| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01068/И |
| Дугаар | 01212 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 01212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 6-9 тоотод оршин суух Ямааранз овгийн Хуушааны Үүрцайхын /ГИ-72060309/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 21-б-12 тоотод оршин суух Байгал овогтой Лхагважаргалд /ГЮ-73110767 / хариуцагдах 1,594,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Б.Лхагважаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Х.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Лхагважаргал нь 2013-09-15-ны өдөр надаас 1,060,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 0,4 хувийн хүүтэй зээлсэн.Гэрээний хугацаа аль хэдийн дууссан боловч элдэв шалтаг хэлсээр өдийг хүрлээ.Зээлдэгч Б.Лхагважаргалаас үндсэн зээл 1,060,000 төгрөг, зээлийн хүү, алданги 534,240 төгрөг.Нийт 1,594,240 төгрөг гаргуулан авах болно.Иймд Б.Лхагважаргалаас 1,594,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 64240 төгрөгнөөс татгалзаж,1 530 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.Үндсэн зээл алдангийн хамт.2014-9-15-нд 1060 000 төгрөг зээлж аваад виза картаа өгсөн.Үүрцайх виза картаар нь 534 200 төгрөг авсан. 2015 оны 3 сард виза карт нь хаагдсан гэдэг.Гэрээнд заасны үндсэн зээл,алданги нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч Б.Лхагважаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Лхагважаргал би Х.Үүрцайхын нэхэмжлэлтэй танилцлаа.Иргэн Лхагважаргал би 2013 онд цувуулж авсаар 1,060,000 төгрөг болсон.Ингээд Х.Үүрцайхад би барьцаа болгож ХААН банкны цалингийн картаа үлдээсэн.Х.Үүрцайхад 2013 оын 09 сараас хойш 2014 оны 01 сар хүртэл нийт 1,200,000 төгрөг өгсөн.Ийм учраас Х.Үүрцайхад төлөх төлбөргүй, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Б.Лхагважаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.2013 оны 9 сарын 15-нд 1 060 000 төгрөг зээлж авсан.Цалингийн виза картаа өгсөн.Тухайн үед гэрээ байгуулаагүй,дараа нь гэрээнд гарын үсэг зурсан.Цалингийн урьдчилгаа оронгуут 150-180 мянган төгрөг авдаг байсан.1200 000 орчим төгрөг авсан гэж үзэж байна.Надад тооцоо байхгүй.Картаа би 2015 оны 12 сард солиулсан гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Үүрцайх хариуцагчаас 1,530,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Лхагважаргал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.
Зохигчид 2013-9-15-ны өдөр мөнгөн зээлийн гэрээ амаар байгуулж Б.Лхагважаргал нь Х.Үүрцайхаас 1,060,000 төгрөг зээлж авсан,хариуцагч 534 200 төгрөг төлсөн,2014-9-15-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар,хэргийн 3 дугаар хуудаст авагдсан зээлийн гэрээ зэргээр нотлогдсон.
Зохигчид 2013-9-15-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч хожим бичгийн хэлбэрээр байгуулж гарын үсэг зурсан байх тул 2014-9-15-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн ...56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчинтөгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч,хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчинтөгөлдөр хэлцэл гэж үзнэ”гэж заасанд нийцсэн хүчинтөгөлдөр гэрээ гэж үзнэ.
Уг гэрээгээр 1,060,000 төгрөгийг 2013-9-15-наас 2014-9-15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай 0.4 хувийн хүүтэй зээлсэн ба гэрээний 3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 2 хувийн алданги тооцохоор тохирчээ.Хариуцагч виза картаар 1,200,000 орчим төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй,нэхэмжлэгч виза картаар 534 200 төгрөг авсан гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн тайлбарласан хэмжээгээр хүү төлсөн гэж дүгнэв.
Хариуцагч зээлийн гэрээгээр тохирсон хугацаандаа үндсэн зээлээ эргүүлэн төлөөгүй тул нэхэмжлэгч үндсэн зээл болон гэрээнд заасны дагуу алданги тооцон нэхэмжилсэн нь үндэстэй байна.Иймд хариуцагчаас үндсэн зээл 1.060.000 төгрөг,гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 530 000 төгрөг гаргуулах үндэстэй боловч нэхэмжлэгч 1 530 000төгрөг гаргуулахаар шаардсан хэмжээнд нэхэмжлэлийг хангалаа.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Лхагважаргалаас 1,530,000 төгрөг гаргуулан Х.Үүрцайхд олгосугай.
2. Нэхэмжлэгч татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 64240 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 40 458 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас 39430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ