Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0170

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Г-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.Г-ийн “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий тогтоолууд нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдсон нөхцөл байдлыг тогтоох буюу “...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх...”, мөн “...оролцогчийг сонсох...” ажиллагааг явуулсан байх шаардлага тавигддаг. Хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн хувьд шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар эрх зүйн талаас нь огт дүгнэлт хийгээгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцэх байтал тэр нь аймгийн засаг даргыг огцруулах болж хувирсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар урьдчилан товлосон боловч холбогдох материалыг төлөөлөгчдөд тараагаагүй атлаа хуралдаанаар хэлэлцэж Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн. Аймгийн Засаг даргыг огцруулсан тогтоолын үндэслэл нь “...аймгийн Засаг дарга Санжаагийн Гансэлэм нь аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” гэсэн үндэслэл байгаа бөгөөд хариуцагч талаас энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаарх баримт огт авагдаагүй болно. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын ажлыг “хангалттай” гэж дүгнэсэн тогтоолыг, мөн Үндэсний аудитын газраас аймгийн Засаг даргын санхүүгийн үйл ажиллагааг шалгаж “аудитын зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримтаар хэрэгт авахуулсан. Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч С.Гнь ажил үүргээ зохих ёсоор хангалттай хэрэгжүүлж байсан болох нь нотлогдож байхад энэ талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны болж чадаагүй болно. Хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1/146 дугаар албан бичгийг хүргүүлсэн гэх боловч аймгийн  Засаг даргын тамгын газрын ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн 777 дугаарт бүртгэж авсан бүртгэл байгаа боловч хэн хүлээн авсан, хэнд хүргэгдсэн тапаар тэмдэглэгээ огт байхгүй болно. Энэ бүртгэлийн дэвтрээр нэхэмжлэгч талыг мэдэж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Засаг дарга аймгийн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, ажлын тайланг хангалтгүй гэж үзсэн үндэслэлийн талаар тайлбар, лавлагаа, тооцоо, судалгаа гаргах боломж олгоогүй, хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцээгүй байхад огцруулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр одоогийн засаг дарга В.Рэнцэндоржийг татан оролцуулах захирамж гаргасан бөгөөд В.Рэнцэндорж нь давхар аймгийн Сурын холбооны тэргүүнээр ажилладаг, харин тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нь аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг, Аймгийн мэргэн, спортын мастер зэрэгтэй, тэдний хувьд нэг байгууллагад ажилладаг, албан ажлын хувьд харилцаа холбоотой гэдгийг нотолдог бөгөөд энэ нь ашиг сонирхолын хувьд харилцан хамааралтай байж болох нөхцөл байдлыг бий болгож байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч С.Г нь “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэл гаргасан.

           Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1 /г/ “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж зохицуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар аймгийн Засаг даргын албан тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах улс төрийн албан тушаалд хамаардаг бөгөөд түүнийг томилж, чөлөөлж, огцруулах санал гаргах онцгой бүрэн эрхийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар олгосон байгаа энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын процесс ажиллагаа зохих ёсоор явагдсан эсэх, хуралдааныг хүчинтэйд тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдсон эсэхээр хязгаарлагдана.

          Өөрөөр хэлбэл, хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэсэн нөхцөлд огцруулах үндэслэл бүрдсэн, эс тогтоогдсон талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 15 төлөөлөгчөөс аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор хуралдааны тов тогтоосон байх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, 01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч С.Г-ийг “аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулж, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор гуравдагч этгээд В.Рэнцэндоржийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

          Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 15 төлөөлөгч Засаг даргыг огцруулах санал гаргаж, саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн 24 төлөөлөгч буюу 85,7 хувийн саналаар Засаг дарга С.Г-ийг огцруулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд материал тараасан болох нь нотлогдохгүй байх боловч хуралдааны товыг зохих журмаар тогтоож хуралд 28 төлөөлөгч ирсэн, хэлэлцэх асуудал нь гагцхүү аймгийн Засаг даргыг огцруулах тухай байсан нөхцөл байдал болон маргаан бүхий тогтоолууд хэрэгжиж Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар захирамжаар С.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулсан байгаа энэ тохиолдолд дээрх зөрчил нь маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Дээр дурдсаныг дүгнэвэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “С.Г нь ажил үүргээ зохих ёсоор хангалттай хэрэгжүүлж байсан болох нь нотлогдож байхад энэ талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар урьдчилан товлосон боловч холбогдох материалыг төлөөлөгчдөд тараагаагүй атлаа хуралдаанаар хэлэлцэж Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч С.Г-д хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг мэдэгдсэн нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/146 дугаар албан бичиг бүхий 3 хуудас баримтыг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгснөөр нотлогдсон  талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв.

Мөн хамтын зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гарах шийдвэр нь олонхийн саналаас хамаарах тул урьдчилан сонсох ажиллагааг хийх боломжгүй.

Иймд “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, бүртгэлийн дэвтрээр нэхэмжлэгч талыг мэдэж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн байх тул “ашиг сонирхолын хувьд харилцан хамааралтай байж болох нөхцөл байдлыг бий болгож байсан” гэх гомдолд тус шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Н.Хонинхүү    

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН