Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00548

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01189 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *****гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***** ХХК-д холбогдох,

илүү цагийн нэмэгдэл хөлс 10,239,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног ажиллаж, 14 хоног амарч эхэлсэн.

Хариуцагч нь 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн хөлс олгоогүй.

Иймд, 2023 оны 09-11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 10,239,768 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажилтан нь хуульд заасны дагуу 14 хоног нөхөн амарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд зохих журмын дагуу гомдол гаргаагүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хуульд заасан хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч ***** ХХК-д холбогдох илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 10,239,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 63,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нь цалингаа сар бүрийн 10, 25-ны өдөр олгодог ба тухайн сарын урьдчилгаа цалингаа 25-ны өдөр, үлдэх цалинг дараа сарын 10-ны өдөр олгодог. Энэ нь нэхэмжлэгч сар бүрийн 10-ны өдрөөр илүү цалин хөлсөө шаардах эрх үүсэхээр байхад шүүхээс сар бүрийн 25-ны өдрөөр шаардах эрх үүснэ гэж хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон.

Энэ хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 30 хоног, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 60 хоног, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 90 хоног болж байна. Гэвч шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч нь анх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ***** ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Гомдлын хариу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэх агуулгаар ирсэн.

Нэхэмжлэгч ***** нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хугацааг тоолно гэж маргасан. Гэтэл шүүх талуудын татгалзлын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 112 цагт оногдох үндсэн цалингаа авсан учир илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох нь зүйтэй.

Иймд, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулж уртын ээлжээр ажиллаж ажилтанд олгох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй гэж 2022 оны 09-11 дүгээр сарын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд 10,239,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хуульд заасан журмын дагуу цалин олгосон, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцох үндэслэлгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг өгсөн байна.

 

3.1. Нэхэмжлэгч ***** нь ***** ХХК-д хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд ажилладаг байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сард уртын ээлжинд ажиллахдаа 168 цаг илүү ажиллажээ.

Дээрх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1605 цагт гомдол гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр буцаасан, Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргаж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон /1хх 7-8, 90, 2хх 24-25/.

Улмаар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзахад дахин 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргажээ /1хх 1-2, 2хх 130-137/.

Хэрэгт авагдсан цалин олгосон хүснэгтээр нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын үлдэгдэл цалинг 10 дугаар сарын 09, 10 дугаар сарын үлдэгдэл цалинг 11 дүгээр сарын 09, 11 дүгээр сарын үлдэгдэл цалинг 12 дугаар сарын 09-ний өдөр тус тус бодуулж авчээ /1хх 53-59/.

 

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах ёстой болохыг заасан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог журамтай.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн сарын цалингаа авсан үеэс илүү цагийн хөлсийг тооцож олгоогүйг мэдэх ёстой байсан тул 2022 оны 09-11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлжээ.

Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 11 дүгээр сарын үлдэгдэл цалин авсан учир 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргах ёстой байсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1605 цагт гомдол гаргаж уг хугацааг хэтрүүлсэн байна.

Харин 2022 оны 09 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа 2023 оны 01 дүгээр сард, 2022 оны 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа 2023 оны 02 дугаар сард тус тус дуусчээ.

 

3.3. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр огноолж Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан баримтыг өгсөн боловч энэ нь дээр дурдсан үйл баримтаас хойших хугацаанд хамаарч байгаа тул нотолгооны ач холбогдолгүй. Үүнээс өөрөөр нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө зохих журмаар илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой гомдол гаргаж байсан гэх баримтгүй /2хх 23/.

Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаарх мэтгэлцээний байр сууриа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.4. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн тул Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд хуулийн хугацаанд гомдол гаргасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

3.5. Иймд, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхээс уг маргааныг шийдвэрлэх үндэслэл болж буй дээрх зохицуулалтыг баримтлаагүй байгааг залруулж өөрчлөлт оруулна.

 

3.6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамжийн хуваарилтад өөрчлөлт оруулна. Мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01189 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос 63,295 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,786 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ