| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0537/Э |
| Дугаар | 554 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Боржигон овгийн Б.Эт холбогдох эрүүгийн 1911010610580 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Б.Э, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эх гудамж 33-1788 тоотод оршин сууххаягтай,урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон бөмбөгөр төвийн 3 давхарт хохирогч З.Нарансосорт “олон тооны бараа авна утсаар чинь 1 ярьчихаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 450.000 төгрөгний үнэ бүхий Хувэе Пи Смарт загварын гар утсыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эд зүйлийн үнэлгээ /хх 12/
Хохирогч З.Нарансонор нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай дунд охин Эрдэнэтуяа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бөмбөгөр худалдааны төвд дотуур хувцасны лангуу ажиллуулдаг бөгөөд би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр лангууг нь ажиллуулж байсан. Ингээд орой 17-18 цагийн үед манай лангуугаар махлаг жирэмсэн эмэгтэй үйлчлүүлж бараа сонирхож байгаад нилээн олон тооны бараа бөөнөөр нь авна гэж хэлээд надаар бэлтгүүлж байсан. Ингээд намайг бараа бэлдэж байхад дээрх эмэгтэй надаас миний гар утсыг гуйгаад нэг яриулаач гэсэн би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй өөрийн Хуавэй Пи смарт маркийн гар утсаа өгсөн. Тэгээд нөгөө эмэгтэй хэдэн тооны ямар бараа бүтээгдхүүн гээд цаашаа нэг хүнтэй яриад байх шиг байсан. Тэр хооронд би бараа бэлдэж байсан. ...бараа бэлдэж байгаад нэг хартал нөгөө эмэгтэй алга болсон байсан өөрийн утасруу залгаж үзэхэд дуудаж байсан боловч авахгүй байсан...” гэх мэдүүлэг/хх 25,28/
Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 4 сартай жирэмсэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бөмбөгөр худалдааны төвд явж байгаад эмэгтэй дотуур хувцасны дэлгүүрээс бараа үзэж байсан. Тухайн үед би их өлсөж байсан учраас лангууны эгчээс утсаа өгөөч утсаар чинь яриад өгнө гэж хэлээд авсан. Би гар утсыг авахдаа их хэмжээний бараа авна гээд худлаа хэлчихсэн юм. Үнэндээ надад бараа авах мөнгө байгаагүй гар утсыг авахын тулд итгүүлэх гээд зохиогоод хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг/хх 38/
Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт “...З.Нарансонсорын Хувэй Пи гар утсыг 2019 оын 06 дугаар сарын 06-ны өдөр эзэнд нь буцаан өгөв...” /хх 47/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн хуулбар, /хх 41/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон бөмбөгөр төвийн 3 давхарт хохирогч З.Нарансосорт “олон тооны бараа авна утсаар чинь 1 ярьчихаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 450.000 төгрөгний үнэ бүхий Хувэе Пи Смарт загварын гар утсыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч З.Нарансонорын “...би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй өөрийн Хуавэй Пи смарт маркийн гар утсаа өгсөн. Тэгээд нөгөө эмэгтэй хэдэн тооны ямар бараа бүтээгдхүүн гээд цаашаа нэг хүнтэй яриад байх шиг байсан. Тэр хооронд би бараа бэлдэж байсан. ...бараа бэлдэж байгаад нэг хартал нөгөө эмэгтэй алга болсон байсан өөрийн утасруу залгаж үзэхэд дуудаж байсан боловч авахгүй байсан...” гэх мэдүүлэг/хх 25,28/, шүүгдэгч Б.Эийн “...Би гар утсыг авахдаа их хэмжээний бараа авна гээд худлаа хэлчихсэн юм. Үнэндээ надад бараа авах мөнгө байгаагүй гар утсыг авахын тулд итгүүлэх гээд зохиогоод хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх 38/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт “...З.Нарансонсорын Хувэй Пи гар утсыг 2019 оын 06 дугаар сарын 06-ны өдөр эзэнд нь буцаан өгөв...” /хх 47/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Хохирогч З.Нарансонсор нь “...ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх 48/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэнзүйлгүйболохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдалыг зориудаар бий болгож эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН