Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 212/МА2025/00001

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2025           01           09                                       212/МА2025/00001                                   

 

 

Б.К-н хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00826 дугаар шийдвэртэй,  **************** багт оршин суух, И овогт Б.К-н хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Н.Е-ыг өвөг эцэг Б.К-, эмэг эх А.Ка- нарт үрчлүүлсэн Е-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий  шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагч буюу үрчлэн авагч  Б.К-, үрчлүүлэгч К.Н- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Миний бие 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн ач хүү Е-ыг 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын Засаг даргын 136 тоот захирамжаар өөрийн хүү болох Н-аас үрчилж авсан. Эхнэр бид хоёр нас өндөр болж мөн биеийн эрүүл мэндийн байдлаас болж ач хүүг асрах чадваргүй болж төрсөн эцэг К.Н-, эх М.А нарын асрамжид өгсөн юм. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Н-ийн Е-ыг өвөг эцэг Б.К-, эмэг эх А.Ка- нарт үрчлүүлсэн Е-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00826 дугаар шийдвэрээр:

2.1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч И овогт Б.К-н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай захирамжаар Н-ийн Е-ыг өвөг эцэг Б.К-, эмэг эх А.Ка- нарт үрчлүүлсэн Е-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.К-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн буюу шүүгчийн хувьд маргаж байгаа 2 талын нэхэмжлэлийн шаардлага, цуглуулсан нотлох баримтын хүрээнд хөндлөнгийн дүгнэлт гаргадаг шүүх. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан тохиолдолд тухайн маргаанд хөндлөнгийн дүгнэлт хийж, шийдвэр гаргадаг. Гэтэл миний шүүхэд гаргасан хүсэлт /нэхэмжлэл/-ийн шаардлага нь өөрөө онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг маргааны төрөлд хамаардаг хэдий ч нэгдүгээрт хүүхдийн эрх ашигтай холбоотой, хоёрдугаарт гуравдагч этгээдийн эрх ашигт бас хамааралтай маргаан байсан. Тэр утгаар нь миний бие шүүхэд анх хүсэлт гаргах үедээ хүүхдийг анх төрүүлсэн эцэг нь болох К.Н-, М.А нарын хүү Е-ыг өөрсдийн асрамжид авахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, энэхүү маргаанд ямар ч хамааралгүй заалт болох Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн  61.1-д заасан “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэснийг үндэслэл болгон тайлбарлажээ.

3.2. Хуулийн дээрх заалт нь анх хүүхэд үрчлүүлэх ажиллагаа процесс нь хууль бус болохыг тогтоосон эсвэл хууль бусаар хүүхэд үрчилж авсан тохиолдолд тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцох хуулийн заалт юм. Харин би анх хүү Е-ыг үрчилж авах ажиллагаа хууль бус талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй, зөвхөн самган бид хоёр нас өндөр болж, цаашид уг хүүхдийг асран хамгаалах боломжгүй, зах зээлийн хэрэгцээ өндөр болсон өнөөгийн нийгэмд хүүхдийг сургахад тэтгэврийн хэдэн төгрөг хүрэлцээгүй тул хүүхдийн ирээдүйг бодож, төрсөн эцэг эхэд нь буцаан өгөхөөр шийдвэрлэж, шүүхэд хүсэлт гаргасан. Хуульд нэгэнт хийгдсэн үрчлэлтийг заавал шүүхээр хүчингүйд тооцуулах хуулийн заалттай тул ийнхүү шүүхэд хандсан болохоос биш хуулиар иргэнийг чирэгдүүлэхгүй, үрчлүүлсэн үрчилж авсан 2 тал харилцан тохиролцсон тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан бол тэр журмаар ч шийдвэрлүүлэх байсан. Гэтэл хуульд нэгэнт шүүхэд хандах тухай заасан тул ийнхүү шүүхэд хандсан боловч энэхүү маргаанд ямар ч хамааралгүй хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэж, хүсэлтийг маань хэрэгсэхгүй болгож, нас өндөр болсон намайг дахин дахин чирэгдүүлж байгаад маш их гомдолтой байна.

3.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00826 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хүсэлт гаргагч буюу үрчлэн авагч Б.К-н давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.

 

6. Гэтэл анхан шатны шүүх  хүсэлт гаргагч Б.К-н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар хүү Н-ын Е-ыг өвөг эцэг Б.К-, эмэг эх Х.Ка- нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдал нь шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн  145.3 дахь хэсэгт “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна” гэж,  145.4 дэх хэсэгт “Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх  үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс гадна хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах болсон шалтгааныг тэдгээрээс нэг бүрчлэн, хангалттай тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Н-ын Е-ыг 1 нас 6 сартай байхад нь эцэг К-н Н-, эх М.А- нар хүүгийн өвөг эцэг Б.К-, эмэг эх А.Ка- нарт 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үрчлүүлсэн бөгөөд энэ талаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 136 дугаартай захирамж гарч байжээ.

Үрчлүүлсэн хүү К-н Е- нь одоо 13 нас, 9 сартай бөгөөд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үрчлэн авсан эцэг Б.К- шүүхэд хүсэлт гаргасан, үрчлүүлэгч эцэг К-н Н- нь анхан шатны шүүх хуралдаанд оролцох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол үрчлүүлсэн эх М.А- болон үрчлэн авсан эх А.Ка- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч болон үрчлэн авагч талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох болсон үндэслэл, шалтгааны талаар үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудаас нэг бүрчлэн, хангалттай тодруулах боломжгүйд хүрсэн байна.

Хүүг үрчлүүлсэн эх М.А-, үрчлэн авсан эх А.Ка- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэрэгт үрчлүүлсэн эх М.А-ы үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт авагдсан боловч энэ нь түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх үндэслэлийг хангалттай тогтоохгүй учраас эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тэдгээрээс хүүхдийг түүний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлсэн эсэх, уг үрчлэлтийг хүчингүйд тооцох талаарх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдож байгаа эсэхийг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх явцад, мөн шүүх хуралдаанаар тодруулах, тогтоох  шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

 

10. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хүсэлт гаргагч Б.К-н “шийдвэрт өөрчлөлт оруулж, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй учир хуульд зааснаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК