| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0485/Э |
| Дугаар | 506 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Нарсар овгийн Б.Бд холбогдох эрүүгийн 1911015240651 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нарсар овгийн Б.Б, 1978 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж 862 б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДЭ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 862 б тоот хашаанд өөрийн эхнэр М.Долгорсүрэнтэй хардалтын улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Долгорсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчим би цуг ажиллаж байсан манай хажуугийн айлын эмэгтэй рүү залгаад ярьсан чинь Баяраа ах нэг эмэгтэйтэй гэртээ байна гэхээр нь миний уур хүрээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх гэртээ очоод хаалганых нь гаднаас цагдаа дуудчихаад зогсож байтал манай нөхөр гэрээс нэг танихгүй эмэгтэйтэй хоёулаа согтуу гараад ирсэн тэгэхээр нь би хашаан дотор ороод хашхирч орилсон яг юу гэж хэлснээ санахгүй байна уур хүрчхээд байсан болохоор нөгөө эмэгтэй рүү чулуу аваад шидсэн чинь оноогүй бөгөөд нөгөө эмэгтэйгээ хааж байгаад хашаагаар гаргаад явуулчихсан тэгснийхээ дараа миний толгой руу нэг удаа гараараа алгадсан мөн хэвлий хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь цагдаа дуудчихсан гэхэд гараад зугтаачихсан...гэх мэдүүлэг /хх 14-15/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5757 дугаар дүгнэлтэд: “...М.Долгорсүрэнгийн биед хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 20/.
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...М.Долгорсүрэнгийн хэвлий болон толгой хэсэгт баруун гараараа тус бүр нэг удаа цохисон. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 27-28/
Хохирогч М.Долгорсүрэнд хийсэн аюулын зэргийн үнэлгээ /хх 34-35/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр тогтоол /хх 49/, шүүгдэгч Б.Бы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 45/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 862 б тоот хашаанд өөрийн эхнэр М.Долгорсүрэнтэй хардалтын улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5757 дугаар дүгнэлт /хх 20/, хохирогч М.Долгорсүрэнгийн “...миний толгой руу нэг удаа гараараа алгадсан мөн хэвлий хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь цагдаа дуудчихсан гэхэд гараад зугтаачихсан...” /хх 14-15/, шүүгдэгч Б.Бы “...М.Долгорсүрэнгийн хэвлий болон толгой хэсэгт баруун гараараа тус бүр нэг удаа цохисон. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд /хх 27-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал зэргийг харгалзав.
Хохирогч М.Долгорсүрэн нь “...Б.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлын тал дээр маргах зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нарсар овгийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН