Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 52

 

Ц.А-, Н.Б-, Д.Э-,

Ц.Ч-, Д.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар магадлалтай, Ц.А- нарын 5 хүнд холбогдох 1936003220015 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ** тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 337а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 1721 дүгээр зүйлийн 1721.2-т зааснаар 16,500,000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 3 жил 6 сар хорих ялаар, мөн хуулийн 1751 дугаар зүйлийн 1751.2-т зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэснийг Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны эрүүгийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 508 дугаартай магадлалаар 2000 оны хуулийн Өршөөл үзүүлэх тухай 2 дугаар зүйлд зааснаар Ц.А-д оногдуулсан ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсэн, Т овгийн Ц-н А- /РД:***/,

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ** тоотод оршин суух хаягтай,

урьд Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, З овгийн Н-н Б- /РД:***/,

3. Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ** тоотод оршин суух,

урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4-т зааснаар 1 жил, 2 сар, 13 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, А овгийн Д-н Э- /РД:***/,

4. Монгол Улсын иргэн 1972 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овгийн Д-н Д- /РД:***/,

5. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик тракторын ашиглалтын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ц-н Ч- /РД:***/.

Ц.А-, Н.Б- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Т.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогчийг заналхийлэн түүний банкны картыг авч улмаар 152,000 төгрөгийн эд зүйл, 200,000 төгрөгийг бэлнээр тус тус гарган авч дээрэмдэх гэмт хэрэг үйлсэн,

Ц.А-, Д.Э-, Д.Д-, Ц.Ч- нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайн байгаль экологид 148,764 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Э-, Д.Д-, Ц.Ч- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Э-, Д.Д-, Ц.Ч- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 01 сар 03 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 360 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.А-ын биечлэн эдлэх ялыг 3 жил 28 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Н.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг 2 жилийн хугацаанд хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-, Д.Э-, Д.Д-, Ц.Ч- нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан нийт 446,291 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгчид, шүүгдэгч Ц.А-, Н.Б- нараас 352,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Т.Б-д тус тус олгож, түүний нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,00 төгрөгөөр торгох ял, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтад “шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг” гэсэн нэмэлт оруулж,

тогтоох хэсгийн 13 дахь заалтын “гэмт хэргийн улмаас учирсан хохирол 466,291 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 5-д, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 466,291 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А- нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэсэн заалтууд нэмж оруулан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А- болон түүний өмгөөлөгч нарын гомдлоос Ц.А-д оногдуулсан ялыг нэмж нэмж нэгтгэхдээ буруу нэгтгэсэн гэх гомдлыг хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Д.Хуягбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 29-р талын 2 дахь догол мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Н.Б-, Ц.А- нар нь санаатайгаар нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн тул прокуророос дээрх заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нар нь “нэгдэж” гэсэн нөхцөлийг хэрхэн, яаж хангасан, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоог нь ямар нэгэн байдлаар тодорхойлоогүй байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт өгч тусгахыг шаардсан бөгөөд шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчлагдсан.

Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Т.Б-ы гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд болон гэрч Б.Д-н мэдүүлэг, шүүгдэгч Ц.А-, Н.Б- нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар зөвхөн Н.Б- нь хохирогч Т.Б-ы карт авсан, картын код шаардсан, картыг Дөргөн сум авч явсан, “Дөргөн агваш” дэлгүүрт зарлагын 2 удаагийн гүйлгээ хийсэн үйлдэл нь нотлогддог.

Харин Ц.А- нь дээрэмдэх үйлдэлд ямар байдлаар нэгдсэн эсэх нь тогтоогдоогүй, гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон эсэх нь тодорхойгүй ба шүүхээс энэ талаар тодорхойлж, дүгнэлт хийгээгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Хохирогч Т.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... мэдүүлэг, мөн 2020 оны 11 сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн ... мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн ... мэдүүлэг, гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Н.Б- нь иргэн Т.Б-ы виза картыг машинаас нь авч уг виза картыг ашиглан Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дөргөн агваш” хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уншуулан 152,000 төгрөгийн бараа, 200,000 төгрөгийг бэлнээр авсан байгаа.

Шүүгдэгч Ц.А-ын хувьд дээрх үйлдэлд Н.Б-той нэг санаа зорилгод үйлдлээрээ санаатай нэгдэж оролцсон оролцоо, үйлдэл, хамтран оролцсон хэлбэр, түүнийг хүсэж үйлдсэн болох нь тогтоогдоогүй байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг Н.Б-той бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Ц.А- нь дээрэмдэх гэмт хэргийг Н.Б-той урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэх эсвэл урьдчилан үгсэн тохиролцсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа.

Хэрэв урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзвэл “зөрж гүйцэтгэх” гэсэн ойлголт гарч ирэх бөгөөд Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1-т “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ.” мөн зүйлийн 2-т “ Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй” гэж тус тус заасан байгаа.

Мөн Улсын Дээд Шүүхийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 429 дугаар тогтоолд “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгах бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрээр тогтоох боломжгүй байдал нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч бүрийг цагаатгах үндэслэл болохгүй. Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн зарим хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой үүсэх бөгөөд гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэсэн гэж үзнэ. Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй. Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тайлбарласан байна.

Хэдийгээр шүүгдэгч Н.Б-, Ц.А- нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийн хүсэл зоригийн дагуу хохирогч өөрөө картаа өгч явуулж бараа, мөнгө авхуулсан гэж маргадаг боловч шүүхээс хохирогчийн мэдүүлгийг чухалчлан бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүндэтгэн үзэж болох ч дээрх хууль, тогтоолд заасан шүүгдэгчийн үйлдэл, оролцоо, хамтран оролцсон хэлбэрийн талаар шүүхээс хууль зүйн буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гурав. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэсэн шинж тус тусдаа хуульчлагдсан бөгөөд дээрх хоёр ойлголтыг тус тусад нь авч үзэж, хэргийн үйл баримттай холбон тайлбарлах шаардлагатай гэж тайлбарласан байдаг. /УДШ-ийн 2019.09.17-ны №411 тогтоол/ Гэтэл шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.2-т Шүүгдэгч Ц.А-, Н.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг хоёуланг нь хангасан гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж, хоёр тусдаа ойлголтыг тус тусад нь авч үзэлгүйгээр хэргийн үйл баримттай холбон бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Түүнчлэн миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байгаа, тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байна. Харин тухайн хэрэгт ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зөрүүтэй байдлаар дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс Ц.А-д оногдуулсан хорих ял болон торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн хорих ялд нь дүйцүүлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах замаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Б-ын тухайд анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх талаар зөв тайлбарласан байна, харин давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилгод нийцэхгүй гэдэг байдлаар түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд хяналтын шатны шүүх тогтоолдоо /давж заалдах шатны шүүхийн дээрх байдлыг дурдаж/ шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.А- нарын 5 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Ц.А-, Н.Б- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн Т.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн түүний банкны картанд байрших мөнгөнөөс 352,000 төгрөгийг гарган авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

мөн Ц.А-, Д.Э-, Д.Д-, Ц.Ч- нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр “Халтар уул” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайн байгаль экологид 148,764 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

4. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.А- нарын 5 хүнд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Ц.А-, Н.Б- нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ц.А-, Д.Э-, Ц.Ч-, Д.Д- нарын үйлдсэн хэрэг нь мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

6. Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд тус хуулийг нэг л удаа хэрэглэнэ гэж магадлалдаа дүгнэж хуулийн хэм хэмжээ, холбогдох заалтын агуулгыг буруу тайлбарласан байна.

7. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлохдоо уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тодорхой субъектыг, харин 9 дүгээр зүйлд тодорхой гэмт хэргийг нэрлэн зааж хориглолт тогтоосон байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт 1991 оноос 2015 оны хооронд УИХ-аас батлан гаргасан 6 удаагийн өршөөлийн хуулийг нэрлэн зааж, тэдгээр хуулийн үйлчлэлд хамаарагдан хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэж заажээ.

8. Өөрөөр хэлбэл, урьд батлагдсан 6 удаагийн өршөөлийн хуулийн үйлчлэлд хамарсан хүнийг субъектын шинжээр тусгайлан тодорхойлж өршөөлд хамруулахыг хориглосон байх бөгөөд харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хувьд, түүнийг зөвхөн нэг удаа хэрэглэх, эсхүл нэг гэмт хэрэг үйлдсэн хүнд хамруулна гэсэн хэм хэмжээ, агуулга тухайн хуульд илэрхийлэгдээгүй байна.

9. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмыг тодорхойлсон 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж тусгажээ.

10. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3, 9 дүгээр зүйлд заасны дагуу хориглолт тогтоогоогүй бол тодорхой хүнд холбогдох хэрэг, ялаас тухайн хуульд заасан хэлбэр, хэмжээгээр өршөөх буюу хуулиар хориглоогүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэгжүүлж, хууль ёсны зарчмыг шүүх хангаж ажиллах учиртай.

11. Давж заалдах шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хэдий ч шийтгэх тогтоолыг энэхүү үндэслэлээр хүчингүй болгох хуулийн эрх хэмжээ байхгүй тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн учир энэ тогтоолоор магадлалын дээрх дүгнэлтийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

12. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-д холбогдох хэрэгт оногдуулсан торгох ялыг хорих ялд нь нэмж нэгтгэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх бүрэн боломжтой байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн байна гэж дүгнээд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Харин шүүгдэгч Ц.А-ын зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг бүрэн төлсөн, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хорих ялыг багасгах талаар гаргасан түүний хүсэлт, шүүх хуралдаанд танилцуулсан өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-, Д.Э-, Д.Д-, Ц.Ч- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан нийт 446,291 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 5-д, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

15. Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналын зарим буюу “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                М.ПҮРЭВСҮРЭН

                                Б.ЦОГТ

                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН