Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 01209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 4-р хороолол, 83б-5 тоотод оршин суух, Цэен-Ойдов овогтой Саран-Эрдэнийн /ФА-82020564 /  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-161 тоотод оршин суух Цогзол овогтой Төгөлдөрт /ФМ-54011115 / хариуцагдах 2,556,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, нэхэмжлэгч Ц.Саран-Эрдэнэ, хариуцагч Ц.Төгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Ц.Саран-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид Сум дундын шүүхийн 2014-10-28-ны өдрийн 902 тоот шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж, эцэг Төгөлдөрөөс хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон юм.Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн дагуу салсан эцэг эх хүүхдийн хүмүүжил, боловсролд үүрэг хариуцлага тэнцүү хүлээхийн хувьд би дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Хүүхэд Т.Оргилын сургалтын төлбөрт 2,350,000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцас 82,000 төгрөг, сарабон сампингийн сургалт 260,000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 2015 оны 09 сараас 2016 оны 03 сар дуустал сар бүр 200,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг, харшлын сорил 60,000 төгрөгийг тус тус зарцуулсан.Мөн эхийн хувьд хүүхдийн ном, сурах бичиг, эрүүл мэнд, хоол унд, хувцас г.м бусад зардлуудыг хариуцдаг.Би эцэг эх байх тэгш хариуцлагыг хангахын тулд дээрхи дурьдсан зардлын 4,152,000 төгрөгийн 50 хувь буюу 2,076,000 төгрөгийг эцэг Ц.Төгөлдөрөөс нэхэмжилж байна.Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн сурах, боловёрох, эрүүл мэндээ хамгаалах үүргийг биелүүлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага тэгш байна гэж итгэж байна  гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Саран-Эрдэнэ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  Ц.Саран-Эрдэнэ хүү Т.Оргилын сургалтын орос хэлний давтлагын төлбөр 960,000 төгрөгийг төлсөн ба үүний 50 хувийн төлбөр 480,000 төгрөгийг эцэг Төгөлдөрөөс нэхэмжилж байна.Би хүүхдийн өнгөрсөн оны сургалтын гарсан зардлуудыг 50 хувь нэхэмжилж байсан ч хугацаа хойшилж 2 дахь жилийн сургалтын төлбөр гарч эхэлж байгааг харгалзан үзэж, хамтад нь шүүх хурлаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгч Ц.Саран-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хүүхдийн сургалтын болон бусад зардлын 50% болох 2 556 000 төгрөгийг нэхэмжилж байна.Гэрлэлт цуцалснаас хойшхи төлөх ёстой тэтгэлэгээс 671 000 төгрөгл төлсөн байгаа.Гэрлэлт цуцлах үед хүүхдэд гарсан зардлыг хувааж төлнө гэж тохирч гарын үсэг зурсаныг би хэрэгт өгсөн байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Төгөлдөр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Төгөлдөр миний бие нэхэмжлэгч Ц.Саран-Эрдэнээс 2014-10-28-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр  гэр бүлээ цуцлуулсан.Шүүхийн шийдвэрээр миний бие хүүхдийн тэтгэлэг төлөхөөр  шийдэгдсэн.Уг шийдвэр гарснаас хойш хүүхдийн мөнгийг сар бүр төлөн хоцрогдолтой сарыг шийдвэр гүйцэтгэлээс зөвшөөрөл аван график гарган нөхөн төлж байгаа.Би өөрийн хүү Т.Оргилд бололцоотой үедээ нэхүүлж шаардуулахгүйгээр  хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг авч өгдөг.Одоо нэхэмжилж буй нэмэлт төлбөр гэх мэт шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.Төгөлдөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Тэтгэлэг төлж байгаа.Миний хувьд хүүхдээ байнга харж хандаж байсан.Надад боломж байхгүй байна.Эхнэр ажилгүй хүүхэдтэй,банкны зээлтэй.Оргил УБ хотод орос сургуульд явж байгаад энэ жил Эрдэнэтэд орос сургуульд явж байгаа.Өдөр өнжүүлэхэд болон соробан сампинд явж байгаа гэж ярьж байсан гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                        

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Ц.Саран-Эрдэнэ хариуцагч Ц.Төгөлдөрөөс хүүхдийн нэмэлт зардал 2,556,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч Ц.Төгөлдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Зохигчид тус шүүхийн 2014-10-28-ны өдөрийн 902 дугаартай шийдвэрээр/хх 7-р хуудаст/ гэрлэлтээ цуцлуулж,2009-5-27-ны өдөр төрсөн хүү Т.Оргилыг эхийн асрамжинд үлдээж,эцэг Ц.Төгөлдөрөөс тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хүү Т.Оргилын сургалтын төлбөр, сурагчийн дүрэмт хувцасны үнэ, соробон сампингийн сургалтын болон өдөр өнжүүлэхийн төлбөр,харшлын сорил өгсөн төлбөр зэрэг нийт зарцуулсан 5 112 000 төгрөгний 50 хувь буюу 2,556,000 төгрөгийг эцэг Ц.Төгөлдөрөөс нэхэмжилсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон/ хүндээр өвчилсөн,тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон г.м/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах,эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-д заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу Ц.Саран-Эрдэнэ хүүгийн эцэг Ц.Төгөлдөрөөс нэмэлт зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ц.Төгөлдөр гэрлэлтээ цуцлуулснаас хойш төлөх ёстой тэтгэлэгээ  бүрэн төлөөгүй байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж,адил үүрэг хүлээнэ” ,26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах,сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”,26.2.2-д “эцэг эх хүүхдээ асран хамгаалах,тэжээн тэтгэх “үүрэгтэй гэж заасан тул Ц.Төгөлдөр өөрийн хүү Т.Оргилыг сургах, хүмүүжүүлэх,сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх зорилгоор эх Ц.Саран-Эрдэнээс зарцуулсан зардлаас адилхан хуваалцаж хариуцах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан зардлын баримтууд нотлох баримтын хувьд хуульд нийцсэн,хариуцагчийн тухайд уг баримтуудыг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, “Оргил УБ хотод орос сургуульд явж байгаад энэ жил Эрдэнэтэд орос сургуульд явж байгаа.Өдөр өнжүүлэхэд болон соробан сампинд явж байгаа гэж ярьж байсан” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдсон гэж үзнэ.

Ц.Төгөлдөр “банкны зээлтэй,эхнэр ажилгүй,хүүхэдтэй” гэсэн тайлбар нь түүнийг хүү Т.Оргилыг тэжээн тэтгэх,нэмэглт зардал гаргуулах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.Хариуцагч хэрэгт зардлыг яагаад хариуцах боломжгүй хүндэтгэх шалтгаан байгаа талаар баримт ирүүлээгүй байна.Иймд Ц.Төгөлдөрөөс 2 526 000 төгрөг гаргуулан Ц.Саран-Эрдэнэд олгохоор зааж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас харшлын сорилын 30 000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.Учир нь хэргийн 13 дугаар хуудаст авагдсан баримтаар хэнд сорил тавьсан нь тогтоогдохгүй байна.

Улсын тэмтдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваариласан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан Ц.Төгөлдөрөөс 2 526 000 төгрөг гаргуулан Ц.Саран-Эрдэнэд олгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан шаардах эрхийн үнэдслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 30 000  төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 63216 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж Ц:Төгөлдөрөөс 55 366 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ