| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0521/Э |
| Дугаар | 538 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч С.Энхтуул,
хохирогч Ш.Батжаргал,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Мд холбогдох эрүүгийн 1905014960512 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Д.М, 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн, 19 дүгээр хороо, Тахилт 3-1596 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар УХ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын орчимд иргэн Ш.Батжаргалтай маргалдан, түүний толгойн тус газар архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйх, зүүн чихний урд гадаргуун язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, хамрын угийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Ш.Батжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тухайн өдөр манай найз Энхнасангийн машин дотор цохиулсан. Гэрч нарын мэдүүлгээр гар утас болон нүдний шилтэй байсан гэдгийг мэдэж байгаа. Би нэг сар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа. Хурал эхлэхийн өмнө 231.000 төгрөг нэмж өгсөн. Миний толгой хавддаг тул эмчилгээ хийлгэж байгаа. Би одоо Сэлэнгэ рүү очиж ажил хийж байгаа ирсэн...” гэв
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4051 дугаартай дүгнэлтэд: “...Ш.Батжаргалын биед дагзны хуйх, зүүн чихний урд гадаргуун язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, хамрын угийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 14/
Гэрч Д.Энхнасан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын автобусны буудлын орчим Ганбаа миний машиныг үлдээгээд гэр рүүгээ яваад өгсөн. Машин дотор Батжаргал, М бид 3 үлдээд архиа ууж юм ярьж суусан. Тэгээд нэлээд байж байгаад М, Батжаргал нар хэрэлдээд эхэлсэн юунаас болж хэрэлдсэн талаар сайн мэдэхгүй байна. Маргалдаж байгаад гэнэт М архины шилээр Батжаргалын толгой руу цохисон тэгэхээр нь би салгатал М буугаад гэр рүүгээ явсан би Батжаргалыг аваад гэр рүүгээ явсан... нэг удаа толгой руу нь шилээр цохисон өөр цохиогүй. Заамдалцаад л байсан нүүр царай руу нь цохиогүй. Хамраас нь цус гараагүй харин толгойноос нь л цус гараад байсан...”, “...Д.М нь Ш.Батжаргалын толгойн тус газарт нь архины шилээр 1 удаа цохиод шил нь хагараад Ш.Батжаргалын толгойноос цус гоожсон. ...Ш.Батжаргалыг Д.М цохиж авах үед Ш.Батжаргал гар утсаа унагааж хагалсан нь үнэн болно...” гэх мэдүүлэг /хх 38-40, 50/
Гэрч З.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...үдээс хойш 17 цаг өнгөрч байх үед харихаар болоод 7 буудлын урд талд зам дээр явж байх үед Энхнасан Бэлхрүү найзындаа очихоор боллоо гэж ярьж байсан... тэр үед нөгөө эмэгтэй нэлээд согтчихсон, намайг таксины жолооч юм уу гээд согтоод ухаан нь орж гараад байсан тул найз М наадах чинь манай найз юун таксины жолооч гээд байгаа юм бэ гээд маргалдаж байгаад больсон юм. Тэгэхээр нь одоо хөдөлгөөнд орж болохгүй шүү гэж хэлээд орхиод явсан юм... Харин нөгөөдөр нь М над руу залгаад чамайг явсны дараа тэр газартаа байж байгаад нөгөө эмэгтэйтэй маргалдаад архины шилээр толгой руу нь цохиж гэмтэл учруулсан байна гэж хэлж байсан... Намайг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг өнгөрч байх үед Энхнасан, М нөгөө хохирогч гэх Ш.Батжаргал нар үлдсэн. Тэд нар тухайн үед нэлээд согтолттой байсан. Би тухайн үед машиныг нь барьж явсан. Тиймээс архи дарс уугаагүй... Хохирогч Ш.Батжаргал тухайн үед харааны нүдний шил зүүсэн, утсаар ярьж байсан. Гэхдээ ямар гар утас барьсан байсныг нь би сонирхож хараагүй...” гэх мэдүүлэг /хх 51-53/
Хохирогч Ш.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д.М намайг архины шилээр цохих үед шууд шоконд ороод барьж байсан гар утсаа зам дээр унагаж алдсан юм... Би эвдэрсэн Самсунг Эс-5 маркийн гар утсаа 2018 оны 10 дугаар сарын 15-д Тэди төвөөс 320.000 төгрөгөөр авч байсан. Уг үнэлгээгээр нь үнэлнэ. Уг утас бүр ажиллахаа больсон учир хаячихсан. Би Д.Маас эмчилгээний зардалд нийт 1.238.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь хамраа үзүүлж тэгшлэх шаардлагатай байгаа юм. Д.М нь тухайн үед намайг архи уу гэхээр нь би уухгүй, намайг гэрт хүргээд өг гэхэд чамайг хүргэж өгдөг хэн бэ гээд машинаас бууж замын хажууд ууж байсан архины шилээрээ толгой руу 1 удаа цохиж архины шил нь хагарч чих зүссэн юм. Мөн тухайн үед хамар руу бас нэг удаа цохиж авсан юм...”, “...Би харааны нүдний шил зүүсэн байсан. Д.М архины шилээр цохих үед шууд нүдний шил унаж хагарсан юм. Үүнийг Д.М мэдэж байгаа. Би нүдний шилээ 2018 оны 11 дүгээр сарын 19-д 3 дугаар хороололд байрлах “APEX” их дэлгүүрийн дотор байрлах “EYES OPTICAL” нүдний шилний салбараас 75.000 төгрөгөөр авч байсан. Харааны хасах 2-той хар өнгийн хүрээтэй шил байсан...” гэх мэдүүлэг /хх 47-49/
Дамно ХХК-н хөрөнгийг үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЧД2-19-297 дугаар тайланд: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 213.000 төгрөг...” гэх тайлан /хх 69-70/
Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хохирогч Ш.Батжаргалыг архины шилээр 1 удаа цохисон маань үнэн. Өөрөөр зодож цохиогүй. Харин архины шил хагарах үедээ чихийг нь зүсэж гэмтээсэн байсан. Ш.Батжаргалын биед хөнгөн хохирол учруулсан маань үнэн...” гэх мэдүүлэг /хх 54-55/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 61/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын орчимд иргэн Ш.Батжаргалтай маргалдан, түүний толгойн тус газар архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйх, зүүн чихний урд гадаргуун язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, хамрын угийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4051 дугаартай дүгнэлт /хх 14/, гэрч Д.Энхнасангийн “...Ш.Батжаргалын толгойн тус газарт нь архины шилээр 1 удаа цохиод шил нь хагараад Ш.Батжаргалын толгойноос цус гоожсон. ...Ш.Батжаргалыг Д.М цохиж авах үед Ш.Батжаргал гар утсаа унагааж хагалсан нь үнэн болно...” /хх 38-40, 50/, гэрч З.Ганбаатарын “...М над руу залгаад чамайг явсны дараа тэр газартаа байж байгаад нөгөө эмэгтэйтэй маргалдаад архины шилээр толгой руу нь цохиж гэмтэл учруулсан байна...” /хх 51-53/, хохирогч Ш.Батжаргалын “...Д.М архины шилээр цохих үед шууд нүдний шил унаж хагарсан юм. Үүнийг Д.М мэдэж байгаа. Би нүдний шилээ 2018 оны 11 дүгээр сарын 19-д 3 дугаар хороололд байрлах “APEX” их дэлгүүрийн дотор байрлах “EYES OPTICAL” нүдний шилний салбараас 75.000 төгрөгөөр авч байсан. Харааны хасах 2-той хар өнгийн хүрээтэй шил байсан...” /хх 47-49/ гэх мэдүүлгүүд, Дамно ХХК-н хөрөнгийг үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЧД2-19-297 дугаар тайлан /хх 69-70/, шүүгдэгч Д.Мы “...Ш.Батжаргалын биед хөнгөн хохирол учруулсан маань үнэн...” гэх мэдүүлэг /хх 54-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Мд ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
Хохирогч Ш.Батжаргалд эмчилгээний зардал болох 82.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Харин бусад хохирлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтгүй байх тул хохирогч нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 82.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Батжаргалд олгож, хохирогч нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН