэх залуу дахиад Уранчимэгийг шалны модоор цохисон чинь шалны мод нь дахиад хугарсан...” гэх мэдүүлэг /хх 23-24/.

Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш гэртээ ороход манай дүү Амарсайхан, Уранчимэг мөн нэг настай өвгөн гурав архи уугаад сууж байсан. Энэ асуудал гарахаас өмнөх өдрүүдэд нь манай дүү Амарсайхан, Уранчимэг нар гэрт архидаж байсан бөгөөд би та нар гэрт архидаад байвал би нүдчихнэ шүү гэж хэлж байсан юм. ...Тэгээд би энэ архичингуудын гэр биш одоо зайл гэсэн чинь Уранчимэг өөдөөс нэг юм хэлээд байсан. Тэгэхээр нь би хацар луу нь алгадсан чинь орон дээр унасан. Тэгтэл Уранчимэг өвгөнд битгий гар хүрээрэй гэхээр нь одоо зайл гэж хэлээд цээж рүү нь цохисон санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх 32-33/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2740 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “...Н.Уранчимэгийн биед цээжинд цус хуралт, цээний зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хх 26/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 39/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-404 тоотод дүү Т.Амарсайхантай нийлж архи уулаа гэх шалтгаанаар Н.Уранчимэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Уранчимэгийн  “...Б миний зүүн талын хавирга орчимд 2 удаа цохисон тэгээд баруун талын хавирга орчим шилээд хэдэн удаа шалны модоор цохисон. Тухайн үед шалны мод 2 удаа хугарсан...” /хх 12-13/, гэрч Н.Тогмидын  “...Амарсайханы ах нь гэх залуу дахиад Уранчимэгийг шалны модоор цохисон чинь шалны мод нь дахиад хугарсан...” /хх 23-24/, шүүгдэгч Т.Бы “...Уранчимэг өвгөнд битгий гар хүрээрэй гэхээр нь одоо зайл гэж хэлээд цээж рүү нь цохисон санагдаж байна...” гэх мэдүүлгүүд /хх 32-33/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2740 дугаар шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн хийсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.Бд ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хохирогч Н.Уранчимэг нь эмчилгээний зардал нэхэмжлэх боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хохирогч Н.Уранчимэг нь хохирол төлбөрөө гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН