| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00034/И |
| Дугаар | 212/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 212/МА2025/00002
2025 01 09 212/МА2025/00002
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/000814 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************* үйл ажиллагаа явуулах “А” ХХК /захирал Ж.Б-/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********* үйл ажиллагаа явуулах “Б” ХХК /захирал Х.А/, хамтран хариуцагч ********* оршин суух Ш овогт Х.А-, *********оршин суух Ш овогт К.М- нарт холбогдох,
““Б” ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 330,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 810,150 төгрөг нийт 333,730,150 төгрөг гаргуулах, хамтран хариуцагч К.М-, Х.А- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр хамтран хариуцагч Х.М-аас 140,000,000 төгрөг, хамтран хариуцагч Х.А-оос 220,000,000 төгрөг, нийт 693,730,150 төгрөгийг тус тус гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “А” ХХК болон хамтран хариуцагч К.М-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдри /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен, хамтран хариуцагч К.М-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, С.Нургайып нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Бугат сумын 4-р багийн иргэн X.Х- нь 2016 оны 11 дүгээр сорын 17-ны өдөр Бугат сумын Засаг даргаар томилогдсон. Улмаар 2017 оноос эхэлж аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сумуудыг нэгдсэн халаалтад холбохоор 2017 оны 3 дугаар сараас эхлэн халаалтын зураг төсвөө хийлгэж, 2017 оны 3 дугаар сарын 27-оос Бугат сумын төвд нэгдсэн халаалт барих болж, халаалтын зуухны барилга барих газар сонгож, улмаар тухайн ажлыг хариуцсан комиссын шийдвэр гарсан юм. Ингээд Засаг даргын захирамж гарч хуучин уурын зуухны байрны нэгдсэн халаалт газарт олгогдсон 200 м.кв газарт үйл ажиллагаа хийхээр болсон боловч 2012 оноос “Бо” ХХК-ны эзэн X.Ш-ийн түрээсийн газартай давхацсан гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхийн маргаан үүсэж улмаар шүүх дээр талууд эвлэрсний үндсэн дээр манай компанитай хамтран ажиллахаар тохирсон “Б” ХХК-ны нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/109 дугаартай захирамжаар 1150 м.кв газар олгогдсон.
1.2. Ингээд тухайн аж ахуй эрхлэх чиглэлээр олгогдсон газар дээр "А” ХХК, “Б" ХХК-ны тухайн үеийн захирлууд хамтран ажиллах үүргээ хуваарилж манай компани үйл ажиллагаагаа эхэлсэн. Тухайн үед анх удаа К.М- бид хоёр төсөвт батлагдсан зардлыг 50-50%-аар хувааж төлөхөөр тохиролцов. Манай компанийн хувьд барилга сантехникийн ажлыг ажлын 45 хоногт дуусгах үүрэгтэй байсан тул Төрийн банкнаас 45,000,000 (дөчин таван сая) төгрөгийн зээл авч нэмэлт санхүүжилт хийж, мөн туслан гүйцэтгэгчээр тусгай зөвшөөрөлтэй “З” ХХК-ны захирал С.Б хариуцан оролцож гүйцэтгэсэн.
1.3. Харин “Б" ХХК нь халаалтын материал болон бусад материал түүхий эдийг хангах үүрэг хүлээж ажилласан. Материал тоног төхөөрөмжийг “Б" ХХК бүрэн хариуцахаар тохирсон байсан боловч Барнаул хотод К.М-, Засаг дарга X.Х-, А.З нар очиж тус бүр 24,491,600 төгрөгийн зуухыг 2017 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр Улаан байшингийн боомтоор оруулсан. “А" ХХК нь 7,500,000 төгрөгийн өртөг бүхий гүний худгийн, мөн 6x9 хэмжээтэй 20,000,000 төгрөгийн төсөвтэй барилгын ажлыг хариуцаж, өөрсдөө материалыг гарган барьж, гүйцэтгэж ашиглалтад оруулсан. Үүнээс нийт 148,746,089 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг тооцож үзэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын 51.1% буюу 76,009,251 төгрөгийн түүхий эд материалын зардлыг манай компани гаргасан байсан.
1.4. Ингээд манайх тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн гүйцэтгэж ашиглалтад оруулж, Бугат сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. “Б” ХХК нь үүнээс хойш Улсын болон Орон нутгийн төсвөөс түлшний үнэ зэрэг санхүүжилт авсны үндсэн дээр халаалтын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг “Е-" ХХК-ны захирал Х.А-д 720,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. “Е-" ХХК-ны захирал X.А- худалдан авахаар болж 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 500,000,000 төгрөгийн зээл авч “Б" ХХК-ны Төрийн банкин дахь *************** тоот дансанд шилжүүлж өгсөн юм. Урьд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн бөгөөд “Б” ХХК нь “А" ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн боловч үлдэгдэл төлбөрийг даруй шилжүүлнэ гэсэн боловч, янз бүрийн шалтаг тоочиж шилжүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна.
1.5. Анх шүүхэд “Б” ХХК-аас 330,920,000 (гурван зуун гучин сая есөн зуун хорин мянган) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.6. Манай компани нь “Б” ХХК-тай 2017 оны 02 дугаар сард Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т зааснаар аман хэлбэрээр харилцан тохиролцож, аман гэрээг байгуулсан. Аман гэрээний гол нөхцөл нь манай компани болон “Б” ХХК нь хамтран өөрсдийн хөрөнгөөр Бугат сумыг дулаанаар хангах халаалтын уурын зуухыг барьж ашиглалтад оруулан цаашид тус сумыг дулаанаар хангаж, ашиг олох зорилготой байсан. Харин гарах зардлыг тэнцүү хувааж гарган, ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон. Гэрээний хугацааны тухайд хамтраад халаалтын уурын зуухаа хамтдаа ажиллуулж, ашгаа хуваасаар байхаар тохиролцсон байсан. “Б” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч К.М- нь манай хамаатны дүүгийн нөхөр бөгөөд би түүнд итгэж байсан учраас ийнхүү хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байсан юм.
1.7. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх удаа “Б” ХХК-ийн 100%-ийн хувьцаагаа Х.А-д К.М- 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр худалдсан гэдгийг олж мэдлээ. Өдөр тутмын үйл ажиллагааг “Б” ХХК 2018 оноос хойш хариуцан ажиллаж байгаа нь үнэн боловч ажиллуулж байгаа эд хөрөнгө болох халаалтын уурын зуухны тал нь манай компанийн хөрөнгө мөн.
1.8. Ийнхүү манай компанитай ашгаа ч хуваахгүй юм бол манай компанийн зүгээс энэ хүртэлх тооцоогоо дуусгах буюу оруулсан хөрөнгө, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд олох байсан орлого үр шимийн өөрт ногдох хэсгээ гаргуулан авч хамтран ажиллах гэрээний харилцаа, өр авлагаа нэг мөр дуусгахаар шийдвэрлэсэн юм.
1.9. Бидний хамтын ажиллагааны гэрээний онцлог нь халаалтын уурын зуухыг бодитоор бий болгож цаашид бүх хүчин чадлаар нь ажиллуулж ашиг олох зорилготой өөрөөр хэлбэл, ашиг олж л байвал хэвийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд байх л хугацаагаар тодорхойлогдсон гэрээ байсан.
1.10. Анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн болох 330,920,000 төгрөгийн задаргаа буюу нэхэмжлэх болсон үндэслэл манай компани нь 2017 оны 02 сараас эхлэн “Б” ХХК-тай хамтран ажиллаж, бэлтгэж, Бугат сумын 3 дугаар багт тухайн сумыг дулаанд холбох ажлыг 7 сард эхлүүлэн, бараа материал болон бусад зардлуудыг хуваан гаргаж ажилласан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажлын үр дүнгээ Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүлээлгэн өгсөн болно. Энэ ажлын захиалагч нь Бугат сумын Засаг даргын Тамгын газар байсан бөгөөд энэ ажлыг бүрэн гүйцэт болгохын тулд дараах гурван ажил цогцоороо хийгдэх ёстой байсан. Үүнд:
1.Нэгдүгээрт, Бугат сумын халаалтын уурын зуухны барилга барих ажил
2.Хоёрдугаарт, Зуух болон дулааны шугамын угсралтын ажил
3.Гуравдугаарт, Халаалтын уурын зуухны гүний худаг гаргах ажил болно. Эдгээр ажлыг хийхийн тулд юуны өмнө ажил тус бүрийн төсвүүдийг мэргэжлийн төсөвчнөөр гаргуулах ёстой байсан. Төсөв гаргуулах ажлыг манай компани хариуцаж гаргуулахад уурын зуухны барилга барих ажлын төсөв 20,000,000 төгрөг, зуух болон дулааны шугамын угсралтын ажлын төсөв 121,246,089 төгрөг, халаалтын уурын зуухны гүний худаг гаргах ажлын төсөв 7,510,058 төгрөг гэж гарсан. Энэхүү төсвийн дагуу ажлыг гүйцэтгэхдээ “А” ХХК болон “Б” ХХК нар нь зардлаа тэнцүү хувааж ажлыг гүйцэтгэж дуусгахаар тохиролцсон. Нийт ажлын төсөв нь 148,756,147 төгрөг болохоор төсөв гарсан. Манай компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр болон зээлийн эх үүсвэрээр хөрөнгө босгож дараах байдлаар зардал гаргасан. Үүнд:
-Бугат сумын халаалтын уурын зуухны барилга барих 20,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг манай компани, өөрт байсан бараа материалаараа, “Б” ХХК-ийн оролцоогүйгээр бие даан гүйцэтгэж 54 м.кв халаалтын уурын зуухны барилгыг 45 хоногийн хугацаанд Бугат сумын иргэд болох Б.Жиргаугаар ахлуулан Н.Магжан, Аубакир, Досжан, Сайпилмүлик, Серикбол, Е-нас, Асалбек, Мурат, Акымжан, Хумар, Аскарбек нар барилгын цементэн хавтан, халаалтын газар доорх шугамын хоолой буюу труба угсрах ажил, 54 м.кв уурын зуухны байрыг бариулсан. Энэ хүмүүсийн ажлын хөлсөнд Б.Жиргауд 1,500,000 төгрөг, Н.Магжанд 500,000 төгрөг, бусад хүмүүст 2,000,000 төгрөгийн ажлын хөлс өгсөн. Мөн Рахат, Ержан нараар сантехникийн ажлыг 2,100,000 төгрөгөөр хийлгэсэн бол сантехникийн холболтын ажлын зөвлөхөөр “З” ХХК-ийн захирал Ц.Б ажилласан. Газар шорооны ажлыг Ж.Болатбек өөрийн ковш трактороороо ажлыг хийж, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2,110,000 төгрөг бэлнээр авч бичгээр баримтжуулсан. Нийт 8,210,000 төгрөг зарцуулсан.
-2017 оны 9 дүгээр сарын 10-нд зуух болон дулааны шугамын төсөв гаргуулах зардал болох мэргэшсэн төсөвчин Ц.Б-ийн 3,096,077 төгрөгийн нэхэмжлэх ирүүлснээс 750,000 төгрөгийг бэлнээр төлсөн.
-2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Х.Х-аас 18,783,000 төгрөгөөр бараа материал авхуулж, жишээ нь гадна дулаан, халаалтын тогооны ажлын зураг хийлгэхээр 1.5 сая төгрөг, цонхны 2,910,000 төгрөг зэргийг төлүүлсэн.
-2017 оны 9 дүгээр сарын 15-нд “А” ХХК-ийн захирал Ж.Б- би компани дээрээ Төрийн банкнаас 45 сая төгрөг зээлэхээр материалаа өгсөн байсан бөгөөд зээлийн мөнгө өнөө маргаашгүй орох гэж хүлээж байсан. Гэтэл “Б” ХХК-ийн захирал К.М- зуухандаа явахаар яаруулаад байсан учраас би 25,000,000 төгрөгийг Худайберген овогтой Торгайаас хоногийн 0,3 хувийн хүүтэй мөнгө зээлж, нөхөр Х.Х-ын Төрийн банкны *************** тоот данс руу хийлгэсэн. Нөхөр маань К.М-, А.З нарыг хамт халаагч зуух авахаар явсан. 2 зуух авах байснаас 1-ийг манай компани нөгөөг нь “Б” ХХК мөнгөө гаргаж худалдан авсан. 1 ширхэг зуух худалдан авахад 21,133,500 төгрөг зарцуулсан.
-2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банкнаас тухайн ажилд санхүүжилт авах зорилгоор 45,000,000 төгрөгийг компаниараа зээлсэн. Энэ мөнгө нь манай компанийн Төрийн банкны *************** дансанд орсныг шимтгэлээ хасуулж үлдсэн 44,560,000 төгрөгөө бэлнээр авч, Х.Торгайаас зээлсэн 21,500,000 төгрөг түүний 9 хоногийн хүү 585,500 төгрөг, нийт 22,585,500 төгрөгийн зээлээ болон Х.Х-аас урьд зээлж бараа материал авхуулсан 18,783,000 төгрөгөө төлж, үлдсэн 3,191,500 төгрөгөөрөө барилгын жижиг хэрэгсэл, бээлий, ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан юм. Энэ 45,000,000 төгрөгийн зээлээ хүүгийн хамт 79,255,766 төгрөг болгон төлж, 2022.03.29-ний өдөр хаасан.
-2017.09.28-ны өдөр нэмэлт санхүүжилт хэрэгтэй байсан ч компаниараа зээл авсан байсан учраас зээл олдоогүй тул нөхөр Х.Х-аар цалингийн зээл 18,900,000 төгрөг авхуулж тэр мөнгөнөөс нь ажлаа дуустал эхлээд гүний худгийн 4,500,000 төгрөгийг төлүүлж бусад бараа материалд 2017 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл 10,697,500 төгрөгийн бараа материалын төлбөр хийлгэж нийт 15,197,500 төгрөг зарцуулсан 18,900,000 төгрөгийн ээлийг хүүгийн хамт 34,031,203 төгрөг болгон төлж, 2022.05.16-ны өдөр зээлээ хаасан. Харин “А” ХХК-д 15,197,500 төгрөг нь зарцуулагдсан учир түүнд ноогдох хүү 8,842,194 төгрөг нийт 24,039,694 төгрөгийн зардал гаргасан. Нийт 8,210,000 + 750,000 + 79,255,766 + 24,039,694 = 112,255,460 зардал Задаргаа нь: 8,210,000 + 750,000 + 45,000,000 + 15,197,500 = 69,157,500 төгрөгийн бодит зарцуулалт хийгдсэн бөгөөд Зээл №1. 45,000,000 төгрөгийн хүүд 34,255,766 төгрөг төлж, Зээл №2-оос зарцуулагдсан 15,197,500 төгрөгт ноогдох хүү 8,842,194 төгрөг буюу хоёр зээлийн хүүд 43,097,960 төгрөгийн зардал гаргасан. Энэхүү 112,255,460 төгрөгийг шаардаж буй хууль зүйн үндэслэл нь Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж хохирлоо шаардаж байгаа болно.
1.11. Улмаар бид хамтран халаалтын уурын зуухны ажлыг өөрсдийн хөрөнгөөр барьж босгон 2017.12.01-ний өдөр дуусгаж, Бугат сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Ийнхүү түүнээс хойш жил бүрийн 09 сарын 15-аас 05 сарын 01-ний хооронд Бугат сумыг халаалтаар хангаж ирсэн. Улмаар 2018-2020 онд жил бүр 80,000,000 төгрөгийн дулаанаар хангаж, улсын төсвөөс энэ онуудад 250,000,000 төгрөг авсан. 2021-2023 онд жил бүр 250,000,000 төгрөгийн дулаанаар хангаж, улсын төсвөөс энэ онуудад 750,000,000 төгрөг авсан буюу нийт 990,000,000 төгрөгийн дулаанаар хангаж, халаалтын уурын зуухыг ажиллуулж ашиг олсон. Энэ ашиг нь “Б” ХХК-ийн данс руу орсон бөгөөд энэ мөнгөнөөс зардлаа хасаад ашгаа манай компанитай хуваах ёстой байсан. “Б” ХХК нь 2023.04.05-нд 2,000,000 төгрөг, 2023.05.05-нд 2,000,000 төгрөг, 2023.06.02-нд 2,000,000 төгрөг, 2023.11.24-нд 6,000,000 төгрөг, 2023.11.25-нд 5,000,000 төгрөг, 2023.12.01-нд 10,000,000 төгрөг, 2023.12.20-нд 10,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийг манай компанид төлсөн. Эхэндээ ковид гарсан хэмээн хойшлуулж явсаар байгаад 37,000,000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй.
1.12. 2024.02.29-ний өдөр К.М-, Х.А- нартай уулзаж эдгээр авах ёстой мөнгө төгрөгөө авах талаар ярилцсан. Өмнө нь олон удаа уулзаж ярилцсан байдаг. Иргэн Х.А- нь миний хөрөнгийг хувьцаа авах замаар авч улмаар дулаан хангагчаар үргэлжлүүлэн ажиллаж, улсын төсвөөс санхүүжилт тогтмол авч ашиг орлого авч байх буюу миний хөрөнгийн үр шимийг хүртэж байна. К.М-, Х.А- нарын 2023.11.16-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах 1084 дугаартай гэрээ /компанийн хувьцаа/ болон мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх 1083 дугаартай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр Х.М-аас 140,000,000 төгрөгийг гаргуулж, Х.А-оос 220,000,000 төгрөгийг гаргуулна.
1.13. Өмгөөллийн хөлс бөгөөд онгоцны зардлыг “Б” ХХК-аас нэхэмжилж байгаа. Манай нэхэмжлэлийн шаардлага 693,730,150 төгрөгийг ямар хэмжээгээр шаардаж байгаа вэ гэхээр К.М- болон Х.А- нарын хооронд хувьцаа худалдан авах байдлаар гэрээ хийгээд, тухайн компанийн хувьцааг 200,000 төгрөгөөр худалдсан гээд улсын бүртгэлд батлуулсан. Гэвч бодит байдал дээр 720,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулагдсан. 720,000,000 төгрөгөөс 500,000,000 төгрөг бэлнээр К.М- гэдэг хүнд төлөгдсөн байна. Тухайн 500,000,000 төгрөгийн 140,000,000 төгрөгийг иргэн К.М-аас шаардаж байгаа. 720,000,000 төгрөгийн 50 хувь болох 360,000,000 төгрөг “А” ХХК-д ноогдох ёстой байсан. Гэтэл 500,000,000 төгрөг авснаар “А” ХХК-д оногдох ёстой 140,000,000 төгрөгийг иргэн К.М- дангаар авсан учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Ийм учраас 140,000,000 төгрөгийг иргэн К.М-аас гаргуулан, мөн төлөгдөөгүй 220,000,000 төгрөгийн хамтран хариуцагч Х.А-оос гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 360,000,000 төгрөг болон 2,810,150 төгрөгийг олох ёстой байсан орлого, талууд үүргээ биелүүлсэн тохиолдолд гарах ёсгүй байсан хохиролд тооцон нэхэмжилж, үнээс үлдсэн зөрүү болох 330,920,450 төгрөгт бодиттой гарсан зардал болох 112,255,460 төгрөг орсон. Харин үүнээс гарсан зөрүү нь “Б” ХХК нь халаалтын мөнгө, 2 зуухыг ажиллуулж дулаанаар хангаад 941,000,000 төгрөгийн ашиг орлого олсон. Харин нэхэмжлэлийн хүрээнд 941,000,000 төгрөгийн 50 хувь болох мөнгийг шаардаагүй. Тэгэхээр дахин нэмэгдүүлэхгүйгээр, өмнөх гарсан нэхэмжлэлийнхээ хүрээнд буюу “Б” ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 330,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өмгөөллийн зардал 810,150 төгрөг нийт 332,920,000 төгрөг гаргуулах, хамтран хариуцагч К.М-, Х.А- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр хамтран хариуцагч Х.М-аас 140,000,000 төгрөг, хамтран хариуцагч Х.А-оос 220,000,000 төгрөг, нийт 693,730,150 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье.
2.Хариуцагч “Б” ХХК-ний захирал бөгөөд хамтран хариуцагч Х.А-ы хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие К.М-тай анх 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр “Б” ХХК-ийг нотариатаар батлуулж, банкны зээл хөөцөлдөж худалдан авсан. Улсын бүртгэлд 14 хоногийн дотор бүртгүүлэх ёстой гээд хувьцааны нэгжээр улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд нэмэлт гэрээ хийгээд улсын бүртгэлд бүртгүүлж авсан. 2023 оны 8 дугаар сарын сүүлд талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед зээл хөөцөлдөж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр орсон. Харин улсын бүртгэлээс өмнөх гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой, мөн “Б” ХХК-ийн хувьцааны сан 200,000 төгрөг байна. Энэ хүрээнд улсын бүртгэлд бүртгэл хийгдсэн ёстой учраас энэ хүрээнд гэрээгээ буцаан шинэчлэх шаардлага тавьсан. Үүний дагуу нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Х.А- “Б” ХХК-ийг 720,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 500,000,000 төгрөгийг К.М-д шилжүүлсэн, 220,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Х.А- болон К.М- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед “А” ХХК-тай холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй. “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч К.М- байсан. Компани тухай хуулиар компани үүсгэн байгуулагч компанийг бусдад худалдах, шилжүүлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн. Тийм учраас К.М- хуулийн хүрээнд компанийг худалдсан. Зуух барьсан асуудлыг К.М- дэлгэрэнгүй тайлбарлах байх.
3. Хамтран хариуцагч К.М-ы хариу тайлбар, татгалзал:
3.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Б” ХХК нь Бугат сумын төвд төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг барихаар болж Бугат сумын Засаг дарга Х.Х-тай Баян-Өлгий аймгийн Бугат сумын төд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж, шугам сүлжээний барилга барих, ажлын гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилга барих ажлыг 523,122,437 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, барилгын ажлыг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгахаар тохиролцсон.Бугат сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар хуучин уурын зуухны буйрын сул байгаа талбайгаас 1150 м.кв газрыг үйлдвэр үйлчилгээ явуулах зорилгоор 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарч, сумын газрын даамал аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Бугат сумын Засаг дарга Х.Х- /одоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа/-тай 2017 оны 07 дугаар сарны 19-ний өдөр Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед аймгийн Засаг дарга А.Гылымхан нь барилгын ажлыг эхэлж байх талаар амаар зөвшөөрөл өгч дараа нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Бугат сумын Засаг дарга А.Жамбыл, “Б” ХХК-ийн захирал бид гурав Баян-Өлгий аймгийн Бугат сумын төв шинээр төвлөрсөн халаалтын зуух, барих дулаанаар хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
3.2. Дээрх ажлуудын хүрээнд “Б” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-тай Баян-Өлгий аймгийн Бугат сумын гадна дулаан хангамж, халаалтын тогооны ажлын зураг төсөв боловсруулах гэрээг байгуулж, гадна дулаан, халаалтын тогооны ажлын зураг, 657 метрийн урттай гадна, шугам сүлжээний зураг зэргийг хийлгүүлж 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр 493/2018 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. Дээрх гэрээгээр нийт ажлын үнийг 6,000,000 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн. Гүйцэтгэгч нь ажлын зургийг үйлдэж, холбогдох материалуудыг бүрэн болгосны дараа тухай ажлын зургийг Барилгын хөгжлийн төвөөр хянуулж магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж, барилга хөгжлийн төв нь магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсны дараа ажлын зургийн эхний хуудсанд штамп дарж энэ талаар тэмдэглэлээ хийсэн. Нэхэмжлэгч “А” ХХК-аас гаргаж өгсөн ажлын зураг нь магадлалын ерөнхий дүгнэлтгүй, ажлын эхний хуудсанд дүгнэлт гаргасан талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй, зөвшилцсөн, боловсруулсан хэсэгт байгаа албан тушаалтнуудын нэр зөрүүтэй, албан ёсны ажлыг зураг биш юм. 2017 оны намар 9 дүгээр сард К компанийн захирал А.З-ийн хамт Орос руу явж Барнаул хотоос халаалтын зуух авч ирж байсан. А.З- тухайн үед Баяннуур сумын нэгдсэн халаалтыг барьж байсан. Энэ үед Х.Х- нь биднийг дагаж очсон. Очих болсон шалтгаан нь өөрийн шинээр барьж байгаа 2 давхар хувийн сууцанд зориулж хаалга, цонх, паркет зэрэг материалуудыг авна гэж очсон. Тэндээс авах материалуудыг зарим хэсэг нь олдохгүй байсан учир буцахдаа бидэнтэй хамт 2 зуух авч ирсэн. Тухайн үед өөрөө хэлэхдээ Увс аймаг руу худалдана гэж байсан. Тэгээд аймагт ирээд манай хашаанд байгаа автомашиныг чиргүүл дээр буулгаж тавьсан. Тэнд 10 дугаар сар хүртэл байсан. Сүүлд нь Х.Х- энэ зуухыг авах хүн олдохгүй байна, та нөөц зухаар аваа мөнгийг нь дараа өгөөрэй гэхээр нь би уг зуухыг авч нөөц зуух болгож тавьсан. Үүнийг нь сүүлд нь бүрэн төлж өгсөн. Нийтдээ 370,000,000 төгрөг өгсөн.
3.3. “Б” ХХК нь Бугат сумын төвлөрсөн халаалтын гадна дулааны шугамын угсралтын ажлыг хийлгэхээр 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр З- хоршоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус хоршоо нь гэрээт ажлыг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд 36,000,000 төгрөгийн хөлсөөр хийхээр тохролцож, суурийн нүх ухах ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эхэлж дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж дуусгасан.
Дээрх ажлын зөвлөх инженерээр З- хоршооны захирал, Монгол улсын зөвлөх инженер Ц.Б ажиллаж, бусад ажлуудыг мэргэжлийн хүмүүстэй харилцан тохиролцож хийлгэж, холбогдох ажлын хөлсийг нь “Б” ХХК-аас өгч тооцоо дуусгаж байсан. Гадна дулааны шугамын ажил эхлэхээс өмнө зөвлөх инженер Ц.Б нь шаардлагатай сантехникийн материалын тооцоог гаргаж өгсний дагуу К.М- би 2017 оны 9 дүгээр сарын эхээр өөрийн ачааны автомашинаар Улаанбаатар хот руу явж 9 дүгээр сарын 07-ны өдрөөс барилгын материалын дэлгэрүүдээс 22,322,400 төгрөгийн 50-150 мм-ийн 6 нэр төрлийн трубо, 3,584,000 төгрөгийн 25-150 мм-ийн 7 нэр төрлийн бөмбөлөгөн хаалт, 587,000 төгрөгийн үнэтэй, 20-150 мм-ийн 6 нэр төрлийн ган отвод, 200.000 төгрөгийн тросс, 1,600,000 төгрөгийн шилэн хөвөн, 1,300,000 төгрөгийн үнэтэй яндан, 1,800,000 төгрөгийн үнэтэй 30 боодол арматур зэрэг шаардлагатай материалуудыг худалдан авч Баян-Өлгий аймагт ачиж ирсэн. Энэ нь тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн, мөн миний Хаан банк дахь 2180221812 тоот дансны 2017 оны хуулгануудаар нотлогдоно.
3.4. Нэгдсэн халаалтын төвийн зуухны байрны фундам цутгах, өрлөг, гадна дотор талын шавардлага, өнгөлгөө, хаалга, цонх суурилуулах, дээвэрлэх зэрэг барилга барихтай холбоотой бүх ажлыг иргэн О.Магжан туслах К.Ерболат, А.Жардембек Аскер нарын хийж гүйцэтгэж, ажлын хөлсөнд 8,500,000 төгрөг авсан. Нэгдсэн халаалтын төвийн дулааны гаднах шугамын газар доорх сантехникийн шугамуудын гагнуурын бүх ажил, зуухны гагнуур, холболт хийх байгууллагуудын шугамын гагнуур зэрэг ажлуудыг иргэн А.Ескендир туслах М.Баянбек, Б.Жыргау, А.Е-нас, Е.Досжан нарын хамт хийж гүйцэтгэж, ажлын хөлсөнд 15,000,000 төгрөг авсан. Мөн нэгдсэн халаалтын төвийн хоёр зуухны угсралтын гагнуурын ажил, насос суурилуулалт, хог шүүгч, оролт гаралтын хаалт суулгах, гол шугамыг цэцэрлэгтэй холбох зэрэг ажлуудын гагнуурын ажлыг гагнуурчин У.Нурбек нь Е.Елеусиз, Г.Ауганбай, Есболат нарын хүмүүстэй хамт хийж гүйцэтгэж нийтдээ 3,500,000 төгрөгийн хөлс авсан. Нэгдсэн халаалтын төвийн зуухны гадна шугамын траншейны цемент блок 8000 ширхгийг 6.400,000 төгрөгөөр, зуухны байрны өнгөлгөөний саарал тоосго 1000 ширхгийн 1,800,000 төгрөгөөр иргэн Ө.Ханагатаас худалдаж авсан. Мөн Ө.Ханагатад хавтас үйлдвэрлэхэд шаардлагатай цемент, арматурын төмөр, катанг, хайрга зэрэг материалуудыг бэлдэж өгч 600 ширхэг траншейны хавтан үйлдвэрлүүлж, 1,500,000 төгрөгийн хөлс өгсөн. Нэгдсэн халаалтын төвийн гадна дулааны шугамын траншей ухах, шугам суурилуулсан дараа шороогоор булах, траншейн хавтас, агийг өргөж буулгах, суулгах зэрэг газар шороотой холбоотой ажлуудыг иргэн А.Бейбитхан өөрийн эзэмшлийн Самсунг МХ55 маркийн унагалдай экскаватороор хийж гүйцэтгэж 5,000,000 төгрөгийн хөлс авч байсан. Мөн Жылыбайн Берикбол нь дулааны гоо шугам, гол шугамаас эмнэлэг хүртэлх траншейн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэж 1,200,000 төгрөгийн хөлсийг авсан. Мөн дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд Б.Жыргау, Е.Досжан, А.Е-нас, Ж.Аубакир нарын хүмүүс ажиллаж зохих хөлсөө авсан. Гадна дулаан хангамж, халаалтын тогооны барилгын далд ажлын актыг зөвлөх инженер Ц.Б- үйлдэж, аймгийн Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Ж.Кабейхан захлагчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг үйлдэж барилгын ажлыг дуусгаж байсан. Дээрх барилга байгууламжийн ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр холбогдох хууль тогтоомж, барилгын ажлын зохих дүрэм, норматив, стандартын шаардлага нийцүүлэн барьж дуусгасан.
3.5. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 2.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр гаргасан. Гэвч аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаж өгөөгүй учир Захиргааны хэргийн шүүхэд хандаж зохих шийдвэрүүдийг гаргуулж байсан. Бугат сумын төвд нэгдсэн халаалтын барилга байгууламж барьж байгуулахаас өмнө сумын Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, цагдаагийн кобан зэрэг байгууллагууд өөрсдийн хувийн уурын зуухтай, дулааны төлбөр нь ердийн тарифаар тухайн байгууллагын төсөвт суудаг, уурын зуухны галч нар тухайн байгууллагын ажилтнаар ажиллаж тэндээс цалин хөлс авдаг байсан. 2017-2019 онуудад дулааны төлбөр мөн дээрх байгууллагуудын төсөвт ердийн тарифаар сууж, галч нар тухайн байгууллагаас цалин хөлс авч, “Б” ХХК-д зөвхөн нүүрсний үнийг шилжүүлж өгч байсан. “Б” ХХК нь Баян-Өлгий аймгийн Зохицуулах зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 08, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаар тогтоолуудаар Бугат сумын халаалтын төвд мөрдөх хэрэглэгчийн үнийг тооцох тарифуудыг баталж өгсөн боловч дээрх тарифт тооцсон хэмжээгээр дулааны төлбөрийг төсөвт суулгаж өгөөгүй. Нэгдсэн халаалтын барилга байгууламж, шугам сүлжээний барилга хэрхэн ашиглалтад орсон талаар тайлбарын өмнөх хэсэгт тодорхой дурдсан. Тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахгүй байсан учир төсвийг нь батлагдсан тарифаар төсөвт суулгуулах ямар ч боломжгүй байсан. “Б” ХХК нь үүний араас явж хөөцөлдөж жил жилийн төсөвт суулгуулахаар аймгийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт тавьж ирсэн боловч мөн суулгаж өгөөгүй. Тэгээд тус компани нь аргагүйн эрхэнд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн болон Бугат сумын Засаг дарга нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн дээрх шийдвэр гарсны дараа 2022 оноос халаалтын зардал тодорхой хэмжээгээр нэмж батлагдаж ирсэн. Энэхүү төсөв батлуулах ажиллагаанд нэхэмжлэгч “А” ХХК-ийн ямар нэгэн оролцоо байгаагүй давхар нотолж байна.
3.6. “Б” ХХК нь анх 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр үүсгэн байгуулагчийн 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Компанийг үүсгэн байгуулах үед дүрмийн сан /өөрийн хөрөнгийн хэмжээ/ нь 200,000 төгрөг байхаар тогтоож, энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан. Тэрнээс хойш дүрмийн санд ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй учир улсын бүртгэлд дээрх хэмжээ хэвээр явж ирсэн. Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэг үүсгэн байгуулагчтай тохиолдолд хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаагаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хүрээнд зөвхөн тухайн хувьцаа эзэмшигчийн сайн дурын, хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр түүний эзэмшлийн хувьцаа бусдад хуульд заасан хэлбэрээр шилжих боломжтой. Бид анх 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /бүртгэлийн дугаар 0804/ байгуулж, хувьцааг худалдагч тал худалдан авагч талд 720,000,000 /долоон зуун хорин сая/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Дээрх 720,000,000 төгрөгийн үнийн дүнд зөвхөн хувьцаа ороогүй “Б” ХХК-ийн өмчлөлд байгаа Бугат сумын 3 дугаар баг Овгор-5 гудамж, 503 тоотод байршилтай, 108 м.кв талбайтай, гурван өрөө, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /зуухны байр/, дээрх хаягт байршилтай 1150 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалттай газар, дулааны шугам сүлжээ, “Б” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл бүхэлдээ багтаж байгаа. Энэхүү гэрээг тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид хандахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан тул дээрх хугацаа өнгөрсөн, мөн компанийн улсын бүртгэлд байгаа өөрийн хөрөнгийн хэмжээ 200,000 төгрөг байгаа тул өөрчлөлтийг дээрх хөрөнгийн хэмжээнд бүртгэх боломжтой тул компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хуулийн дээрх шаардлагад нийцүүлэн дахин хийж ирэх шаардлага тавьсан. “Б” ХХК нь үүний дагуу тойргийн нотариатчид дахин хандаж 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1084 бүртгэлийн дугаартай компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг дахин байгуулж, дээрх гэрээг үндэслэн улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтүүдийг бүртгүүлсэн. Талууд дээрх гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд бичсэнчлэн хувьцаа худалдах- худалдан авах гэрээнд 200,000 төгрөгөөр худалдсан мэтээр дээрх гэрээг халхавчилж гэрээ байгуулж, 720,000,000 төгрөгийн хэлцэл /гэрээ/-ийг халхавчилсан зүйл байхгүй.
3.7. “Б” ХХК-ийн зүгээс тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/Ш32024/00867 дугаар захирамжаар К.М-тай байгуулсан 720,000,000 төгрөгийн гэрээ, К.М- руу 500,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж заасан хугацаанд тухайн шүүхэд хүргүүлсэн. “Б” ХХК нь хувьцааг 720,000,000 төгрөгөөр худалдаагүй, 200,000 төгрөгөөр худалдсан гэж шүүхэд ямар нэгэн тайлбар гаргаагүй, үгүйсгэсэн, халхавчилсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тийм учраас К.М-, Х.А- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/-г хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй.
3.8. Дээр дурдсанчлан “Б” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүсэн байгуулагдаж, мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь 1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тэр нь К.М- би байсан бөгөөд энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд авагдсан, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдэж баталгаажсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлдэг. Би “Б” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч учир тус компанийн эрхийг бусдад шилжүүлэх бүрэн эрхтэй. Дээрх эрхийнхээ хүрээнд К.М- нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Х.А-тай 1083 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, түүнийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй.
3.9 Иргэн Х.Х- нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкнаас 18,500,000 төгрөгийн зээл авсан байх ба үүнээс нийт 20 удаагийн гүйлгээгээр 18,783,000 төгрөгийг Бугат сумын Нэгдсэн халаалтын төв барихад зарцуулсан гэж нэхэмжлэлд тайлбарлажээ. Х.Х- нь тухайн жил Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт амины хоёр давхар сууц барьсан. Мөн нэхэмжлэгч “А” ХХК нь 2016 онд тухайн багийн нутаг дэвсгэрт үерт өртсөн айлуудад зориулсан балкан байшин барих тендерт шалгарч балкан байшин барьсан бөгөөд тухайн байшин барихад шаардлагатай банз, палк, цемент зэргийг К.М- надаас зээлээр авч мөнгийг нь дараа шилжүүлдэг байсан. Дээрх 2,896,000 төгрөг надаас авсан барилгын материалын үнэ бөгөөд тухайн үед миний бие Өлгий сумын 4 дүгээр багт байдаг өөрийн хашаандаа банз, палк, цемент зэрэг барилгын материал худалдан борлуулдаг байсныг ард түмэн мэднэ, Х.Х- ч мэднэ. Х.Х- нь тухайн үед өөрийн Ланд круйзер 80 маркийн автомашинд чиргүүл чирээд манай хашаанаас хэрэгцээт барааг тухай бүрд нь авч явдаг байсан. Тэгээд ч Бугат сумын Нэгдсэн халаалтын төвийн барилгад ямар ч палк мод ашиглаагүй.
3.10. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэн иргэн Б.Я-ийн ХААН банк дахь ************* тоот дансанд зураг гэсэн утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Б.Я гэх хүн манай компанийн Бугат сумын төвд барьсан Нэгдсэн халаалтын төвийн гадна шугам сүлжээний ажлын зургийг хийж, магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж өгсөн И ХХК-ийн гүйцэтгэх захирал хүн бөгөөд тухайн үед К.М- би Х.Х-аас авах авлагатай байсан учир дээрх 1.500,000 төгрөгийг шилжүүлэхийг хүсэж тэрний дагуу шилжүүлсэн мөнгө. Зураг төсөвтэй холбоотой бусад төлбөрүүдийг би өөрөө төлж тооцоо дуусгасан. Зуухны барилгыг ямар ямар хүмүүс хэзээ, хэрхэн барьсан талаар энэхүү тайлбарт тодорхой дурдсан.
3.11. “А” ХХК-ийн нэхэмжлэлд 54 м.кв халаалтын уурын зуухны барилгыг 45 хоногийн хугацаанд Бугат сумын иргэд Б.Жыргаугаар ахлуулан Н.Магжан, Аубакир, Досжан, Сайпилмулик, Серикбол, Е-нас, Асалбек, Мурат, Акымжан, Хумар, Аскербек нар барилгын цементэн хавтан, халаалтын зуухны доорх шугамын хоолой буюу труба угсрах ажил, 54 м.кв уурын зуухны байрыг бариулсан гэжээ. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Уурын зуухны барилга нь нийтдээ 108 м.кв талбайтай, 3 ерөө байр байгаа. Тухайн барилгыг барихад “А” ХХК-ийн ямар ч оролцоо байхгүй. “Б” ХХК-ийн захирал К.М- нь зарцуулсан материал, хийсэн ажлыг тухай бүрд өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж байсан. Тухайлбал суурийн цутгалтад цемент 21 уут, хайрга 2 машин 90,000 төгрөг, өрлөгийн элс 2 машин 90,000 төгрөг, тоосго 1400 ширхэг 2,380,000 төгрөг, тоосго Ханагат 5440 ширхэг 870,000 төгрөг, блок 2550 ширхэг 2,167,500 төгрөг, ялуу 5 ширхэг 150,000 төгрөг, цонх 4 ширхэг 504,000 төгрөг, хаалга 1 ширхэг, төмөр хаалга 1 ширхэг нийтдээ 674,000 төгрөг, яндангийн суурийн лист 400,000 төгрөг, ажилчдын өрөөний хаалга 1 ширхэг 90,000 төгрөг, ажилчдын өрөө цонх 1 ширхэг 150,000 төгрөг гэх мэтээр тус тус бичээд явсан байдаг. Энэ нь тэмдэглэлийн дэвтэрт тодорхой бичигдсэн. Эдгээр нотлох баримтууд нь “А” ХХК-ийн ямар нэгэн оролцоо байхгүй байсныг нотолно. Мөн зуухны улаан тоосгыг Цэнгэл сумын Цэнгэл тоосго ХХК-ийн захирал Т.Байкалаас зээлээр авсан ба мөнгө нь 1,400,000 төгрөгийг К.М-ы ХААН банк дахь ************* тоот данснаас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр захирал Т.Байкалын ХААН банк дахь ************* тоот дансанд Бугат нэгдсэн халаалтад авсан тоосгоны үнэ гэсэн утгаар шилжүүлж өгч байсан дансны хуулга нь бэлэн байгаа.
3.12. Х.Х- нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэн иргэн Б.Я-ийн ХААН банк дахь ************* тоот дансанд зураг гэсэн утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн талаар тайлбарын өмнөх хэсэгт тодорхой дурдсан. К.М- би Х.Х-аас авах авлагатай байсан учир дээрх 1,500,000 төгрөгийг шилжүүлэхийг хүсэж тэрний дагуу шилжүүлсэн мөнгө. Х.Х- нь 2016 онд Өлгий сумын нутаг дэвсгэрт үерт өртсөн айлуудын палкан сууц барих тендерийг “А” ХХК-ийн нэрээр авч барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тэр үеэс К.М-аас палк, банз зэрэг материалуудыг зээлээр авч үнийг дараа нь төлж байсан. Энэ нь К.М- миний ХААН банк дахь ************* тоот дансны 2016 оны хуулгаар нотлогдоно. Мөн Х.Х- нь 2017 оны зун хоёр давхар хувийн сууц барьж К.М- надаас палк, банз, цемент зэрэг материалуудыг зээлээр авч байсан. Түүнчлэн Х.Х- нь 2 давхар сууцны сантехникийн бүх материалуудыг Тирлик зах дээр барилгын материал худалдан борлуулаг Ж.М-ээс зээлээр авч байсан ба тухайн үед өөрөө төлөх мөнгөгүй учир К.М- би өөрийн ХААН банк дахь ************* тоот данснаас түүний нэрийн өмнөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ж.М-ийн ХААН банк дахь ************* тоот дансанд сантех гэсэн утгаар эхлээд 3,000,000 төгрөг дараа нь 855,600 төгрөг шилжүүлж өгч байсан. “А” ХХК нь нэхэмжлэлд Бугат сумын халаалтын зуухны гүний худаг гаргах ажлын төсөв гэж Х.Жахсыгүл гэдэг хүний хийсэн төсвийг хавсаргаж өгч, дээрх хөрөнгийг Х.Х- гаргаж төлсөн гэжээ. Нэгдсэн халаалтын төвийн гүний худгийг Улаанбаатар хотоос ирж худаг гаргаж байсан хүмүүсийг дагуулж очиж “Б” ХХК-ийн захирал К.М- би өөрөө гаргуулсан. Энд Х.Х-ын ямар ч оролцоо байгаагүй. Дээрх хүмүүс нь худгийг 3,500,000 төгрөгөөр гаргасан. Мөнгийг төлөх болоход Х.Х-аас авах авлагын оронд төлөхийг хүсэхэд Х.Х- нь дээрх хүмүүсийг дагуулж яваад Өлгий сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хөрс” ХХК-ийн шатахуун түгээх станцаас авах авлагатай гэж солярка авч өгч тооцоог дуусгасан.
3.13. “Б” ХХК-ийн захирал К.М- би нэгдсэн халаалтын төвийг барихад шаардлагатай хөрөнгөнүүдийг хувиасаа болон банкнаас авсан зээлийн хөрөнгөнүүдээс гаргаж зарцуулж байсан. Би энэхүү төвийг барихаас өмнө барилгын модон материалын худалдаа эрхэлдэг томоохон бизнесмен байсан. Би энэхүү бизнесийн орлогыг бүхэлдээ зуухны ажилд зарцуулсан. Мөн ХАС банкны Баян-Өлгий салбараас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийн зээл авч зарцуулсан. Дараа нь дээр дурдсанчлан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй, халаалтын зардал батлагдаагүй учир нэгдсэн халаалтын төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийн, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийн зээлийг тус тус авч нэгдсэн халаалтын төвийн үйл ажиллагаанд зарцуулсан. “А” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд нь ямар ч үндэслэлгүй, талууд хоорондоо хамтран ажиллах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00814 дүгээр шийдвэрээр:
4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч К.М-аас 42,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдсэн Б ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүрэгт 330,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 810,150 төгрөг, нийт 333,730,150 төгрөг гаргуулах, хамтран хариуцагч К.М-, Х.А- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр хамтран хариуцагч Х.М-аас 97,150,000 төгрөг, хамтран хариуцагч Х.А-оос 220,000,000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,
4.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,918,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч К.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 372,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 25 дахь тал, үндэслэх хэсгийн 15.5 дахь хэсэгт “...төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын нийт ажлын төсөв нь 180,794,211 төгрөг болох нь шинжээч тэргүүлэх төсөвчин О.Кызметийн гаргасан дүгнэлтээр тогтоогдсон тул уг дүнгээр тооцоход 1% нь 1,807,942 төгрөг ба нийт оруулсан мөнгөн дүнгийн хувь нь 15.97% ба хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д зааснаар нэхэмжлэгчийн оруулсан дундаа өмчлөх хөрөнгө ба түүнийг тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдсан 500,000,000 төгрөгөөс тооцоход 79,850,000 төгрөг үүнээс нэхэмжлэгчийн хамтран хариуцагч Е.М-аас шилжүүлж авчихсан 37,000,000 төгрөгийг хасаж тооцоход үлдсэн 42,850,000 төгрөгийг хамтран хариуцагч Е.М-аас Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож... ” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх үндэслэлээс нэгэнт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 15.97%-ийг хүлээн зөвшөөрч байна.
5.2. Харин анхан шүүхийн 500,000,000 төгрөгөөс тооцсон тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг халаалтын уурын зуух нь 10 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй цаашид тусгай зөвшөөрлөө сунгуулан илүү их ашиг олох боломжтой хэмээн үзэж К.М-, Х.А- нарын хийсэн наймаа болно. Харин нэхэмжлэгч 1,807,942*15.97%=28,872,833 төгрөгийн хэмжээнд хамтран өмчлөгч болно. Энэ мөнгийг К.М- төлөх ёстой.
5.3. Энэ хөрөнгийг бий болгохын тулд: Нэхэмжлэгч 2017.09.26-ны өдөр Төрийн банкнаас тухайн ажилд санхүүжилт авах зорилгоор 45,000,000 төгрөгийг компаниараа зээлсэн. Энэ зээлийн 28,872,833 төгрөг нь уг хөрөнгөд зарцуулагдсан. Энэ 45,000,000 төгрөгийн зээлийн хүүд 34,255,766 төгрөг төлсөн. Тэгвэл 28,872,833 төгрөгт ногдох хүү 21,979,133 төгрөгийн хүү төлсөн. (28,872,833*34,255,766)/45,000,000=21,979,133
Энэ бол хохирол мөн. Энэ хохирлыг К.М- төлөх ёстой. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.”
5.4. Хамтран хариуцагч К.М- нэхэмжлэгчийн 15.97% хөрөнгийг оролцуулан 500,000,000 төгрөгөөр худалдан орлого олсон байх ба уг 500,000,000 төгрөгийн 15.97% болох 79,850,000 төгрөгийг ч төлөх ёстой. Улмаар К.М-ы төлбөл зохих дүн 28,872,833 + 21,979,133(зээлийн хүү)+79,850,000(худалдаж олсон ашиг)=130,701,966 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх шаардлагатай. Үүнээс 37,000,000 төгрөгийг төлсөн, анхан шатны шүүхийн шийдвэрээр 42,850,000 төгрөг гаргуулахаар болсон тул К.М-аас нэмж 50,851,966 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, К.М-аас “42,850,000 төгрөг гаргуулна” гэснийг өөрчилж нийт “К.М-аас 93,701,996 төгрөг гаргуулах” гэж өөрчилж өгнө үү.
5.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 дахь тал, үндэслэх хэсгийн 14.2-т хариуцагч “Б” ХХК нь 2017-2024 оны хооронд төсвийн хөрөнгөөс нийт 760,396,000 төгрөгийн ашиг олсон болохыг дүгнэсэн атлаа “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн 15.97%-ийн хөрөнгөөс хүртэх ёстой байсан 121,435,241 төгрөгийн ашгийг хариуцагч “Б” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжиж хүртсэн болох нь шинжээчийн дүгнэлт, улсын төсвөөс хөрөнгө мөнгө шилжүүлэн авсан баримтуудаар тогтоогдож байна. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 493 дугаар зүйлийн 493.6 “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.”
Тодруулбал, “Б” ХХК нь нэхэмжлэгчийн 15.97%-ийн хөрөнгийг ашиглаж, үр шимийг нь хүртэх хууль зүйн болоод гэрээний үндэслэл байхгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Б” ХХК-аас 121,435,241 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Жич: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 дахь талд, 14.3 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч “Б” ХХК-ийн хувьд авч үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн “75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой байсан. Харин нэхэмжлэгч болоод хамтран хариуцагч К.М-ы тухайд үүрэг дуусгавар болоогүй үргэлжилсэн байсан буюу нэмэлт хугацааг талууд тохиролцсоор хамгийн сүүлийн төлбөр төлсөн хугацаа нь 2023 он байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.
5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “К.М-аас 42,850,000 төгрөг гаргуулах” гэснийг 50,851,996 төгрөгөөр нэмэгдүүлж "93,701,996 төгрөг гаргуулах” гэж өөрчлөх, хариуцагч “Б” ХХК-аас 121,435,241 төгрөгийг гаргуулах гэж нэмж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү.
6. Хамтран хариуцагч К.М-ы давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийн 11.7-д "А” ХХК болон “Б” ХХК нарын хооронд хамтран ажиллах хэлцэл амраар /амаар/ байгуулсан гэж шүүх дүгнэлээ” гэжээ. Миний бие К.М- нь хувь хүний хувьд болон “Б” ХХК-ны захирлын зүгээс “А” ХХК-тай харилцан тохиролцож, хамтран ажиллаж байгаагүй. Сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х-тай хоёрхон үндэслэлээр К.М- миний бие харилцсан. Х.Х-тай К.М- би нэгдүгээрт: “Б” ХХК-ыг төлөөлөн Бугат сумын Засаг даргын зүгээс халаалтын зуух барих ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахтай холбоотой харилцсан, хоёрдугаарт хувь хүний хувьд К.М-, Х.Х- бид хоёр нэг нэгнээсээ эд зүйлсийг зээлээр худалдах, худалдан авах, түүний төлбөр тооцооны асуудлаар харилцаа үүсгэдэг байсан. Тэрнээс биш Х.Х- бид хоёр хамтран ажиллахаар болж ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Гэтэл шүүхээс “А” ХХК болон “Б” ХХК нарын хооронд хамтран ажиллах хэлцэл амаар байгуулсан гэдэг нь огт үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг анхан шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн. 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан. Хуулийн этгээд байгуулахгүйгээр хоёр этгээд хамтран ажиллах болохоос хуулийн этгээд байгуулж, түүний нэр дээр бүх хөрөнгийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бий болсон хуулийн этгээдийн хөрөнгө, хувьцааны асуудалд уг хуулийн заалт тохирохгүй юм. Нэхэмжлэгч “А” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс харвал “Б” ХХК-ыг К.М- надтай хамтран үүсгэн байгуулсан учраас тухайн компанийг худалдсан үнийг хувааж авах ёстой мэтээр тайлбарлаж байх шиг байна. Тэгсэн хир нь “А” ХХК болон “Б” ХХК амаар хамтран ажиллах гэрээ байгуулсан, халаалтын зуух барьсан гэх мэтээр мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй болсон. Шүүх маргааныг зөв ойлгохгүй, нэхэмжлэлийн шаардлын үндэслэлийг тогтоохгүйгээр хариуцагч К.М- надаас мөнгө гаргуулан шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр ойлгомжгүй бөгөөд үндэслэл муутай болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12, 13 дугаар хэсэг бүхэлдээ үндэслэл муутай, утга найруулга, хууль хэрэглээний хувьд зөрчилтэй, логик дэс дараалалгүй болсон бөгөөд шүүхээс хийсэн дүгнэлтүүдийг эс зөвшөөч байна.
6.2. Хариуцагч К.М- би "Б" ХХК-ыг үүсгэн байгуулах тухай 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 2017 оны 01-р сарын 04-ний өдрийн ************* дугаартай гэрчилгээ, "Б" ХХК-ны 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн дүрэм зэрэг хүчин төгөлдөр эрхийн актаар аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, уг "Б" ХХК-ны захирлаар К.М- би томилогдож, албан ёсны баримт бичгээр албажуулсан болно. Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд "Б" ХХК-ны 2017 онд барьж ашиглалтад оруулсан 1,4 мВт хүчин чадалтай Эрчим хүчний барилга байгууламж барьж ашиглалтад оруулах үйл ажиллагаанд иргэн Х.Х- болон түүний төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа "А" ХХК-ны зүгээс ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулах, эсвэл биечлэн барилгын болон сантехникийн ажил эрхлэх зэрэг ажил үйлчилгээ хийж байгаагүй болохыг шүүхэд хангалттай нотлох баримтуудаар нотолж өгсөн боловч тэдгээр баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй, дүгнээгүй атлаа илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
6.3. "Б" ХХК нь Бугат сумын төвийн албан байгууллагуудыг нэгдсэн халаалтын системд холбох, 1,4 мВт хүчин чадалтай Эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглалтад оруулах үйл ажиллагааг дангаар хийж гүйцэтгэсэн болох нь Бугат сумын Засаг дарга болон "Б" ХХК-ны хооронд 2017 оны 07-р сарын 29-ний өдөр байгуулсан "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" болон аймгийн Засаг дарга, "Б" ХХК-ны хооронд байгуулсан "Хамтын ажиллагааны гэрээ", Баян-Өлгий аймгийн Зохицуулах Зөвлөлийн 2018 оны 5-р сарын 16-ны өдрийн "Эрчим хүчний барилга барих зөвшөөрөл олгох тухай" 05 дугаартай тогтоол, мөн Аймгийн Зохицуулах Зөвлөлийн 2018 оны 5-р сарын 16-ны өдрийн тусгай зөвшөөрлийн 14 дугаартай гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний Зохицуулах Зөвлөлийн 2017 оны 7-р сарын 17-ны өдрийн "Дулааны үнэ тогтоох тухай" 08 дугаартай тогтоол, Эрчим хүчний Зохицуулах Зөвлөлийн 2020 оны 7-р сарын 27-ны өдрийн "Дулаан үйлдвэрлэх түгээх, дулаанаар зохицуулалттай хангах" эрх олгосон "Б" ХХК-ны 18 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, мөн бусад гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хууль ёсны баримт бичгээр нотлогдож тогтоогдсон. Дээрх хууль ёсны нотлох баримтууд нь "Б" ХХК нь "Бугат сумын төвийн нэгдсэн халаалтын барилга байгууламж барих, дулааны шугам сүлжээнд холбох, дулаан үйлдвэрлэх, түгээх, борлуулах" бүх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын шийдвэр, тусгай зөвшөөрөл,зохих зураг төсвийн дагуу дан ганц "Б" ХХК-ны өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан болохыг нотолсон байхад шүүхээс буруу дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна.
6.4. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүчээр хангах, зориулалтын барилга барих, нэгдсэн төвлөрсөн шугамд холбох бүх үйл ажиллагаа Эрчим хүчний Зохицуулах зөвлөлийн олгосон тусгай зөвшөөрлөөр хийгдэх ажил бөгөөд уг ажлыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх боломжтой юм. Хэрэв "А" ХХК нь "Б" ХХК-ны өмч хөрөнгийн талаар шаардлага гаргаж байгаа бол тухайн үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой.
6.5. Харин"А" ХХК-ны захирал Б-, түүний нөхөр Х.Х- нар нь тендер сонгон шалгаруулалтаар Өлгий сумын 10 дугаар багт баригдах "Кувейт хороолол" нэртэй хороолол шинээр баригдахад нэг загварын 40 м2 талбайтай, хэд хэдэн орон сууцыг балк модоор барих болсон гэж, хариуцагч К.М- надаас тухайн үед мөнгөний бололцоогүй байна гэж их хэмжээний балк мод зээлж авч байсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотоос ирж, Баян-Өлгий аймагт гүний худаг ухаж, гаргаж байсан хүмүүст захиалж би гүний худаг ухуулсан ба түүний хөлс төлбөр 3,500,000 төгрөг өгөх шаардлага гарсан тул Х.Х-аас урьд зээлж авсан балк модны үнийг Х.Х-аас гаргуулан гүний худгийн төлбөр 3,500,000 төгрөг төлүүлж байсан. Энэ бол К.М- миний өөрийн авлага байсан тул Х.Х- гэх хүнд гүний худаг холбогдолгүй юм. Гэтэл шүүхээс энэ талаар нотлох баримтаас зөрүүтэй буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
6.6. Хариуцагч К.М- би иргэн З-ийн хамт машин хөлслөн авч ОХУ-ын Барнаул хотоос 1,2 мВт уурын зуух худалдан авахаар 2017 оны 9-р сард явахад Х.Х- өөрөө хувийн журмаар биднийг дагаж очоод, тухайн үед хувьдаа барьж байсан хоёр давхар хувийн сууцанд тавилга, гэр бүлийн эд хогшил авахаар очсон болно. Уг Барнаул хотоос К.М- би 1,2 мВт хүчин чадалтай уурын зуух нэгийг худалдаж авсан юм. Гэтэл Х.Х- мөн уурын зуух нэгийг 24,491,600 төгрөгөөр өөртөө худалдан авч, Увс аймагт үнэ хүргэж худалдахаар болж, авч ирсэн боловч борлуулж чадаагүй тул К.М- надад зээлээр өгсөн. Харин уг зуухны үнийг К.М- би 2023 оны 4-р сараас 12-р сарын 01-ний хүртэл Х.Х-т нийт 27.000.000 төгрөг болгож төлсөн байгаа юм. Мөн 2023 оны 12-р сарын 20-ны өдөр намайг "Б" ХХК-ыг Х.А-д худалдаж, мөнгөтэй болсныг Х.Х- мэдэж байсан учир "Харажат" ББСБ-д өр зээлтэй байна, шүүхэд өгөх гэж байна гэж 10.000.000/арван сая/ төгрөг гуйж, надаас зээлдэж авч байсан.
6.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15.3, 15.4. 15.5 дахь хэсэгт хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдлаас илтэд зөрүүтэй, утга найруулга, бичвэрийн алдаанаас гадна ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 477.1, 477.2 дахь хэсгийг үндэслэн “А” ХХК-ны оруулсан хувь хэмжээ 28,868,443 төгрөг байна гэдэг тоог хэрхэн яаж гаргаж ирсэн нь ойлгомжгүй, мөн халаалтын шугамыг 500,000,000 төгрөгөөр худалдахаар болсон гэж бичээд “Б” ХХК-ны анхны хувьцаа 200,000,000 төгрөг, дулааны шугамын нийт төсөв 180,794,211 төгрөг, түүний 15,97 хувь 79,850,000 төгрөг гэх мэтээр тооцоолол гаргаж байгаа нь огт ойлгомжгүй. “А” ХХК нь “Б” ХХК-ны хувьцааг эзэмшдэг мэтээр, тэдний хувьцааг хувьчлан хувааж, эд хөрөнгө худалдсан хэмжээгээр мөнгө гаргуулж байгаа эсэх, эсвэл халаалтын шугам тавихад хийсэн төсөвчний төсвийн хэмжээгээр эд хөрөнгө хувааж байгаа эсэх нь огт ойлгомжгүй, үндэслэл муутай шийдвэр гаргасан байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 814 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Хамтран хариуцагч К.М-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдлын агуулга:
7.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00814 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх, 116.3-д заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэх заалтуудад нийцээгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хамтран хариуцагч К.М-аас 42.850.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгох” гэсэн хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
7.2. Анхан шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжуудыг “буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн” нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим алдагдах, буруу дүгнэлт хийхэд хүргэсэн байна.
Тухайлбал: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “Б” ХХК-ны хооронд “Хамтран ажиллах гэрээ”-г 2017 онд “Бугат сумын төвт Нэгдсэн халаалтын барилга, байгууламж барих ашиглалтад оруулах, үйл ажиллагаа хамтран явуулах" чиглэлээр аман гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хамтран ажиллах гэрээг байгуулж тохирсон үйл баримт тогтоогдоогүй, ба энэ талаарх хуулийн зохицуулалтыг шүүх буруу хэрэглэсэн гэж үзэх байна.
7.3. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэжээ. Хуулийн энэхүү зохицуулалтаар “хамтран ажиллах гэрээ”-ний талууд хуулийн этгээд биш, иргэн байх бөгөөд иргэд хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахад хэлбэрийн хувьд бичгээр болон амаар байгуулж болохыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зөвшөөрсөн байдаг.
7.4. Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “Б” ХХК нь Иргэний хулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох, бусад зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэх заалтыг зөрчиж, хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэж үзвэл хууль бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч “Б” ХХК нь 2017 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хуулийн 25; 33; 34; 39; 42; 43; 56; 57 дугаар зүйлүүдэд заасан хуулийн өрсөлдөх заалтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглээгүй орхигдуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна.
7.5. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай үүсгэн байгуулагдсан цагаас хамтран ажиллах болон бусад төрлийн гэрээ, хэлцэл хийж байгаагүй бөгөөд Бугат сумын төвд “Дулааны эрчим хүчний барилга, байгууламж барих, ашиглалтад оруулах, хамтран ажиллах талаар бичгээр болон амаар хэлцэл хийх, гэрээ байгуулах, харилцан тохиролцох” үйлдэл, үйл баримт огт болж байгаагүй билээ.
7.6. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д амаар хийх хэлцэл хийсэн гэж үзэх шаардлагыг тодорхойлсон ба хуулийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон байх 43.1.2-д хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар, зэрэг зүйл олгосон, 43.1.3-д гэрээ хэлцэл хийх санал илгээсэн, хариу өгсөн байдал, өгөөгүй бол хариу өгөх хугацаа өнгөрсөн байх эсэхийг тогтоосон байх ёстой.
Гэтэл “А” ХХК болон “Б” ХХК-ны хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан амаар хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэгэнт тохиролцоо, хамтран ажилласан үйл баримт байхгүй учир энэ нөхцөл тогтоогдохгүй болно.
7.7. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “...Хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ” гэжээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэжээ. Тэгвэл нэхэмжлэгч “А” ХХК болон түүний удирдлагын зүгээс хариуцагч “Б” ХХК-нд хамтран ажиллах талаар тухайн үед хүсэл зоригоо илэрхийлсэн, санал хүсэлт тавьсан, түүнийг нөгөө тал хүлээж авсан гэх үйл баримт байхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасан гэрээ байгуулсанд тооцох нийт 8 төрлийн үндэслэл нотлогдоогүй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, шүүхийн зүгээс хууль бус шийдвэр гаргасан гэж үзнэ.
7.8. Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд ““А” ХХК, “Б” ХХК нь анх төсөвт батлагдсан зардлыг 50:50%-аар тэнцүү төлөхөөр тохирсон, “А” ХХК нь барилгын болон сантехникийн ажил хариуцах болж тохирсон ба нийт төсөвт өртөг 148.746.089 төгрөг байсныг тооцож үзэхэд 51.1% буюу 76.009.251 төгрөгийн түүхий эд материалыг “А” ХХК гаргасан юм” гэж үндэслэлгүй гүтгэж нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл нотлох баримтын хүрээнд “А” ХХК нь “Б” ХХК-нд ямар ч хөрөнгө оруулалт хийсэн нотлох баримт байхгүй, санхүүгийн баримтаар нотлогдоогүй болно.
7.9. Нэхэмжлэгч “А” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х- нь хүсэлт гаргаж олон хүнийг гэрчээр асуулгасан боловч тэр бүх гэрчүүд “А” ХХК нь “Б” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хамтран ажилласан болохыг үгүйсгэж мэдүүлсэн байдаг.
7.10. Нэхэмжлэгч “А” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-ын гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хувийн аж ахуйн нэгж байх бөгөөд тухайн үед буюу 2017 онд Х.Х- нь Бугат сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан учир Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар түүний хамаарал бүхий “А” ХХК нь Бугат сумын Засаг дарга, Бугат сумын ЗДТГ-ын захиалагчаар оролцож буй аж ахуйн үйл ажиллагаанд хамтран оролцох боломжгүй, хууль зөрчсөн үйлдэл болохыг шүүх хууль зүйн хүрээнд буруу дүгнэсэн байна.
7.11. "А" ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Б-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х- нар нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд “Б” ХХК-ны зүгээс Бугат сумын төвд “Төвлөрсөн халаалтын уурын зуухны барилга байгууламж барих, ашиглалтад оруулах” бүх үйл ажиллагаанд захиалагчийг төлөөлж Засаг дарга асан Х.Х- биечлэн оролцож, гэрээ байгуулсан, гэрээг баталж байсан үйл баримтууд бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Бугат сумын Засаг дарга байсан Х.Х- гуайд тухайн үед “Б” ХХК-ны ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх зураг төсөл, тусгай зөвшөөрөл, гэрээ хэлцэл зэрэг бүх баримт бичгийн нэг хувь хадгалагдаж байсан учир түүнийг өөрийн хувийн ашиг сонирхолд албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, банкнаас зээл авах зорилгоор ашиглаж 45.000.000 төгрөг хувьдаа хамаарал бүхий “А” ХХК-нд авч, хувьдаа ашигласан байна. Энэ үйлдэлд шүүх буруу дүгнэлт хийсэн байна.
7.12. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 15.5-т “Төвлөрсөн халаалтын ажлын төсөв 180.794.211 төгрөг, үнийн дүнгийн 1% нь 1.807.942 төгрөг, нийт оруулсан мөнгөн дүнгийн хувь 15,97% ба хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д зааснаар дундын өмчийг худалдсан өртөг 500.000.000 төгрөгөөс тооцоход 79.850.000 төгрөг байхаас К.М-ы төлсөн гэх 37.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 42.850.000 төгрөгийг К.М-аас гаргуулж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар “А” ХХК-нд олгох шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй.
7.1З. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар гэрээний талууд /нэхэмжлэгч, хариуцагч/ хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзвэл Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар “ХУРААМЖ” төлсөн байх ёстой ба “А” ХХК нь урьдчилан хураамж төлсөн үйл явдал тогтоогдоогүй, хураамж төлөөгүй болох нь тогтоогдсон байхад мөн хуулийн 477.3-д заасан “төлсөн хураамж нь дундын хөрөнгө байна” гэсэн заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.
7.14. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасан “Дулаан үйлдвэрлэх”, 12.1.4-д заасан “Дулаан дамжуулах”, 12.1.7-д заасан “Дулаан түгээх”, 12 1.11-д заасан “Эрчим хүчний барилга байгууламж барих” зэрэг бүх төрлийн тусгай зөвшөөрөл нь зөвхөн хариуцагч “Б” ХХК-ны нэр дээр олгогдсон байхад Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11-д заасан “Эрчим хүчний барилга, байгууламж барих” эрхийн тусгай зөвшөөрөлгүй байгаа “А” ХХК-ны зүгээс Бугат сумын төвийн нэгдсэн халаалтын Эрчим хүчний барилга, байгууламж, сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж маргаж байх нь хууль бус, үндэсгүй гүтгэлэг бөгөөд “Б” ХХК-ны тухайн нэгжийг худалдан борлуулсныг далимдуулж, ашиг хүртэх гэсэн атгах санаа гаргаж, өөрт хууль бус аргаар олж авч ашигласан баримт бичгийг дахин ашиглаж, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, нэхэмжлэл гаргасан хууль бус үйлдэл юм.
7.15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.3 дахь хэсэгт зааснаар Баян Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00814 дугаартай шийдвэрийн “тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад заасан К.М-аас 42.850.000 төгрөг гаргуулж, “А” ХХК-нд олгох шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдригийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу, зөрүү ярьж байх шиг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15.5 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч нь тухайн ажлыг төсвийг 180,794,211 төгрөгөөр тогтоосон. “А” ХХК нь халаалтын уурын зуух авсан, худгийн үнэ төлсөн, цахилгаан бараа материал татсан байгаа. 15,97 хувийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй. 15,97 хувь гэдгийг зөв гаргасан атлаа нэхэмжлэгч байгууллагын авах ёстой төлбөр хэмжээг тогтоохдоо нотлох баримтыг үнэлэхдээ учир дутагдалтай байсан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.
8.2. 15,97 хувиар төлбөрөө авах нь үндэслэлтэй. Зээл болон зээлийн хүү төлсөн учраас зээл болон зээлийн хүүг хохиролд тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. “Б” ХХК нь “А” ХХК-ний 15,97 хувь орсон хөрөнгийг ашиглаж улсын төсвөөс нийтдээ 2017 оноос 2024 оны хооронд 760,396,000 төгрөгийн ашиг олсон. 760,396,000 төгрөгийн ашгаас 15,97 хувийг төлөх ёстой. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн бол хохирлыг төлнө. Х.М- нь “А” ХХК-тай хамтарч уурын зуухыг босгож ашиг орлогоо хуваахаар болсон.
8.3. Гэхдээ Х.М- нь уурын зуухыг Х.А-д худалдахдаа “А” ХХК-д мэдэгдэхгүйгээр худалдаж 500,000,000 төгрөгийг Х.М- өөрийнхөө дансанд шилжүүлж авсан. Х.М- нь 15,97 хувийг буцааж өгөх эсхүл мөнгийг нь төлж өгөх үүрэгтэй. Мөнгөн дүнгээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас анхан шатны шүүхээс дүгнэлт хийж 500,000,000 төгрөгийн 15,97 хувьд ногдох дүнг хангах ёстой байсан.
8.4. Х.М- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг танихгүй гэрээ байгуулаагүй гэж байна. Гэхдээ “А” ХХК болон “Б” ХХК-ний захирлууд нь хамаатан садны хүмүүс байсан. 2017 онд Төрийн банкнаас зээл авах үед хожим “Б” ХХК-тай маргаан үүснэ гэж урьдчилан тооцоолж бичиг баримтуудыг банканд өгч зээл авах боломжгүй. Халаалтын уурын зууханд 2 ширхэг зуух хэрэгтэй байсан. Талууд амаар тохиролцсон. 2017 онд авсан халаалтын уурын зууханд шаардагдах зээлийг “А” ХХК авсан. Бодит үйлдлээрээ Х.М- 37,000,000 төгрөгийг “А” ХХК-д шилжүүлэхдээ амаар тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж байгаа. Амаар тохиролцоогүй бол Х.М- нь 37,000,000 төгрөгийг яагаад шилжүүлсэн бэ? Зуухыг авахдаа “А” ХХК-ний захирал Б-ыг төлөөлж Х.Х- явсан байна. “Б” ХХК-аас захирал Х.М- явсан. Х.М-, Х.Х- нар зуухын үнийг тус тусдаа төлсөн үйл баримтаас харвал “А” ХХК болон “Б” ХХК нь хамтран ажиллаж ашгаа хувааж ажиллах хэлцэл хийгдсэн болохыг анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлтэй.
8.5. Анх ажлыг эхлүүлэхдээ Баттөр гэх хүнээр зураг төсөл гаргуулсан. Зураг төслийн үнийг “А” ХХК болон “Б” ХХК төлсөн байна. Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд үүссэн харилцаанаас үзэхэд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан болох нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс гэрээ байгуулагдсан, хэн хэний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг дүгнэхдээ хууль ёсны дүгнэлт хийсэн. Хуулийн этгээд байгуулахгүйгээр гэрээ байгуулсан нь буруу гэж өмгөөлөгч Х.Зулхаш хуулийг буруу тайлбарлаж байна. Хуулийн этгээдийн хооронд аман гэрээ хэлцэл байгуулах боломжтой. Хамтран ажиллах гэрээг хуульд бичгээр байгуулах ёстой гэсэн шаардлага тавиагүй. Хамтран хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.6. 15,97 хувийг хүлээн зөвшөөрч байгаа. Түүнд ногдох дүнг зөвшөөрөхгүй байгаа. 28,872,843 төгрөг буюу 15,97 хувь нь зээлийн эх үүсвэрээс бүрдэж зээлийн хүү төлсөн учраас түүнд ногдох дүн болох 21,979,133 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах хүсэлттэй байна. 15,97 хувийн хөрөнгийг бий болгохын тулд зээл авсан ба зээлийн хүүг төлсөн. 45,000,000 төгрөгийн зээлд ногдох дүн нь 28,872,833 төгрөг болж байгаа. Өмнө нь 45,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжилсэн ба анхан шатны шүүхийн дараа 28,872,833 төгрөгийг хамтын ажиллагаанд зориулсан гэж байгаа.
8.7. Уурын зуухыг 500,000,000 төгрөгөөр худалдаж ашиг олсон Х.М- нь 79,850,000 төгрөгийг “А” ХХК-д өгөх учиртай. “Б” ХХК-аас 121,435,241 төгрөгийг нэхэмжилсэн. Улсын төсвөөс 15,97 хувийн хөрөнгийг оролцоотой улсын төсвөөс ашиг олсон тул дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 14.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Талуудын хооронд үүрэг дуусгавар болоогүй үргэлжилж байсан. Анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт Х.М-аас нийтдээ 172,287,237 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн өөрчлөлтийг оруулж, хамтран хариуцагч “Б” ХХК-аас 121,435,241 төгрөгийг гаргуулах хэмээн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Давж заалдах гомдлын текстийг би боловсруулж явуулсан. Гомдлын шаардлагын хүрээ гэх хэсэгт дурдсанаас төгсгөлийн хэсэг зөрүүтэй бичигдсэн байна. Гомдлын төгсгөлийн өгүүлбэр нь техникийн алдаатай байна. Би алдаа гаргасан байна.
9. Хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Х.Бакены давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
9.1. Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо 2 төрлөөр тодорхойлсон байна. Хариуцагч “Б” ХХК-аас 121,435,241 төгрөг гаргуулахаар давж заалдах гомдолдоо дурдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар “Б” ХХК нь 2017-2024 оны хооронд 760,390,000 төгрөгийн ашиг олсон байна. Энэ ашгийн 15,97 хувь буюу 121,435,241 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон. 8 жилийн хугацаанд эрчим хүчний дулааны үнэ болохоос биш олсон ашиг гэж тогтоосон зүйл байхгүй. Уурын зуухыг ажиллуулж байгаа. Түлээ, нүүрсний зардал, замын зардал, гэрэл цахилгаан, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар төлдөг. 760,390,000 төгрөгийн ашиг олсон тул 15,97 хувийг авах ёстой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
9.2. Тус аймгийн Бугат сумын Засаг дарга Хардыбайн гарын үсэгтэй тодорхойлолт авагдсан. “А” ХХК 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 330,920,000 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Цалингийн зээл, зуух авсан төлбөрөөр тодорхойлсон байна. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 692,920,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. 20,000,000 төгрөгөөр бараа, материал авч хүмүүсийн нэрсийг бичиж тухайн хүмүүсээр ажил хийлгэсэн гэж байгаа. Х.Х- өөрийн авсан зээл, “А” ХХК-ний авсан зээлийг нэгтгэж 112,256,000 төгрөг гэж зардлаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад давж заалдах гомдолд дурдсан 760,396,000 төгрөгөөс 15,97 хувийг авна гэх зүйлийг тусгаагүй. “А” ХХК нь 2017 оноос эхэлж 2018 оны хооронд зуухаа барьж улсын комисс хүлээж авахгүй байсан асуудал байгаа. Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн удаа хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал дээр “А” ХХК болон “Б” ХХК хамтарсан талаарх зүйл дурдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “А” ХХК нэгдсэн халаалтын зуух барих ажиллагаанд оролцсоныг нотолсон нотлох баримт байхгүй.
9.3. Х.Х- 2 удаа зээл авсан гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад тус аймгийн Бугат сумын Засаг дарга байсан. “А” ХХК-д хамаарал бүхий этгээд байсан. “Б” ХХК болон тус аймгийн Бугат сумын Засаг дарга нарын хооронд гэрээ байгуулагдсан. Хамаарал бүхий компани энэ үйл ажиллагаанд оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа ашиг сонирхолтой холбоотой асуудал. Энэ асуудлыг тус аймгийн Бугат сумын компаниуд хөндөж тавьж Авлигатай тэмцэх газраас шалгаж хамаарал байхгүй байна гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
9.4. 2017 оны 02 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж байна. “А” ХХК-ийг төлөөлж Б- “Б” ХХК-ийг төлөөлж Х.М- нар гэрээ байгуулсан. Б- 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “А” ХХК-ний захирлаар бүртгүүлсэн. Түүнээс өмнө “А” ХХК-ний захирал Х.Нурдана байсан. “А” ХХК болон “Б” ХХК нь хамтран ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан. Хуульд өөрөө загаагүй бол хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. 2 тал хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байж болно. Гэхдээ гэрээнд тавигдах шаардлага байгаа. Амаар гэрээ байгуулсан бол нотлох баримтаар нотлогдсон байх ёстой. Нэхэмжлэгч талаас зуух худалдаж авсан төлбөр, худгийн үнэ болон зарим төлбөрийг дурдаж байгаа боловч өөр нотлох баримт байхгүй. Хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан ч хамтрах ажиллагааны төрөл, гэрээгээр хэрэгжүүлэх зорилго, талуудын оролцох эрх, үүрэг, удирдлагыг хэн яаж хэрэгжүүлэх вэ? удирдлагын эрх үйл ажиллагаа, ямар хугацаагаар гэрээ байгуулсан бэ? ашиг, алдагдлаа яаж тооцсон бэ? хэдэн төгрөгийн хөрөнгийг яаж гаргаж, ажлыг ямар байдлаар хийж гүйцэтгэх вэ гэдгийг тогтоох ёстой.
9.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэж байна. 2 тал хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзвэл 2017 оноос 2024 он хүртэл хэдэн удаа уулзаж хуралдсан бэ? ашиг алдагдлын асуудлыг шийдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. 2022 онд Х.Х- Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулах үед тусалсан, барилгын инженер байх ёстой. Аймгийн Засаг даргад хэлсэн ба Х.М-д албан бичиг өгсөн. “Б” ХХК-ийн инженерийн орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай иргэний хэргийн шүүхэд хандаж байсан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн бол “Б” ХХК-ийн инженерийн орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай иргэний хэргийн шүүхэд хандах ёсгүй байсан. Хамтран хариуцагч Х.М- түүний өмгөөлөгч Х.Зулхашын давж заалдах гомдол үндэслэлтэй. Хамтран ажиллах гэрээ байгуулсан талаарх нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс 15,97 хувийн хөрөнгийг “А” ХХК гаргасан байна гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
10. Хариуцагч К.М-ы өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
10.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15.2 дахь хэсэгт “Б” ХХК-ний хөрөнгийг 200 сая төгрөгөөр үнэлж гэж эхэлсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан. 200 сая төгрөг биш 200,000 төгрөг гэж бичсэн хөрөнгийн анхны бүртгэл байгаа. Анхан шатны шүүхээс “Б” ХХК-ний хувьцааг 200 сая төгрөг гэж үзэж хувь тэнцүүлж зуухны үнэ, худгийн үнэ, “А” ХХК болон Х.Х-аас Х.М-ы дансанд шилжүүлсэн төлбөрийг нийлүүлж 28,868,443 төгрөгийг хувь тэнцүүлэн 15,97 хувийг гаргаж ирсэн. 200,000 төгрөгийг 200 сая төгрөг гэж бодож тооцоо гаргасан нь үндэслэлгүй.
10.2. “А” ХХК болон “Б” ХХК-ний хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж Иргэний хуулийн 467 дугаар зүйлийг тайлбарлаж шийдвэр гаргасан. Хуулийн этгээдийг байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээг байгуулахгүй. Хуулийн этгээд амаар гэрээ байгуулж шийдвэр гаргах боломжгүй. Хуулийн этгээдээс гарсан шийдвэр, гэрээ нь бичгээр, төлөөлөх этгээдийн гарын үсэгтэй, зөвшөөрөлтэй, тамга тэмдэгтэй байх ёстой. Хуулийн этгээд амаар гэрээ хийнэ гэсэн ойлголт байхгүй. Хэзээ амаар гэрээ хийсэн бэ? Амаар гэрээ хийсэн ч бичгээр гэрээ хийсэн ч он, сар, өдөр нь байх ёстой. Хэзээ амаар гэрээ хийсэн нь тодорхой бус. Хамтран ажиллах гэрээ нь тодорхой зорилготой, тодорхой төрөлтэй байдаг. Хамтран ажиллаж гэрээ хийж тохиролцсон бол хэдэн хувийн ашгийг хэрхэн яаж тохиролцоод цаашид хамтран ажиллах нөхцөл байдал бүрдүүлсэн бэ? Гүйцэтгэх үйл ажиллагааг амаар хийх боломжтой юу? Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаа юм. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх үйл ажиллагааг 2 хуулийн этгээд амаар гэрээ байгуулж хийх боломжтой юу? Бодит байдал дээр Х.Х- нь ОХУ-ын Барнаул хотоос бусдад худалдан борлуулж ашиг олох гэж зуух авчирсан нь үнэн. Тухайн үед Х.М-тай хамт явсан. Халаалтын үйл ажиллагааг явуулахад ганц зуух хангалттай байсан. Х.Х- нь авчирсан зуухаа бусдад худалдан борлуулж чадаагүй тул Х.М-д зээлээр өгсөн. “Б” ХХК тухайн зуухыг худалдаж аваагүй. Тухайн үед “А” ХХК байгаагүй. Х.Х- нь тухайн үед тус аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан. Захиалгын гэрээ байгуулж төрийг төлөөлж ажилласан хүний хувьд гүйцэтгэгч компанитай тодорхой хэмжээний хамаарал холбоотой болсон. Захиалагчийн хувьд таны ажилд хяналт тавина гэж Х.М-тай хамт явж хувийн журмаар харилцаа бий болж барилгын материалаас зээлээр цемент худалдаж авдаг байсан. Зээлийн гэрээний харилцаа Х.М- болон Х.Х- нарын хооронд үүссэн. “Б” ХХК-ний хувьцааг нь шилжүүлж авахаар урьдчилж тохиролцсон, орлогын тодорхой хувийг авна гэж тохиролцсон зүйл байхгүй. Х.Х- тухайн үед төрийг төлөөлсөн захиалагч байсан. “Б” ХХК нь нийтийн халаалтын барилга байгууламжийг барих хугацаанд зуух өгч тусалсан учраас тодорхой хувийг нь авах ёстой гэх зүйлийг нэхэмжлэгч ярих гэж байна. Компани хувьцааг шилжүүлж авсан, эзэмшсэн талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хувьцааны асуудал яригдах ёстой байсан. Халаалтын зуухны систем нь “Б” ХХК-ний өмч байсан. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийг нь гаргаж батлуулж барьж байгуулж улсын комисст хүлээлгэж өгсөн. Уурын зуухны барилгыг барьсан бүх хүмүүсийг гэрчээр асуулгасан. Гэрч нар Х.М-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Х.М- биднийг ажиллуулж цалин хөлс өгч бүх бараа материалыг өөрөө авчирсан гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүхийн дүгнэлтийг ойлгохгүй байна. Х.М-аас зээлээр авсан барааны үнийг Х.Х- шилжүүлэх үүрэгтэй байсан. Зуухны 24,000,000 төгрөгийг Х.М- 27,000,000 төгрөг болгож шилжүүлж өгсөн. Зээлийн төлбөрт нь 8,000,000 төгрөг төлж өгсөн. Нийтдээ 37,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгсөн. “А” болон “Б” ХХК-уудын хооронд гэрээ байгуулаагдаагүй. 1 уурын зуухаар халаалтын барилга байгууламж ашиглалтад орох боломжтой байсан. 1 зуухыг нөөц болгоё гэдэг үүднээс Х.Х-аас зээлээр авсан. Х.М- нь нэхэмжлэгчээс зуух худалдаж авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн зуухны үнийг төлж өгсөн. “А” ХХК-ний зураг төслийн дагуу халаалтын байрыг хийж гүйцэтгэсэн гэх шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Барилгын хөгжлийн төвийн батлагдсан магадалгаагаар батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан. Магадлалын дүгнэлт сүүлд гарсан. Х.Х- нь Төрийн банкнаас зээл авах гэж байгаа учраас 450,000 төгрөгөөр зураг төсөл гаргаж өгсөн гэж гэрч Ц.Б-ийн мэдүүлгээр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байна.
10.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн. 200,000 төгрөг болон 200,000,000 төгрөгийн хооронд их ялгаа байгаа. Гэрч нарын мэдүүлэг, гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөв шийдвэрлээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуульд нийцээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нотлох баримтыг буруу дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөх санал дүгнэлтээ гаргаж байна. “А” ХХК үүсгэн байгуулагдсан хугацааг Х.Бакен өмгөөлөгч дурдсан. 2021 онд “А” ХХК-ний захирлаар томилогдсон. Өмнө нь захирлаар томилогдоогүй хүн “Б” ХХК-тай гэрээ байгуулж хөрөнгө нийлүүлсэн нь тогтоогдохгүй байна. Төрийн банкнаас зээл авахдаа “А” ХХК-ний бүрдүүлсэн материал нь “Б” ХХК-д хамааралгүй гэдгийг өмгөөлөгч Х.Зулхаш дурдсан. Хуулийн этгээдийн асуудал нэг өөр иргэний асуудал нэг өөр. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
ХЯНАВАЛ:
11. Нэхэмжлэгч “А” ХХК, хамтран хариуцагч К.М-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан (1) хамтран ажиллах гэрээний үүрэгт 330,920,000 төгрөг, (2) өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, (3) өмгөөлөгчийн зардал 810,150 төгрөг гаргуулах, (4) хамтран хариуцагч К.М-, Х.А- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг, (5) 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр (6) хамтран хариуцагч Х.М-аас 140,000,000 төгрөг, (7) хамтран хариуцагч Х.А-оос 220,000,000 төгрөг, нийт 693,730,150 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслээ “….манай компани болон хариуцагч “Б” ХХК нь Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлын зардлыг өөрсдийн хөрөнгөөр тэнцүү хувааж гаргаж тус зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлыг барьж дуусгаж ашиглалтад оруулан, цаашид тус сумыг дулаанаар хангаж ашиг олох зорилготой амаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг хамтран ажиллах аман гэрээгээр тухайн Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлыг 2017 оны 12 дугаар сард дуусгаж ашиглалтад оруулсан тул 2017-2023 онуудын олгосон ашиг болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй, өөр гэрээг халхавчлах зорилгоор Б ХХК-ийн эрхийг шилжүүлж, хувьцааг худалдсан гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, түүнтэй холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн хамтран хариуцагч К.М-аас 140,000,000 төгрөг, Х.А-оос 220,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж байна” гэж тайлбарлажээ.
13. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Х.А-, хамтран хариуцагч К.М- нар нь “...нэхэмжлэгч “А” ХХК-тай Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлын зардлыг өөрсдийн хөрөнгөөр тэнцүү хувааж гарахаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж байгаагүй. К.М- би модон материалын болон цементийн наймаа эрхэлдэг томоохон бизнесмен байсан ба уг бизнесээс олсон мөнгөөр тухайн ажлыг өөрийнхөө 100 хувийн хөрөнгө болон банкнаас өөрийн нэр дээр зээл авч барьж ашиглалтад оруулсан тул ашиг болон компаниа худалдсан үнийн дүнгээс 50 хувь мөнгийг өгөхийг зөвшөөрөхгүй. Би өөрийнхөө нэг хүний өмчлөлийн “Б” ХХК-нийг хэн нэгэнд худалдах эсэх нь миний эрх хэмжээний асуудал тул нэхэмжлэгчийн компанийг худалдах, худалдан авах, хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”, “Х.А- би өөрийнхөө “Е” ХХК-ийн нэрээр “Б” ХХК-ийг хууль, журмын дагуу худалдан авч 500,000,000 төгрөгийг компанийн нэрээр зээл гаргаж төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов:
- Хамтран хариуцагч К.М- нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр “Б” ХК-ийг үүсгэн байгуулж, үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь Сүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилгын материалын жижиглэн худалдаа явуулах, ганц гишүүнтэй, өөрийн хөрөнгө нь 200,00 мянган төгрөгийн хэмжээтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, ******** регистрийн дугаартай, хувийн хэргийн ************* дугаартай, улсын бүртгэлийн ************* дугаартай гэрчилгээ олгожээ.
- Нэхэмжлэгч “А” ХХК нь 2006 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, ******** регистрийн дугаартай, хувийн хэргийн ******** дугаартай, улсын бүртгэлийн ******** дугаартай гэрчилгээ олгосон ба тус компанийн 2017 оны 7 дугаар сарын 14-нийн өдөр гүйцэтгэх захирал Х.Н нь өөр ажилд шилжих болсон тул компанийн захирлаар Ж.Б-ыг 100 хувийн саналаар томилж, “А” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Ж.Б-ыг шинээр оруулж баталж, түүний компанийн 130,145,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэхээр 03 дугаартай хурлын тэмдэглэлээр шийдвэрлэснээр тухайн өдрөөр Ж.Б- нь тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ.
- Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х- нь тухайн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилга барих ажлын гэрээг хариуцагч “Б” ХХК-тай эрх бүхий байгууллагыг төлөөлж захиалагчийн хувиар гэрээ байгуулж байжээ. Уг гэрээгээр, гүйцэтгэгч “Б” ХХК-ийн тус ажлыг 523,122,437 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн саналыг зөвшөөрч, гүйцэтгэгч нь Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж шугам сүлжээний барилга барих ажлыг гэрээнд заасан үнийн дүнгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, барилгын ажлыг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхэлж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгахаар захиалагч болон гүйцэтгэгч нар харилцан тохиролцож байжээ.
- Хариуцагч “Б” ХХК нь захиалагч тус аймгийн Бугат сумын Засаг дарга байсан Х.Х-тай 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилга барих ажлыг дуусгаж, ашиглалтад оруулсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
- Энэ хугацаанд хариуцагч “Б” ХХК-д Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн эрчим хүчний барилга барих зөвшөөрөл олгох тухай 05 дугаар тогтоолоор Бугат сумын аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудыг хэсэгчлэн хангах 1.4 мВт хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн зөвлөлийн 20/11 дугаар тогтоолоор 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн уг хугацааг 10 жилээр сунгаж, тус тус олгож байсан ба тус зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаар тогтоолуудаар тус тус дулааны үнэ тогтоож өгч байсан боловч тухайн дулааны тогтоосон үнээр бус ердийн тарифаар тооцож олгож ирснийг эс зөвшөөрч захиалагч байгууллага болох Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Бугат сумын Засаг дарга нарт холбогдуулан хариуцагч “Б” ХК-аас тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 110/ШШ2021/0046 дугаартай шүүгчийн захирамж гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
- Хамтран хариуцагч К.М- нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 0804 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр “Б” ХХК-нийг 720,000,000 төгрөгөөр “Е-” ХХК-д худалдахаар тохиролцож, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх шилжүүлэх 1083 дугаартай гэрээгээр “Е-” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.А-д шилжүүлжээ.
15. Анхан шатны шүүхийн “...эдгээр хоёр компани нь хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө үүсгэн байгуулагдсан бие даасан үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байсан, ... тэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тухайн маргаан бүхий Бугат сумын төвд нэгдсэн халаалт барих ажилд хамтран ажиллах үүрэг хүлээж мөн хуулийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээгээ амаар байгуулсан ... нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “Б” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд нь хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус зааснаар маргаан бүхий Бугат сумын төвд нэгдсэн халаалт барих ажилд хамтран ажиллах үүрэг хүлээж хамтран ажиллах гэрээгээ амаар байгуулсан байна” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад шүүх дээрх агуулгаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
16. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Б” ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 330,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
16.1. Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж захиалагчид хүлээлгэж өгсөн хариуцагч “Б” ХХК-аас нэхэмжлэгч “А” ХХК нь тус ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд хамтран ажилласан гэсэн үндэслэлээр 2018-2020 онд жил бүр 80,000,000 төгрөгийн дулаанаар хангаж, улсын төсвөөс 250,000,000 төгрөг, 2021-2023 онд жил бүр 250,000,000 төгрөгийн дулаанаар хангаж улсын төсвөөс 750,000,000 төгрөг, нийт 990,000,000 төгрөгийн дулаанаар хангаж уурын зуухыг ажиллуулж ашиг олсон учраас энэхүү орлогоос зардлаа хасаж, үлдсэн ашгийн 50 хувь буюу 367,920,000 төгрөгийг шаардсан байна. Энэ хугацаанд хариуцагч нь 37,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн учраас үлдсэн 330,920,000 төгрөгийг шаардсан, хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэх үүргийн 112,255,460 төгрөгт ноогдох хөрөнгийг нэхэмжлэгч компани гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагчаас нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгчээс ажлын төсвийн 50 хувь зардлыг гаргасан бол ашиглалтад оруулсан хугацаанаас хойш 7-8 жил өнгөрсөн байхад энэхүү хугацаандаа олсон ашгаа яагаад нэхэмжилж аваагүй юм бэ” гэж маргажээ.
16.2. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 81 дүгээр албан бичгээр хариуцагч “Б” ХХК-д Бугат сумын төрийн 5 байгууллагаас 2017-2024 оны хооронд дулааны үнэд шилжүүлсэн санхүүжилтийн лавлагааг гаргаж өгсөн бөгөөд 2018 онд 51,686,000 төгрөг, 2019 онд 65,952,000 төгрөг, 2020 онд 87,578,000 төгрөг, 2018-2020 онуудад нийт 205,216,000 төгрөг, 2021 онд 119,308,000 төгрөг, 2022 онд 216,627,000 төгрөг, 2023 онд 219,245,000 төгрөг нийт 760,396,000 төгрөгийн санхүүжилт авсан үйл баримт тогтоогдсон байна.
16.3. Хариуцагч “Б” ХХК нь захиалагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга байсан одоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-тай 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилга барих ажлыг 523,122,347 төгрөгийн төсөвт өртгөөр, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж байсан бөгөөд тухайн үед захиалагчийг төлөөлж Бугат сумын Засаг дарга Х.Х-, гүйцэтгэгчийг төлөөлж “Б” ХХК-ийн захирал К.М- нар гарын үсэг зурж, гэрээг албажуулж байжээ.
16.4. Нэхэмжлэгч “А” ХХК нь Бугат сумын төвд нэгдсэн халаалт барих ажлыг “Б” ХХК-тай хамтарч, тус ажлын зардлыг өөрсдийн хөрөнгөөр тэнцүү хуваан гаргаж, зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлыг барьж дуусгаж ашиглалтад оруулан, цаашид тус сумыг дулаанаар хангаж ашиг олох зорилготой амаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Тодруулбал, ажил гүйцэтгэгч “Б” ХХК-ийн захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг бусад этгээдтэй, тухайлбал нэхэмжлэгч “А” ХХК-тай хамтарч гүйцэтгэсэн, эсхүл тус компани нь туслан гүйцэтгэгчээр оролцсон, эсвэл амаар харилцан тохиролцож Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлыг 2017 оны 12 дугаар сард дуусгаж ашиглалтад оруулсан, цаашилбал уг ажлын 148,746,089 төгрөгийн төсөвт өртгийн 51.1 хувь буюу 76,009,251 төгрөгийн түүхий эд, материалын зардлыг “А” ХХК-аар хариуцуулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь түүний гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдоогүй учраас “А” ХХК болон “Б” ХХК нар Бугат сумын төвд баригдсан төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын угсралтын ажлыг хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтарч гүйцэтгэсэн гэх бодит үндэслэл тогтоогдоогүй болно.
16.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х- нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Б” ХХК-тай Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд баригдах төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилга барих ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулахдаа тус аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан нь тухай үед “Б” ХХК-тай байгуулсан гэрээ болон зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Х.Х- нь тухайн үед Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “А” ХХК нь түүний хамаарал бүхий хүн болох түүний эхнэрийн компани мөн болох нь “А” ХХК-ийн 2006 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, ******** регистрийн дугаартай, хувийн хэргийн ******** дугаартай, улсын бүртгэлийн ******** дугаартай гэрчилгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн уг нөхцөл байдлаас дүгнэвэл, захиалагч буюу Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х-ын хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэй “А” ХХК нь түүний захиалагчаар ажиллаж албажуулсан гэрээтэй ажлын талаар гүйцэтгэгч “Б” ХХК-тай хамтран ажиллах хууль зүйн үндэслэлгүй болохыг энд тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
16.6. Нэхэмжлэгч “А” ХХК-аас тухайн ажлын нийт төсөв нь 148,756,147 төгрөгөөс 69,157,500 төгрөгийн зардал гаргаж компанийн нэр дээр авсан зээлийн хүүд 34,255,766 төгрөг, Х.Х-ын нэр дээр авсан цалингийн зээлийн хүүд 8,842,194 төгрөг, нийт 112,255,460 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар “А” ХХК нь Бугат сумын төвд нэгдсэн халаалт барих ажилд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-ын дансаар дамжуулан “И” ХХК-ийн захирал Б.Я-д зураг төсөв хийлгэхэд 1,500,000 төгрөг төлсөн, мөн хамтран хариуцагч К.М-тай хамт явж ОХУ-аас 1,2 мВт уурын зуухаас К.М- нэг зуух, Х.Х- нэг зуух тус тус оруулж ирж Х.Х- нь зуухны үнэд 21,133,500 төгрөг, гаалийн татварт 5,784,943 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, Х.Х- нь уг уурын зуухыг Бугат сумын төвд нэгдсэн халаалтад нөөц зуух болгож “Б” ХХК-д худалдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар нотлогджээ.
16.7. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай хамтран ажилласан гэх уг ажил гүйцэтгэх гэрээний төсөвт өртөг 148,746,089 төгрөгийн 51.1 хувь буюу 76,009,251 төгрөгийн түүхий эд, материалын зардлыг гаргасан гэж тайлбарлан, уг үйл баримтыг нотлохын тулд тус компани болон иргэн Х.Х-аас “И” ХХК-д зураг төсөвт 1,500,000 төгрөг, зуухны үнэд 26,918,443 төгрөг, Ц.Б-т 450,000 төгрөг нийт 28,868,443 төгрөг төлсөн талаар нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Хэдийгээр нэхэмжлэгч “А” ХХК болон иргэн Х.Х- нараас нийт 28,868,443 төгрөгийн зардал гарсан гэх дээрх үйл баримт тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч Х.Х- нь ОХУ-аас хамтран хариуцагч К.М-тай хамт очиж авчирсан халаалтын зуухаа “Б” ХХК-д худалдсан болох нь хамтран хариуцагч К.М-ы “...2017 оны намар 9 дүгээр сард К компанийн захирал А.З-ийн хамт Орос руу явж Барнаул хотоос халаалтын зуух авч ирж байсан. А.З- тухайн үед Баяннуур сумын нэгдсэн халаалтыг барьж байсан. Энэ үед Х.Х- нь биднийг дагаж очсон. Очих болсон шалтгаан нь өөрийн шинээр барьж байгаа 2 давхар хувийн сууцанд зориулж хаалга, цонх, паркет зэрэг материалуудыг авна гэж очсон. Тэндээс авах материалуудыг зарим хэсэг нь олдохгүй байсан учир буцахдаа бидэнтэй хамт 1 зуух авч ирсэн. Тухайн үед өөрөө хэлэхдээ Увс аймаг руу худалдана гэж байсан. Тэгээд аймагт ирээд манай хашаанд байгаа автомашиныг чиргүүл дээр буулгаж тавьсан. Тэнд 10 дугаар сар хүртэл байсан. Сүүлд нь Х.Х- энэ зуухыг авах хүн олдохгүй байна, та нөөц зухаар аваа мөнгийг нь дараа өгөөрэй гэхээр нь би уг зуухыг авч нөөц зуух болгож тавьсан. Үүнийг нь сүүлд нь бүрэн төлж өгсөн. Нийтдээ 37,000,000 төгрөг өгсөн.” гэх тайлбараар нотлогдсон;
түүнчлэн, иргэн Х.Х-аас 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “И” ХХК-ийн захирал Б.Я-д зураг төслийн үнэ гэж 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон боловч энэ нь хоёр компани хамтран ажиллах гэрээ байгуулж байсныг нотлохгүйгээс гадна хамтран хариуцагч К.М-ы “...би Х.Х-аас авах авлагатай байсан учир дээрх 1,500,000 төгрөгийг шилжүүлэхийг хүсэж тэрний дагуу шилжүүлсэн мөнгө. Х.Х- нь 2016 онд Өлгий сумын нутаг дэвсгэрт үерт өртсөн айлуудын палкан сууц барих тендерийг “А” ХХК-ийн нэрээр авч барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тэр үеэс К.М-аас палк, банз зэрэг материалуудыг зээлээр авч үнийг дараа нь төлж байсан. Энэ нь К.М- миний ХААН банк дахь ************* тоот дансны 2016 оны хуулгаар нотлогдоно. Мөн Х.Х- нь 2017 оны зун хоёр давхар хувийн сууц барьж К.М- надаас палк, банз, цемент зэрэг материалуудыг зээлээр авч байсан. Түүнчлэн Х.Х- нь 2 давхар сууцны сантехникийн бүх материалуудыг Тирлик зах дээр барилгын материал худалдан борлуулаг Ж.М-ээс зээлээр авч байсан ба тухайн үед өөрөө төлөх мөнгөгүй учир К.М- би өөрийн ХААН банк дахь ************* тоот данснаас түүний нэрийн өмнөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ж.М-ийн ХААН банк дахь ************* тоот дансанд сантех гэсэн утгаар эхлээд 3,000,000 төгрөг дараа нь 855,600 төгрөг шилжүүлж өгч байсан...” гэх тайлбар зэргийг үндэслэвэл, дээрх зуух болон зураг төсөвт төлсөн гэх 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн төлсөн хамтран ажиллах гэрээний хураамж гэж үзэх нөхцөл үгүйсгэгдэж байна.
16.8. Х.Х-, К.М- нар Баян-Өлгий аймгийн Бугат сумын халаалтын зуух болон дулааны шугамын угсралтын ажлыг хариуцагч компани дангаараа гүйцэтгэж эхлэхээс өмнө хувийн харилцаатай буюу Х.Х- нь К.М-аас барилгын материалыг үнийг нь дараа төлөх нөхцөлтэйгөөр авдаг, хоорондоо тооцоотой байсан гэх хамтран хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд энэ нь К.М-ы 2016, 2017 оны ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ж.М-ийн мэдүүлэг зэрэг баримтаар давхар тогтоогдсон болно.
16.9. Нэхэмжлэгч “А” ХХК төсөвчин Ц.Б-т төсөв хийлгэж ажлын хөлсөнд 450,000 төгрөг төлсөн гэх тайлбар, түүнчлэн “З-” ХХК-ийн захирал Ц.Б-өөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын зуух болон дулааны шугамын угсралтын ажлын төсөв хийлгэж, түүнээс 3,096,077 төгрөгийн нэхэмжлэх ирүүлснээс 750,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбарууд “А” ХХК, “Б” ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, хамтарч ажиллаж байсан гэх үйл баримтыг нотлохгүйгээс гадна гэрч Ц.Б-ийн “...2017 онд Х.Х- надаас Банкнаас зээл авахад хэрэгтэй байна гэж Бугат сумын уурын зуухны дулааны урьдчилсан төсвийг хийлгэж авсан. Х.Х- банкнаас зээл авахад гэрээ шаардлагатай гэж гэрээ авсан, хийсэн ажлын хөлсийг “Б” ХХК-аас авсан...” гэх мэдүүлгээр төсөвчин Ц.Б- нь “А” ХХК-тай бус, харин “Б” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 03/17 ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Бугат сумын төвлөрсөн халалтын гадна дулааны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
16.10. Хэрэгт нэхэмжлэгч талаас Төрийн банкнаас 2017 оны 9 дүгээр сард авч байсан 45,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой зээлдэгчийн хувийн хэргийг гаргаж өгсөн бөгөөд тус компаниас Төрийн банканд хандаж 45,000,000 төгрөгийн зээл гаргахыг хүссэн өргөдөлд “тус компани Бугат сумын төвд нэгдсэн халаалт барих ажлыг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Тухайн ажлыг гүйцэтгэхэд 45,000,000 төгрөгийн хөрөнгө шаардлагатай” талаар дурдаж, холбогдох материал, гэрэл зураг, түүнчлэн “Б” ХХК-д техникийн нөхцөл олгох тухай, “З- хоршоо” ХХК-д холбогдох зарим баримтууд, “Б” ХХК болон “З- хоршоо” ХХК нарын хооронд байгуулагдсан туслан гүйцэтгэгчийн гэрээ зэрэг баримтуудыг хавсарган өгч, тус банкнаас зээл авч байсан нөхцөл байдал тогтоогдох боловч энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдаж байсныг нотлохгүйгээс гадна “Б” ХХК-ийн Төрийн банкнаас авч байсан дээрх 45,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгө нь талуудын хамтран ажиллах гэрээний хураамжид зарцуулагдсан талаар үйл баримтыг тогтоохгүй юм.
16.11. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, “А” ХХК болон “Б” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасан хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай Бугат сумын төвд нэгдсэн халаалт барих ажилд хамтран ажиллах үүрэг хүлээж хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
16.12. Иймд анхан шатны шүүхийн “...хамтран хариуцагч К.М-ы Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамаа 500,000,000 төгрөгөөр үнэлж худалдсанаас Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн оруулсан хөрөнгө нь 28,868,443 төгрөг байна. Иймээс Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын нийт ажлын төсөв 180,794,211 төгрөг болох нь шинжээч тэргүүлэх төсөвчин О.Кызметийн гаргасан дүгнэлтээр тогтоогдсон тул уг дүнгээр тооцоход 1% нь 1,807,942 төгрөг ба нийт оруулсан мөнгөн дүнгийн хувь нь 15,97% гэж үзвэл Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д зааснаар нэхэмжлэгчийн оруулсан дундаа өмчлөх хөрөнгийг тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдсан 500,000,000 төгрөгөөс тооцоход 79,850,000 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн хамтран хариуцагч К.М-аас шилжүүлж авчихсан 37,000,000 төгрөгийг хасаж тооцоход үлдсэн 42,850,000 төгрөгийг хамтран хариуцагч К.М-аас Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 97,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь учир зүйн зөрчилтэй, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан талаар, мөн нэхэмжлэгч компани нь хамтран ажиллах гэрээний хураамж төлсөн нь тус тус нотлогдон тогтоогдоогүй байхад “Б” ХХК-ийг бусдад худалдаж, эрх шилжүүлсэн гэрээний үнэ 720,000,000 төгрөг байхад 500,000,000 төгрөгт ноогдох хөрөнгөөс хувь тооцож, хамтран хариуцагч К.М-аас 42,850,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, 476.2 дахь хэсгийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
16.13. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, бодитой тогтоож дүгнээгүй атлаа Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хамтран ажиллах гэрээний өртөгт “А” ХХК-ийн оруулсан мөнгөн хөрөнгийн хэмжээг 28,868,443 төгрөг гэж дүгнээд мөн зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар, гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэснийг үндэслэж хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийн дээрх зүйл, заалтад заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад маргааны үйл баримтад хуулийн уг заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болжээ.
Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн гэрээний хураамжид тооцон оруулсан гэх хөрөнгө нь нотлогдоогүй байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон учраас хамтран хариуцагч болон түүний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
17. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Б” ХХК-аас өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 810,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
17.1. Нэхэмжлэгч “А” ХХК-аас хариуцагч “Б” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн өмгөөлөгч авч өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирж буцах онгоцны зардалд 810,150 төгрөгийг тус тус төлсөн тул уг мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
17.2. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөллийн “РЭКС ЛЭКС” ХХН захирал Д.Майдритэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ хийж, өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөг, Улаанбаатараас Баян-Өлгий аймагт ирж, буцаах онгоцны тийзийн үнэ 810,150 төгрөгийг тус тус төлжээ.
17.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... , хууль зүйн туслалцаа авах, ..., шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...” гэж заасан ба нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ өөрөө хүсэж хэрэгжүүлэн, өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хуульд заасан эрхээ эдэлжээ. Нэхэмжлэгч “А” ХХК нь хуульд заасан эрхээ эдэлж хууль зүйн туслалцаа авахад гарсан зардалд хариуцагчийг буруутгах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас энэ талаар гаргасан дээрх хоёр шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.
18. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хамтран хариуцагч К.М-, Х.А- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн хариуцагч Х.М-аас 140,000,000 төгрөг, хамтран хариуцагч Х.А-оос 220,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
18.1. Хамтран хариуцагч К.М- нь “Б” ХХК-ийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх шилжүүлэх 1083 дугаартай гэрээгээр “Е-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А-д шилжүүлж, мөн өдрийн 1084 дугаартай гэрээгээр компанийн хувьцааг 200,000,000 төгрөгөөр худалдахаар, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0804 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр “Б” ХХК-ийг 720,000,000 төргөөр худалдахаар тохиролцож, 500,000,000 төгрөгийг бэлнээр, 220,000,000 төгрөгт тооцож үл хөдлөх эд хөрөнгө өгөхөөр тохиролцож худалдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
18.2. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн дээрх үйл баримттай холбогдуулж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8 дахь заалтад заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Учир нь, “Б” ХХК-ийн захирал К.М- болон Е-” ХХК-ийн захирал Х.А- нарын дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу субьектив эрх нь хөндөгдсөн, зөрчигдсөн гэх нөхцөл байдал хэрэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хамтран хариуцагч К.М- нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-нийг үүсгэн байгуулж, үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь Сүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилгын материалын жижиглэх худалдаа явуулах, ганц гишүүнтэй, өөрийн хөрөнгө нь 200,000 мянган төгрөгийн хэмжээтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, ******** регистрийн дугаартай, хувийн хэргийн ************* дугаартай, улсын бүртгэлийн ************* дугаартай гэрчилгээ авсан ба уг компаниа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх шилжүүлэх 1083 дугаартай гэрээгээр “Е-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А-д шилжүүлж, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0804 дугаартай гэрээгээр уг компанийг 720,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож түүнд худалдсан нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
18.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ...” гэж, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан байх тул хамтран хариуцагч К.М- нь өөрийн өмчлөлийн “Б” ХХК-ийг бусдад худалдсан, шилжүүлсэн үйлдлийн улмаас “А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн, эсхүл хамтран хариуцагч нарын дээрх үйлдлүүд нэхэмжлэгч хуулийн этгээдэд хохирол учруулсан, ингэснээр хамтран хариуцагч К.М-, Х.А- нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтаар нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
19. Нэхэмжлэгч “А” ХХК нь “…Анхан шатны шүүхийн шийдвэрийн 25 дахь тал, үндэслэх хэсгийн 15.5 дахь хэсэгт “...төвлөрсөн халаалтын зуухны барилга, байгууламж болон дулааны шугамын нийт ажлын төсөв нь 180,794,211 төгрөг болох нь шинжээч тэргүүлэх төсөвчин О.Кызметийн гаргасан дүгнэлтээр тогтоогдсон тул уг дүнгээр тооцоход 1% нь 1,807,942 төгрөг ба нийт оруулсан мөнгөн дүнгийн хувь нь 15.97% ба хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д зааснаар нэхэмжлэгчийн оруулсан дундаа өмчлөх хөрөнгө ба түүнийг тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдсан 500,000,000 төгрөгөөс тооцоход 79,850,000 төгрөг үүнээс нэхэмжлэгчийн хамтран хариуцагч К.М-аас шилжүүлж авчихсан 37,000,000 төгрөгийг хасаж тооцоход үлдсэн 42,850,000 төгрөгийг хамтран хариуцагч Е.М-аас Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож...” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх үндэслэлээс нэгэнт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 15.97%-ийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч 1,807,942*15.97%=28,872,833 төгрөгийн хэмжээнд хамтран өмчлөгч болно. ...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, К.М-аас “42,850,000 төгрөг гаргуулна” гэснийг өөрчилж нийт “К.М-аас 93,701,996 төгрөг гаргуулах” гэж өөрчилж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 дахь тал, үндэслэх хэсгийн 14.2-т хариуцагч “Б” ХХК нь 2017-2024 оны хооронд төсвийн хөрөнгөөс нийт 760,396,000 төгрөгийн ашиг олсон болохыг дүгнэсэн атлаа “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн 15.97%-ийн хөрөнгөөс хүртэх ёстой байсан 121,435,241 төгрөгийн ашгийг хариуцагч “Б” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжиж хүртсэн болох нь шинжээчийн дүгнэлт, улсын төсвөөс хөрөнгө мөнгө шилжүүлэн авсан баримтуудаар тогтоогдож байна. ...Тодруулбал, Б ХХК нь нэхэмжлэгчийн 15.97%-ийн хөрөнгийг ашиглаж, үр шимийг нь хүртэх хууль зүйн болоод гэрээний үндэслэл байхгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Б” ХХК-аас 121,435,241 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “К.М-аас 42,850,000 төгрөг гаргуулах” гэснийг 50,851,996 төгрөгөөр нэмэгдүүлж "93,701,996 төгрөг гаргуулах” гэж өөрчлөх, хариуцагч “Б” ХХК-аас 121,435,241 төгрөгийг гаргуулах гэж нэмж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү.” гэх давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “Б” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талын “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
20. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хамтран хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00867 дугаартай шүүгчийн захирамжийн 6 дахь заалтаар “Хариуцагч “Б” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 330,920,000 төгрөгийн хэмжээнд, хамтран хариуцагч К.М- /РД:************/-ы дансны зарлагын хөдөлгөөнийг 140,000,000 төгрөгийн хэмжээнд, хамтран хариуцагч Х.А- /РД:*************/-ы дансны зарлагын хөдөлгөөнийг 220,000,000 төгрөгийн хэмжээнд тус тус зогсоож, “Б” ХХК-ийг бусдад худалдах, бэлэглэх замаар шилжүүлэхгүй байхыг тус компанийн гүйцэтгэх захирал Х.А-д даалгаж” шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг хариуцагч нар эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 130/ШТ2024/00023 дугаартай тогтоолоор “Хариуцагч байгууллагын төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Х.А-ы гомдлын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00867 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 6 дахь заалтын хариуцагч “Б” ХХК /РД:********/-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 330,920,000 төгрөгийн хэмжээнд... гэснийг хүчингүй болгож, мөн заалтын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэж байжээ.
Гэтэл анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШЗ2024/01414 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 130/ШТ2024/00023 дугаартай тогтоолоор “Б” ХХК /РД:********/-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 330,920,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгосоор байтал тус компанийн эд хөрөнгийг 220,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00867 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 6 дахь заалтын үлдсэн хэсэг, мөн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШЗ2024/01414 дугаар шүүгчийн захирамжийн 4 дэх заалтаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэх ба давж заалдах шатны шүүхийн энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүйд тооцогдохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
22. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,918,294 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, түүний тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6,650 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,019,386 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, хамтран хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00814 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8 дэх заалт, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 330,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 810,150 төгрөг, нийт 333,730,150 төгрөг гаргуулах тухай, хамтран хариуцагч К.М-, Х.А- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ болон мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, мөн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн хамтран хариуцагч Х.М-аас 140,000,000 төгрөг, хамтран хариуцагч Х.А-оос 220,000,000 төгрөг, хариуцагч нараас нийт 693,730,150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хамтран хариуцагч К.М-, түүний өмгөөлөгч К.Зулхаш нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч “А” ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,918,294 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6,650 /зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК-д төрийн сангийн төрийн сангийн 100020000941 дугаар данснаас гаргуулж буцаан олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,019,386 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, хамтран хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,200 төгрөгийг хамтран хариуцагч К.М-д шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00867 дугаар шүүгчийн захирамжийн 6 дахь заалтаар хариуцагч “Б” ХХК /РД:********/-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 330,920,000 төгрөгийн хэмжээнд зогсоосныг мөн шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00867 дугаар тогтоолоор хүчингүй болгосныг тэмдэглэж,
шүүгчийн дээрх захирамжийн 6 дахь заалтын үлдсэн “хамтран хариуцагч К.М- /РД:************/-ы дансны зарлагын хөдөлгөөнийг 140,000,000 төгрөгийн хэмжээнд, хамтран хариуцагч Х.А- /РД:************9/-ы дансны зарлагын хөдөлгөөнийг 220,000,000 төгрөгийн хэмжээнд тус тус зогсоож, “Б” ХХК-ийг бусдад худалдах, бэлэглэх замаар шилжүүлэхгүй байхыг тус компанийн гүйцэтгэх захирал Х.А-д даалгаж” шийдвэрлэсэн хэсэг, анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШЗ2024/01414 дугаар шүүгчийн захирамжийн 4 дэх заалтаар “Хариуцагч “Б” ХХК /РД:********/-ийн эд хөрөнгийг 220,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэж шийдвэрлэсэн хэсэг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэх ба давж заалдах шатны шүүхийн энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд тэр өдрөөс эхлэн тус тус хүчингүйд тооцогдохыг тэмдэглэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ