Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 542

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Энхтуул,

хохирогч Н.Энхтөр,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Боржигон овгийн С.Нд холбогдох эрүүгийн 1911008090581 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Боржигон овгийн С.Н, 1974 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо Бэлхийн задгай  5 тоотод оршин суух хаягтай,

урьд 1998 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар СВ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

  Шүүгдэгч С.Н нь П.Батаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 5-ын задгай тоот газрыг “өөрийн” өмчийн газар хэмээн хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Энхтөрд дээрх газрыг “зарна” гэж түүнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тухайн газар дээр хашаа барьж, олон жил амьдарсан, энэ хугацаанд миний газар гэж нэг ч хүн ирж, надтай уулзаж байгаагүй. Тийм учраас би уг газрыг миний газар болсон л гэж бодож байсан. Тэр үед хүүхдүүдийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэл авах гээд мөнгөний хэрэг болсон учраас зарах гэж зар тавьсан нь үнэн. Би өөр хүний нэр дээр манай газрыг байдаг талаар газар шилжүүлэх үед мэдсэн. Миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Н.Энхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би том хүүгээ тусад нь гаргах гээд хашаа байшин хайж байсан юм. Тэгээд зар хараад С.Нтай уулзсан. Би тухайн газар дээр байшин барихаар байшингийн хундаам хүртэл цутгасан. Гэтэл газрын албанаас над руу яриад энэ газрыг өөр хүний нэр дээр бүртгэлтэй юм байна гэж хэлсэн. Одоо С.Нгаас өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Бусад зардлыг нэхэмжлэхгүй. Хохирол барагдуулбал ямар нэг саналгүй...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/

            Хохирогч Н.Энхтөрөөс бичгээр гаргасан гомдол “...С.Н энэ миний газар 4 сая төгрөгөөр зарна, би хүүхдийн баярын бараанд явах гэж байгаа мөнгөний хэрэг болоод байна та мөнгөө одоо өгчих гэхээр нь түүнд итгээд 4 сая төгрөгийг өгсөн...” /хх 6/

О.Дариймаагийн 5016187326 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7-8/

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14/989 дугаартай албан тоот, газар өмчлөлийн хувийн хэргийн хуулбар /хх 47-51/

Хохирогч Н.Энхтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сард миний танил эмэгтэй Н фейсбүүк хаягаар хашаа зарна гэсэн зар тавьсан юм. Үүний дагуу уг хашааг очиж үзээд авахаар болсон. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөнгөө яаралтай өгчих, бараа татах шаардлагатай байна гэж яриад байхаар нь газар хашааны төлбөр болох 4.000.000 төгрөгийг эхнэр Дариймаагийн данснаас гаргуулан авч бэлнээр өгсөн юм. Тэр үедээ уг эмэгтэй охиныхоо хамтаар Эрээн хот руу явсан. Харин эргэж ирээд 2018 оны 06 дугаар сарын эхээр нэрээ шилжүүлье гэхэд газар нь өөр хүний нэр дээр гарч ирсэн... Би Нгаас худалдаж авна гэсэн газрыг өөрийнх нь нэр дээр байгаа эсэх талаарх асуудлыг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 11-12/

Гэрч Ш.Мягмарсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2013-2014 оны хооронд шиг санаж байна манай найз Насанбат гэх залуу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, тоосгоны үйлдвэр орчимд зарна гэсэн хашаа байна чи очиж үзээч гэж ярьсан юм. Үүний дагуу би уг зарна гэсэн газар дээр очиж Н гэх эмэгтэйтэй очиж уулзсан... Тэр үед уг газрыг 4.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн... би уг эмэгтэйг худлаа ярьдаг дамаа хүний газар байгаа шүү гэдгийг хүнээс дамжуулж сонссон. Тэгээд уг газрыг сонирхохоо больсон юм...” гэх мэдүүлэг /хх 19/

Гэрч П.Батаа нь мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний бие 2000-2008 онд Сүхбаатар дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчийн ажил хийж байсан. Ажиллаж байх хугацаандаа тухайн дүүргийнхээ нутаг дэвсгэрт иргэн бүрт газар өмчлөх хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо тоосгоны гудамжинд газар өмчилж авсан юм... Харин 2012-2013 оны орчимд шиг санаж байна, газар дээр очиход хашаа татсан, дотор нь монгол гэр байсан бөгөөд тухайн үед хүн байхгүй байсан... Хэрвээ С.Н анх газар дээр хашаа татаад өөрийн өмчлөл эзэмшлийн газар болгох асуудлаар газрын албанд хандвал тухайн газар нь хүний нэр дээр өмчлөл, эзэмшилтэй байгаа гээд гараад ирдэг юм... тухайн хүн миний эзэмшил, өмчлөлийн газрыг миний зөвшөөрөлгүй зарж үрэгдүүлэх ямар нэгэн эрх байхгүй....” гэх мэдүүлэг /хх 20-21/           

Гэрч В.Дугарцэрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...С.Н нь уг газрыг өөр хүний нэр дээр бүртгэлтэй гэдгийг мэдэх боломжтой. Учир нь газар дээр хашаа татсаны дараа кадастрын зураг хийлгээд эзэмшигч, өмчлөгч болдог юм. Тухайн хүн энэ асуудлаар газрын албанд хандсан байх...” гэх мэдүүлэг /хх 24-25/

Гэрч М.Тэгшжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хууль журмаар бол П.Батаа гэх хүний өмчлөлийн газар мөн байна. Учир нь 2006 оны 164 дүгээр захирамжаар эзэмших эрхээ авч улмаар тухайн ондоо 2006 оны 430 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг өмчлөх эрхтэй болсон байна... надтай ирж уулзаад өөрийн амьдарч байгаа газрын кадастрын зурагтайгаа ирээд үүнийг яаж хэрхэн шийдэх үү гээд ирэх үед нь би уг газар чинь өөр хүний өмчийн газар байна гэхэд уг эмэгтэй харин тиймээ гэж ярьж байсан. Өөрөө өөр хүний нэр дээр байсан гэдгийг мэдэж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/

Шүүгдэгч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 41-43/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, шийтгэх тогтоолын хуулбар/хх-80-83/, хувийн байдлын талаарх баримтууд/хх-66-76/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 53/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Н нь П.Батаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 5-ын задгай тоот газрыг “өөрийн” өмчийн газар хэмээн хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Энхтөрд дээрх газрыг “зарна” гэж түүнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Н.Энхтөрөөс бичгээр гаргасан гомдол “...С.Н энэ миний газар 4 сая төгрөгөөр зарна, би хүүхдийн баярын бараанд явах гэж байгаа мөнгөний хэрэг болоод байна та мөнгөө одоо өгчих гэхээр нь түүнд итгээд 4 сая төгрөгийг өгсөн...” /хх 6/, О.Дариймаагийн 5016187326 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7-8/, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14/989 дугаартай албан тоот, газар өмчлөлийн хувийн хэргийн хуулбар /хх 47-51/, хохирогч Н.Энхтөрийн “...хашааны төлбөр болох 4.000.000 төгрөгийг эхнэр Дариймаагийн данснаас гаргуулан авч бэлнээр өгсөн юм...” 9- /хх 11-12/, гэрч Ш.Мягмарсүрэнгийн “...Үүний дагуу би уг зарна гэсэн газар дээр очиж Н гэх эмэгтэйтэй очиж уулзсан...” /хх 19/, гэрч П.Батаагийн “...С.Н анх газар дээр хашаа татаад өөрийн өмчлөл эзэмшлийн газар болгох асуудлаар газрын албанд хандвал тухайн газар нь хүний нэр дээр өмчлөл, эзэмшилтэй байгаа гээд гараад ирдэг юм....” /хх 20-21/, гэрч В.Дугарцэрэнгийн “...газар дээр хашаа татсаны дараа кадастрын зураг хийлгээд эзэмшигч, өмчлөгч болдог юм. Тухайн хүн энэ асуудлаар газрын албанд хандсан байх...” /хх 24-25/, гэрч М.Тэгшжаргалын “...надтай ирж уулзаад өөрийн амьдарч байгаа газрын кадастрын зурагтайгаа ирээд үүнийг яаж хэрхэн шийдэх үү гээд ирэх үед нь би уг газар чинь өөр хүний өмчийн газар байна гэхэд уг эмэгтэй харин тиймээ гэж ярьж байсан. Өөрөө өөр хүний нэр дээр байсан гэдгийг мэдэж байх шиг байсан...” /хх 28-29/, шүүгдэгч С.Нгийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд /хх 41-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлж 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, үлдэх хохирол болох 3.600.000 төгрөгийг түүнээр гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлж 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч С.Нгаас 3.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Энхтөр /ВК70010115/-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН