| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2022/01578/И |
| Дугаар | 210/МА2025/00500 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00500
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХК-д холбогдох,
Тус банкинд төлөх төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* талд байршилтай, ******* дугаартай, ******* м.кв талбайтай зочид буудлын барилга, мөн хаягт орших нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар болон зочид буудлыг ашиглах эрхийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: "*******" ХХК нь ******* аймагт зочид буудал барих зорилгоор 2009 оны 10 сарын 29-ний өдөр ******* ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5 тэрбум төгрөгийн зээл авсантай холбоотой маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 23-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, манай компани 4,201,986,124 төгрөгийг 2013 онд багтаан тус банкинд төлөхөөр эвлэрсэн.
Зээлийн эргэн төлөлт, хуваарийн талаар бид харилцан ойлголцож жилд 100,000,000-935,500,000 төгрөгийг төлж ирсэн ба одоогоор 3,235,278,455 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийн хувьд цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйд хүрсэн. Эдийн засгийн хүнд үед зээлээ ахиухан төлөхийг хичээсэн ч 2021 оноос эхлэн банкны зүгээс төлбөрийн хэмжээ, хугацаанд болзол тавьж энэ үеэс манай компани тээвэрчдийн тусгаарлалт авах ажлын хүрээнд " ******* зочид буудалд тээвэрчдийг байрлуулан орлоготой болохтой зэрэгцээ банкны дарамт ихэссэн.
Манай компани төлбөрөө төлөхөөр маш их хичээн ажиллаж зочид буудалтай холбоотой зээл, санхүүжилтын талаархи саналыг бусдад тавьж байгаа. Банкны зүгээс 2021 оны 12 сарын 09-ний дотор бид өөрийн хөрөнгөөс хөөгдөж банк эзэмшилдээ авсан. Банкнаас хураан авсан зочид буудлын үнийг үндэслэлгүйгээр 460 хувь өсгөн 5,012,300,000 төгрөгөөр 12 хоног багтаах худалдан авахыг бидэнд тулгасан албан бичгийг 2021 оны 12 сарын 03-ны өдөр ирүүлсэн. Бид олон жилийн туршид харилцаж, төлбөрөө тогтмол төлж ирсэн байхад банкны дээрх үйл ажиллагаа нь банкны салбарын томоохон төлөөлөгчийн хувьд эдийн засгийн хүнд үед бүтээн байгуулалт хийж байгаа манай компанийг шахалтад оруулж өмч хөрөнгийг нь дээрэмдэх гэсэн ойлголтод хүрэээд байна. Түүнээс гадна бид цаг хугацаандаа мөнгөө төлөх боломж бүрдэхгүй нь тодорхой боллоо гэжээ.
Иймд ******* ХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, ******* аймгийн ******* сумын төв, ******* баг, ******* талд байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбай бүхий зочид буудлын өмчлөх эрх, мөн хаягт байх, нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд шүүхийн шийдвэр 2012 онд гарсны дараа 2013 оны 03 сарын 26-ны өдрийн ******* дугаартай "Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ"-г байгуулснаар ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* талд байрлах "*******" зочид буудлын барилгыг ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлж, ******* ХХК нь 2014 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 4,201,986,214.00 төгрөгийг бүрэн төлснөөр зочид буудлын барилгаа тэргүүн ээлжинд буцаан худалдаж авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ч түүнээс хойш 8 жил, 5 сарын хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар гэрээ сунгагдаагүй дуусгавар болсон.
Банк нь 2021 оны 10 сарын 14-ний өдөр зочид буудлыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшил, ашиглалтыг хариуцаж байгаа. Улмаар 2021 оны 10 сарын 25-ны өдөрт багтаан ******* ХХК-ийн шилжүүлсэн төлбөрийн тооцоог гаргаж, буцаан шилжүүлэхээр тохиролцсон акт үйлдэхээр болсон талууд тохиролцож чадаагүй. Банк нь 2021 оны 12 сарын 20-ны өдрийн албан бичгээр дуусгавар болсон гэрээнүүдийн хүрээнд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөр, мөн 2021 оны 12 сарын 15-ны өдөр шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлэхийг мэдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар дээрх хөрөнгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлж, энэ эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм. Иймээс ******* ХХК-д 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 5/10504 тоот албан бичгээр зочид буудлыг 5,012,300,000.00 төгрөгөөр худалдах авах тухай үнийн саналыг хүргүүлсэн ч тус компани энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй. Банк нь ******* ХХК-ийн төлөх төлбөрийг баталгаажуулах болон 1,091,674,854.00 төгрөгийн төлбөрийг төлснөөр зочид буудлыг буцаан шилжүүлэх, хэлцэл хийх үүргийг хүлээгээгүй.
******* ХХК болон гуравдагч этгээд ******* ХХК нарын одоогоор төлсөн нийт төлбөр нь 2,635,278,454 төгрөг бөгөөд банкны зүгээс энэхүү төлбөрийг буцаан шилжүүлэхэд ямар ч асуудалгүй юм. Нэхэмжлэгч шүүхэд хандах үедээ 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба манай банкнаас энэ төлбөр болон өмнө шилжүүлсэн төлбөрөө буцаан авна уу гэдгийг мэдэгдсэн байгаа. Шүүгчийн захирамжаар тогтоосон 4,201,986,214 төгрөгийн зээлийн төлбөрт банк барьцаа хөрөнгүүдийг авснаар зээл хаагдсан бөгөөд банкны тайлан, бүртгэлд зээлийн дансыг хааж, хөрөнгөд тооцон авсныг бүртгэсэн.
******* ХХК нь банктай байгуулсан гэрээгээр давуу эрхийн үндсэн дээр хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй учраас гэрээ дуусгавар болж цуцлагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 07 сарын 09-ний өдөр ******* ХХК, ******* ХК, *******ХХК-иуд харилцан тохиролцож зочид буудлын барилгад зориулан авсан 4,201,986,124.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл 1,753,123,421.32 төгрөгийг гурвалсан гэрээгээр баталгаажуулж, түүнийг хэрхэн төлөх, обьектоо хэрхэн буцаан авах нөхцөлтэй гэрээгээр ******* ХХК нь төлбөрийг төлөх бүх арга, боломжоо ашиглан ажилласан ба одоо үлдэгдэл төлбөр 991,674,854 төгрөг болсон. Иймээс ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ******* аймгийн ******* сумын төв, ******* дугаар баг, ******* талд байршилтай, ******* дгаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай ******* м.кв талбайтай газрын хамт шилжүүлэн өгөхийг даалгаж, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг ******* ХХК-д шижлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дгаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд өмгөөлөгч *******аас "Эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг, мөн Монгол улсын хилээр 2024 оны 10 сарын 09-ний өдөр гарсан талаарх гадаад паспортын дардас, нислэгийн тийзний хамт ******* хаягнаас тус шүүхийн тамгын газрын ******* хаяг болон шүүгчийн туслахын ******* хаяг руу тус тус явуулсан. Өмгөөлөгчийн хүсэлт дээрх имэйл хаягуудад очсон хэр нь хэргийн баримтав авагдаагүй нь ямарч үндэслэлгүй өмгөөлөгчийн явуулсан хавсралтуудаас үзэхэд баримт, хүсэлтээ хамт явуулсан нь харагдаж байна. Өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч талын өмгөөлөгчтэй оролцох, мэтгэлцэх боломжийг хүчээр хаасан нь хэрэг хянан шийдвэрлэхэд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэгч *******аас ******* аймгийн *******суманд ахиллаж байгаа, өмгөөлөгчийг Монголд ирсэн даруйд ******* хотод очиж ажиллана, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2024 оны 10 сарын 24-ний өдөр шүүхэд өгсөн. Гэтэл мөн хүсэлтийг хэлэлцэлгүй, хүсэлт гаргаагүй мэтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Хэргийн шүүх хуралдааны товыг 2024 оны 10 сарын 25-ны өдөр гэж утсаар мэдэгдсэн бөгөөд мөн өдөр шүүх хуралдаан болсон нь хэргийг хэлэлцэхээр тогтоосон шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Харин шүүхийн ******* дугаар шийдвэрт 2024 оны 10 сарын 23-ны өдөр гэж огноог тавьсан нь манай хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааных биш өөр хэргийнх гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт "Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана" гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн байна.
Шүүх гуравдагч этгээдээр "******* " ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч шүүх хуралдааны товийг хүргэдэггүй, хэргийн материал бүрэн танилцуулдаггүй, ганц удаа энэ өдрийн хуралдаанд биечлэн оролцож байхад нь өмгөөлөгч авах хүсэлтийг нь шийдвэрлээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Энэ нь хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн эрх ашгийг дордуулсан нөхцөл болж байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд холбогдох маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 23-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар шийдэж хариуцагч "*******" ХХК-аас 4,201,986,124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Худалдаа, хөгжлийн банк" ХХК-д олгохоор, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэвч талууд шүүхийн шийдвэрт зааснаас өөрөөр тохиролцож 2013 оны 03 сарын 26-ны өдөр ******* тоот гэрээг байгуулан барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж, 2014 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 4,201,986,214.00 төгрөгийг төлж барьцаа хөрөнгийг буцаан авахаар тохиролцсон ч "*******" ХХК энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул талууд гэрээний нөхцөл, үүрэг гүйцэтгэх этгээдийг дахин тодорхойлж 2020 оны 07 сарын 09-ний өдрийн "Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан ч энэ гэрээний үүрэг мөн биелэгдээгүй. Улмаар хариуцагч нь 2021 оны 10 сарын 25-ны өдрийн уулзалтын протоколоор үлдэгдэл төлбөр тооцоог 2021 оны 12 сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон.
Дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд талууд огт маргаагүй. Иймд нэхэмжлэгч 2021 оны 10 сарын 25-ны өдрийн протокол, 2021 оны 11 сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжлэл гаргасан.
Гэтэл шүүх маргааны нөхцөл байдлыг огт тодруулж, маргааны үндэслэл болох 2013 оны 03 сарын 26-ны өдрийн 85/2013 тоот гэрээний эрх зүйн үндэслэлийг гаргалгүй, ирээдүйд биелэгдэх болзол тавьж хийсэн хэлцэл гэдэгт хоёр тал маргаагүй бөгөөд энэ гэрээний биелэлтийг талууд харилцан тохиролцож 2020, 2021 онуудад гэрээ хэлцэл, тохиролцоонууд хийгдсэн. Үүний үндсэн дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн эрх зүйн үйл баримт, түүний үр дагаврыг шүүх огт авч үзэлгүй, дүгнэлт гаргаагүй. 2020 оны 07 сарын 09-ний өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-нд талууд маргаагүй, харин уг гэрээний төлбөрийн үлдэгдлийг хэд болох талаар хариуцагч маргасан тул нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчлөн тодруулсан. Гэтэл шүүх шийдвэртээ анхны нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэж, шаардлага тодорхой биш гэж бичсэн нь хуулийн шаардлага хангасан баримт, эрх зүйн баримтыг огт үнэлээгүй юм. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулгыг хариуцагчид гардуулсан эсэх нь тодорхойгүй эсвэл хэргээ бүрэн уншиж танилцаагүй үлдээсэн гэж ойлгогдож байна.
Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээнд 991,674,854 төгрөг гэсэн дүн байхад үүнийг хариуцагч эс зөвшөөрч 5,012,300,000 төгрөг болгон нэхсэнээс талууд маргасан. Төлбөрийн үлдэгдлийг тогтчихвол манайх төлөхийг зөвшөөрч байгаа. Хариуцагч нь өмнөх гэрээ, хэлцлүүд байгуулж хэрэгжүүлсэн талаар маргаагүй ба төлбөрөө төлөөгүй гэж маргадаг. Үүнийг шүүх анхаарч үнэлэлгүйгээр 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 5/8724 мэдэгдлийг үндэслэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хэрэв гэрээнээс татгалзсан гэж үзвэл хуульд заасан татгалзах хүндэтгэн үзэх үндэслэл нь юу байгаа нь ойлгомжгүй байна.
Дээрхээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Уг маргааныг 2023 оны 11 сард Улсын дээд шүүхээс буцаасан. 2024 оны 03 сард шүүх хуралдаан товлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө нийт 7 удаа шүүх хурал товлогдсон ба энэ хугацаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй. Байнга хүсэлт гаргаж шаардлага хангахгүй баримт өгдөг учраас шүүх буцаах захирамж гаргадаг. Анхан шатны шүүх 2024 оны 10 сард шүүх хуралдааныг товлоход нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүхийн имэйл хаягаар ирүүлсэн ч хавсралт ирүүлээгүй байдаг. Хүсэлттэй нь танилцахад нотлох баримт байгаагүй. Хүсэлтийг 25-ны өдрийн 9 цагт ирүүлсэн ба үүнд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө мөн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгсөн бөгөөд хөдөө байсан гэж тайлбарласан ч энэ талаарх баримт байгаагүй.
Гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирц бүрэн байлгая, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцъё гэсэн хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбогдуулж тайлбар асуусан. Гэтэл ******* ХХК-ийн захирал ашиг сонирхол нь нэг учраас хүсэлтийг дэмжиж тайлбар хэлсэн. Хүсэлттэй холбоотой тайлбарыг сонссоны дараа шүүгч хэргийг хэлэлцэхээс өмнө шүүх хуралдаанд гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд 2013 онд байгуулагдсан гэрээгээр тэргүүн ээлжинд хөрөнгийг худалдан авах давуу эрхтэй байсан ч гэрээг дуусгавар болгоод Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг талууд шинээр байгуулсан. Гэрээний төлбөр төлөгдөөгүй. Банкны холбогдох мэдэгдлүүдийг өгч гэрээнээс татгалзаж гэрээг дуусгавар болгосон. Энэ талаархи баримтууд хэрэгт авагдсан. 2013 онд байгуулагдсан гэрээгээр зочид буудлын өмчлөл нь банкинд байгаа ч эзэмшил ашиглалтыг ******* ХХК-д шилжүүлж үйл ажиллагаагаа явуулан өр төлбөрөө барагдуул гэсэн. Нэхэмжлэгч нь эзэмшлээ өөрийн хамаарал бүхий ******* ХХК-д шилжүүлсэн бөгөөд банкны өмчлөлийн хөрөнгийг ашиглаж олсон орлогоор гэрээний төлбөрөө банкинд төлсөн ч зохих ёсоор барагдуулаагүй. Энэ гэрээ 2014 онд дууссан.
Үүнээс хойш шилжүүлсэн төлбөрүүдийг үндэслэлгүй гэж үзсэн. 2020 онд төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулж өмнөх төлсөн төлбөрүүдийг тооцоонд оруулсан ба нэхэмжлэгч нь шинэ гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учраас банк 1 жил 3 сарын дараа 2-3 удаа хөрөнгөө чөлөөлж өгөх, банк өмчлөлийн хөрөнгө авна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд төлбөр төлүүлэхээр хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч төлбөрөө төлдөггүй. Энэ талаар ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт албан тоот хүргүүлж, эд хөрөнгө хүлээлцсэн. Одоогоор тухайн хөрөнгө банкны эзэмшил ашиглалтад битүүмжлэгдсэн.
Шүүхийн маргаан үүссэнээс хойш 4, 5 дахь жил үргэлжилж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тодруулах ёстой гэсэн. Анхан шатны шүүх 7 удаа шүүх хуралдааныг хойшлуулж боломж олгосон ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй. Энэ нь нэхэмжлэгч тал маргааныг шийдвэрлүүлэх сонирхолгүй, олон жил банкны эрх ашгийг зөрчиж хохироох сонирхолтой. Банкны хувьд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг буцаан шилжүүлэх боломжтой. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг банк үйл ажиллагаандаа зарцуулаагүй, банкны өглөгийн дансанд байдаг. Банк нэхэмжлэгчийн өмчлөх эрхэнд халдаж, хөрөнгийг хүчээр авсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь банкны өмчлөлд 2013 онд шилжсэн хөрөнгийг ашиглаж түүнээс олсон орлогоор өөрийн ажилтнуудын цалинг олгож, үйл ажиллагааны зардлаа гаргаад үлдсэн мөнгөөр нь банканд төлбөр төлдөг.
Банк 8, 9 жилийн хугацаанд хүлээцтэй хандсан. Мөн нэхэмжлэгч ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбож тайлбар гаргасан бөгөөд энэ нь үндэслэлгүй. Нэг талдаа нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэдэг ч банкнаас өр төлбөр авсан бол гэрээний дагуу үүргээ биелүүлэх хариуцлага нэхэмжлэгч компанид байх ёстой. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Талуудын маргаанаас болж гуравдагч этгээд хохирдог. Давж заалдах гомдолд тайлбаргүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан тус банкинд төлөх төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* талд байршилтай, ******* дугаартай, ******* м.кв талбайтай зочид буудлын барилга, мөн хаягт орших нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар болон зочид буудлыг ашиглах эрхийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг үндэслэн 2013 онд байгуулсан гэрээгээр дээрх барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч нь банкны өмчлөлд шилжүүлж, төлбөрөө бүрэн төлж хөрөнгөө буцаан авахаар тохиролцсон ч эрхээ хэрэгжүүлээгүй, банк нэмэлт хугацаа олгосон бөгөөд энэ хугацаа 2021 оны 12 сарын 20-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нийт 2,635,278,454 төгрөг төлснийг буцаан шилжүүлэх боломжтой гэж тайлбарлан маргажээ.
******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцсон байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, талуудын хооронд байгуулсан төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээнээс хариуцагч татгалзсаныг шүүх анхаарч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 857 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК нь 4,201,986,124 төгрөгийг 2013 онд багтаан нэхэмжлэгч ******* ХК-д төлөх, энэ үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
4.1. Талууд шүүхийн шийдвэрт зааснаас өөрөөр тохиролцож 2013 оны 03 сарын 26-ны өдөр байгуулсан ******* дугаартай Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ-ний 1.1-т зааснаар ******* ХХК нь 4,201,986,124 төгрөгийн төлбөрт тооцон ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж-*******хаягт байрлалтай орон сууцны барилгын ******* давхрын ******* м.кв талбай, мөн ******* аймгийн ******* сум, ************** дугаар баг, ******* урд талд байрлалтай, ******* м.кв талбайтай зочид буудлын барилга, мөн хаягт орших нэгж талбарын ******* тоот дугаартай, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус *******ны өмчлөл, эзэмшилд шилжүүлж, дээрх төлбөрөө 2014 оны 01 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлснөөр эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авахаар тохиролцсон байна. Гэвч ******* ХХК дээрх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах эрхээ хэрэгжүүлж чадалгүй гэрээ дуусгавар болжээ.
4.2. Дээрх гэрээ үр дүнд хүрээгүй талууд дахин тохиролцож 2020 оны 07 сарын 09-ний өдөр Төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний 1-д зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны ******* дугаартай захирамж, Талуудын хооронд 2013 онд байгуулсан ******* дугаартай гэрээний үүрэг 4,201,986,124 төгрөгийг ******* ХХК нь сар бүр 50,000,000 төгрөгийг банкинд тогтмол төлж дуусгах, гэрээний 2, 3-т зааснаар төлбөрийг төлж дуусгаснаар ******* аймгийн ******* сум, ******* ******* дугаар баг, ******* урд талд байрлалтай, ******* м.кв талбайтай зочид буудлын барилга, мөн хаягт орших нэгж талбарын ******* тоот дугаартай, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг ******* ХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд саадгүй шилжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн гэрээний 2.3-т зааснаар ******* ХХК нь дээрх төлбөрөөс төлж ирсэн ба 2020 оны 07 сарын 08-ны өдрийн байдлаар 1,753,123,421.32 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгааг талууд тооцоо нийлж, гэрээгээр баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч энэ гэрээний 2.1.1, 2.1.2-т зааснаар хариуцагчид сар бүр 50,000,000 төгрөгийг 35 сарын хугацаанд тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээ байгуулснаас хойш 100,000,000 төгрөг төлсөн байх тул хариуцагч ******* ХК-аас 2021 оны 03 сарын 05-ны өдрийн ******* тоот, мөн оны 08 сарын 27-ны өдрийн ******* тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөх гэрээний үүрэг зөрчигдөж байгааг дурдаж хуримтлагдсан төлбөрийг нөхөн шилжүүлэх эс шилжүүлбэл зочид буудлын барилгын эзэмшлийг шилжүүлэн авах-ыг тус мэдэгдэж байжээ. Улмаар хариуцагч нь 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 5/8722 тоот мэдэгдлээр гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан тул зочид буудлын барилгын эзэмшлийг банкны мэдэлд шилжүүлэн өгөхийг мэдэгдсэн байна.
5. Дээрхээс дүгнэвэл ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 857 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэхтэй холбоотойгоор ******* ХК-д төлөх 4,201,986,124 төгрөгийн төлбөртөө дээрх зочид буудлын барилгыг газрын хамт шилжүүлж, дурдсан мөнгийг банкинд төлсөн нөхцөлд хөрөнгөө энэ үнээр буцаан худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заасантай нийцсэн байх тул зохигчийн хооронд эд хөрөнгө буцаан худалдан авах гэрээ байгуулагджээ.
Шүүхийн шийдвэрт заасан 4,201,986,124 төгрөгийг ******* ХХК-аар төлүүлэхтэй холбоотой талуудын хооронд 2013, 2020 онд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний үүргээ зөрчсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон. Хариуцагч энэ үндэслэлээр зохигчийн хооронд хамгийн сүүлд 2020 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан Төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээнээс 2021 оны 10 сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч тус гэрээнд зааснаар сар бүр 50,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргээ биелүүлээгүй нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлд хамаарахгүй байна.
Иймээс хариуцагч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн зүгээс зочид буудлын барилга, газраа буцаан худалдан авахаар банкинд шилжүүлсэн мөнгийг нь хариуцагч буцаан өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь гэрээнээс татгалзсан даруйд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлэх үүргийг гүйцэтгэнэ.
Иймээс шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэг мөр хянан шийдвэрлэх учиртайг анхан шатны шүүх анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Зохигчийн тайлбараар талууд хоорондоо тооцоо нийлээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тус банкинд төлөх төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч шүүхийн шийдвэрт заасан 4,201,986,124 төгрөгийн төлбөрөөс ямар хугацаанд, хэдэн төгрөг төлсөн талаархи өөрийн тооцоолол, баримтыг шүүхэд гаргаагүй, харин мөнгөн төлбөрийн үүргээс төлөгдөөгүй үлдсэн дүнг 991,674,854.38 төгрөг гэж тодорхойлж Тооцоо нийлэх акт гэсэн баримтыг шүүхэд гаргасан. Энэхүү тооцоолол нэг талын баримтад тооцогдох учир шүүх уг баримтад үндэслэн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотолсон байх үүрэгтэй. Энэ чиг үүргээ нэхэмжлэгч нотлоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн учир хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийн нийт төлсөн төлбөрийг 2,635,278,454 төгрөг гэж тайлбарласныг үндэслэн талуудын гэрээний гүйцэтгэлийг буцааж шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 857 дугаар шийдвэр гарсан өдрөөс эхлэн хамгийн сүүлд буюу 2021 оны 12 сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанд хариуцагч ******* ХК-д 2,635,278,454 төгрөг төлсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас энэхүү төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тухай болон шүүхийн шийдвэр 2024 оны 10 сарын 23-ны өдрийн огноотой гарсан нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХК-д холбогдох хэргийнх бус өөр хэргийн шийдвэр, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7.1. Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 08 сарын 02-ны өдрийн 1767 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ. Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2024 оны 03 сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг товложээ. Шүүх хэргийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэх хүртэл нийт 6 удаа талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулснаас нэхэмжлэгчийн хүсэлтээр 5, хариуцагчийн хүсэлтээр 1 удаа хойшлуулжээ.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй тул тодруулах шаардлагатай, шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 6 удаа товлон зарлахад нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэг ч удаа биечлэн оролцоогүй буюу эрүүл мэндийн, ажил давхацсан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, мөн хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцоогүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна.
Шүүх хэргийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хянан хэлэлцэхээр товлож, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2024 оны 10 сарын 18-ны өдөр товыг мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч тал товыг мэдсэн учир нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д байгаа тухай дурдсан хүсэлтийг шүүхэд ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч хүндэтгэх шалтгаанаа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй байх тул тус шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн ******* дугаартай Хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж хэргийн байдал болон хуульд нийцжээ.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтийг 5 удаа гаргаж байжээ. Хэргийн оролцогч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байдал нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах шалтгаан болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч ******* ХХК хуулийн этгээд учир өөр төлөөлөгч томилон оролцуулах боломжтой юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч тал өөрөө тодорхойлох үүрэгтэй ч тодорхой бус нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх үүрэг шүүхэд хамаарна. Гэвч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд биечлэн оролцдоггүй байдал нь давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлийг анхан шатны шүүхээс арилгаж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах боломж олгогдоогүй гэж дүгнэнэ.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрхийг хязгаарлаагүй, хууль зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр шүүхийг буруутгахгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
7.2. Анхан шатны шүүхийн шийдвэр 2024 оны 10 сарын 23-ны өдрийн огноотой гарсан бөгөөд нэхэмжлэгч тал энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж шүүхийн 4125 дугаартай шийдвэр нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХК-д холбогдох хэргийнх бус өөр хэргийн шийдвэр гэсэн агуулгаар гомдлын үндэслэлээ тодорхойлж, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэжээ.
Шүүх хэргийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон тухай Баримт хэрэгт авагдсан, энэ талаар хэргийн оролцогч зөрүүтэй тайлбарлаагүй, нэхэмжлэгч энэ өдөр хэргийг хэлэлцэхээр тов мэдэгдсэн тухай гомдолдоо дурджээ. Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэгдэл 2024 оны 10 сарын 25-ны өдрийн огноотой гарчээ. Эдгээр баримтаар анхан шатны шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХК-д холбогдох иргэний хэргийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн 04125 дугаартай шийдвэр нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХК-д холбогдох хэргийн шийдвэр биш гэсэн агуулгаар гаргаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн атлаа 23-ны өдөр хянан шийдвэрлэсэн тухай огноог шүүхийн шийдвэрт тусган гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана гэснийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна. Учир нь шүүх шийдвэр гаргасан өдрийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгтээ тодорхой заасан байх учиртай байтал шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулаагүй өөр өдрийг хэргийг шийдвэрлэсэн өдөр гэж заасан нь хуульд нийцэхгүйг шүүх цаашид анхаарах нь зүйтэй
Гэвч шүүхийн энэхүү алдаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, шүүх хэргийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн нь хэргийн бусад баримтаар тогтоогдсон үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш гэж шүүх бүрэлдэхүүний олонхи үзсэн тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
8. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-аас 2,635,278,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХ-ийн хариуцагч ******* ХК-д холбогдуулан гаргасан тус банкинд төлөх төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* талд байршилтай, ******* дугаартай, ******* м.кв талбайтай зочид буудлын барилга, мөн хаягт орших нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар болон зочид буудлыг ашиглах эрхийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХК-аас 2,635,278,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХК-аас 13,334,342 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ