Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00497

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/00610 дугаар шийдвэртэй

*******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******д холбогдох

Гэм хорын хохиролд 5,045,070 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2023 оны 03 сарын 18-ны өдөр *******ээс ******* хот руу орох замд араас автомашин ирж мөргөсөн. Уг ослын улмаас миний бие өвддөг болсон ба үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох ёстой байсан боловч хойшлогдсоор байгаа. Тээврийн хэрэгсэлд эвдрэлийн үнэлгээ хийлгэхэд 4,255,000 төгрөг болсон. Энэ тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* учраас мөн нэхэмжлэгчээр оролцож байгаа. Бусад 790,070 төгрөгт үнэлгээ хийлгэхэд оролцуулсан 195,000 төгрөг, нотариатаас баримт хуулбарлаж өгөхөд гарсан зардал болон *******гийн эмнэлэгт үзүүлж эм тариа авсан мөнгө, таксины мөнгө нийлээд 5,045,070 төгрөг болсныг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зам тээврийн осол *******гийн буруугаас болж гарсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талаас зөв гарсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас гэм хорын хохиролд 1,513,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, илүү нэхэмжилсэн 3,531,549 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж 95,671 төгрөг төлөх үүргээс чөлөөлснийг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 39,166 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан гэм хорын хохиролоос 30 хувийг хариуцагчаас гаргуулж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэгч нарын шаардсан гэм хорын хохиролоос 30 хувийг хариуцагчаас гаргуулж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон ба шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нарын хувьд тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндэд учирсан хохиролыг хариуцагчаас шаардаж байгаа бөгөөд шинжээч нь хариуцагч ******* нь ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн байх магадлалтай гэж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч нар шүүхэд өгсөн тайлбартаа осол болсоны дараа хариуцагч *******тай уулзахад ******* дээр ирмэн тасарсан, мөн нойр муутай хоносон учраас нойрмоглож байсан учраас уучлаарай гэж нэхэмжлэгч нарт хэлж байсан талаар тайлбартаа дурьдсан байдаг. Гэтэл шүүхээс дээрх явдлыг хэлэлцэж авч үзээгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын 30 хувийг шүүх хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн ямар шаардлагыг ямар шалтгаанаар 30 хувь гэж тогтоосон, мөн ямар үндэслэлээр үлдэх шаардлагыг хангаагүй талаар дүгнээгүй. Иймд нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл мөн хэрхэн үнэлэж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн зам тээврийн осол аль жолоочийн буруутай үйлдлээс болж бий болсныг цагдаа, прокурорын байгууллага тогтоогоогүй ба нэхэмжлэгч *******г гэм буруутай гэж үзэх боломжгүй. Зам тээврийн осолтой холбоотой гаргасан шинжээчийн дүгнэлтээр *******г буруутгах боломжгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх боломжийг олгох ба нэхэмжлэгч талаас зам тээврийн осол болох үеийн бодит нөхцөл байдлыг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шүүх хангаагүйгээс хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй. Мөн зам тээврийн осол болох үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр *******г өөрийн эгнээнд явж байсан талаар мэдүүлсээр байхад осол болох үед хамт байгаагүй, зам тээврийн осол болсон газар очиж үзээгүй хүмүүсийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотолгооны ач холбогдолтой нотох баримт гэж үзэх боломжгүй. Энэ асуудлаар Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараалан хүсэлт, гомдол гаргаж байсан ч холбогдох ажиллагааг хийгүйгээс шийтгэлийн хуудсыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Ослын шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дүгээр заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гарсан. Осол нь *******гийн буруугаас болсон. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн үндэслэл болгохдоо гэм буруутай этгээдээс хохирогч хохирлоо нэхэмжлэх үед хохирогчийн буруутай үйлдэл байсан бол хохирлын хэмжээг багасгаж болохыг анхаараагүй. Зам тээврийн осол нь ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нэхэмжлэгч *******гийн буруугаас болсныг Техникийн шинжээчийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 05/14 тоот дүгнэлтийн "Хариулт 6-д тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасныг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна" гэж тогтоогдсон байтал хариуцагчийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан мэтээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг шүүх буруугаар тайлбарлан гэм буруугүй этгээдээс хохирол гаргуулсан нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэм буруутай үйлдэл гаргасан этгээд биш бөгөөд гэм хорын хохирлын хувьд хариуцагчийг хохирогч гэдгийг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагч *******аас гэм хорын хохиролд 1,513,521 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаад маргадаг. Шинжээчийн дүгнэлт маргаантай байсан учраас осол болсон газрыг очиж харъя, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байсан эсэхийг шалгуулахаар бид хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангаагүй. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан гэдгийг дурдсан. Хоёр жолоочийн хэний буруу байсан бэ гэдгийг Цагдаагийн байгууллага тогтоогоогүй. Хохирлыг хэн учруулсан нь харагдаж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд тооцон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,255,000 төгрөг, бусад зардалд 790,070 төгрөг, нийт 5,045,070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осол нэхэмжлэгч *******гийн буруугаас болсон учир хохирлыг хариуцахгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 03 сарын 18-ны өдрийн 20:10 цагийн орчимд ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орсны улмаас өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ араас мөргүүлж, зам тээврийн осол гаргасан нь дараах үйл баримтаар тогтоогдсон байна.

3.1. Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 03 сарын 18-ны өдрийн ******* тоот Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал-ын ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвчид тэмдэглэлээр ачааны автомашин суудлын автомашиныг араас нь мөргөсөн А цэг-ийг тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн 2-р эгнээ гэж тодорхойлсноор зам тээврийн осол нь тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн 2-р эгнээнд болжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 04 сарын 05-ны өдөр үйлдсэн Мөрдөгчийн магадлагаа, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 05/14 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт-ээр ******* улсын дугаартай ******* маркийн автомашин эгнээ байр сольсон ... жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 10.4-т Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь ... зам тээврийн ослын шалтгаан болсон байна гэж тус тус дүгнэснээр тогтоогдсон байна.

Иймээс зам тээврийн осол болох үед нэхэмжлэгчтэй хамт явж байсан буюу хэргийн талаар мэдэх гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч ******* нь авто замын зорчих хэсгийн 1-р эгнээнд зорчиж байсан тухай гэрч нарын мэдүүлэг хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй, дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

3.2. Мөн Тээврийн Прокурорын газрын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 360 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 360 дугаартай прокурорын тогтоолд дурдсанаар ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан зөрчил гаргасныг, уг зөрчил нь зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон. Харин *******гийн гаргасан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

3.3. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 2023/ЗШ/2485 дугаартай шийтгэврээр *******г 100,000 төгрөгөөр торгосон ******* шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохдоо эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулахдаа процессын ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй гэсэн үндэслэлээр шийтгэлийг хуудсыг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч *******г замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, зам тээврийн осолд буруугүй гэж үзээгүй байна.

Иймээс зам тээврийн осолд нэхэмжлэгч ******* гэм буруутай нь тогтоогдоогүй тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3.4. Дээрх дурдсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны Мөрдөгчийн магадлагаа, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2023 оны ******* дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын 2023 оны ******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ******* дугаартай прокурорын тогтоолд тус тус дурдсанаар ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараахь үүргийг хүлээнэ гэсний а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэснийг зөрчсөн болохыг тогтоосон байна.

Харин ******* энэхүү заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй боловч тэрээр ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн байх магадлалтай гэж дүгнэжээ.

 

4. Дээрх үйл баримтуудыг дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зөрчил гаргасан нь тогтоогдсон, уг зөрчлийн улмаас зам тээврийн осол болж нэхэмжлэгч *******ын өмчлөлийн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд 4,255,000 төгрөгийн эвдрэл, гэмтэл үүсч 4,255,000 төгрөгийн хохирол учирчээ.

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******т 4,255,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан нь *******гийн хэт болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой, үүнд хариуцагч ******* бус тэрээр өөрөө гэм буруутай байна.

4.2. Нэхэмжлэгч нар хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны А/261 дугаартай захирамжаар *******ын харгалзан дэмжигчээр *******г тогтоосны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч *******ыг нэхэмжлэгч ******* төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

4.3. Иймээс нэхэмжлэгч *******гийн хууль, дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч талын өөрийнх нь тээврийн хэрэгсэлд хохирол учирсаныг тухайн зам тээврийн осолд гэм буруугүй хариуцагч *******аас шаардах эрх хуульд зааснаар нэхэмжлэгч нарт үүсээгүй байна. Анхан шатны шүүх хэн гэм буруутай, гэм хорыг хэн учруулсан, түүний үйлдлийн шалтгаант холбооны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлд тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэж зам тээврийн осолд гэм буруугүй хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зарчимд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

5.1. ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн ослыг гаргаагүй буюу уг осолд гэм буруугүй, *******ийн үйлдэл ослын шалтгаан болоогүй нь хэргийн баримтаар тогтоогдсоны зэрэгцээ хариуцагч ******* зам тээврийн ослын үр дагаврыг ямар үндэслэлээр хариуцах талаар урьдчилсан нөхцөлийг анхан шатны шүүх тогтоогоогүй атлаа түүнээс 1,513,521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******гийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгч *******т хохирол учирсанд хариуцагч *******ы ямар тодорхой үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлснийг шүүх тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

5.2. Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолд дурдсанаар хариуцагч *******ы өмчлөлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасныг зөрчсөн болон хариуцагч тал ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн байх магадлалтай гэснийг үндэслэн шүүх хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэн гарсан гэж дүгнэхээр байна.

5.3. Тодруулбал, жолооч *******ийн зөрчлийг нотлон тогтоосон нөхцөл байдлыг эрх бүхий этгээдүүд зөрчил тогтоосон баримт бичгүүдэд тодорхойлж тусгагдаагүй. Мөн хэрэгт хариуцагч талын хууль, дүрэм зөрчсөнийг нотолсон баримт авагдаагүй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараахь үүргийг хүлээнэ гээд а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө гэжээ.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасан энэ дүрмийн 4 дүгээр хавсралт болох Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт-д нэрлэн заасан ямар эвдрэл, гэмтэл болон техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолооч жолоодон замын хөдөлгөөнд оролцсоныг дээрх баримт бичгүүдээр тогтоогоогүй байна.

5.4. Иймээс 2023 оны 03 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Баянзүрхийн товчооны замд болсон зам тээврийн осол нь ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас болоогүй, хэргийн баримтаар ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн боловч энэ нь тухайн зам тээврийн ослын шалтгаан болоогүй байх тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талд учирсан 5,045,070 төгрөгийн хохирлыг хариуцах, нөхөн төлөх үүрэггүй байна.

5.5. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2023 оны 05/14 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт-д ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй. Харин ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн байх магадлалтай гэж дүгнэсэн нь хариуцагчид хохирлын тодорхой хэсгийг шууд хариуцуулах үндэслэл болохгүй юм.

Хариуцагч зам тээврийн осолд гэм буруугүй, жолооч Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь тухайн осолд шалтгаант холбоогүй нь үүссэн хор уршгийг хариуцагч хариуцах зайлшгүй шинж үгүйсгэгдэх нөхцөлд хариуцагч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар дээрх үүргийг хүлээхгүй.

 

6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, нэхэмжлэгч талын эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд 2024 оны 02 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 11 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх нэхэмжлэгч талын үзлэг, туршилт хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь зөв. Мөн шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлээ нотлохоор гаргасан хүсэлтийг хангаж зөрчлийн хэргийн материалыг хэрэгт хуулбарлан авч, нотлох баримтаар үнэлсэн байх тул нэхэмжлэгч талын процессын эрх зөрчигдсөн гэж дүгнэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн тухай гомдлыг хангахгүй.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******аас гэм хорын хохиролд 1,513,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэргсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлүүдээр хариуцагч талын гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үгүйсгэгдэх үндэслэл болох тул уг давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

8. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

9. Иймээс зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/00610 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******аас 5,045,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч 39,167 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ