Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 212/МА2025/00003

 

 

 

 

 

 

 

 

    

    2025        01            09                                      212/МА2025/00003                                   

 

 

 

К.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00928 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************** тоотод оршин суух хаягтай Е овогт К.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар /дарга М.Ж/-т холбогдох, 

 

“Тус газарт 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50 хувь буюу 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч К.Е-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл:

1.1. Миний бие К.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт амьдардаг. Шүүхэд Цахилгаан шугам сүлжээний газрын нийлүүлж байгаа цахилгаан нь Цахилгаан эрчим хүчний стандартад нийцэхгүй байгаа талаар гомдол гаргасан. Өмнө шүүхэд 2021 онд өнөөдрийн маргаантай асуудалтай адилхан маргаанаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд тус маргаан нэхэмжлэгч миний талд шийдвэрлэгдсэн.

1.2. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлтээ шүүхэд гаргаж, шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гаргаж хүргүүлсэн боловч өнөө хүртэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлэхгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа хандаж, хариуцагч талд мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэсэн.

1.3. Хэрвээ хангах боломжгүй гэвэл Эрчим хүчний тухай хуульд заасан 35.1-д Стандартад заасан эрчим хүчээр хангаж чадахгүй бол төлбөр төлөхгүй байж болно гэж заасныг баримтлан хариуцагч талд эрчим хүчний төлбөрийг 50 хувиар төлөх саналыг гаргасан боловч хариуцагч тал хүлээж аваагүй. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 8 дугаар сараас хойших 2024 оны 8 дугаар сар хүртэлх 3 жилийн хугацааны цахилгааны үнэд төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулах тухай байна. Мөн аймгийн захиргааны байранд суудаг цахилгаан, эрчим хүч хариуцдаг Улсын мэргэжил, хяналтын байцаагчид хандахад бид цахилгааныг стандартын дагуу хангаж чадахгүй байгааг мэдэж байгаа. Сайжруулах ажил явагдаж байгаа гэсэн хариуг өгсөн. Мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнд зааснаар хариуцагч тал стандартад заасан цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэй.

1.4. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, холбогдох хуулийг баримтлан хариуцагч байгууллага болох Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. 

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч К.Е- нь урьд шүүхэд шатсан цахилгаан эд хөрөнгийн үнийн дүнг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нь үнэн боловч уг маргаан нь өнөөдрийн маргаантай ямар ч байдлаар холбоогүй. Стандарт шаардлагад заасан эрчим хүчээр хангах үүргээ хариуцагч талын зүгээс биелүүлсэн бөгөөд К.Е- нь өнөөдөр хүртэл стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчийг ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын эрчим хүчийг сайжруулах ажлыг өнөөдөр хүртэл төрийн бүхий л шатанд хийж байгаа. Цаашид ч сайжруулалтын ажил хийгдэх болно.

2.2. Нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагын нийлүүлсэн эрчим хүчийг доголдолтой гэж нэхэмжлэл гаргаж байна. Гэхдээ доголдолтой цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа тухай тайлбарлаж, энэ хугацаанд доголдолтой эрчим хүчээр хангуулахаас татгалзах бүрэн эрхтэй байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт худалдан авагч тал шаардах эрхээ алдах тухай зохицуулсан. Иргэний хуулийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч маань доголдолтой гэдгийг анхнаасаа мэдсэн, энэ хугацаанд доголдолтой цахилгаан эрчим хүчээр нийлүүлэлтийг зөвшөөрөөд явж байсан.

2.3. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээ мэдэхгүй байна. Тийм асуудал байхгүй. Баян-Өлгий аймгийн 110,000 гаруй хэрэглэгчидтэй гэрээ байгуулаад, цахилгаанаар ханган шийдвэрлэж байгаа. Гэтэл ганцхан нэхэмжлэгч К.Е-ад шаардлага хангахгүй эрчим хүчээр хангаж байгаа асуудал байхгүй. Бусад 110,000 гаруй хэрэглэгчдийн хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчийг нэхэмжлэгч мөн адилхан хэрэглэж байна. 2019 оны асуудалтай холбоотой дүгнэлт гарч байсан бөгөөд үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч гэрээнд зааснаар 220 ваттын эрчим хүчээр хангагдах ёстой байтал тухайн хэмжээний эрчим хүчийг аваагүй гэж байгаа боловч яг хэдий хэмжээний эрчим хүчийг авч байгаа нь тодорхой бус байгаа. Энэ тухай шүүхэд гаргаж ирсэн нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан байцаагчийн дүгнэлт нь тухайн цаг үеийн шаардлага хангахгүй байгаа дүгнэлт буюу ирээдүй цагт хангаж байгаа эрчим хүч нь шаардлага хангахгүй байгаа гэсэн асуудал биш.

2.4. Мөн шүүхийн шийдвэрт маргаантай явж байгаа тухай, хариуцагч очиж уулзсан гэх мэт нэхэмжлэгчийн тайлбарууд үндэслэлгүй бөгөөд хэрэг дотор үүнтэй холбоотой нотлох баримтууд байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тайлбар гаргана. Нэхэмжлэгч шүүхэд хэдэн жилийн, хэдий хэмжээний цахилгааны эрчим хүч дутуу нийлүүлсний улмаас тухайн төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00928 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтуудыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас эрчим хүчний төлбөрт төлсөн 1,019,979 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч К.Е-ад олгож, илүү нэхэмжилсэн 115,963 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 29,029 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Е-ад олгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам, сүлжээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух хаягтай С.Нургайып би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00928 дугаартай шийдвэрийг бүхэлдээ эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна.

4.2. К.Е-ад стандарт шаардлагад хангаагүй эрчим хүч худалдсан гэж дүгнээд цахилгааны үнэ болгож төлсөн төлбөрийг 50 хувийг буцаан гаргуулахаар шүүхээс шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.

4.3. К.Е-ад 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал доголдолтой цахилгаан эрчим хүчээр хангасан гэх боловч хэрэг дотор үүнийг нотолсон нэг ч баримт байхгүй бөгөөд энэ хугацаанд стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагч байгууллага хангаж ирсэн. Ямар нэгэн доголдол гараагүй байхад шүүхээс эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн 50 хувийг буцаан гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00928 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:  

5.1. Миний бие энэхүү гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оноос хойш Өлгий сумын 10 дугаар багт амьдарч байна. 2018 оноос эрчим хүчний нийлүүлэлт хангалтгүй, стандартад нийцсэн эрчим хүчээр хангаж чадахгүй байна. Энэ талаар би 2021 онд шүүхэд хандаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр стандартад нийцсэн эрчим хүчээр хангаж чадахгүй  байгаа нь нотлогдсон.  Тухайн үед 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэгдүгээрт цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувийг буцаан төлүүлэх, мөн стандартад нийцсэн эрчим хүчээр хангахыг даалгасугай гэсэн шүүхийн шийдвэр гаргасан. Уг шүүхийн шийдвэрийн дагуу хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Тухайн хэрэг нь өнөөдөр хүртэл хаагдаагүй. 

5.2. Стандартад нийцсэн эрчим хүчээр хангагдахгүй байгаа талаар ганцхан манай айл биш, аймгийн хэмжээнд асуудалтай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байна.  Стандарт нийцсэн эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа гэдгийг би тухайн үед байцаагчаар батлуулсан. Одоо Эрчим хүчний газар стандартад нийцсэн эрчим хүчээр хангаж байгаа гэдгийг өөрсдөө шүүхэд нотлох ёстой. Стандартад нийцсэн эрчим хүчээр хангагдаагүй гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч 5,6,9,10 дугаар багуудад саяхнаас тавигдаж байна. Мэргэжлийн хяналтын газар татан буугдсан учраас тэр байцаагч нь аймгийн Засаг даргын Тамгын газарт суудаг цахилгаан, эрчим хүч хариуцдаг Улсын мэргэжил, хяналтын байцаагчид хандахад Бахытгүл нь “бид  нар хэмжилт хийж байсан, цахилгааныг стандартын дагуу хангаж чадахгүй байгаа, одоо  нэг юм баригдаж байгаа, цаашдаа хэвийн болох байх” гэсэн хариу өгсөн.  

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх К.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдох 1,135,942 төгрөг гаргуулах тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангахгүйгээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нөхцөл шалтгаан болсон байна.

 

8. Нэхэмжлэгч К.Е- нь хариуцагч тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдуулж, “Эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50 хувь болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “би өмнө нь  шүүхэд Цахилгаан шугам сүлжээний газрын нийлүүлж байгаа цахилгаан нь Цахилгаан эрчим хүчний стандартад нийцэхгүй байгаа талаар нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, уг шийдвэрээр тус байгууллагад стандартад нийцсэн эрчим хүчээр хангахыг үүрэг болгосон. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй, мөн стандартад нийцээгүй эрч хүчээр хангаж байгаа талаар улсын байцаагчийн хийсэн хэмжилт байгаа. Тиймээс Эрчим хүчний тухай хуулийн 35.1-д “Стандартад заасан эрчим хүчээр хангаж чадахгүй бол төлбөр төлөхгүй байж болно” гэж заасныг баримтлан хариуцагч байгууллага болох Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50 хувь буюу 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

9. Хариуцагч тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ “...Нэхэмжлэгч К.Е- нь урьд шүүхэд шатсан цахилгаан эд хөрөнгийн үнийн дүнг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нь үнэн боловч уг маргаан нь өнөөдрийн маргаантай ямар ч байдлаар холбоогүй. Стандарт шаардлагад заасан эрчим хүчээр хангах үүргээ хариуцагч талын зүгээс биелүүлсэн бөгөөд К.Е- нь өнөөдөр хүртэл стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчийг ашиглаж байгаа “ гэж маргажээ.

 

10. Зохигчийн дээрх тайлбарыг шинжлэн үзвэл, маргааны зүйл болсон хариуцагч Цахилгаан шугам сүлжээний газар нь нэхэмжлэгч К.Е-тай хийсэн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай хангасан эсэх нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгосон баримтууд хэрэгт авагдаагүй байна.  Гэтэл нэхэмжлэгчийн шаардлага болон түүний үндэслэлийг шүүх тодруулахгүйгээр маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Талуудын хооронд үүссэн дээрх маргаантай харилцааны талаар хэрэгт авагдсан баримтууд нь маргааны үйл баримтыг сэргээн тогтооход хүрэлцээгүй, тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан, хэрэгт гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дүгээр магадлалаар “хэрэглэгч К.Е-ыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг хангагч байгууллага Баян-Өлгий аймгийн ЦШСГ-т үүрэг болгож” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх журмаар биелэгдсэн эсэх, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүлийн 2024 оны10 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/820 дугаартай албан бичигт дурдсан Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8.4 дэх заалтад “...одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан бичгээр тогтоогдсон” гэж дүгнэхдээ шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчиж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна.

12. Талуудын хооронд үүссэн эрх зүйн зөрчил, хэргийн үйл баримт, түүнийг тогтооход чухал ач холбогдол бүхий дээр дурдсан хэргийн нөхцөл байдлуудыг сэргээн тогтооход шаардагдах нотлох баримтууд хангалттай бүрдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг зөрчсөн бөгөөд маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд нотлогдон тогтоогдоогүй байхад дээрх зохицуулалтыг тайлбарлаж, хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримт, түүнийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудыг тогтоох, шүүхээс дүгнэлт хийх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

13. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх учраас түүний хэргийн үйл баримттай холбогдуулж гаргасан “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрыг төсвийн байгууллага гэж үзэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийг төсвийн байгууллага гэж тодорхойлсон холбогдох баримт бичгийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалт, 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь заалтыг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүйг тэмдэглэсүгэй.

 

          

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ