Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00013

 

           Н.Мөнхбаяр, Б.Хүрэлбаатар, Б.Пүрэв-Очир,

            Л.Баянмөнх, Г.Даваа нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

  

Хэргийн индекс 155/2017/0021/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

           Ялтан: Б.Хүрэлбаатар,

Шүүгдэгч: Л.Баянмөнх, Г.Даваа,

Хохирогч, шүүгдэгч Б.Пүрэв-Очир,

Ялтан, шүүгдэгч нарын  өмгөөлөгч: Н.Тэрбиш,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Н.Мөнхбаяр, Б.Хүрэлбаатар, шүүгдэгч Б.Пүрэв-Очир, Л.Баянмөнх, Г.Даваа нарт холбогдох 201622000545 дугаартай эрүүгийн хэргийг ялтан, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  төрсөн, 26 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Дүлийнхэн овогт Нямжавын Мөнхбаяр /регистрийн дугаар РЭ90100876/.

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  төрсөн, 29 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүлийнхэн овогт Бат-Өлзийгийн Хүрэлбаатар / регистрийн дугаар РЕ88101271/

3. Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 25-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дүлийнхэн овогт Батмөнхийн Пүрэв-Очир, /регистрийн дугаар РЕ91072512/

4. Монгол улсын иргэн, 1971 оны 7 дугаар сарын 12-нд төрсөн, 25 настай, эрэгтэй ял шийтгэлгүй, Дүлийнхэн овогт Лааганы Баянмөнх /регистрийн дугаар РЕ71071294/

5. Монгол улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 25-нд төрсөн, 50 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Цагаан гэр овогт Гомбын Даваа /регистрийн дугаар РЕ68082566/

Н.Мөнхбаяр нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг мухар харгана гэх газар иргэн Л.Баянмөнхийг "ээжийгээ дээрэлхлээ" гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн үед зодооныг салгах гэж ирсэн Б.Пүрэв-Очирын толгойн тус газар чулуугаар цохиж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Б.Пүрэв-Очир, Л.Баянмөнх, Б.Хүрэлбаатар нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг Мухар харгана гэх газар иргэн Н.Мөнхбаярыг “агсам тавилаа” гэх шалтгаанаар зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Г.Даваа нь 2016 оны 10 дугаар 07-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Дүлийнхэн овогт Батмөнхийн Пүрэв-Очир, Дүлийнхэн овогт Лааганы Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, шүүгдэгч Цагаан гэр овогт Гомбын Давааг 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Бат-Өлзийн Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, шүүгдэгч Дүлийнхэн овогт Нямжавын Мөнхбаярыг бусдын бие махбодид хөнгөн, хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч, Дүлийнхэн овогт Бат-Өлзийгийн Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Н.Мөнхбаяр, Б.Хүрэлбаатар нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Шүүгдэгч Н.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг журамлан шүүгдэгч Н.Мөнхбаярт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялын заримыг буюу 7 /долоо/ сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Н.Мөнхбаярт оногдуулсан 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн барзгар гадаргуутай, зах ирмэг тэгш биш 8х11 сантиметр диаметртэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгаж, гаднаа DVD гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Б.Пүрэв-Очирын толгойны 4 ширхэг КТГ-ын зургийг хохирогч Б.Пүрэв-Очирт буцаан олгож, Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Мөнхбаяр, шүүгдэгч Г.Даваа, өмгөөлөгч Н.Тэрбиш нар давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Н. Мөнхбаяр нь өмнө нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт мөрдөн байцаалтанд шалгагдаж байх хугацаандаа 2017 оны 8 дугаар сарын 5-нд дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Н.Мөнхбаяр тухайн үед дээрх хэргүүддээ алинд нь ч ял шийтгүүлээгүй байхад мөрдөн байцаалтанд дээрх хэргүүдийг нэгтгэн шалгаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхгүйгээр өмнөх буюу 2017 оны 04 дүгээр сарын 29-нд үйлдсэн хэргийг тусад нь прокурорын хяналтанд шилжүүлж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Н.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ. Н.Мөнхбаярын сүүлчийн үйлдсэн хэрэг нь өмнөх хэргийг шалгаж байхад бүрэн илэрч тогтоогдсон, энэ хоёр хэргийг нь Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч а/д Энхтүвшин хоёуланг нь шалгаж байсан боловч нэгтгэхгүйгээр тус тусад нь шалгаж улмаар прокуророос тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс болж шүүгдэгчид анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх болон эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж болох боломжийг алдаж сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг заавал нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нөхцөл үүсч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг зөрчиж байна.

Мөрдөн байцаалтанд Н.Мөнхбаярын ээж Г.Давааг 2017 оны 10 дугаар сарын 07-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д зааснаар гэрч нь гэр бүлийн гишүүн эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Г.Давааг 2016 оны 11 дүгээр сарын 10-нд яллагдагчаар татаж байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн яллагдагч заавал өмгөөлөгч оролцуулах ёстой гэсэн заалтыг зөрчиж мөрдөн байцаалтанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.3, 320 дугаар зүйлийн 320.1.3-д зааснаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Прокурорын яллах дүгнэлтэнд Г.Даваа нь 2016 оны 10 дугаар сарын 07-нд мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байна гэсэн боловч чухам ямар мэдүүлгийг худал өгсөн нь тодорхойгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-д заасныг зөрчиж илтэд гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн болно. Мөрдөн байцаалтанд Г.Давааг хүү Н.Мөнхбаярын нь үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгөхийг шаардаж, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасныг ноцтойгоор зөрчсөнийг прокурор хэргийг хянахдаа анхаарч үзээгүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар эрүүгийн хууль болон энэхүү хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, шүүгдэгч Н.Мөнхбаярын өмнөх үйлдсэн хэргийг сүүлчийн үйлдсэн хэрэгт нь нэгтгэн шийдвэрлүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Ялтан Б.Хүрэлбаатар, хохирогч, шүүгдэгч Б.Пүрэв-Очир, шүүгдэгч Л.Баянмөнх нар давж заалдах гомдолдоо: … Б.Хүрэлбаатар, Б.Пүрэв-Очир, Л.Баянмөнх бид нар Н.Мөнхбаярт ямар ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид нэг нутгийн найз нөхдүүд тул Н.Мөнхбаярт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Н.Мөнхбаяртай бид эвлэрсэн, өөрөө ч буруугаа хүлээн уучлалт гуйж, бид ч уучилж байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ: …65 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хяналаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.11 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно” гэж заасан байдаг. Шүүгдэгч Нямжавын Мөнхбаяр нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, /хх-ийн -р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна. Хохирогч Б.Пүрэв-Очир нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ хохиролд 6 000 000 /зургаан сая төгрөг/ нэхэмжилнэ гэсэн боловч шүүх хуралдаанд Н.Мөнхбаяртай эвлэрсэн талаар эвлэрлийн гэрээг шинэ нотлох баримтаар өгсөн боловч хохирол төлбөрийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон талаар хохирогч Б.Пүрэв-Очир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд Н.Мөнхбаярыг хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байхад шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь буруу. Н.Мөнхбаярт хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын ЭБШХ-ийн 303, 304-р зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Н.Мөнхбаярыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг журамлан шүүгдэгч Н.Мөнхбаярт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялын заримыг буюу 7 /долоо/ сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Н.Мөнхбаярт оногдуулсан 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэжээ. Үүнийг ялтан, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Н.Мөнхбаяр 2016.04.29-ний өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг, 2016.08.05-ны өдөр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн байх ба хүндэвтэр гэмт хэрэгтээ 2016.09.15-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Харин хүнд гэмт хэргийг анхан шатны шүүхийн 2017.02.20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бичлэн эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна. Ялтан Н.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэргүүд нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн нэг төрлийн хоёр өөр хэрэг байх ба өмнөх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөөргүй байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.15-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр сүүлд үйлдэгдсэн хэрэгт нь ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь зөв болсон байна.

Нөгөөтэйгүүр хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зүйл заалтыг баримтлаагүй тул Н.Мөнхбаярын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй юм. Иймд ялтан, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын яллагч ял хөнгөдсөн, хохирол бүрэн төлөгдөөгүй байхад эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.

Н.Мөнхбаярын 2011.05.19-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугцаагаар тэнссэн хэргийн ялтай байдал дууссан байна. Мөн түүний 2016.04.29-ний өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, 2016.08.05-ны өдөр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргүүдийг анхан шатны шүүхээс 2017.02.20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар тогтоосныг анх удаагийн ял шийтгэлтэй гэж үзэх юм.

Эрүүгийн хэргийн 3 дугаар хавтас 21 дүгээр хуудсанд яллагдагч Н.Мөнхбаяр, хохирогч Б.Пүрэв-очир нарын эвлэрлийн гэрээ хавсаргагджээ. Энэхүү баримтын 2 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас цаашид яллагдагч, хохирогч бидэнд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон” гэснээс дүгнэж үзвэл ялтан Н.Мөнхбаярыг бусдад төлөх төлбөргүй, хохирол гомдолгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлт үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байх ба прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх 2017.02.20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 7 дахь заалтад илтэд хайхрамжгүй алдаа гаргаж хуулийн зүйлийг буруу бичсэн, заавал бичигдэх үгийг орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ 5 дахь заалтын "...55 дугаар..." гэснийг "551 дүгээр" гэж өөрчилж, 7 дахь заалтын "хугацаагаар” гэсний дараа "хорих" гэж нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Б.СОСОБАРАМ

                        ШҮҮГЧИД                                                             З.ХОСБАЯР

                                                                                         Н.БАЯРХҮҮ