Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00498

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/00270 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

2023 оны 05 сарын 16-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгуулж, цалин болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би сантехникч мэргэжилтэй бөгөөд 2008 оноос ******* сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан *******албан тушаалд томилогдсоноос хойш 15 жил ажилласан. Энэ хугацаанд ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол гарч байгаагүй. 2013 онд сургуулийн оюутан, багш ажилчдын байрыг хариуцсан слесарь ажлаасаа чөлөөлөгдсөн тул сургуулийн захиргаанаас түүний ажлыг хавсран гүйцэтгүүлж, ажлын ачааллыг 1.5-аар тогтоон Хөдөлмөрийн гэрээнд 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 01/16 тоот нэмэлт гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэтэл 2023 оны 05 сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай Салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч *******гийн ******* тоот "Мэдэгдэх хуудас"-ыг надад танилцуулсан ба уг мэдэгдэх хуудсанд Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 118-д зааснаар миний ажиллаж байгаа слесарын албан тушаалыг 1 орон тоонд ногдохоор ажлын цагийг тогтоохоор хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахаар тусгасан байсан. Уг мэдэгдэх хуудсыг би зөвшөөрөхгүй, ямар үндэслэлээр цалин бууруулж байгааг албан тушаалтнуудаас тодруулах гэсэн ч бүгд мэдэхгүй гээд хариу өгөөгүй. Энэ "Мэдэгдэх хуудас"-т үндэслэл болгосноор миний хариуцан ажилладаг 6 давхар хичээлийн байр, 5 давхар оюутны байр, 12 давхар багш, ажилчдын байр, мөн 2023 онд усан бассейн ашиглалтанд орж ажлын ачаалал ихэссэн байхад миний ажлын ачааллыг бууруулалгүй цалин хөлсийг бууруулах мэдэгдэл өгсөн, ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар надтай тохиролцоогүй, мөн цалинд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй байхад ажил олгогч нь зөвхөн миний цалинг бууруулахаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Мөн би сантехникийн албан тушаалтай боловч бохирын слесарын ажлыг давхар хийсээр ирсэн.

Би удирдах ажилтнуудаас цалин бууруулсан үндэслэл, тайлбарыг хүлээсээр цалингаар хохирсон тул сургуулийн захиргаанд 2023 оны 10 сарын 26-ны өдөр өргөдөл гаргасан ба хариуг 2023 оны 11 сарын 29-ний өдрийн ******* дугаартай "Өргөдөлд хариу өгөх тухай" албан бичгээр өгсөн. Албан бичигт "Таны ажлын ачаалал 1.0 орон тооны слесарын ажлын ачаалалд нийцэж байгааг харгалзан Салбарын захирлын 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ******* тушаалаар слесарын 1.5 орон тооны ажлаас слесарын 1.0 орон тооны ажилд шилжүүлсэн гэсэн байсан. Хариуг аваад хуулийн хугацаанд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан боловч 3 талт хорооноос үндэслэлгүйгээр миний гомдлыг хэлэлцэхээс татгалзсан тул шүүхэд хандсан.

Түүнээс гадна 2016 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан гэж надад сахилгын шийтгэл ногдуулсан ба мөн өдөр намайг "Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай" ******* дугаартай тушаал гаргасан болохыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэж танилцсан. Би 2024 оны 10 сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Иймд тус сургуулийн захирлын 2023 оны 05 сарын 16-ны өдрийн "Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай" ******* тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны буюу 2023 оны 06 сараас 2024 оны 10 сар хүртэлх цалингийн зөрүү 8,121,136 төгрөг /16 сар*507,571 төгрөг/, 2024 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх 16 өдрийн цалингийн зөрүү 365,534 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын цалингийн зөрүү 222,436 төгрөг, нийт 8,709,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2023 оны 06 сараас 2024 оны 11 сар хүртэлх хугацааны цалин болон даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалган нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тэрээр шүүхэд хандахаас өмнө буюу 2024 оны 01 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооны 2024 оны 01 сарын 25-ны өдрийн хуралдаанаар тус гомдлыг авч хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасныг үндэслэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу хугацааг сэргээх хүсэлтээ шийдвэрлүүлээгүй байж нэхэмжлэл гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй, түүний нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хариуцагч *******аас 8,221,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 487,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын 2023 оны 06 сараас 2024 оны 10 сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 146,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээх буюу ажил цалинг үндэслэлгүйгээр бууруулсан гэх зөрчлийг арилгуулахаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбар гаргасан. *******ын 2023 оны 6 сар хүртэл авч байсан 1,522,712 төгрөгийн цалин нь 2023 оны 6 сараас эхлэн 1,015,141 төгрөг болж бууруулсан ажил олгогчийн шийдвэр, үйлдэлд гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан 90 хоногоос хэтрүүлсэн.

******* 2023 оны 6 сараас эхлэн цалин бууруулсныг эсэргүүцэж, 2023 оны 10 сарын 26-ны өдөр сургуулийн захиргаанд бууруулсан цалингийн зөрүүг нөхөж олгуулах талаар өргөдөл гаргасан. Ажил олгогч татгалзсан хариу өгсөн. Тус гаргасан өргөдөл нь ******* 2023 оны 6 сард цалингаа авахдаа цалин буурсныг мэдсэн үеэс тооцвол 4 сарын сарын дараа өргөдөл гаргасан байдаг. Шүүхэд хандахаас өмнө нь буюу 2024 оны 01 сарын 24-ний өдөр ******* нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд үндэслэлгүйгээр цалин бууруулсан гомдол гаргасан. Гурван талт хороо хуралдаанаараа гомдлыг хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор шийдвэрлүүлэх тухай хугацааг хэтрүүлсэн тул өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. ******* нь 2023 оны 6 сард цалингаа авахдаа цалин буурсныг мэдсэн үеэс тооцвол тэрээр гурван талт хороонд 6 сарын дараа гомдол гаргасан байна.

Шүүхээс хариуцагч нь 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ******* тушаалыг ажилтанд гардуулан өгсөн, ингэснээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэдгийг нотлоогүй" гэж заасан нь ******* 2023 оны 6 сард цалингаа авахдаа цалин буурч, хөдөлмөрийн эрх нь зөрчигдсөнийг мэдсэн үеэс биш, тэрээр 2023 оны 11 сарын 29-ний өдөр түүний өргөдөлд ажил олгогчоос хариу өгсөн үеэс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан 90 хоногийг шүүх тоолж эхэлсэн. Гэтэл ******* 2023 оны 6 сард цалингаа авахдаа, мөн цалингийн хуудсаа авахдаа цалин буурсан явдлыг мэдсэн үеэс эсвэл 2023 оны 11 сарын 29-ний өдөр түүний өргөдөлд ажил олгогч хариу өгсөн үеэс хөдөлмөрийн эрх зөрчигдсөнийг нь мэдсэн асуудал, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхийг шүүх хянаж шалгалгүй буруу тооцсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч 2023 оны 05 сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч *******т танилцуулсан. Энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зураагүй. Энэ дээр сахилгын зөрчил авагдсан байдаг. Мэдэгдэх хуудсыг танилцуулснаас хойш 5 хоногийн дараа 2023 оны 05 сарын 16-ны өдөр ажилтныг өөр тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай 146 дугаартай тушаал гаргасан. Энэ тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй. Нэхэмжлэгч энэ тушаалыг 2023 оны 11 сарын 29-ний өдрийн хариунаас мэдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс цалинг бууруулсан нь тодорхойгүй байсан учраас 2023 оны 10 сарын 26-ны өдөр сургуулийн удирдлагад өргөдөл гаргасан. Үүний хариуг 2023 оны 11 сарын 29-ний өдөр өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгөхөд энэ тушаалыг харсан. 2023 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлээд 1,500,000 төгрөг байсан цалин 1,015,000 төгрөг болж буурж нэг удаа цалин орсон. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2023 оны 07 сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралттай байх үедээ 2023 оны 7-р сард 4 хоног, 8-р сард 5 хоног ажилласан. Энэ хугацааны цалинг бууруулаагүй байсан үеийн цалин буюу 1,522,000 төгрөгөөс тооцож өгсөн байдаг. 9-р сард орж ирээд ажиллахад бууруулсан цалингаар тооцогдож цалин орсон. Мэдэгдэх хуудас бол тушаал биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 118.1-д ажил олгогч нийт ажилтны цалин хөлсний хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчлөх тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10 ба түүнээс дээш хоногийн өмнө нийт ажилтанд мэдэгдэж ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж заасан. Үүний хариуг 2023 оны 11 сарын 29-ний өдөр өгсөн учраас хуулийн хугацаанд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. Энэ гомдлыг гаргах үед тушаалыг мэдээгүй байсан. Мэдэгдэх хуудасны огноогоор гомдлыг хүлээн авахгүй гэсэн учраас хуулийн хугацаанд буюу 10 хоногийн дотор шүүхэд хандсан. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* /цаашид ******* холбогдуулан тус сургуулийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгуулах, цалин болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас 8,221,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны талаархи нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг буруу тодорхойлж, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

 

3.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч *******ийн захирлын сургуулийн захирлын 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ******* Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар нэхэмжлэгч *******ын гүйцэтгэх ажил үүрэг слесарь 1.5 орон тоо байсныг слесарь 1,0 орон тоо болгон өөрчилж, ажилтны нэг сарын үндсэн цалин 1,522,712 төгрөг байсныг 1,015,141 төгрөг болгон бууруулж, энэхүү шийдвэрийг 2023 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрээс өмнө мөн сургуулийн захирлын 2023 оны 05 сарын 11-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч *******т танилцуулж байжээ.

Хариуцагч гаргасан шийдвэрээ тухайн үед нэхэмжлэгчид танилцуулсныг нэхэмжлэгч тухайн үед зөвшөөрөөгүй талаар зохигч хэн аль нь тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд түүний гүйцэтгэх ажил үүргийг багасгаагүй атлаа цалин бууруулсныг тайлбарлахыг ажил олгогчоос шаардаж байсан гэж нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан байна.

3.2. Хариуцагч 2023 оны 06 сараас эхлэн нэхэмжлэгчийн үндсэн цалинг 1,015,141 төгрөгөөр тооцон олгосон гэж 2023 оны 06 сараас эхлэн цалингийн олгогдоогүй зөрүүг нэхэмжилсэн, мөн хариуцагч сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд цалингаа олгодог талаар зохигч мөн маргаагүй. Гэвч нэхэмжлэгчийн цалин хөлсийг өмнө нь авч байсан 1,522,712 төгрөгөөр бус бууруулсан 1,015,141 төгрөгөөр хариуцагч тооцон 2023 оны 06 сараас эхлэн олгож эхэлснийг нэхэмжлэгч 2023 оны 06 сараас мэдэх ёстой байсан гэж дүгнэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахаар заасан ба хариуцагч ******* нь мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажилтны цалин хөлсний хэмжээ-нд өөрчлөлт оруулахдаа ажилтантай харилцах тохиролцсон, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймээс *******т 2023 оны 06 сарын цалинг бүтэн олгосноор нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу 1,522,712 төгрөг бус 1,015,141 төгрөгийн цалин олгосны зөрүүг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасны дагуу хариуцагчаас шаардаж гомдол гаргах эрхийг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар дутуу олгогдсон цалингийн зөрүүг хариуцагчаас шаардах нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

3.3. Хариуцагч 2023 оны 05 сард түүний цалинг бууруулсан шийдвэр гаргасныг, мөн 2023 оны 06 сард өмнөх цалингаас бууруулсан хэмжээгээр цалин олгосныг нэхэмжлэгч мэдсэн, мэдэх ёстой байсан боловч 2024 оны 01 сарын 24-ний өдөр хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн цалин хөлсийг үндэслэлгүй бууруулж, цалинг нь дутуу олгосны зөрүүг нөхөн гаргуулахаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах байжээ.

Энэ үеэс тооцвол нэхэмжлэгчийн зүгээс Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах хугацаа 2023 оны 09 сарын 28-ны өдөр дуусчээ. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 сараас 10 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд дутуу олгогдсон цалингийн зөрүүг нэхэмжилсэн учир гомдол гаргах хугацааг сар тус бүрээр нь өөрөөр тооцох учиртай. Тиймээс нэхэмжлэгч 2024 оны 01 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаснаас өмнөх 90 хоногийн хугацаанд нь түүний цалин хөлсний зөрүүг шаардаж буй хугацаа хамаарч байгаа эсэхийг тодорхойлоход уг хугацаа 2023 оны 10 сарын 26-ны өдрөөр хязгаарлагдаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хамгийн сүүлд буюу 2023 оны 10 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан цалин хөлсний зөрүүг шаардах эрхийг мөн өдрөөс эхлэн тооцоход 2024 оны 01 сарын 14-ний өдөр хуульд заасан 90 хоногийн хугацаа мөн дуусгавар болж, шаардах эрхээ алджээ.

 

4. Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд гомдлоо гаргасныг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хүлээн авч, тус хорооны 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 4 дугаартай хуралдааны тэмдэглэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзсаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 26-ны өдөр хариуцагчид хандан цалин хөлсний зөрүүг нөхөн олгуулахаар хүсэлт гаргасанд хариуцагч 2023 оны 11 сарын 29-ний өдөр цалин хөлсний зөрүүг олгохоос татгалзсан хариу ирүүлжээ. Нэхэмжлэгч нь түүний цалинг бууруулах тухай хариуцагчийн шийдвэр, мөн цалинг дутуу олгосныг 2023 оны 05, 06 дугаар саруудад мэдсэн талаар өмнө дүгнэсэн бөгөөд түүний 2023 оны 10 дугаар сард гаргасан өргөдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт тус тус заасанд хамааруулж, нэхэмжлэгч ийнхүү тохиролцохоор чармайлт гаргасан нь амжилтгүй болсон учир дээрх өргөдлийг хариуцагчид гаргаснаас хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

Учир нь хариуцагч хуульд заасан эрх бүхий этгээдэд хамаарахгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь энэ тохиолдолд ч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн тухай дээрх хугацааг баримталсан байх учиртай.

 

5. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* нь 2023 оны 06 сараас 2023 оны 10 сарын 16-ны өдрийн хугацаанд ажилласан үеийн цалин хөлсний зөрүүг хариуцагч *******аас гаргуулахаар шаардлага гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн, шаардах эрхээ алдсан гэж дүгнэв. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/00270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******ын 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгуулах, цалин болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ