Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 539

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн Жигжид овгийн Б.Тд холбогдох эрүүгийн 1911011210442 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жигжид  овгийн Б.Т, 1985 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 58-897 тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 08 сарын 17-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 cap баривчлах ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 06 сарын 05-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 07 сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 490 дугаартай захирамжаар 5 cap 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, регистрийн дугаар ХЛ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завчьяа” дэлгүүрийн автобусны буудал дээр Зүүн салаа чиглэлийн автобусан дотор сууж явсан хохирогч Е.Мадинегийн гадуур хувцасны баруун талын халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне-7” загварын гар утсыг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хүний утсыг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч байна. тухайн үед би согтуу, найз нартайгаа уулзаж архи уух гээд авсан. Харин гар утсыг худалдаж авсан Ю.Гандулам надаас хулгайн гар утас гэдгийг мэдсээр байж авсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Е.Мадине нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээ сарын 09-ний өдөр 11 цаг 10 минутын орчим Багшийн дээд сургуулийн урд талын нүхэн гарцтай автобусны буудлаас ...Зүүнсалаа-Халдварт гэсэн цагаан цэнхэр өнгийн автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Мөнгөн завьяагийн автобусны буудал хүрэх үедээ баруун гар талын халаасанд хийсэн “ай фоне 7” гар тусаа алдсан учир цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Би алдсан rap утсаа 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчөөс бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 19, 22/.

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14/.

            Гэрч /иргэний нэхэмжлэгч/ Ю.Гандулам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр миний ажиллуулдаг “Моби шоп” дахь 1 давхрын 2 дугаар лангуу руу нэг хүүхэдтэй залуу орж ирээд утас авах уу? гэсэн ямар утас юм гэтэл хүүхдийнхээ хармаанаас бор өнгийн гэртэй “Ай фоне-7” маркийн утас гаргаж өгсөн. Тэгээд хэдээр өгөх юм гэтэл 30.000 төгрөгөөр өгнө гэсэн. ...би утсыг нь авсан залуу маргааш ирж авна гэсэн тэгээд аваагүй. ...яагаад зарах гэж байгаа талаар асуухад өөрт нь мөнгөний хэрэг гараад байна, түр 30.000 төгрөгөөр барьцаалаад маргааш ирээд авъя гэхээр нь зөвшөөрөөд мөнгөө өгөөд утсыг нь аваад үлдсэн. Намайг гар утас авч үлдэхэд цагаан өнгийн дэлгэцтэй “rose” өнгөтэй rap утас байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Чингэлтэй дүүргийн цагдаагаас залгаад хулгайн гар утас байна гэсэн учраас авчирч өгсөн. Одоо Т гэх хүнд өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 26, 30/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 40/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завчьяа” дэлгүүрийн автобусны буудал дээр Зүүн салаа чиглэлийн автобусан дотор сууж явсан хохирогч Е.Мадинегийн гадуур хувцасны баруун талын халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне-7” загварын гар утсыг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Е.Мадинагийн “...Мөнгөн завьяагийн автобусны буудал хүрэх үедээ баруун гар талын халаасанд хийсэн “ай фоне 7” гар тусаа алдсан учир цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Би алдсан rap утсаа 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчөөс бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 19, 22/, гэрч /иргэний нэхэмжлэгч/ Ю.Гандуламын  “...Тэгээд хэдээр өгөх юм гэтэл 30.000 төгрөгөөр өгнө гэсэн. ...би утсыг нь авсан залуу маргааш ирж авна гэсэн тэгээд аваагүй. ...яагаад зарах гэж байгаа талаар асуухад өөрт нь мөнгөний хэрэг гараад байна, түр 30.000 төгрөгөөр барьцаалаад маргааш ирээд авъя гэхээр нь зөвшөөрөөд мөнгөө өгөөд утсыг нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх 26, 30/ , эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, иргэний нэхэмжлэгчид хохирол хор уршгийг арилгахаа илэрхийлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч Е.Мадине нь “...Би алдсан rap утсаа 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчөөс бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг дурдаж, шүүгдэгчээс 30.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ю.Гандуламд олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жигжид  овгийн Биндэръяагийн Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Тас 30.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ю.Гандулам /ЦИ84013000/-д олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН