| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01044/И |
| Дугаар | 01221 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 01221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1-66 тоотод оршин суух Үхэр онход овгийн Энхтайваны Уянгийн /ФБ-82072616 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-124 тоотод оршин суух Сартуул овгийн Жигжидсүрэнгийн Отгонжаргалд /МЗ-83062408 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай,хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Ж.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Э.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Уянга би Ж.Отгонжаргалтай 2003 онд танилцаж 2004 оноос хамт амьдарч 2006 онд гэр бүлээ бүртгүүлэн,охин Эрдэнэтуул 2005 онд, охин Марал 2007 онд төрсөн.Отгонжаргал бид 2 таарч тохирохгүйн улмаас 2010 оноос хойш тус тусдаа амьдарч гэр бүлийн харьцаа тасарсан.Би 2014 оноос өөр эмэгтэйтээ хамтран амьдрах болсон. Бидний дундаас хүү төрсөн одоо 2 настай эхнэр болох эмэгтэй маань удахгүй дахин төрөх гэж байгаа.Отгонжаргал бид 2 тусдаа амьдраад 6 жил болсон. Тусдаа амьдрах хугацаандаа бид эвлэрээгүй.Одоо би өөр эмэгтэйтэй амьдраад 2 дахь хүүхэд маань төрөх гэж байгаа тусдаа амьдраад олон жил болсон учир Отгонжаргал бид хоёрын хувьд эвлэрэх ямар ч боломжгүй. Отгонжаргал ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгч урьсан боловч Отгонжаргал ирээгүй, эвлэрүүлэн зуучлагчид очих шаардлагагүй гэж үзсэн байх.Хуулийн дагуу 2 охиндоо тэтгэмж төлөхөд татгалзахгүй хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ ээж Отгонжаргалд нь байгаа тул хуулбарлуулан авч хэрэгт нотлох баримтаар хавсаргах бид дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ дэмжиж байна.Тусдаа амьдраад олон жил болсон, эвлэрэх боломжгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй.Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Энэ байр бол 2014 онд Уянгын ээж Туул,аав Энхтайван нар Эрэнэт үйлдвэрээс өмчилж авсан байр.Хүү Уянгыг гэр бүлийн хамт амьдруулж байсан.Одоо Отгонжаргал 2 хүүхдийн хамт амьдарч байгаа.Цаашид ч амьдруулна гэж Уянга хэлдэг.2 хүүхэд өмчлөгчөөр орох боломж байхгүй гэжээ.
Хариуцагч Ж.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Уянгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Миний бие нь Э.Уянгатай 2004 оноос хамт амьдарч , бидний дундаас охин Эрдэнэтуул, Марал нар төрсөн. Одоо охидууд маань 09,11 настай эрүүл энх өсөж бойжиж байна.Бага охиноо төрүүлээд 4 сартай байх үеэс миний бие өвдөж чихрийн шижин өвчтэй болж оношлогдон инсулин тарианд орсон.Мөн энэ өвчнөөрөө одоо эмчийн хяналтанд байж,хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн группд байдаг. Намайг өвчтэй нялх биетэй байх үеэс нөхөр маань өөр хүүхэнтэй буюу одоо амьдарч байгаа энэ эмэгтэйтэй холбоотой болж, улмаар салж тустаа амьдрах болсон.
Нэгэнт энэ хүн өөр амьдралтай болж бид 2 эвлэрэхгүй нь тодорхой болсон учраас миний бие түүнээс гэрлэлтээ цуцлуулах болно.Харин намайг нялх хүүхэдтэй өвчтэй гэдгийг мэдсээр байж үр хүүхдийг маань өнчрүүлсэн энэ 2 хүнд гомдолтой байна.Хамгийн гол нь миний амьдарч байгаа 3-12-124 тоот 1 өрөө байрыг миний бие хүүхдүүдийн хамт албан ёсоор шилжүүлж авах хүсэлтэй байна. Уг байрыг бидэнд өгөх асуудал дээр санаа зовох зүйлгүй байрандаа амьдар гэж хэлээд одоо болтол бид 3 энэ байранд нь амьдарч байгаа. Хэрвээ чадахгүй гэвэл би 2 хүүхдээ аваад гудманд гарахад хүрэх тул үнэхээр гомдолтой байна. Би өвчтэй хүн яахав гэж бодоход миний 2 бага насны охид маань гэр оронгүй үлдэнэ гэхээр үнэхээр гомдож байна. Эцэг Уянга энэ талаар ул суурьтай шийд гаргана гэдэгт найдаж байна гэжээ.
Хариуцагч Ж.Отгонжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна.Харин 2 хүүхэдтэйгээ орох оронгүй үлдэхэд хүрч дээр нь би өөрөө өвчтэй,байнгын эмчийн хяналтад байдаг тул одоо амьдарч байгаа байраа авч үлдэхийг хүсэж байна.Уянга амаараа надад “та 3 энэ байрандаа амьдар,байрыг та 3 аас авахгүй.2 хүүхэддээ өгнө” гэж ярьдаг.Иймд 3-12-124-тоот 1 өрөө байрны өмчлөлд охин Эрдэнэтуул,Марал нарыг өмчлөгчөөр тогтоож улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө.Уянга 2007 оноос өөр эмэгтэйтэй явалдаад хүүхэдтэй болж хамт амьдарсан байгаа.Энэ эмэгтэй бол манай гэр бүлийг үймүүлсэн.Би Уянгыг буцаад ирэх байх гэж их харсан. Ээж Туулынх нь нэр дээр байдаг байранд би 2 хүүхдийн хамт амьдарч байгаа.Уянга та 3 энэ байрандаа амвдар гэсэн боловч одоо ингээд шүүхээр албан ёсоор гэрлэлт цуцлагдах тул 2 хүүхэд минь орох оронгүй болох вий гэж санааих зовж байна.Дараа нь 2 хүүхдэд минь байр өгнө гэдэгт итгэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргасан.Би өөрөө 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан.2 хүүхдээ орох оронтой үлдээмээр байна.Байрны өмчлөгчөөр 2 хүүхдийг минь тогтоож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Туул шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд бие даасан шаардлага гаргахгүй бөгөөд намайг байлцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү.Ж.Отгонжаргалын нэхэмжилсэн 3-12-124 тоот 1 өрөө орон сууцны өмчлөлд охин У.Эрдэнэтуул,У.Марал нарыг өмчлөгчөөр тогтоож,улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Энэ орон сууц ганц миний өмч биш миний нөхөр Энхтайван хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй,гэр бүлтйн дундын хөрөнгө тул би дангаар шийдэхгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Уянга нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ж.Отгонжаргал зөвшөөрсөн.
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-12-124-тоот 1 өрөө байрны өмчлөлд охин Эрдэнэтуул,Марал нарыг өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү”гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасаныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.
Шүүх Ч.Туулыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба Ч.Туул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
Зохигчид 2004 оноос хамтран амьдарч 2006 онд гэр бүлээ бүртгүүлэн,охин У.Эрдэнэтуул 2005 онд, охин У.Марал 2007 онд тус тус төрсөн,Э.Уянга өөр хүнтэй хамтран амьдрах болсоны улмаас 2010 оноос хойш тус тусдаа амьдарч гэр бүлийн харилцаа тасарсан болох нь зохигчдын тайлбар,гэрлэлтийн баталгааны болон хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй У.Эрдэнэтуул, У.Марал нар эхийн асрамжинд амьдарч байгаа,нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн дагуу эцэг Э.Уянгаас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэстэй.
Хариуцагч Ж.Отгонжаргал хүүхдүүдийн хамт амьдарч байгаа,Ч.Туул,Д.Энхтайван нарыг өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-12-124-тоот 1 өрөө байрны өмчлөгчөөр охин У.Эрдэнэтуул,У.Марал нарыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү”гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар зөвшөөрөөгүй.Сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Ж.Отгонжаргалын хүүхдүүдийн хамт амьдарч байгаа уг байр нь Э.Уянгын гэр бүлийн гишүүдийн,өөрөөр хэлбэл,Э.Уянга Ж.Отгонжаргал У.Эрдэнэтуул, У.Марал нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш, Ч.Туул, Д.Энхтайван нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь зохигчдын тайлбар,өмчлөх эрхийн гэрчилгээ/хэргийн 27 дугаар хуудаст/гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд Ч.Туул өмчлөгчөөр охин У.Эрдэнэтуул,У.Марал нарыг тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрөөгүй тул хариуцагчийн шаардлага үндэслэлгүй юм.Иргэний хуулийн 101дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр,хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж,ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”гэж зааснаар Ч.Туул нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрөө мэдэх бүрэн эрхтэй байна. Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр У.Эрдэнэтуул, У.Марал нарыг байрны хамтран өмчлөгчөөр тогтоох хууль зүйн өөр үндэслэл тогтоогдоогүй.Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Ж.Отгонжаргал,Э.Уянга нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 онд төрсөн охин У.Маралыг 11 нас хүртэл амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, У.Марал,2005 онд төрсөн охин У.Эрдэнэтуул нарыг 16 нас хүртэл/суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Уянгаас тус тус тэтгэлэг тогтоон сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул У.Эрдэнэтуул,У.Марал нарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12-124-тоот 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Нэхэмжлэгч,хариуцагч нараас тэмдэгтийн хураамжаар төрийн санд тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.
5. Шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ