Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ц.А,

шүүгдэгч М.Т, тэдгээрийн өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.А, Боржигон овгийн М.Т нарт холбогдох эрүүгийн 201725030708 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Ц.А, 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, энхэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 48 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УС,

Боржигон овгийн М.Т, 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2Г байрны 26 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар УУ,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.А, М.Т нар нь 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Харцад” караокены үүдэнд Д.Эрдэнэбилэг, Д.Шинэжаргал нартай шалтгаангүйгээр маргалдан өдөөн хоргоож, улмаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Т.Алтанцэцэг, Д.Эрдэнэбилэг, Д.Шинэжаргал, Д.Эрдэнэтуяа нарт хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа Т.Алтанцэцэг, Д.Эрдэнэбилэг, Д.Шинэжаргал, Д.Эрдэнэтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө караокед сууж байгаад гадаа нь тамхи татаад зогсож байсан. Хохирогч нар согтуу гарч ирээд юу хараад байгаа юм гээд маргаан болсон. Хохирогч нарыг гэмтээсэндээ харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө ахыгаа караокеноос авах гээд хүлээгээд гадаа нь байж байхад хэдэн залуус гарч ирээд маргалдаж, зодоон болсон. Зодооныг салгахын оронд ахтайгаа хамт хүн зодсондоо гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх 32-34/

Хохирогч Д.Шинэжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "... 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баярыг тэмдэглээд эхнэр Алтанцэцэг, эгч Ариунтунгалаг, дүү Эрдэнэбилэг, Эрдэнэтуяа, Эрдэнэбилэгийн эхнэр Оюунзул, Эрдэнэтуяагийн нөхөр Өлзийхишиг бид нар 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харцад нэртэй караоке руу орсон, ороод 2 шил 750 граммын Соёрхол нэртэй архийг 3 эрэгтэй нь хувааж уусан. Эмэгтэйчүүд нь ганц ганц пиво уусан. Тэгээд дуулж хуурдаж байгаад Эрдэнэбилэг бид хоёр 00 цагийн үед гадаа гараад юм яриад сууж байсан чинь хажууд зогсож байсан 5 залуугийн бүдүүн эрэгтэй, хар бэлтгэлийн хувцастай 2 нь араас зохисгүй үгээр хэлээд 2 пизда минь ч гэлүү эвгүй үг хэлсэн юм. Тэгээд манай дүү юу гэнээ гээд босоод тэд нар дээр яваад очсон. Би араас нь очоод дүүгээ хориглоод болио зодоон цохион хэрэггүй уучлаарай гэсэн чинь Бүдүүн Алтан гинжтэй одоо нэрийг нь мэдэх болсон А гэж залуу нь миний нүүр рүү 2-3 удаа цохиод хажуу талаас өндөр судалтай хар өнгийн малгайтай цамц өмсөн залуу хоёр 2 талаас цохиод ухаан балартаад уначихсан газарт хэвтэж байхад А нь нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би огт санахгүй байна. ...тэр А, Т хоёр миний биед учирсан гэмтлийг учруулсан. ...Би тэгээд байж байгаад ухаан ороод орон гаран явж байхад манай эмэгтэй дүү Эрдэнэтуяаг караокены үүдэнд хэвтүүлчихсэн Мөнхжаргал, Мөнхзул хоёр зодож байхыг харсан юм. Алтанцэцэгийг хэн цохиж зодож байхыг бол хараагүй. Эрдэнэтуяаг үснээс нь зулгаагаад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 39-40/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4016 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Шинэжаргалын биед дээд зүүн шүдний хөдөлгөөн оролт, зүүн хацар, эрүү, баруун чамархайн няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх 79/

Хохирогч Д.Эрдэнэбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэндээ ууж идэж дуулж сууцгааж байгаад 2017 оны 03 дугаар сарын 19-ний 00 цаг өнгөрч байхад ах Шинэжаргалтай цуг гарч агаар амьсгалах гээд гараад караокены үүдэнд сууж байсан чинь бид хоёрын баруун талд 5 залуу зогсож байсан ба бид хоёр хоорондоо юм яриад анзаараагүй юм. Тэгээд бид хоёрыг сууж байтал тэр зогсож байсан залуучууд араас янз бүрийн юм яриад хэл амаар доромжлоод байхаар нь ах бид хоёр босож очоод маргалдаад би адилхан цэргийн баяр тэмдэглэж байж маргалдаад яах юм бэ? гэсэн чинь махлаг биетэй, хүзүүндээ шар өнгийн гинжтэй бүдүүн залуу буюу одоо нэрийг нь мэдэх болсон Ц.А миний нүүр рүү 1 удаа гараараа цохиод би хойшоо унасан ба хажууд зогсож байсан малгайтай 2 гарынхаа хажуу талаар цагаан өнгийн канттай хар куртиктэй залуу буюу Т гэдэг залуу нь манай ахыг цохиод авсан ба А, Т хоёр нийлээд Шинэжаргал ахыг энд тэндээс цохисоор байгаад ухаан алдаад унасан байхад нь  Ц.А дээрээс нь дэвссэн. Би ах дээр очих гэхээр л намайг цохиж зодоод байсан. Тэгээд байж байтал манай хамаатнууд араас гарч ирээд энд тэнд бужигнасан бөөн зодуулсан хүмүүс болсон. Энэнээс хойш юу болсон талаар мэдэхгүй баахан бужигнаан болоод байсан. Цагдаа иртэл бид нарыг зодож цохисон. Тэгээд цагдаа ирээд алтан гинжтэй залуу нь зугтаад явсан.  

А намайг гараараа нүүр рүү эхлээд 2 удаа дараа нь бac өөр газарт явж байгаад 5-6 удаа цохисон. Нөгөө хар куртиктэй гар дагасан канттай малгайтай цамцтай нь бас зөндөө цохиж зодсон нүүр рүү өшиглөсөн. ...А Т хоёр л намайг цохиж зодсон. Би гомдолтой байна. Томографт 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Одоо хамар ясны хугарал гэмтлээ эмчлүүлээгүй байгаа. Мөнгөгүй учир нөгөө талаас мөнгө гаргуулж байж янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх 43-44/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 591 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “... Эрдэнэбилэгийн биед зүүн хацрын зулгарал, дээд уруулын язрал, хамар ясны хугарал бүхий гэмтлүүд тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран...” гэх дүгнэлт /1-р хх 99/

Хохирогч Т.Алтанцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "... 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баярыг тэмдэглээд манай нөхөр Шинэжаргал, эгч Ариунтунгалаг, нөхрийн дүү Эрдэнэбилэг, Эрдэнэтуяа, Эрдэнэбилэгийн эхнэр Оюунзул, Эрдэнэтуяагийн нөхөр Өлзийхишиг бид нар 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харцад нэртэй караоке руу орсон тэнд орж үйлчлүүлж 2 шил 750 граммын Соёрхол нэртэй архийг 3 эрэгтэйн хувааж уусан. Эрдэнэтуяа бид хоёр 1 1 шил 500 граммын Нийслэл нэртэй пиво уусан, Ариунтунгалаг, Оюунзул нар огт уугаагүй. 3 эрэгтэй бол 2 шил архи уугаад нэлээд согтчихсон. Караокены өрөөнд сууж байтал Шинэжаргал, Эрдэнэбилэг хоёр тамхи татах гээд гарсан төд удалгүй караокены зөөгч эмэгтэй орж ирээд танай хүмүүс чинь хүнд зодуулаад байна гэж хэлсэн. Манайхан бүгд гараад би тооцоогоо хийчхээд гарсан чинь зодоон болчихсон манай нөхөр нэг машины урд ухаан алдаад уначихсан байсан. Эрдэнэтуяа болохоор хар хувцас, цайвар өмссөн 2 эмэгтэй буюу Мөнхзул, Мөнхжаргал хоёртой хэрэлдээд зогсож байсан. Би гараад хүүе юу болсон юм бэ? гэж асуусан чинь Мөнхжаргал гэх эмэгтэй нь үгийн зөрүүгүй намайг баруун гараараа нүүр рүү цохиж авсан. Тэгээд би цохиулчхаад дээшээ харсан чинь камер байсан би тэр эмэгтэйд хандан энд камер байна шүү та нар үг хэлээрээ яриачээ хүн цохиж болж байгаа юм уу? гэж удаа дараа сануулсан чинь учиргүй тайлбар хэлэхгүй урдаас дайраад л байсан Тэгээд салгаж аваад явъя гэхээр явуулахгүй манайхныг нэг нэгээр нь зодоод байсан. Манай нөхөр Шинэжаргал одоо явчихъя тэхүү гэж гуйгаад нэгнийх нь гарыг нь хүртэл үнсэж аваад байсан. Тэгээд зөндөө гуйсан болиочээ гэж зөндөө хэлсэн. Тэд нараас нэг ч сонсохгүй бужигнаад л дайраад байсан. Тэгээд бид нар гадуур хувцсаа өмсөөд салаад явах гэсэн чинь учир нь олдохгүй бөөн зодоон болоод нөгөө Мөнхзул, Мөнхжаргал, А гурав дахин гарч ирээд ийш тийшээ үсчээд байсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг тэр А гэж бүдүүн алтан гинжтэй эрэгтэй нь татаж авчирч хавирч унагаагаад миний дээрээс толгой нүүр рүү өшиглөөд нэмэгдэж Мөнхжаргал, Мөнхзул нар өшиглөөд байсан. А нь 2 удаа өшиглөсөн, Мөнхжаргал нь 2 удаа өшиглөсөн, Мөнхзул нь ч гэсэн 2 удаа өшиглөсөн. Дээрх хүмүүсийн өшиглөлтөөс болж миний биед учирсан гэмтлүүд үүссэн. ... Камерын бичлэгийг үзэхэд А, Тэмка гэж 2 эрэгтэй нь манай нөхрийг цохиж унагаасан юм байна лээ. Эрдэнэтуяаг бол хэн цохиж зодсоныг нь хараагүй. Ер л бол бужигнасан бөөн л зууралдаан ноцолдоон болж байсан зарим нь салгаад зарим нь зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 33-34/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4017 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “ Т.Алтанцэцэгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун нүдний дотор булан, дух, эрүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 72/

Хохирогч Д.Эрдэнэтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн баярыг тэмдэглээд манай нөхөр Өлзийхишиг, эгч Ариунтунгалаг, ах Эрдэнэбилэг, Д.Шинэжаргал, бэр эгч Алтанцэцэг, Оюунзул, Ариунтунгалаг бид нар 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харцад нэртэй караоке руу орсон тэнд орж үйлчлүүлж 2 шил 750 граммын Соёрхол нэртэй архийг 3 эрэгтэй нь хувааж уусан. Алтанцэцэг эгч бид хоёр 1, 1 шил 500 граммын Нийслэл нэртэй пиво уусан Ариунтунгалаг, Оюунзул нар уугаагүй байсан. 3 эрэгтэй бол 2 шил архи уугаад нэлээд согтчихсон байсан. Караокены өрөөнд сууж байтал Шинэжаргал, Эрдэнэбилэг хоёр тамхи татах гээд гарсан төд удалгүй караокены зөөгч эмэгтэй орж ирээд танай хүмүүс чинь хүнд зодуулаад байна гэж хэлсэн. Тэгээд гүйгээд гартал манай ах Шинэжаргал караокены үүдэнд нэг машины урд ухаан алдаад уначихсан хэвтэж байсан ба би тэнд байсан хүмүүст хандан юу болоод байгаа юм бэ? яагаад манай ахыг зодож байгаа юм бэ? гээд би тэр үед байсан хар өнгийн малгайтай цамцтай, гараа дагасан цагаан өнгийн канттай хувцастай эрэгтэй буюу одоо нэрийг нь мэдэх болсон Т рүү яагаад манай ахыг зодож байгаа юм бэ? гээд дайраад хоорондоо хэрэлдэж маргалдаад зодоон эхэлсэн юм. Тэгээд Т бид хоёрыг маргалдаад байж байхад одоо нэрийг нь мэдэх болсон Б.Мөнхзул, В.Мөнхжаргал нар гарч ирээд Тгээ өмөөрөөд над руу дайраад бид нар хоорондоо хэрэлдсэн Б.Мөнхзул нь намайг хэл амаар доромжлоод дайраад байсан ингээд зодоон эхлээд бужигнаан болсон юм. Тэгээд бужигнаан дунд намайг нэг залуу нь намайг хавираад унагаасан чинь Мөнхзул, Мөнхжаргал хоёр намайг үсдэж аваад газар чирээд байсан, гэдэс хэсэг рүү өшиглөөд байсан. Ингээд тал талд бөөн бужигнаан болж байсан дахиад нэг харсан чинь Шинэжаргал ах бас ухаан алдчихсан газарт хэвтэж байсан. Тэгээд Алтанцэцэг эгч нөхрийгөө өмөөрөөд дайрсан чинь нөгөөдүүл нь өөдөөс нь дайраад байсан. Хашлаганы хажууд В.Мөнхжаргал гэдэг нь Т.Алтанцэцэг эгчийн нүүр хэсэг рүү цохиж авч байсан. Тэгээд дараа нь манай нөхөр Өлзийхишигийг бөөнөөрөө нийлээд зодож байхад нь очиж орилж болиулах гэж байсан чинь намайг Т гэдэг залуу нь гараа атгаж байгаад зүүн шанаа руу нэг удаа цохисон.Тэгээд бужигнаж байгаад цагдаа нар ирсэн юм. ...Надад учирсан зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Т цохисон. Бусдыг нь Мөнхжаргал, Мөнхзул хоёр нийлж намайг зодсон. ...ямар шалтгааны улмаас эхэлснийг нь мэдэхгүй байна. Гараад ирсэн чинь л манай ахыг зодчихсон байсан. ...В.Мөнхзул гэдэг эмэгтэй нь манай бэр эгч Алтанцэцэгийг хашлаганы наана цаана байхад нүүр рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохиж авч байсан. Сүүлд манай нөхрийг хэдэн хүмүүс нийлээд зодоод байсан хэн гэдгийг нь тодорхой санахгүй байна. ...Т.Алтанцэцэг эгчийн хамраас цус гарчхаад зам дагуу зогсож байсан таксинуудаас салфетка асууж авсан юм. Түүнээс биш огт танихгүй ... В.Мөнхжаргал хүзүүндээ гинж зүүсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Харин А гэдэг бүдүүн эрэгтэй нь бол хүзүүндээ шар өнгийн гинж зүүчихсэн байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх 42/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4193 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Эрдэнэтуяагийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд зулгаралт, баруун чамархай зулай хэсгийн үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 82/

Хохирогч В.Мөнхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад манай бэр Мөнхзул надруу залгаад би 2 найзтайгаа хүргэн ахтайгаа Баянбүрдийн тэнд нэг караокед сууж байна ороод ирээч гээд дуудахаар нь яваад очсон чинь бэр Мөнхзул, хүргэн ах Гантөмөр, Мөнхзулын 2 найз эхнэр нөхөр болох Ариунзул, Оюунболд нар 1 шил архи 4 пиво авчихсан сууж байсан юм. Тэгээд би архинаас нь уулгүй пивоноос ууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд караоке хаах дөхөж байгаа юм чинь гээд дүү Мөнх- Эрдэнэ, том ах Мөнх-Алтайн хүүхэд Т нарыг дуудчихсан байсан юм. Тэгээд тэд нарыг ирэхийг хүлээж сууж байгаад гадаа тамхи татах гээд гарсан чинь манай эрэгтэй дүү Т, Мөнх-Эрдэнэ нар руу баахан хүмүүс дайрчихсан тал талд хэрүүл зодоон болчихсон байсан. Тэгээд бид нар явж очоод ямар учиртай яасан юу болсон юм бэ? гэсэн чинь өөдөөс хуц солиор гичий нохой янхан гэх мэт есөн шидээр орилоод тэнд бас байсан баахан залуучуудтай бид нарыг цуг явж байгаа гээд маргалдаад бөөн бужигнаан хэн нь хэнийгээ яагаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм. Намайг одоо нэрийг нь мэдэх болсон Эрдэнэтуяа, Алтанцэцэг, болон тухайн үед цэнхэр өнгийн жинсэн захтай яах өмссөн эрэгтэй, ягаавтар куртиктэй малгайтай цамцтай эрэгтэй 4 хүн газар унагааж дээрээс нүүр нүдгүй цохиж зодон дээрх гэмтлүүдийг учруулсан яг хэн нь яаж цохиж зодсоныг хэлж мэдэхгүй байна. ...Бид нарыг гарсан чинь тэр хүмүүс манай эрэгтэй 2 дүү рүү дайраад зодох гээд байсан. Ба бид нар учрыг нь олох гээд учраа ололцоогүй болохоор зодоон болсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх 35-36/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4103 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...В.Мөнхжаргалын биед зүүн ухархайн доод ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун гарын долоовор хурууны угт зулгаралт зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 75/

Хохирогч Ц.Ариунзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...гадаа зодоон болж байна гэхээр нь гарсан чинь гадаа хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнасан л юм болж байсан. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар урт саарал куртиктэй махлаг хүүхэн, малгайтай ногоон цамцтай махлаг хүүхэн, жинсэн яактай, яакны зах нь цагаан залуу бас бус хэдэн хүмүүс байсан. Тэр хүүхнүүд нь манай ах Ц.А руу дайраад байхаар нь салгах гээд очсон чинь саарал куртиктэй махлаг хүүхэн намайг алгадаж аваад үснээс зулгаасан ба тэгээд бас л бужигнасан юм болсон. Ер нь хэн нь хэнийгээ яагаад байсныг мэдэхгүй байна. Угаасаа тэр хоёр махлаг эмэгтэй бол хүн болгоныг үсдээд дайраад байсан. За ингээд нэлээн бужигнаан болж байсны дараа В.Мөнхжаргал, бид хоёрыг караокены баруун талын буланд унагаагаад дээрээс хэн нь мэдэгдэхгүй өшиглөөд цохиод байсан манай нөхөр Оюунболд бид хоёрыг хамгаалах гэж дээрээс дарж хэвтсэн юм байна лээ. Тэгэхэд л хамар хугарсан байх гэж бодож байна. ...В.Мөнхжаргалыг ямар ч байсан Цагаан захтай цэнхэр яактай залуу болон 2 махлаг эмэгтэй 3 дээрээс зодож байсан. Чухам хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна нүүр нүдгүй өшиглөөд гараараа цохиод байсан. Өөр ямар хүн дээрээс цохиж зодсоныг нь би мэдэхгүй байна. ...Миний биед учирсан гэмтлүүдийг 2 махлаг эмэгтэй болон цэнхэр яактай залуу нар учруулсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх 45-46/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6841 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Ариунзулын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. ... эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 113/

Гэрч В.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнхжаргалыг дэлгүүрийн буланд саарал өнгийн куртик өмссөн одоо нэрийг мэдэх болсон Алтанцэцэг гэх эмэгтэй мөн дээгүүрээ цэнхэр өнгийн яаг өмссөн Өлзийжаргал гэх, ногоон өнгийн цамц өмссөн махлаг эмэгтэй буюу Эрдэнэтуяа нар унагаачихсан дээрээс нь Алтанцэцэг, Өлзийжаргал 2 нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиод байсан...” гэх мэдүүлэг  /1-р хх 53-54/

Гэрч Д.Ариунбуян нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хамгийн анх А болон Мөнх-Алтай гээд ахын том эрэгтэй хүүхэд 2 цэнхэрдүү өнгийн футболктой залууг 2 талаас нь цохиод мөргөөд газар унгаахад нь дээрээс нь А дэвсэж байсан...” гэх мэдүүлэг  /1-р хх 57-58/

Гэрч М.Сүхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ямар шалтгаан улмаас эхэлсэн гэдгийг мэдэхгүй байна. Юу юугүй 2 талд юм ярьж байгаад гэнэт зодоон болчихсон...” гэх мэдүүлэг /1-р хх 59-60/

Гэрч Б.Амартөгс нь мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А дүүтэйгээ нийлээд нүүрэн тус газарт 2-3 удаа тус тус гараараа цохиод унгаасан. Газарт унасан хойн нь А нүүрэн дээр нь нэг дэвссэн...” /1-р хх 61-62/

Гэрч Ч.Оюунзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...сүүлд нь бид нар гарч ирсний дараа бөөн бужигнаан болж байхад хоёр гараа дагаж унжсан цагаан канттай хар өнгийн малгайтай цамц өмссөн Т гэх залуу бужигнаан дундаас нүүр эрүү рүү 2-3 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 63-64/

Гэрч Ш.Мөнхжих нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...В.Мөнхзул нь 0.92 хувийн согтолттой артерийн даралт 120/80-тай хүзүүн маажуулсан бололтой ором гарч улайсан байсан. Д.Эрдэнэтуяа нь 1.34 хувийн согтолттой, артерийн даралт 110/80-тай ба биед үзлэг хийхэд толгойн орой хэсэг овойж хавдсан цээжинд маажуулсан улайлттай байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 65-66/

Гэрч О.Хишигпүрэв нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...В.Мөнхжаргалын хамар нь хөхөрсөн баруун гарын сарвуу буюу алганы ар хэсэгт хөхөрсөн байсан. Б.Мөнхзул нь хүзүү нь маажуулсан бололтой ором гарсан байсан. Д.Эрдэнэтуяагийн толгойн орой хэсэг нь овойж хавдсан цээжинд маажуулсан байдалтай улайлттай байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 67-68/

Гэрч Ө.Оюунболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Ариунзулыг тэнд байсан махлаг ногоон цамцтай эмэгтэй нь татаад газарт унагаасан ба би авгайгаа доороо хийгээд газар унахад дээрээс бас хүмүүс цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 69/

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 179, 183/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 236, 188/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А, М.Т нар нь 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Харцад” караокены үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа Т.Алтанцэцэг, Д.Эрдэнэбилэг, Д.Шинэжаргал, Д.Эрдэнэтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх 32-34/, хохирогч Д.Шинэжаргалын  “...Би тэгээд байж байгаад ухаан ороод орон гаран явж байхад манай эмэгтэй дүү Эрдэнэтуяаг караокены үүдэнд хэвтүүлчихсэн Мөнхжаргал, Мөнхзул хоёр зодож байхыг харсан юм. Алтанцэцэгийг хэн цохиж зодож байхыг бол хараагүй. Эрдэнэтуяаг үснээс нь зулгаагаад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 39-40/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4016 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 79/, хохирогч Д.Эрдэнэбилэгийн  “...2 гарынхаа хажуу талаар цагаан өнгийн канттай хар куртиктэй залуу буюу Т гэдэг залуу нь манай ахыг цохиод авсан ба А, Т хоёр нийлээд Шинэжаргал ахыг энд тэндээс цохисоор байгаад ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 43-44/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 591 дүгээр шинжээчийн дүгнэлт /1-р хх 99/, хохирогч Т.Алтанцэцэгийн  “...Эрдэнэтуяа болохоор хар хувцас, цайвар өмссөн 2 эмэгтэй буюу Мөнхзул, Мөнхжаргал хоёртой хэрэлдээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 33-34/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4017 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 72/, хохирогч Д.Эрдэнэтуяагийн  “...Алтанцэцэг эгч нөхрийгөө өмөөрөөд дайрсан чинь нөгөөдүүл нь өөдөөс нь дайраад байсан. Хашлаганы хажууд В.Мөнхжаргал гэдэг нь Т.Алтанцэцэг эгчийн нүүр хэсэг рүү цохиж авч байсан. Тэгээд дараа нь манай нөхөр Өлзийхишигийг бөөнөөрөө нийлээд зодож байхад нь очиж орилж болиулах гэж байсан чинь намайг Т гэдэг залуу нь гараа атгаж байгаад зүүн шанаа руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх 42/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4193 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 82/, хохирогч В.Мөнхжаргалын “...Эрдэнэтуяа, Алтанцэцэг, болон тухайн үед цэнхэр өнгийн жинсэн захтай яак өмссөн эрэгтэй, ягаавтар куртиктэй малгайтай цамцтай эрэгтэй 4 хүн газар унагааж дээрээс нүүр нүдгүй цохиж зодон дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 35-36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4103 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 75/, хохирогч Ц.Ариунзулын “...В.Мөнхжаргал, бид хоёрыг караокены баруун талын буланд унагаагаад дээрээс хэн нь мэдэгдэхгүй өшиглөөд цохиод байсан манай нөхөр Оюунболд бид хоёрыг хамгаалах гэж дээрээс дарж хэвтсэн юм байна лээ. Тэгэхэд л хамар хугарсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх 45-46/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6841 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 113/, гэрч В.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг/1-р хх 53-54/, гэрч Д.Ариунбуяны мэдүүлэг/1-р хх 57-58/, гэрч М.Сүхбаатарын мэдүүлэг/1-р хх 59-60/, гэрч Б.Амартөгсийн мэдүүлэг/1-р хх 61-62/, гэрч Ч.Оюунзулын мэдүүлэг/1-р хх 63-64/, гэрч Ш.Мөнхжихийн мэдүүлэг/1-р хх 65-66/, гэрч О.Хишигпүрэвийн мэдүүлэг/1-р хх 67-63/, гэрч Ө.Оюунболдын мэдүүлэг/1-р хх 69/ мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Д.А, М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгэ байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Д.А, М.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэн бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2017 оны 3 сарын 18-наас хойш хуульд заасан 1 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух хаягаа өөрчилбөл хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч нар нь “...Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь нийт 5 сая төгрөгийг хохирогч нарт төлсөн бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хавсарган үлдээж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ц.А, Боржигон овгийн М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн, 

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ц.А, Боржигон овгийн М.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.А, М.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух хаягаа өөрчилбөл хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, М.Т нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН