| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/00154/И |
| Дугаар | 210/МА2025/00496 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00496
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00686 дугаар шийдвэртэй
*******ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би, ******* ХХК-ийн ******* газрын *******хэлтсийн ******* багт 2016 оноос эхлэн ******* багийн ажилтнаар ажилласан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар намайг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд хүнтэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Би, хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр ажил таслаагүй. ******* чиглэлд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өглөөний нислэгтэй байсан ч зайлшгүй ажил гарсан тул удирдлагаас чөлөө авч нислэгээ оройны 20:00 цаг болгож хойшлуулсан. Оройны нислэгийн өмнө өөрийн амьдардаг ******* дүүргээс ******* аймаг руу нисэх буудал орохоор явах замд автомашин эвдрээд мөн удирдлагад мэдэгдэж нислэгээ хойшлуулж 25-ны өдрийн оройны хуваарьт оруулсан. Ингээд *******аймгийн *******сумруу хадлангийн талбай руугаа явж, хадлангаа хадаад ажилдаа буцаж явах гэтэл автомашины доод хэсэг чулуунд цохигдон эвдэрч, утас сүлжээгүй байсан учир ярьж чадаагүй, ажилдаа очиж амжаагүй. Дараа нь ажилдаа явах гэтэл оффист ирэхийг удирдлагаас даалган очиход ажлаас түр чөлөөлснийг мэдэгдэж, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Би, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил таслаагүй бөгөөд удирдлагаас ийнхүү очиж чадахгүй шалтгааныг мэдэж, ажлаас чөлөөлж, нислэгийн хуваарийг хойшлуулж 08 сарын 25-ны оройн онгоцны хуваарьт оруулж байсан. Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд, ******* ХХК-ийн урьд эрхэлж байсан ******* газрын *******хэлтсийн ******* багийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн ноцтой зөрчлийг гаргасан. Энэ нь хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгах ажиллагаа явуулж гаргасан 3366 тоот Магадлан шалгалтын тайлан гарсан ба мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдсон. *******ийн гаргасан зөрчил нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1.г-д талууд сахилгын ноцтой зөрчлийг заасаныг зөрчсөн ба мөн энэ талаар компанийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.4.8-д заасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн удирдах ажилтан болох ******* гэрчийн мэдүүлэгтээ ...асуудал гарсан тохиолдолд надад мэдэгдэнэ ... өөрийнх нь хүсэлтийн дагуу менежер болон шөнийн ээлжийн ахлах мэргэжилтэнд хэлээд 24-ний орой болгож өөрчилсөн /нислэгийн хуваарийг хэлж байна/ ... ажиллах цагийн хуваарь нь оройн 19 цагаас өглөөний 7 цаг хүртэл ... ажилтанд хойшлуулшгүй ямар нэг асуудал гарсан тохиолдолд эхний ээлжинд ахлах ажилтан буюу надад мэдэгдэнэ ... чөлөө зөвшөөрөл авах асуудлыг менежертэй зөвшилцдөг" гэдэг. Гэрч *******ын мэдүүлэг, нислэгийн мэдээлэл, нислэгийн мэдээлэл цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар ******* нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр чөлөө авсан нь нотлогдож байна.
Хуваарьт ажлын цаг оройны 19 цагаас өглөөний 7 цаг хүртэл байдаг. Гэрч *******ын мэдүүлгээр энэ нь нотлогдох ба 2023 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдийн аль ч нислэгээр очсон тэр өдрийн хуваарьт ажлын цагт багтаж ажлын байранд очиж амжихгүй. Нислэгийн мэдээллээр 24, 25-ны өдрүүдэд онгоц оройны 1834, 2128 цагт нисэх нь тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбараар уурхайн талбарт очоод онгоцноос бууж хувцасаа солиод ажлын байранд очиход 2-3 цаг орчим хугацаа ордог. Өөрөөр хэлбэл, бодит байдалд 24, 25-ны орой нислэгээр очсон ч ажилд гарах боломжгүй байсан.
Баримтаар тогтоогдсон ийм нөхцөл байдалд ажил олгогч тал 24-ний өдөр чөлөө өгч, улмаар нислэгийн цагийг хойшлуулчихаад 24, 25, 26-ны өдрүүдэд дараалсан 3 өдөр ажил тасалсан хэмээн ажлаас халж байгаа нь үндэслэлгүй. Магадлан шалтгалтын тайланд нэхэмжлэгчийг гарын үсэг зураагүйг нь далимдуулж нэхэмжлэгчийн хэлээгүй зүйлүүдийг нь бичсэн байсан. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдал баримтаар нотлогдож байхад ажил олгогчийн шийдвэрийг зөв хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус байна.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд ******* ХХК-д ажиллаж байгаад, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримт, өөрийнх нь өгсөн тайлбараар нотлогддог. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ******* газрын *******хэлтсийн ******* багийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан учир ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.
4. Нэхэмжлэгч ******* нь 2016 оноос хариуцагч ******* ХХК-ийн ******* газрын *******хэлтсийн ******* багийн ажилтны албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч *******той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болон нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд ажилдаа очиж чадаагүй талаархи үйл баримтад зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь тухайн өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа очиж чадаагүй, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн оройн нислэгээр ниссэн ч ажил эхлэх үед ажлын байранд бэлэн болж очиж амжихааргүй байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон тайлбарлажээ.
5. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн дээрх ******* дугаартай тушаалд ...******* нь 2023 оны 08 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 (1), ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г, д болон 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.г, 10.4, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4, 17.1, 17.2.4.8, 17.3, 18.7.1, 18.7.2, 18.7.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй боловч гагцхүү ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх учиртай.
6.Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар явуулсан хариуцагч байгууллагын ******* тоот Магадлан шалгалтын тайлан, гэрч *******, ******* нарын мэдүүлгээр нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний нислэгээр ажилдоо очих байсан ч хувийн шалтгаанаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг хүсч 20:00 цаг болгон өөрчлүүлсэн, гэвч тухайн цагийн нислэгээр явалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүргэжээ.
Улмаар нэхэмжлэгчийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн нислэгээр нисэх боломж олгож хойшлуулсан хугацааны нислэгт тэрээр амжиж нисээгүй нь нэхэмжлэгчийн хувийн зохион байгуулалт, хариуцлагатай байдлаас шалтгаалсныг шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, ******* нь өмнөх нислэгээс хоцорсон учир дараагийн нислэгт бэлэн байхаар хувийн зохион байгуулалтаа хангаж чадаагүй, ажил олгогчтойгоо холбогдох арга хэмжээ аваагүй, гар утсаа нээлттэй байлгаагүй байна. Харин түүний өмнөөс эхнэр нь /89100340 дугаараас/ ажил олгогч /удирдах ажилтан *******/-той харилцаж байжээ.
Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд захиалсан нийслэгээр явж чадаагүй үндэслэлээ 23-нд нисэх буудалруу явах замд машин эвдэрсэн, нислэгээ хойшлуулсан тул ******* луу харьж, хадлангаас 25-нд нисэхрүү явах гэтэл мөн машин эвдэрсэн ... мөн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр чөлөө авсан нь хүндэтгэх шалтгаан байсан тухай тайлбарласан ч энэ талаархи баримтыг болон шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг тус тус шүүхэд гаргаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч ******* 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд 3 хоног ажилдаа ирээгүй нь сахилгын ноцтой зөрчил болохыг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1.г, мөн хариуцагч ******* ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.4.8-д тус тус тухайлан зааж, энэ тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан нөхцөлд хамаарсныг үндэслэн ажил олгогч ******* ХХК-аас ажилтан *******той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зохицуулалтад нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очиж чадаагүй, энэ хугацаанд ажил олгогчоос чөлөө авсан гэх болон 25-ны өдрийн нислэгээр ниссэн ч ажлын байранд амжиж очихгүй буюу ажилд гарахад бэлэн болж чадахгүй байсан үйл баримтыг шүүх зөв тогтоон дүгнэж чадаагүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг арилгуулахаар шаардсан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай шаардлагад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж залруулан дүгнэв.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ