| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0499/Э |
| Дугаар | 519 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Боржигон овгийн Д.Нд холбогдох эрүүгийн 1911012430597 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Д.Н, 1972 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, зорчигч тээврийн 3 дугаар нэгтгэлд хяналтын ажилтан ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн 9-704 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧА.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Н 2019 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сондор нэртэй зочид буудлын 308 дугаартай өрөөнд Л.Батбаатартай хамт орж үйлчлүүлж байхдаа түүнийг унтаж байхад нь халаасанд нь байсан 905.000 мянган төгрөгийг нууцаар хулгайлсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Батдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Батбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой Улаанбаатар хотод өөрийн ажилладаг бригадын дарга Болд-Одын хамтаар Өмнөговь аймгаас ажлаасаа буугаад ирсэн. Тэгээд cap ажилласан хугацааны цалин хөлс гэж надад 1.020.000 төгрөгийг өгсөн. Би өөрт байсан 1 сая төгрөгөөс таксинд 5000 төгрөгийг өгөөд 17-н замын эсрэг талд байх Соёл нэртэй нийтийн караокед 22 цагийн орчимд орж суугаад уг караокеноос 4 шил пиво, 100 граммаар архи 3 удаа авч уусан. Тэгээд энэ хооронд өөрийн танил болох найз нөхдийн холбоотой байдаг Д.Нг түүний 91289900 дугаарын утас руу залгаж дуудахад 30-40 орчим минутын дараа ирсэн. Д.Н ирээд бид хоёр уг газрын тооцоо болох 25000 төгрөгийг би өөрт байсан 995.000 төгрөгөөс өгөөд Д.Нгийн хамтаар уг газраас гарч замын эсрэг талд байх Дуулга нэртэй бааранд орж 4 шил нийслэл пиво, 100 гр архи зэргийг аваад авсан архинаас би нээх их уугаагүй, Д.Н уусан. Дуулга бааранд гарсан тооцоо 25000 орчим төгрөг болсныг би өөрт байсан 970.000 төгрөгөөс хийгээд хажуу талд хоёр давхарт байх нэрийг нь сайн мэдэхгүй буудалд 35.000 төгрөгийн тооцоог нь төлөөд 308 дугаартай өрөөнд Д.Нгийн хамтаар ороод унтсан. Тэгээд өглөө нь 10-11 цагийн орчимд сэрээд харахад Д.Н байхгүй, миний халаасанд байсан 905000 орчим төгрөг алга болохоор нь Д.Н рүү залгаад чи мөнгө аваад явсан юм уу гэж асуухад би чамайг тийм их мөнгөтэй явсныг хараагүй, би мөнгийг чинь аваагүй гэж хэлсэн. Тэгээд би өөр хамт байсан хүн байгаагүй болохоор Д.Нгээс өөр авсан хүн байхгүй гэж хэлэхэд би аваагүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/
Гэрч Ц.Энхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сондор нэртэй буудалд үйлчлэгчийн ажиллаа хийгээд байж байхад шөнө 02-03 цагийн хооронд толгойдоо хагалгааны сорвитой, ногоон куртиктэй нэлээд согтолттой эрэгтэй гартаа нэг шил пиво барьсан 40 гаран настай согтуу эмэгтэйн хамтаар орж ирээд буудлын өрөө асуугаад Л.Батбаатар гэх хүний бичиг баримтаар залуу нь бүртгүүлж 308 дугаартай өрөөнд төлбөр болох 35000 төгрөгийг төлөөд орцгоосон. Тэгээд орсноос хойш эрэгтэй нь хагас нүцгэн тэкин дээр ирээд тамхи асуухаар нь байхгүй гэж хэлэхэд буцаад орцгоосон. Тэгээд орсноос хойш нэлээд удаан байж байгаад шөнө 03 цаг 20 минутын орчимд цуг орсон эмэгтэй нь гараад явсан. Өглөө нь уг өрөөнөөс эрэгтэй нь гарч ирээд мөнгө алга болсон байна, цуг орсон эмэгтэй хэдэн цагт гарсан талаар асуухаар нь цагийн дараа гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 31/
Гэрч Г.Болд-Од нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэр өдөр би цалингийн үлдэгдэл болох 1.020.000 төгрөгийг Батбаатарт өөрийнхөө данснаас бэлнээр авч өгөөд Сансарын колонкоос манай ээж, дүү хоёр намайг ирж аваад цуг явж байгаад шинэ буудлын уулзвар дээр Л.Батбаатар эндээс таксидаад явна гэж хэлээд 22-23 цагийн орчимд буулгаад явсан...” гэх мэдүүлэг /хх 11/
Хохирлын мөнгө болох 905.000 төгрөгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 23/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-22/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н 2019 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сондор нэртэй зочид буудлын 308 дугаартай өрөөнд Л.Батбаатартай хамт орж үйлчлүүлж байхдаа түүнийг унтаж байхад нь халаасанд нь байсан 905.000 мянган төгрөгийг нууцаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Батбаатарын “...Д.Н байхгүй, миний халаасанд байсан 905000 орчим төгрөг алга болохоор нь Д.Н рүү залгаад чи мөнгө аваад явсан юм уу гэж асуухад би чамайг тийм их мөнгөтэй явсныг хараагүй, би мөнгийг чинь аваагүй гэж хэлсэн. Тэгээд би өөр хамт байсан хүн байгаагүй болохоор Д.Нгээс өөр авсан хүн байхгүй гэж хэлэхэд би аваагүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/, гэрч Ц.Энхтуяагийн “...уг өрөөнөөс эрэгтэй нь гарч ирээд мөнгө алга болсон байна, цуг орсон эмэгтэй хэдэн цагт гарсан талаар асуухаар нь цагийн дараа гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 31/, гэрч Г.Болд-Одын “...би цалингийн үлдэгдэл болох 1.020.000 төгрөгийг Батбаатарт өөрийнхөө данснаас бэлнээр авч өгөөд...” гэх мэдүүлэг /хх 11/, хохирлын мөнгө болох 905.000 төгрөгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 23/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Хохирогч Л.Батбаатар нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “...хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Нд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН